Төв Азид Казахстан улс хамгийн нөлөө бүхий, стратегийн ач холбогдолтой улсуудын нэг гэдгээрээ онцлог юм. Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ оны хоёрдугаар сард Пакистанд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр дэлхийн өнөөгийн үйл явдлын талаарх өөрийн үзэл бодлоо Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдөд илэрхийлсэнийг хүргэж байна.
- Дэлхийн улс төрчдийн анхаарал АНУ-д болж буй үйл явдлуудад төвлөрч байна. Та АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа Ерөнхийлөгч Дональд Трампын дотоод бодлогыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Ерөнхийлөгч Трамп хүчтэй, алсын хараатай удирдагч бөгөөд улс орныхоо үндэсний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьдаг. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хүчтэй үзүүлэлт болон одоогоор хэрэгжиж буй томоохон өөрчлөлт шинэчлэлүүд, ялангуяа нийгмийн салбарт тодорхой тусгалаа олсон.Би түүний дэг журмыг сэргээхэд чиглэсэн "эрүүл саруул ухааны" бодлогыг дэмжиж байна. Би Казахстан Улсад ч мөн адил бодлогыг баримталж, өнөөгийн дэлхийн нарийн төвөгтэй орчинд улс орноо илүү хүчирхэг болгохыг эрмэлздэг. Бүх иргэд хуулийг чанд сахиж, хууль сахиулах байгууллагыг хүндэтгэх ёстой гэдэгт би итгэдэг.
- Казахстан Улс яагаад Абрахамын хэлэлцээрт нэгдэхээр шийдсэн бэ?
- Казахстан Улс энх тайван, тогтвортой байдал, олон улсын яриа хэлэлцээний тууштай дэмжигч байсаар ирсэн бөгөөд одоо ч энэ байр сууриндаа баттай зогсож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын санаачилсан Абрахамын хэлэлцээр нь алсын хараатай гэж үзэж байна. Энэ хэлэлцээрт нэгдснээр бид санал зөрөлдөөнийг шийдвэрлэх, бүс нутаг болон дэлхийн урт хугацааны тогтвортой байдлыг бэхжүүлэх хамгийн ухаалаг хэрэгсэл болох дипломат харилцаанд үнэнч байхаа дахин нотолсон юм.Казахстан Улсын хувьд Абрахамын хэлэлцээрт нэгдэх нь хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх болон эдийн засгийн ашиг тусыг хүртэх бат бөх суурийг тавьсан гэж үзэж байна. Казахстан Улс Абрахамын хэлэлцээрт нэгдэн орсноор араб, еврейчүүдийн хоорондын харилцан яриаг өрнүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа билээ.
- Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганаар та Энхтайвны зөвлөлийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Зарим хүмүүс үүнийг НҮБ-ын өөр нэгэн хувилбар бий болгох оролдлого гэж үзэж байна. Энэ байгууллагын зорилгын тухай таны бодлыг сонсьё?
- Энхтайвны зөвлөл нь хурдан хугацаанд үр дүнд хүрэх зорилготой цаг үеэ олсон санаачилга юм. Тус байгууллагын Дүрэмд гарын үсэг зурах ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Энхтайвны зөвлөл нь институцийн томоохон сорилтуудтай тулгарч буй НҮБ-ын хүчин чармайлтыг орлох бус харин нөхөх зорилготой гэдгийг онцолсон.Энэхүү санаачилга нь олон улсын эрх зүй болон үр дүнтэй манлайлалд суурилсан энх тайвныг цогцлоох тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2803 тоот тогтоолын хэрэгжилтийг дэмжих зорилготой юм. Энх тайвны зөвлөл нь мөргөлдөөнийг шийдвэрлэх уян хатан, прагматик механизмыг санал болгосноор дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна.
- Газын зурвасын урт хугацааны тогтвортой энх тайвны төлөвлөгөө ирээдүйтэй гэдэгт та итгэдэг үү?
- Америкийн Ерөнхийлөгчийн тусгай элч нар болох Стив Виткофф, Жаред Кушнерын танилцуулсан төлөвлөгөө нь сайтар бодож боловсруулсан, маш их амбицтай боловч бодитой санагдаж байна. Зарим талаараа энэ нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн тогтвортой суурийг бий болгоход чиглэсэн хөгжлийн төсөл гэж харагдаж байгаа юм.Гэвч улс төрийн хүсэл зориггүйгээр ямар ч төлөвлөгөө тогтвортой хэрэгжих боломжгүй. Тогтвортой, урт хугацааны энх тайвны шийдэл нь хүчирхийлэл, тогтворгүй байдлын төгсгөлгүй мөчлөгийг зогсоох найдвартай суурийг тавьж чадна гэж бодож байна.
- Орос, Украины дайн үргэлжилж байна. Энэ дайныг зогсооход Казахстан Улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой юу?
- Үнэхээр нөхцөл байдал маш төвөгтэй байна. Казахстан Улс мөргөлдөөнийг зөвхөн улс төр, дипломат аргаар шийдвэрлэхийг тууштай дэмжсээр ирсэн билээ. Энх тайвныг тогтоохын тулд талууд хэлэлцээрийн ширээнд сууж асуудлаа ярих ёстой гэж бодож байна. Казахстан Улс тусламж үзүүлэхэд үргэлж бэлэн бөгөөд талуудын хэлэлцээрийг өөрийн улсдаа зохион байгуулах боломжтой.
- Казахстанд Үндсэн хуулийн чухал нэмэлт өөрчлөлтүүдийг хийх гэж байгаа. Эдгээр өөрчлөлтийн мөн чанар юу вэ?
-Манай улс түүхэн дэх хамгийн чухал улс төрийн өөрчлөлтүүдиг хийж байгаа бөгөөд энэ нь хөгжил дэвшлийн ололт амжилтыг нийгэмд шударгаар хуваарилах боломжийг хангахад чиглэж байна. Бид улс орноо шинэчлэх, Шударга Казахстан Улсыг байгуулах зорилготой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.Казахстан улс "супер ерөнхийлөгчийн" загвараас "Хүчтэй Ерөнхийлөгч, Нөлөө бүхий Парламент, Хариуцлагатай Засгийн газар" гэсэн үзэл баримтлалд суурилсан үр дүнтэй хяналт шалгалт, тэнцвэрийг хангасан ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс руу шилжсэн. Бид одоо улс төрийн шинэчлэлийн шинэ шатанд орж байна.Хүний эрх, эрх чөлөөг үндэстний тэргүүлэх чиглэл гэж тунхаглаж, эв нэгдэл, үндэстэн хоорондын болон шашин хоорондын эв нэгдэл зэрэг үнэт зүйлс нь манай төрт ёсны үндэс суурийг бүрдүүлдэг.
- Казахстан Улс хөгжлийн ямар стратегийн чиглэлийг сонгосон бэ?
- Бидний зорилго бол "Хууль дүрэм", олон нийтийн эв нэгдлийн зарчим нэн тэргүүнд тавигдсан шударга, аюулгүй, цэвэр, дэвшилтэт Казахстан Улсыг байгуулах юм. Өнөөдөр Казахстан Улс Төв Азийн хамгийн том эдийн засагтай хэвээр байна. Бид эдийн засгийн өндөр өсөлтийг хангаж, манай ДНБ 300 тэрбум ам.доллараас давж, нэг хүнд ногдох орлого түүхэн дээд хэмжээнд буюу 15,000 ам.долларт хүрсэн. Манай улсын хөрөнгө оруулалтын бодлого нь тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг хадгалахад чиглэгддэг. Үүний зэрэгцээ бид хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Казахстаныг бүрэн дижитал улс болгох зорилт тавьсан.Бид мөн Казахстаныг Евразийн гол дамжин өнгөрөх төв болгохыг эрмэлзэж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллаж, улсынхаа эрчим хүчний салбарт томоохон хэмжээний шинэчлэл хийж байна. Энэ нь бидний сонгосон хөгжлийн замыг тусгал гэж хэлж болно. Бид олон талт, технологийн хувьд дэвшилтэт, дэлхийд өрсөлдөх чадвартай, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж:www.polit.mn