Монголын Засгийн газар 2021 оны эцсийн байдлаар Оюу толгой төсөл дэх өөрийн эзэмшлийн 34 хувийн хөрөнгө оруулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг Рио Тинто 2021 оны 12-р сард зөвшөөрч баталгаажуулсан. Энэ нь Рио Тинто зуучилж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан хүү өндөр, хүүгээс хүү тооцох , богино хугацаатай, хүнд нөхцөлтэй зээл юм. Энэ зээлийн дүнд Рио Тинто компанийн зуучлалын хөлс хэдэн зуун сая ам.доллар нэмэгдсэн байна. Хэрэв Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувьд 2.3 тэрбум ам.доллар оруулсан бол Хөрөнгө оруулагч гэх Айвенхоу Майнз Монголиа Инк буюу ОТ ХХК өөрийн эзэмшлийн 66.0 хувь(Рио Тинто 33.5%, Туркойс Хилл 32.5%)-д хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулах ёстой. Энэ нь ойролцоо тооцоогоор 4.46 тэрбум ам.доллар байж болох юм.Тэгэхдээ энэ дүн бол бодит байдлаас хэтийдсэн их гэдгийг анхаарч, бодолцож үзэх ёстой.
Монголын Засгийн газар Оюу толгой төсөл дэх өөрийн эзэмшлийн 34 хувийн хөрөнгө оруулалтад зориулж авсан 2.3 тэрбум ам.долларын зээл, хүүгийн өрийг хүчингүй болгож тэглэх тухай баримт бичгийг Эрдэнэс Оюу толгой ХХК болон Оюу толгой Нидерланд Би Ви-ийн хооронд байгуулж, Оюу толгой Нидерланд Би Ви-ийн нэрийн өмнөөс нэр нь тодорхойгүй хүн гарын үсэг зурсныг хэн гээч нэртэй, ямар эрх мэдэл, албан тушаалтай этгээд болохыг энэ хавсралтаас харах боломжгүй байна. Харин Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн нэрийн өмнөөс энэ компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат уг батламжийн хавсралтад гарын үсэг зурсан байна. Уг нь энэ баримт бичигт ХөОГ, ХНГ-ний зүйл заалтын дагуу Засгийн газрын өмчлөлийг төлөөлөх учиртай Эрдэнэс Монгол компанийн эрх мэдэл бүхий этгээд гарын үсэг зурах ёстой байв. Манай төр засгийн ой санамж нэг иймэрхүү янз байдалтай урт удаан хугацаанд үргэлжилж байгаа юм. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хэрхэн, ямар замаар оролцсон, одоо оролцож байгаа эсэх нь тодорхойгүй нэгэн нууцлагдмал этгээд Оюу толгой Нидерланд Би Ви(ОТН)-тэй өр тэглэх батламж байгуулсан нь ихээхэн эргэлзээтэй. Энэ батламжийг хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз Монголия Инк буюу ОТ ХХК-тай байгуулах ёстой бишүү?. Өр тэглэх тухай батламжийн хавсралтад: “Өрийг хүчингүй болгосон болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж” гэж заагаад Зээлийн гэрчилгээ №1-№50 (аливаа нэмэлт өөрчлөлтийн хамт), тэдгээрийн дагуу санхүүжүүлсэн дүн 2,363,002,090 ам.доллар гэжээ. Эндээс дараах байдал ойлгогдож байна. Үүнд:
1.Дээрх санхүүжүүлсэн дүн 2,363,002,090 ам.долларын бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй байна.
2. Мөн ......”.одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж” гэж заасан нь Оюу толгой төслийг бүрэн хэрэгжүүлж, ашиглалтад өгөх хүртэлх зардлыг Монголын тал хариуцахгүй гэсэн баталгаа харагдахгүй байна. Үүнээс гадна өр тэглэх хүртэлх хугацаанд зээл, хүүгийн өрд төлбөр хийж байжээ гэж ойлгогдож байна. Тэгэхээр 2.3 тэрбум ам.доллароос бага дүнтэй өрийг тэглэсэн харагдаж байна.
3. Зээлийн гэрчилгээ №1-№50 (аливаа нэмэлт өөрчлөлтийн хамт) гэж заасан нь тодорхой бус юм. Аливаа зээлийн үндсэн баримт бол гэрчилгээ бус гэрээ байдаг, яагаад зээлийн гэрээг төлөөлүүлж, гэрчилгээ гэж нэрлэж байгаа нь эргэлзээ, хардлага төрүүлж байгаа бөгөөд ийм нэр томъёо Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэрэглэсэн байдаг.
4. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан 5.34 тэрбум ам.доллар учир нь үлмэдэгдэх хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх дүнг(10 гаруй тэрбум ам.доллар)-ээс хасагдах ёстой.
5. Батламжид заасан 2.3 тэрбум ам.долларыг хэн гээч этгээдээс ямар нөхцөлтэй авч, хэний дансанд шилжүүлж оруулсан, энэ зээлийн хэдэн хувь Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад хэрхэн зориулагдсан зэрэг асуудлыг нарийвчилан шалгаж баталгаажуулсны дараа дээрх дүнг тохиролцсон тухай батламж байгуулсан бол Засгийн газарт ээлтэй байхсан билээ.
Рио Тинто Оюу толгой ордын нөөц, баялгийг 100 хувь эзэмших туйлын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө тэдний байр суурь, сонирхлыг дэмждэг эрх мэдэлтэй, нөлөө бүхий манай зарим хүмүүс, бас Оюу толгой төслийн агуулга, мөн чанарыг ойлгоогүй юм уу, огт мэдэхгүй аялдан дагагчдыг урхидан, тэднийг ашиглан олон нийтэд буруу суртал явуулах хандлага газар авсны ачаар Рио Тинто зорьсон зорилгоо биелүүлж одоо Оюу толгой ордыг эзэмшил эрхэндээ бүрэн оруулж чадлаа. Рио-Тинто компанийн Гүйцэтгэх захирал асан Жан Себасьтян Жак 2019 онд Блуумберг ТВ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Рио Тинто компани Оюу толгой ордод 40 орчим жил үйл ажииллагаа явуулахаар тооцоолж байгаа тухайгаа дурдсан байдаг. Мөн одоогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм 2021 оны эцсээр Жакийн дээрх байр суурийг нотолж бид Оюу толгой ордын ашиглалтыг 40 жил үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ бол шийдвэр гаргах түвшиний эрх мэдэл бүхий дээд удирдах хүмүүсийн, бүр тодруулбал Оюу толгой ордыг цаашид хэрхэн ашиглах талаарх Рио Тинто компанийн бодлого, байр суурь гэж үзэж болох юм. Иймд Монголын Засгийн газар үүнд онцгой анхаарч, Оюу толгой ордыг Рио Тинто, Оюу толгой ХХК-тай хамтран ашиглах хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зорилгод бодитой хандаж, дүгнэлт хийх нь чухал юм. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа монголын ханган нийлүлэгчдийн үйл ажиллагааны үр дүн нь Рио Тинто, ОТ ХХК-ийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүнийг Рио Тинто, ОТ ХХК-ийн удирдлагууд монголын талыни эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлийг огшоож, өөрсдийнхөө гавьяа мэтээр сурталчилж, Оюу толгой төслийн алдаа эндэгдлийг хамгаалж өнгөлөн далдалж, олон нийтэд бодит байдлын эсрэг сурталчилгаа байнга хийж байна. Уг чанартаа аливаа төсөл хэрэгжүүлэхэд хаана ч байдаг ханган нийлүүлэлтийн ердийн л үйл ажиллагаа юм. Хэрэв монголын тал гадаадын аль нэг оронд, тухайлбал Америк, Канад, Австрал ч юмуу, тэнд хөрөнгө оруулж үйлдвэр обьект барьж байгуулбал тухайн орноос л ханган нийлүүлэлтээ хийнэ. Энэ бол Рио Тинто, ОТ ХХК шиг сүр бадруулаад байх зүйл огт биш, хаана ч байдаг жирийн л нэгэн үйл ажиллагаа юм. Харин ч өрнө дорнын зах зээлтэй жишихэд манай зах зээлээс хэрэгцээ шаардлага хангахуйц хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь ОТ ХХК-д их ашиг тустай.
Рио Тинто, ОТ ХХК-ийн итгэл үнэмшилгүй, худрагагүй ухуулгад хууртаж дуусашгүй, тэд дэлхийд зэс үйлдвэрлэлтээр Оюу толгойн уурхай 3 дахь том уурхай болно ч гэх шиг, тэгвэл дэлхийн зэс үйлдвэрлэлтийн 2022 оны мэдээнээс харахад топ 10 үйлдвэрлэгчийн 9 дүгээрт Рио Тинто 521.0 мянган тонн зэс үйлдвэрлэж эрэмбэлэгдсэн байх юм. Оюу толгой уурхай ашиглалтад орохоор Монголын эдийн засаг хэд дахин өснө гэж хөөрч, хөөрцөглөх хэрэггүй юмсан. Өнөөдөр тэдний манайхныг хөөргөж, сэтгэлийг огшоож байгаа “сайхан тоо дүнг” аяндаа улирах цаг хугацаа нотлон харуулна.
Гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр өндөр үр ашиг, өгөөжтэй ордын баялгаа хөрөнгө оруулагч хэмээгчээр халхавч хийсэн зээл зуучлагч, мөнгө хүүлэгчдэд ээлтэй хуулийн орчин бий болгох, зүй бус янз бүрийн арга хэлбэр, үйлдэл, үйл ажиллагаагаар тэдний эрхшээлд татагдан орох үүд хаалга, зам мөрийг хааж, эрдсийн баялгаа үнэгүйдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд төр засгийн бодлого чиглэгдэх ёстойсон.
Геологи, уул уурхайн эдийн засагч Т.Балжинням
2025.04.28