Зам, тээврийн салбарын 2025 оны онцлох 10 ажил

1 цаг 52 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.

 

1. БАГАХАНГАЙ-ХӨШГИЙН ХӨНДИЙ САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ 84 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86, 132 дугаар тогтоолуудаар баталгаажсан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн билээ. Төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд барилгын ажлын доод бүтцийн газар шорооны ажил одоогоор 96.2 хувь, дээд бүтцийн 7.1 км зам угсрагдан нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.

Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор шатахуун болон тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын дундуур нэвтрүүлэхгүйгээр Богд уулын урдуур чиглэсэн шинэ төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төмөр зам, авто замын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Тухайлбал, энэ салбар төмөр замын төсөл ашиглалтад орсноор эхний жилд 3.5 сая тонн, цаашид жил бүр өсөх тооцооллоор 20 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэх боломж бүрдэж, хоногт дунджаар 316–1800 том оврын авто машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Үр дүнд нь Улаанбаатар хотын түгжрэлийг 20-30 хувиар мэдэгдэхүйц бууруулж, дуу чимээ болон агаарын бохирдлыг багасах өндөр ач холбогдолтой.

 

2. ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг тэргүүлэх 14 мега төслийн нэг болгон зарласан.  Энэ ажлын хүрээнд "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батуулсан. Энэхүү бүтээн байгуулалтын анхны шон өрөмдлөгийн ажлыг хоёр улсын хилийн 0 цэгт 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлснээр барилгын ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд төслийн санхүүжилтийн 30 хувийг шийдвэрлэж гүйцэтгэгч компанид олгосон, барилгын ажил одоогоор 8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус төслийг хэрэгжүүлснээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын  төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх  боломж бүрдэх юм.

Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй эдгээр төмөр замын төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд төслүүдийн хэрэгжилтээр жилд 60-70 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллараар нэмэгдэн эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх, боомтын нэвтрүүлэх хүчин чадал  сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдаж, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

3. АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛАХААР ТОГТОВ

Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод нэгдэн орсноор хэлэлцэн тохиролцогч улс бүр агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг үйл ажиллагааны зардлыг нөхөх зохистой хэмжээнд тогтоож, нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эргүүлэн зарцуулах үүрэг хүлээсэн.

Гэвч өмнөх жилүүдэд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж ирсэн нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсан тул агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, тасралтгүй үзүүлэх, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд удаа дараа танилцуулсан.

Үүний үр дүнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх нислэгийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар шийдвэрлэлээ.

 

4. ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ НЭМЖ БАЙГУУЛЛАА

2025 оны байдлаар зам, тээврийн салбарт нийт 80 олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүнээс авто тээврийн салбарт 20, иргэний нисэхийн салбарт 49, төмөр замын салбарт 11 хэлэлцээрийг байгуулаад байна. Мөн автотээврийн салбарт 4 (Хорват, Болгар, Итали, Гүрж), төмөр замын салбарт 1(БНХАУ), иргэний нисэхийн салбарт 4 (Итали, Кувейт, Саудын Араб, Болгар) улстай Олон улсын хэлэлцээрийг байгуулж, зам, тээврийн салбарт хамаарах 20 стандартыг батлуулаад байна.

Ингэснээр олон улсын агаарын харилцаа, тээвэрлэлтийн гэрээ хэлэлцээр нь улс хоорондын агаарын тээврийн үйл ажиллагааг эрх зүйн хувьд зохицуулж, аюулгүй, тогтвортой, харилцан ашигтайгаар хөгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын түншлэл, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх  чухал ач холбогдолтой юм.

 

5. УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВРИЙГ ЗОХИЦУУЛАХ ЭРХЗҮЙН ШИЙДВЭР, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН ГАРЛАА

Засгийн газраас өгсөн үүргийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, төмөр замаар тээвэрлэхэд нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж, зөвшөөрөгдсөн жин тоннд нийцүүлэн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслээс 150 мянган төгрөгийн төлбөр авч олон улс, улсын чанартай авто замаар тээвэр хийлгэх тухай тогтоолын төслийг боловсруулан 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, 77 дугаар тогтоолыг батлуулсан. Уг тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, улсын төсөв, авто замын санд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөв, авто замын санд 1.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.

 

6. УЛСЫН ТӨСӨВТ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 100 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

-АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас 80 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр заасан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 80 тэрбум төгрөг төвлөрүүлж 100 хувийн гүйцэтгэлтэй байхаар тооцоолов. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.5 хувиар өсөх үзүүлэлттэй байна.

-ТӨЛБӨР ХУРААХ ЦЭГИЙН ОРЛОГО: Авто замын ашиглалт, жин, даац хяналт, авто замын үйлчилгээний төлбөрөөс 30.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 100 хувь гүйцэтгэлийг хангасан. Төсөвт төвлөрүүлэх хүлээгдэж буй гүйцэтгэлээр  2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 тэрбум гаруй төгрөгөөр орлогыг давуулан биелүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар өсөхөөр байна.

-ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ОРЛОГО: 2025 онд хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаанаас 300 сая төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Энэхүү орлого нь Монгол Улсын далайн болон олон улсын тээврийн бүртгэлийн тогтолцоог дэмжих, хяналт, үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулагдаж байна.

 

7. АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ, НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

• Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 12.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 хувиар өссөн байна.

• Агаарын тээврээр 2.4 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өсөв.

• 2025 оны байдлаар нийт 28.610 транзит зорчигч зорчсон нь 2024 онтой харьцуулахад 84.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

• Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар 80.2 мянган  агаарын хөлөг дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн байна.

• 2025 онд гадаад, дотоодын 18 агаарын тээвэрлэгч олон улсын 56 чиглэлд үүнээс 23 чиглэлд хуваарьт нислэг, 33 чиглэлд захиалгат нислэгийг үйлдэж байна.

• Агаарын тээврийг либералчилж, нислэгийн сүлжээг өргөжүүллээ. Олон улсын нислэгийн чиглэлийг 4-өөр нэмэгдүүлж, “МИАТ” ТӨХК нь Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд, “Хүннү Эйр” ХХК нь Эрээн чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ. Мөн Орон нутагт 1 чиглэл буюу Баянхонгор аймаг руу нислэг үйлдэж байна. 

 

8. ЗАМ, ТЭЭРИЙН САЛБАРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ НЭМЭГДЭВ

Монгол Улсын зам, тээврийн салбар 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 140.4 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өсөв. 

• Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 92.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.

• Уул уурхайн экспортын ачаа тээвэрлэлт 89 сая тонн хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өслөө. 

• Импортын ачаа тээвэрлэлт 3.4 сая тонн хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар тус тус өссөн байна. 

• Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 48.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсөв.

• Экспортын ачаа тээвэрлэлт 10,5 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувиар, дотоодын ачаа 26.7 сая тонн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

9.ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

• “E-mongolia” системээр салбарын 31 үйлчилгээг үзүүлж байна. Сүүлийн 10 хоногт 400 мянган хүн үйлчлүүлж, Улаанбаатар хотын харьяалалтай 30 мянган тээврийн хэрэгслийг цахимаар хасалт хийлгэсэн байна. Авто замын цахим төлбөр авах цэгийн тоо 6-аар нэмэгдэж, 12 боллоо.

• Зам, тээврийн салбарын бүх тусгай зөвшөөрөл цахимжлаа. Хил дамнасан цаасгүй худалдаа тээврийг нэвтрүүлэх  ажлын хэсэг Гадаад харилцааны яаманд байгуулагдан ажиллаж байна.

• Зам, тээврийн салбарын тусгай зөвшөөрөл бүрэн цахимжиж, хил дамнасан цаасгүй худалдаа, тээврийг нэвтрүүлснээр үйлчилгээ шуурхай, ил тод болж, хил дээрх саатал буурч, тээвэр логистикийн зардал багасан, олон улсын худалдааны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

• “Зөвшөөрлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарын бүх тусгай зөвшөөрлийг eBusiness платформоор дамжуулан цахимаар хүлээн авч, Засгийн газрын нэгдсэн зөвшөөрлийн системээр хянаж шийдвэрлэх боломж бүрдүүлсэн. Ингэснээр хууль давсан шат дамжлагыг бууруулж, зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

 

10. ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛЖ, ЦОМХОН ТӨРИЙН БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШИНЭЧЛЭЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолын дагуу төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын хэмжээнд нийт 256 орон тоог цомхотгон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн ажлын байрны давхардлыг бууруулж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлийг хийгээд байна.

Үүнд:

• Зам, тээврийн яам – 9 хувь

• “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК- 4 хувь

•  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ -9.4 хувь

• Төмөр замын газар 27.08  хувиар тус тус буурууллаа.

• “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хэрэгжүүлж нэгтгэснээр 63 хувиар шинэчлэлтийн ажлыг хийгээд байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 240 (7737)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Зам, тээврийн салбарын 2025 оны онцлох 10 ажил

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл а

1 цаг 52 мин
Түр хороо байгуулахыг хойшлуулж, Элчин сайд нар болон Монголбанкны ерөнхийлөгчийг томилов

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр  хуваарын дагуу 10.00 цагт эхэллээ. УИХ-ын хуралда

2 цаг 7 мин
Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

Манайд аль нэг албан тушаал дээр хувийн ашиг сонирхолгүй ажиллаад буудаг хүн үнэнд

2 цаг 7 мин
С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!

Уг нь, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль албан ёсоор эхлэх хараахан болоогүй байна. Гэхдээ, он солигдо

2 цаг 7 мин
Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

17 цаг 46 мин
Хяналт, бүтээмжийн менежер, зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит компаниудад

Өчигдөр 06 цаг 00 мин
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр ол

Өчигдөр 06 цаг 00 мин
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхээр болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурл

Уржигдар 20 цаг 03 мин
Б.Цэнгэл: АСА циркийг зориулалтын дагуу ажиллуулахгүй бол менежментийн гэрээг эргэн харна

Б.Цэнгэл: АСА циркийг зориулалтын дагуу ажиллуулахгүй бол менежментийн гэрээг эргэн харна

Уржигдар 15 цаг 16 мин