Төмөрбаатарын Батсайхан
МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учралыг сонголоо. Ийнхүү Н.Учрал 38 насандаа шинэ үеийн МАН-ын 13 дахь даргаар сонгогдож байна. МАН-ын Их хурлын өмнө улс төрийн нөхцөл байдал амаргүй, нам дотроо талцал хуваагдал ихтэй байсан ч их хурлын уур амьсгал намуухан, даруухан болж даргаа сонгож, намын дүрэм журмаа ч хэлэлцэж, удирдах зөвлөл, бага хурлын гишүүдээ шинээр сонгож амжив.
МАН-ын 13 дахь дарга Н.Учрал гэж хэн бэ?
МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. 2003 онд Их Засаг лицей сургуулийг төгсөж, улмаар Их Засаг Олон Улсын Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь Британи дахь Лимкоквин Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд Түүхийн ухааны доктор болжээ. “Тимон” гэх уран бүтээлийн нэртэй. Хип хоп урсгалаар дуулж, дуу зохиодог, уран зохиолд ч дуртай нэгэн. Багаасаа шүлэг зохиол бичиж, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн байдаг. Түүний аав Ням-Осор нь “Их Засаг” Олон Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг. Н.Учрал ч аавынхаа сургуулийг түүчээлж, “Royal International University”-г үүсгэн байгуулжээ. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн. Намын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан удаатай. 2016, 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж дижитал засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажилласан гэхэд болно. “Glass” нэртэй платформ ашиглан төсвийн зарцуулалт, төсөл санхүүгийн мэдээллийг ил болгосон. Мөн хууль эрх зүйн шинэчлэл, цахим үйлчилгээний хуулиуд болон хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдлын хуулийг батлахад түүний оролцоо их байсан гэхэд болно.
Түүний хэлсэн онцлох эшлэлүүд
-23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.
-Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаарддаг. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг.
-Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж, дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.
-Би унаж босож, уруудаж өгсөж, тулаад ирсэн бэрхшээлийг туулж давсан хүн. Энэ амьдралд эргээд ирсэн минь учиртай.
-Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж байна. Ардын нам ардын л нам байх ёстой.
- Арван жил МАН засагласан ч Ард түмний амьдрал сайжирсангүй. Ард түмнээс алсарсан МАН-ын асуудлыг шийднэ
- Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна.
- Тусгаар тогтнолын ордныг хаалттай биш намын гишүүдийн мэтгэлцээний төв болгоно.
- Төрөөс өгдөг намын санхүүжилтийг төв нам дээр татаж аваад байх биш ажил хийж байгаа намын анхан болон дунд шатны байгууллагуудад хуваан өгнө.
Түүний хэрэгжүүлэхээр амласан “Гишүүн төвтэй E-4” стратеги гэж юу вэ?
МАН-ын дарга Н.Учрал бодлого, үйл ажиллагаагаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг дэвшүүлж байгаагаа зарласан.
1. EFFICIENCY — Ил тод байдал, гүйцэтгэл, үр ашиг
- ENAM 3.0 платформыг нэвтрүүлж, их өгөгдөл, хиймэл оюунд суурилан шийдвэр гаргадаг дижитал нам шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Гишүүдийн эргэх холбоог сайжруулах, шийдвэр гаргалт, нөлөөллийн ажлыг цахим платформаар хийдэг, сошиал медиа, онлайн оролцоонд тулгуулан “доороос-дээш” чиглэсэн гишүүд, дэмжигчдийн харилцаа, хамтын ажиллагааны шинэ соёлыг бий болгоно.
- Парламентад суудалтай намуудад улсын төсвөөс олгодог санхүүжилтийг төв намдаа татаж авах биш, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд суурилан хуваарилна.
- Намын санхүүжилт, хандив, хураамжийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд Санхүүгийн хяналтын хороо байгуулж, хандив, татвар хураамжийн зарцуулалтыг нээлттэй тайлагнадаг, тогтмол хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлнэ.
- Намын удирдлагын эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, Бүсийн зөвлөлүүд байгуулан бүс бүрийн төлөөллийг Удирдах Зөвлөлд оруулж ажиллуулна.
- Удирдах Зөвлөлийн дэргэд салбар бүрийн Байнгын хороод байгуулж Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол үнэлж, дүгнэнэ.
- Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүлгийн удирдлагын зөвлөл байгуулж шийдвэр гаргалтыг уялдуулан, бодлогын нэгдсэн удирдлагаар хангана.
2. ETHICS — Ёс зүй, шударга байдал, хариуцлага
- Ёс зүй, хариуцлагын онооны системийг нэвтрүүлнэ.
- Намын гишүүний ёс зүйн нэгдсэн стандарт, шалгуур үзүүлэлт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
- Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй
- Намын ажлын туршлага, мерит тогтолцоог нэвтрүүлж “Анхан, дунд шатанд ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” шударга зарчмыг баримтална.
3. EMPOWERMENT —Манлайлал, залгамж, оролцоо
- Намын бүх шатны байгууллагад гишүүдийн идэвх, оролцооны оноожуулалтын системийг нэвтрүүлж, оноонд суурилан улс төрийн дэмжлэг үзүүлнэ.
- Намын дэргэдэх ТББ-уудын үүрэг оролцоог баталгаажуулж, CДМЗХ-ны дэргэд “Ирээдүйн нэр дэвшигчийг бэлтгэх 6P” сургалтын модуль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. СДМОХ-ны салбар зөвлөлүүдийг их, дээд сургуулиудын дэргэд байгуулна. СДМЭХ-ны дэргэд эмэгтэй улс төрчдийг бэлтгэх Үндэсний академи байгуулна. СДМАХ-ны дэргэд үе үеийн намын шат шатны удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөхүүдийн танхим байгуулж, ажил гүйцэтгэх гэрээгээр цалинжуулан ажиллуулна.
- Намын гишүүд, дэмжигчдийн дунд сонирхлын бүлгүүд байгуулж, төлөөллийг бага хуралд урьж оролцуулна.
- Тусгаар тогтнолын ордныг гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй, амьд орчин болгож тэдгээрийн санал, санаачилгыг хүлээн авах, хэлэлцэх, мэтгэлцэх талбар, оролцооны төв болгоно.
4. EQUITY - Эрх тэгш байдал, тэгш боломж, шударга ёс
-Аливаа зөрчил, хууль бус үйлдлийг мэдээлэх суваг, өргөдөл гомдлын нэгдсэн системийг бий болгож шүгэл үлээгчийг хамгаална.
- Намын шат, шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангана.
- Намын гишүүдийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ жендерийн тэгш эрхийг хангаж, “жендерийн хариуцлагатай нам” болно.
- 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны их хурал, орон нутгийн сонгуульд жагсаалтаар ба тойргоос нэр дэвшигчийг судалгаанд суурилан, дотоод сунгаагаа зарлаж, бодлогын мэтгэлцээн өрнүүлж шалгаруулна" гэлээ.
МАН дөнгөж даргатай болж, шинээр сонгогдсон Н.Учрал тамгаа аваад ганц бүтэн өдөр өнгөрөв үү, үгүй юу УИХ дахь АН-ын бүлгээс түүнд чиглэн зориулсан шийдвэр гаргалаа. АН-ынхан “...Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төслийг санаачилжээ.
Түүний анхны “сорилт”
Их хурлын үеэр намын дарга Н.Учрал “Цаашид Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллана” хэмээн мэдэгдсэн. Энэ нь намын дүрэмд “Намын дарга нь Засгийн газрын тэргүүнээр ажиллана” гэж заасан ч Н.Учрал Ерөнхий сайд болохгүй гэдгээ зарласан хэрэг байв. Харин үүний дараагаас түүнийг УИХ-ын даргаар ажиллана гэх “бор шувуу” нисэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн АН-ын бүлэг хуралдаж, "Улс төрийн намын дарга нь парламентын дарга байж болохгүй" гэсэн агуулга бүхий хуулийн төслийг санаачлан хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Өөрөөр хэлбэл, намын дарга нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдаар ажиллах нь зөв гэж үзэж байгаа бололтой. Энэ тухай АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ардчилсан нам хамтарсан Засагт орохгүй гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагая гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан байгаа” гэлээ. Энэ асуудал цаашид хэрхэх нь анхаарал татаж байна.
Учралын баг
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар үргэлжлүүлэн ажиллахаар болсон бол Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгожээ. МАН-ын Хяналтын хороог Их хурлаа байгуулдаг, намын гишүүдтэйгээ хариуцлага тооцох эрх бүхий хороо юм. Тус хорооны даргаар сонгогдсон П.Мөнхтөр нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байжээ. МАН-ын дарга Н.Учрал дээрх албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж, олонхын саналаар сонгож баталсан байна. Харин намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталсан байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон 39 гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар,Х.Булгантуяа,Б.Чойжилсүрэн,Б.Батцэцэг,Ж.Ганбаатар,Б.Хэрлэн,Ж.Бат-Эрдэнэ,У.Отгонбаяр,Г.Тэмүүлэн,Э.Батшугар,Ж.Батжаргал,З.Мэндсайхан, Б.Уянга,С.Бямбацогт,Н.Наранбаатар,Э.Бат-Амгалан,Ч.Номин,Ч.Ундрам,М.Мандхай, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан,Ж.Энхбаяр,Д.Үүрийнтуяа, С.Мөнхчимэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Н.Энхбаатар, Д.Сумъяабазар, А.Энхзул, Б.Пүрэвдагва, Д.Мөнхсайхан, Б.Ану-Үжин, Ө.Золбаяр, Б.Жавзандорж, А.Үйлстөгөлдөр, М.Цэнгүүн, Б.Батцэцэг нар багтжээ. Ийм багтайгаар МАН-ын дарга Н.Учрал дараагийн сонгуульд орно.
Эх сурвалж:www.polit.mn