У.Хүрэлсүх: Мөнх хөх тэнгэр бидэнд аугаа их суу билигт хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан, бид их хувь заяатай ард түмэн

2025-11-21
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр "Та бүхэнд Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид их хувь заяатай ард түмэн. Мөнх хөх тэнгэр монголчууд бидэнд аугаа их суу билигт хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан билээ.

Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, Хүннү гүрнээс улбаатай төрт ёсны алтан аргамжийг бататган бэхжүүлж, Монгол төрийн гал голомтыг сэргээн бадрааж, ертөнц дахинд дуурьсагдан өргөмжлөгдсөн билээ.

 

Чингис хаан болон түүний залгамжлагчид эв нэгдлээ бэхжүүлэн төр улсаа мандуулж, хууль цаазын дор түмэн олныг төвшитгөн захирч, Евроазийн өргөн уудам нутагт олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож “Монголын их амар амгалан”-г тогтоон, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлсэн их түүхийг бүтээж чадсан билээ.

Их эзэн Чингис хаан нэгэн хүмүүний амьдралд хийж үл барам, мянга мянган удирдагчийн хийж бүтээснээс илүү их түүх бүтээж, эгнэшгүй суу алдраа дэлхий ертөнцөд дуурьсгаж, судлан шинжилж үл дуусах арвин их өвийг хүн төрөлхтөнд үлдээсэн түүхтэй. Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Далай их хааны суу билиг, үүх түүх, үзэл санаа, үйл хэргээс хүн төрөлхтөн, дэлхийн улс орнуудын удирдагч нар судлан суралцаж ирсэн бөгөөд Их эзэн Чингис хааныхаа суу алдар, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулж, төр улсынхаа төлөө хүчин зүтгэх нь өнөөгийн монголчууд бидний эрхэм үүрэг байх учиртай.

Тиймээс Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү “Монгол бахархлын өдөр” монгол түмний төрт ёс, түүх, соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил энэхүү эрхэм дээд шагналаар ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэл Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэл Танд Монголын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

 

Эрхэм хүндэт зочид оо,

Академич С.Нарангэрэл нь ардчилсан шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхлэхэд Улсын Их Хурлын гишүүнээр төрийн түшээ, түмний төлөөлөл болон ажиллахдаа нийгмийн шилжилтийн он жилүүдэд нэн шаардлагатай олон арван хууль тогтоомжийг боловсруулан батлах үйл хэрэгт гар бие оролцсон хууль тогтоогч билээ.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл нь удам дамжсан нэрт эрдэмтэн төдийгүй, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч юм.

Тэр бээр манай улсын хууль зүйн боловсролын ууган гал голомт болсон МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэн гаргасан төдийгүй орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан.

Тухайлбал, үндэсний эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтох, өрнийн эрх зүйг судлан суралцах үндэс суурь болсон хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зэргийг зохиож нийтийн хүртээл болгосон билээ.

Түүнчлэн онол болон практикийг хослуулж прокурор болон Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан зэрэг нь түүнийг нэрт хуульч, өмгөөлөгч хэмээх алдарт хүргэсэн юм.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл нь түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгож, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан бүтээлүүдээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ. Академич С.Нарангэрэлийн туурвисан “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх бүтээлд Чингис хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжлэн судалж, их хааны үйл хэрэг, хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоож, хууль, эрх зүй нь ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалан бэхжүүлэх, хэвшүүлэн мөрдүүлэх хүчирхэг хэрэглүүр болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байдаг.

Энэхүү бүтээл эдүгээ англи, орос, герман, казах, солонгос зэрэг хэлнээ орчуулан хэвлэгдэж, дэлхийн улс орнуудад Их эзэн Чингис хааны билиг сургаал, үйл хэргийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн Танд Монгол төр, Монголын ард түмэн гүн хүндэтгэл үзүүлж байна.

Таны эрдэм судлалын их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэж, Танд болон таны сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааныхаа мэндэлсний түүхт ойн баярын мэндийг Их хааны үр сад болсон монголчууддаа дахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

30 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

1 цаг 13 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

3 цаг 29 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

3 цаг 37 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

7 цаг 23 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

7 цаг 30 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

8 цаг 17 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

10 цаг 2 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

13 цаг 45 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

13 цаг 45 мин