
Б.БОЛОР
Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Болдоос цахим орчинд гарч байгаа мэдээллийн талаар тодрууллаа.
-Цахим орчинд охиныхоо төлөө тууштай явж буй Шаарийбуу гуай Малайзын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу мөнгөө авч чадахгүй байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ асуудалд таныг холбоотой гэж бичсэн байна л даа. Та үүнд тайлбар хэлж болох уу?
-Намайг Гадаад харилцааны сайд байхад бид иргэн бүрийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтыг дэвшүүлж ажилласан. Тийм ч учраас олны анхаарлын төвд байсан энэ хэргийн талаар мөн анхаарч Малайз улсад яамныхаа дэд сайдыг томилон ажиллуулж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн илгээлтийг биечлэн гардуулж өгч, өмгөөөлөгчтэй нь уулзалт хийж байсан. Тэр үед шүүхээс аливаа нөхөн төлбөр өгөх шийдвэр гарсан явдал огт байгаагүй. Харин олон жилийн дараа тийм мэдээ хэвлэлээс уншиж байсан.
-Та ер нь Шаарийбуу гуайтай уулзаж байсан уу?
-УИХ-ын гишүүний хувиар нэг удаа уулзсан. Би хүний эрхийн талаар байр сууриа илэрхийлдэг, тэмцдэг хүн. Тухайн үед М.Батчимэг гишүүн агсан надад санал тавьж би уулзаж байсан юм. Энэ уулзалтын дараа охиныхоо төлөө уйгагүй явж байгаа аав хүнд туслахаар маш их хүчин чармайлт гаргасан гэж боддог. Хувь хүний хувьд өөрийн итгэл үнэмшлээрээ чадлынхаа хэрээр л тусласан. Ингэхдээ Монголын төр иргэнээ хамгаалахын төлөө ажилладаг, УИХ-ын гишүүн нь энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа шүү гэдэг ойлголтыг Малайзын талд мэдрүүлэх хэрэгтэй гэж бодон идэвх гаргаж тусалж, дэмжиж байсан. Тэглээ гээд би тайлан тавьж байгаагүй.
-Цахим орчинд гарсан мэдээлэлд таныг мөнгө авсан гэж бичээгүй. Харин Малайзын Засгийн газарт буулт хийсэн нь Шаарийбуу гуай нөхөн олговроо авч чадахгүйд хүрсэн гэх агуулгатай байсан?
-Буулт хийхэд нөлөөлсөн мэтээр бичснийг гайхаж байна. Надад төрийг төлөөлж Малайзын Засгийн газар болоод шүүхийн байгууллагатай уулзсан тохиолдол байхгүй. Би ямар нэгэн буулт хийх хэмжээний хэлцэл, уулзалтанд огт оролцоогүй. Ажил үүргийн хувьд ч, улстөрчийн хувьд ч Малайзын Засгийн газартай ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй. Тиймээс энэ мэдээлэл буруу ташаа гэдгийг онцлон тэмдэглэе.
Би Шаарийбуу гуайтай уулзсаныхаа дараа Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд тус улсад болсон олон улсын хүний эрхийн хуралд хувийн зардлаараа явж оролцсон. Тэр хуралд хэлсэн үгэндээ талийгаачийн амь насыг Малайзын эрх баригчдаас нэхсэн. Монгол Улсын иргэн амь насаа алдчихсан аймшигтай хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж болохгүй гэдгийг сануулсан. Энэ хэргээс үүдэн талийгаачийн гэр бүл хохирч байгааг анхааруулсан. Хамгийн гол нь тухайн хэргийг үйлдсэн нэг гэмт хэрэгтэн гадаадад орогночихсноос болоод хэрэг нь шийдвэрлэгдэхгүй гацчихсан байсан юм.
-Гэмт хэрэгтнийг буцааж авчраад шийдэх боломж байдаггүй гэсэн үг үү?
-Малайз цаазын ялтай улс. Миний оролцсон хурал бол цаазын ялыг халах асуудлыг хэлэлцэж байсан юм. Тэгээд тэр хуралд оролцохдоо энэ хэргийн жишээ татаж цаазын ял өгсөн хүнийг гадаадад гаргаад эргүүлэн авчирч ялыг эдлүүлэх нөхцөл бүрдэхгүй байгаа нь гаж тогтолцоо юм гэдгийг анхааруулсан. Үндсэндээ хэрэг гарах үед тушаал гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь Австрали руу гарчихсан. Гэтэл тус улс цаазын ялгүй учраас энэ төрлийн ял авсан хүнийг цаазын ялтай улс орон руу буцаадаггүй юм билээ. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл гэмт хэрэгтэн ял завших боломжтой гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, тэр гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноосон бол зохих шийтгэлээ хүртэж шууд буцаагаад өгчихнө. Тэгэхээр цаазын ял нь шударга ёсыг хааж байна. Тийм учраас хурлын индэр дээрээс “Танай улс цаазын ялынхаа асуудлыг эргэж харах ёстой. Энэ ялаас чинь болоод энд хүний эрх ноцтой зөрчигдөж байна” гэдэг санааг хэлсэн. Энэ бол Монгол Улсын Их хурлын гишүүн, хүний эрхийн мэргэжилтэн, судлаачийн хувьд өгсөн дүгнэлт. Мэдээж миний хэлсэн үг Монгол Улсын төрийг төлөөлөхгүй. Гэтэл цахим орчинд гарсан мэдээллээс харвал намайг илтэд буруутгаж, нэр хүндэд минь халдсанд гомдолтой байна.
Энэ дашрамд хэлэхэд, Эмнэсти Интернэйшнл байгуулллага бол цаазын ялыг халах дэлхийн хамгийн том олон улсын байгууллага. Энэ байгууллагыг анх Монгол Улсад үүсгэн байгуулж, удирдаж ажилласан.
-Шаарийбуу гуайтай уулзах үедээ та хоёр маргалдсан уу. Яагаад ингэж асуух болсон бэ гэвэл таныг төмөр самаа хутга шиг харуулж байгаад айлган сүрдүүлсэн гэсэн байна л даа?
-Огт үндэслэлгүй гүтгэлэг. Ийм юм болох ямар ч боломж байхгүй. Ордонд өрөөндөө уулзсан, гэрчүүд байгаа. УИХ-ын гишүүний хувиар уулзахдаа тэр хүнтэй жаргал, зовлонг нь цаг гарган сонсож 2-3 цаг болсон санагдаж байна. Тийм ч учраас түүний тавьсан хүсэлтүүдийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ гэж амласан юм. Би хэлсэн амлалтаа биелүүлэхийн тулд бүхий л шаардлагатай алхмыг хийсэн. Тухайлбал, орон байр, хүүхдүүдийн асуудлыг хөндөж ярилцсан. Тэгээд өнчин хоцорсон хүүхдүүдийг байртай болгохын төлөө бүх хүчин чармайлтаа гаргасан. Би тухайн үед Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүн байсан. Гэтэл Шаарийбуу гуай манай тойргийн иргэн биш учраас би өөрийн бланк дээр өргөдөл гаргахаар нийслэл хүлээж авахгүй байсан юм. Тэгэхээр нь эмэгтэй гишүүдийн дэмжлэгийг авч хотын захиргаанд өргөдөл гарган орон сууцтай болгосон. Тэглээ гээд би бүтээчихлээ гэж пиар хийж байсангүй.
Хамгийн гол нь хүүхдийнхээ төлөө тууштай тэмцэж яваа аав хүнд сэтгэлийн дэм өгч байна хэмээн бодож байсан. Цахим орчинд Нийслэлийн Тамгын газрын дарга асан Ё.Гэрэлчулуун үүнийг баталж жиргэсэн байна билээ. Үзээрэй.
Нөгөөтэйгүүр, хүүхдүүдийн асуудал бий. Үүнийг шийдвэрлэхийн тулд элчин сайдын яамд болон олон улсын хүний эрхийн байгууллагууд руу хандаж байсан. Одоог хүртэл дахиж надтай холбогдоогүй учраас хэрэг нь бүтсэн байх гэсэн бодолтой л явдаг. Хэрэв бүтэхгүй байсан бол над руу дахин ярих байсан болов уу.
-Та тухайн үед Гадаад харилцааны сайд байсан уу?
-Сү.Батболд Ерөнхий сайд байх үед би Батлан хамгаалахын сайд байсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт Гадаад харилцааны сайд хийсэн. Түүнээс хойш би хүний эрхийн дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүний хувьд уулзаж байсан.
Тэгэхээр цаг хугацааг зориудаар эсвэл захиалагатайгаар будлиулсан байдлаар мэдээлэл түгээсэн байна. Илтэд худал мэдээлэл тараасан учраас Иргэний шүүхэд гомдол гаргаж нэр төрөө сэргээлгэнэ. Монгол Улс хуультай улс. Цахим орчинд түгсэн мэдээллийн үнэн, худлыг шүүх тогтоож цаг хугацаа, баримттай мэдээллийг олон түмэнд хүргэнэ гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 199 (7696)