Т.САЙХАН
Засгийн газрын газраас хилийн бүсэд хууль зөрчиж газар олгосон асуудлыг хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга хариу мэдэгдэл гаргаад байна.
Б.Энхбаяр: Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: -Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн хороо 8 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолоор Боомтын хөгжлийн корпорац ТӨХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Тулга өөрөө өөртөө даалгасан байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо дараа нь 9 тоот тогтоол гаргаж дээр дурдсан хилийн зурваст газар олгох асуудлыг судалж, солбилцлыг тогтоох асуудлыг Засгийн газарт танилцуулах асуудлыг мөн С.Тулгат сайд өөрөө өөртөө даалгасан. 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаанаар, огцрохоосоо 4 хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан. Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн дүрмээр бол төр хувийн хэвшлийн хамтралаар төсөл хэрэгжүүлнэ, өөр хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга байгууламж барина, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах үндсэн 4 чиглэлтэй компани байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмлэглэлийг шүүж үзэхэд ганцхан өгүүлбэр гарч ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын хилийн зурваст газарт ашиглуулах тухай гээд Б.Тулга сайдад хаяглаад алх цохьсон байна. Ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй. Дандаа хилийн шугамд хамаарах газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Цагаан дэл, Булган, Хавирга, Шивээхүрэн, Бичигт, Бургастай, Арцсуурь боомтын хилийн зурвасыг дайруулаад газар олгосон байна. Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавдугаар сарын 25-ны өдөр баталсан тогтоолыг хүчингүй болгож, хилийн зурваст газар олгож, ашиглуулсан асуудлыг цуцалж байна" гэлээ.
Б.Тулга: “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд миний нэрийг удаа дараа дурдсан тул Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор дараах байр суурийг илэрхийлж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Улсын Их Хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн чухал хэсэг болох Боомтын сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, экспорт, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.Хоёрдугаарт, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан. Гуравдугаарт, дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхээр хэрэгжүүлж байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн үр дүнтэй, бодит өгөөжөө өгсөн чиглэл нь “Боомтын сэргэлт” юм. Үүнийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Боомтуудын нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр экспорт, импортын хэмжээ өсөж, улсын төсвийн орлого эрс нэмэгдсэн.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга миний бие ажиллаж байсан хэдий ч тус хорооноос гарах шийдвэрийг ганцаарчлан гаргадаггүй. Тус хороо нь Монгол Улсын Засгын газрын 12 гишүүд болон хууль, хяналтын зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүнээс бүрддэг бөгөөд асуудлыг хуралдааны үндсэн дээр хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ баримтад тулгуурлах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр, баримт нотолгоогүйгээр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь өөрөө хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn