Ерөнхийлөгч Трампын “Squid Game”: Солонгосын цөмийн мэтгэлцээнийг дахин сөхөхүй

2026-05-19
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Софийн их сургуулийн дэд профессор Iskren Ivanov-ын “dailyparliamenttimes.com” сайтад нийтлэгдсэн судалгааны нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Оршил

Солонгосын цөмийн маргаан нь хагас зуун гаруй жилийн турш Өмнөд Солонгосын улс төрийн хэлэлцэх асуудал болон хоёр Солонгосын харилцаан дахь далд хориотой сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Өндөр өндрийн бүсийн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийн тодорхой хэсгийг Сонжү дахь баазаас Ойрх Дорнод, Хойд Африк (MENA) руу дахин байрлуулах шийдвэр гаргасан нь зөвхөн Солонгосын үндэсний аюулгүй байдалд төдийгүй Зүүн Хойд Азийн хүчний тэнцвэрт ноцтой нөлөө үзүүлэхээр байна. Үүний хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, хоёр Солонгосын хоорондын аюулгүй байдлын дилемм улам гүнзгийрч, Сөүл Пёньяны цөмийн сүрдүүлэгт өртөмтгий болох эрсдэлтэй нүүр тулж байна. Хоёрдугаарт, БНАСАУ болон ОХУ-ын хоорондын ойртолт тасралтгүй гүнзгийрч буй явдал юм. Түүнчлэн Солонгосын хойг дахь АНУ-ын тогтоон барих хүчин сулрах нь 2023 оны Вашингтоны тунхаглал болон АНУ–БНСУ-ын Цөмийн зөвлөлдөх бүлгийн (Nuclear Consultative Group) итгэлцлийг доройтуулж байна.
Ийнхүү Солонгосын хойг дахь хүчний тэнцвэрт гарч буй өөрчлөлтөөс логик зөрчил урган гарч байна. АНУ Хятад, Орос, Хойд Солонгос гэсэн цөмийн зэвсэгтэй гурван улсын ашиг сонирхолтой сөргөлдөж буй бүс нутагт Өмнөд Солонгос холбоотондоо цөмийн өргөтгөсөн хамгаалалт үзүүлэх чадавхаа хэр хэмжээнд хадгалж чадах вэ?

Хоёр Солонгосын харилцаа аюулгүй байдлын дилеммээс “хоригдлын дилемм” рүү хэрхэн шилжив?

Аюулгүй байдлын тэгшитгэл дэх талуудын хамтын ажиллагаа нь аливаа аюулгүй байдлын дилеммийн үндэс болдог. Гэвч хамтын ажиллагаа буурах үед оролцогчдын стратегийн байр суурь өөрчлөгдөж, улмаар тэд өөрсдөө тэрхүү тэгшитгэлийн “хоригдол” болох нөхцөл бүрддэг.
Хойд Солонгос үй олноор хөнөөх зэвсэгтэй болж, Өмнөд Солонгос АНУ-ын цөмийн шүхрийн дор найдвартай хамгаалалттай болсон тул хоёр тал шууд мөргөлдөнө гэх магадлал Байдены засаг захиргааны үед холын зүйл мэт харагдаж байв. Өмнөд Солонгос цөмийн зэвсэглэл хөөцөлдөхгүй байх шийдвэр гаргасан нь АНУ-ын Зүүн Хойд Азид хэрэгжүүлж буй тогтоон барих бодлогыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн юм. Мөн Солонгост байрласан THAAD системүүд нь Ким Жон Уны цөмийн амбицийг хязгаарлах үндсэн саад болж байлаа.
Гэвч Иран дахь үргэлжилж буй дайн энэ байдлыг өөрчилсөн. “Чанарын цэргийн давуу байдал” (QME) бодлогын хууль эрх зүйн дарамттай нүүр тулсан Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост байрлаж байсан THAAD системийн зарим хэсгийг дахин шилжүүлэн байрлуулсан. Хэдийгээр Хойд Солонгос энэ боломжийг ашиглан Сөүлийг заналхийлэх шинж хараахан үзүүлээгүй ч Тайванийн асуудал дахь Бээжингийн байр суурь, Токиогийн Хятадын эсрэг хатуу улс төрийн мэдэгдлүүд нь бүс нутгийн хямралын бүтцийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна.
Хачирхалтай нь энэ нөхцөл байдлын ялагч нь Пёньян болж, харин Сөүл Иран дахь АНУ-ын цэргийн анхаарал сарнисан байдал, Тайванийг нэгтгэх Бээжингийн бодлого, мөн Японы улс төрийн хүрээнд Ёшидагийн доктриныг эргэн харах оролдлогын дунд хавчигдан үлдэж байна.
Ийнхүү Солонгосын хойгийг хуваасан аюулгүй байдлын дилемм нь “хоригдлын дилемм” болж хувирч, Сөүл болон Пёньяны стратегийн байр суурь хамтын ажиллагаанаас сөргөлдөөн рүү хэлбийж байна. Үүний шалтгаан нь зөвхөн мөргөлдөх хүсэл биш юм. Барууныхны ойлгодоггүй нэг зүйл бол Өмнөд Солонгосын хувьд Хойд Солонгосын ард түмэн хэзээ ч “дайсан” байгаагүй явдал. Харин бүс нутгийг цөмийн хямралын ирмэгт хүргэж болзошгүй зүйл нь Хойдын удирдлагын түрэмгий цөмийн бодлого юм.
Ким Жон Уны дэглэм үй олноор хөнөөх зэвсэгтэй болсноороо хамтын ажиллагаанаас илүү сөргөлдөөнийг нэг талын шийдвэрээр сонгосон. Пёньяныг хамгаалалтын байр сууринд байлгаж байсан цорын ганц хүчин зүйл нь АНУ болон түүний Сөүлд өгсөн амлалтууд байв. Ийм хэврэг хүчний тэнцвэрт аливаа сулралын дохио нь Хойд Солонгосын удирдлагыг улам зоригжуулна. Энэ нь Өмнөд Солонгосын бодлого боловсруулагчдыг маш хүнд сонголтын өмнө авчирч байна. Тэд тогтворгүй, цөмийн зэвсэгтэй Хойдыг яриа хэлэлцээний эерэг ирээдүйгээр тайвшруулах уу, эсвэл довтолгооны байр суурь руу шилжих үү гэсэн сонголттой нүүр тулжээ.

Ерөнхийлөгч Трампын “Squid Game”: АНУ Солонгосын талаар юуг ойлгохгүй байна вэ?

Вашингтон Солонгост цөмийн хамгаалалт үзүүлэх улс төрийн сонирхлоо бүрэн алдсан гэж үзэх нь ташаа ойлголт болно. Гэвч холбоотнуудаа хамгаалах улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байх, түүнийг хэрэгжүүлэх бодит чадавхтай байх хоёр нь ялгаатай зүйл юм.
Хэрэв АНУ аюул занал нүүрлэсэн үед Өмнөд Солонгост дэмжлэг үзүүлэх нөөц боломжтой хэвээр гэж үзвэл цэргийн хүчний үзүүлбэр, АНУ–БНСУ-ын хамтарсан сургуулилтууд, тухайлбал нисэх онгоц тээгч оролцуулсан Freedom Shield 2026 сургуулилт нь Трампын засаг захиргааны хамгийн зөв алхам байх байв.
Гэвч хүчний үзүүлбэрээс гадна олон Америкийн засаг захиргаа хоёр Солонгосын харилцааны гурван чухал талыг байнга орхигдуулсаар иржээ.
Нэгдүгээрт, Солонгосын мөргөлдөөний мөн чанар өөрчлөгдсөн. Өмнөд Солонгосын нийслэлд цохилт өгөх чадвартай цөмийн пуужинтай нэг талтай мөргөлдөөнийг “хөлдсөн мөргөлдөөн” гэж нэрлэх боломжгүй болсон. Энэ бол одоо оршин тогтнохын төлөөх тоглоом болсон.
Хойд Солонгосын дэглэм үр дагаврыг нь ойлгож байгаа ч Вашингтон Ким Жон Ун болон түүний ойрын хүрээлэлд байдаг “алдашгүй, халдашгүй” гэх сэтгэлгээг дутуу үнэлдэг. Дэглэмийн дотоод динамик, тэр дундаа цөмийн зэвсэггүй бол Кимийн удмын эрх мэдэл, Хойд Солонгосын ард түмнийг дарангуйлах чадавх сулрах вий гэсэн айдсыг зөвхөн Өмнөд Солонгосын шийдвэр гаргагчид бодитоор үнэлж чадна.
Энэ нь дараагийн буруу ойлголт руу хөтөлдөг. Ким Жон Уныг “хатуу залуу” гэж тодорхойлж, Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлыг үл тоомсорлох нь бүх солонгосчуудад буруу дохио өгдөг. Америкийн улстөрчдийн хувьд улс төрийн хошигнол байж болох ч ийм хэллэг нь Солонгосын дайны түүхэн дурсамжид суурилсан Өмнөд Солонгосын стратегийн соёлд сөргөөр нөлөөлдөг.
Үүнтэй адил Пёньянтай хийх аливаа яриа хэлэлцээ нь Сөүлийн байр суурийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л бодитой, үр дүнтэй байх боломжтой.
Эцэст нь, олон Америкийн засаг захиргаа Өмнөд Солонгосоос АНУ-ын гадаад бодлогыг сохроор дагаж, Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлахыг шаарддаг. Ийм шаардлага нь Солонгосын ард түмэн, тэр дундаа бодлого боловсруулагчдын нүдэнд АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. “Садэ” гэх ойлголт нь Солонгосын дипломат уламжлалын онцлог бөгөөд олон зууны түүхтэй энэ уламжлалыг нэг гадаад бодлогын шугамаар механикаар үгүйсгэх боломжгүй.

Нэг талын түрэмгийллээс энх тайвнаар зэрэгцэн оршихуй руу: ЕХ-ны Умард–Өмнөд улс төрийн яриа хэлэлцээ

Түүхээс харахад хамтын ажиллагаа, яриа хэлэлцээнд суурилсан олон талт механизм нь аюулгүй байдлын дилеммийг намжааж, бүр стратегийн байр суурь хурцадсан бүс нутгуудад аюулгүй байдлын өөрчлөлтийг эхлүүлж чаддаг.
Европ тив хоёр дэлхийн дайны дараа Европын Нүүрс, Гангийн Нийгэмлэгийг байгуулж, улмаар энэ нь өнөөгийн Европын Холбоо болон хөгжсөн. Зарим реалист онолчид хүртэл үндэстэн дамнасан интеграц нь хуучин дайснуудыг харилцан хамааралтай эдийн засгийн тогтолцоонд нэгтгэснээр Европт энх тайвныг авчирсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Өмнөд Солонгосын улс төрийн гол зорилго нь үргэлж энх тайвнаар зэрэгцэн орших, хоёр Солонгосын яриа хэлэлцээг хөгжүүлэх явдал байсаар ирсэн. Энэ нь 1969 онд байгуулагдсан Нэгдлийн яамны тасралтгүй үйл ажиллагаанаас тодорхой харагддаг.
Ийм нөхцөлд Чон Дон Ён сайдын санал болгосон Европын Холбооны зуучлалтай “2+1” хоёр Солонгосын улс төрийн яриа хэлэлцээ нь шинэ боломжийг нээж байна. Энэ санаачилгын үндэс нь энгийн зарчимд тулгуурладаг. Талууд гуравдагч этгээдийг зуучлагч гэдгээр нь хүлээн зөвшөөрөх ёстой.
Вашингтон ч, Бээжин ч Зүүн Хойд Азийн түүхэн нөхцөлөөс шалтгаалан ийм итгэлцлийг бүрэн эдлэх боломжгүй. Харин Европт ийм боломж байж болох юм. Дэлхийн II дайны дараах институцийн туршлага нь Солонгосын хойг дахь стратегийн сөргөлдөөнийг намжааж, хамтын ажиллагааг сэргээх нөхцөл бүрдүүлж магадгүй.
Sunshine Policy-г эсэргүүцэгчид Европ, Солонгосын соёлын ялгааг шүүмжилж болох ч 1914 онд герман, францчууд хэдэн арван жилийн дараа хамтран худалдаа хийж, мөр зэрэгцэн алхана гэвэл европчууд өөрсдөө ч итгэхгүй байх байсан.
Хамгийн чухал нь Европын зуучлал нь Солонгосыг “европчлох” эсвэл “баруунчлах” зорилготой биш. Харин хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлалыг бууруулах “хоёр нэмэх нэг” улс төрийн яриа хэлэлцээний үндсийг тавих зорилготой.

Дүгнэлт

Солонгосын хойгийн өнөөгийн аюулгүй байдлын нөхцөлийг ерөнхийлөн дүгнэхэд хүндрэлтэй ч Ойрх Дорнод дахь өөр нэгэн хямралд АНУ анхаарлаа төвлөрүүлж буй нь тогтоон барих хүч сулрах аюултай дохио болж байгаа нь тодорхой байна.
Хятад, Япон, Оростой холбоотой хүчин зүйлс Солонгосын цөмийн маргааны шинэ үе шат нээгдэж буйг илтгэж байна. Энэ нь өмнөх оролдлогуудын адил үр дүнгүй алхам байж болох ч Солонгосын хойг дахь АНУ-ын тогтоон барих бодлогыг дэмжих, мөн АНУ–БНСУ-ын нийтлэг өрсөлдөгчдийг тэнцвэржүүлэх давхар боломж ч байж мэднэ.
Хоёр Солонгосын аюулгүй байдлын дилеммийн ирээдүйд гурван боломжит хувилбар бий.
Нэгдүгээрт, Европын тогтвортой зуучлалтай амжилттай яриа хэлэлцээ өрнөвөл “унтаа” буюу нам гүм дилемм үүсч болно. Энэ нь Хойд Солонгос Европыг үнэхээр зуучлагч гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс ихээхэн шалтгаална.
Хоёрдугаарт, АНУ Азийн холбоотнуудын өмнө хүлээсэн үүргээ сулруулбал бүс нутагт цэргийн мөргөлдөөний урьдчилсан нөхцөл бүрдэж болзошгүй. Хэрэв АНУ Пёньяныг түрэмгий бодлогоос нь татгалзуулах хангалттай дарамт үзүүлж чадахгүй бол нөхцөл байдал улам хурцдана.
Эцэст нь Өмнөд Солонгос цөмийн зэвсэгтэй болох тухай удаан үргэлжилсэн маргаан нь “цөмийн саатал” буюу nuclear hedging бодлого руу чиглэж байна. Азийн цөөн тогтвортой ардчиллын нэг болох Өмнөд Солонгос нь олон улсын зөвшөөрөлгүйгээр ч цөмийн чадавхаа хадгалах бодлого баримтлах боломжтой. Энэ нь дарангуйлагч дэглэмүүд өөрсдийн оршин тогтнохын төлөө хийж ирсэн алхамтай төстэй.
Гэвч энэ нь Ким Жон Уны удирдлага болон Өмнөд Солонгосын ардчилсан, олон ургальч, ажил хэрэгч засаглалын хоорондын үндсэн ялгааг тод харуулж байна. Европын хэлдэгчлэн “олон янз байдлын дунд нэгдэл” гэсэн улс төрийн томьёолол юм.

Редакцийн бус нийтлэл

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 31 мин
ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдөр 17 цаг 23 мин
Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Өчигдөр 14 цаг 10 мин
УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

Өчигдөр 14 цаг 03 мин
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

Уржигдар 13 цаг 14 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

2026-06-10
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10