Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна

4 цаг 15 мин
Нийтэлсэн: Админ
 32 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Засгийн газрын тэргүүнийг огцруулахыг дэмжихгүй гэдэг томьёоллоор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр санал хураасан.  Улмаар тухайн саналыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн нь Үндсэн хуулийн маргаан дагуулж байна.  Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоног улс төр сонирхдог хүмүүсийн хувьд их сонирхолтой өрнөлөө. Бараг 2-3 талцаж хуваагдсан.  Зарим байр сууриа олон дахин өөрчилсөн.  Ийм долоо хоног болж өнгөрлөө.  Гадаадад өндөр боловсрол эзэмшиж,  тухайн орныхоо соёлыг өөрийн мөн чанараа болгосон хүмүүс маань хүртэл шүдээ зууж байгаад, маш муухай хорсол, заналтайгаар ярьж байна. Үүнийг хүмүүс харж нэлээн цочирдсон байна лээ. Зарим гайхсан хүмүүс энэ мөн үү, биш үү гэж асууж байна. Тэр утгаараа олон хүнийг цочоосон үйл явдал боллоо гэж хэлэх хэрэгтэй.  Би харьцангуй туршлагатай улстөрч.  Миний хувьд энэ өрнөж байгаа үйл явдлууд  нэг их айхтар шинэ юм биш.  Уур уцаартай хандаад байх хэрэггүй гэж бодож байгаа. Ерөөсөө л бүх юм хуулийнхаа дагуу явах ёстой.  Бид бүгдээрээ л тэгж ярьдаг шүү дээ. 

Манай УИХ-ын дарга байсан Д.Амарбаясгалан болон  түүнийг дэмжигчид хууль засагладаг л улс орон болъё гэдэг. Түүнийг би дэмждэг.  Хууль засагладаг орон болъё, хүн засагладаг орон байхаа больё гэсэн тэр зарчмын дагуу бүгдээрээ ажиллаж амьдаръя.  Үүн дээр нэг зүйл байгаа.  Төр засгийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа бол зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийнэ. Харин ямар нэгэн өндөр албан тушаалтай хувь хүн харин хориогүйг хийнэ. Тийм учраас та биднийг үзэж суугаа иргэн бол хориогүй л байвал юуг ч хийх эрхтэй гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн бол зөвхөн хуулиар зөвшөөрснийг л хийнэ.  Тэгэхлээр Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тодорхой бичиж өгсөн.  Манайх чинь Ром, Германы хуулийн тогтолцоотой шүү дээ. Тэгэхлээр Үндсэн хуульд Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлыг юу гэж бичсэн байна вэ түүнийгээ л барих ёстой.  Яагаад гэвэл Үндсэн хууль бол ерөөсөө гол суурь хууль. Тэрийг дагалдаж гарсан органик хууль бусад хуулиуд бол Үндсэн хуулиа зөрчсөн байдаг.  Тэрийгээ мэдэхгүй, ойлгоогүйгээр УИХ хэлэлцэж баталсан байдаг.  Тэрийг нь Цэц авч үзээд засдаг.  Үндсэн хууль бол ерөөсөө цэг таслалыг нь бүгдийг барих ёстой хууль.  Үүнийг утгачлан, дураараа ойлгоод, хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлаад явдаг хууль биш. Тэр утгаар нь авч үзвэл Үндсэн хуульд Засгийн газрыг огцруулах тухай саналыг өргөн барьсны дараа уг саналыг дэмжсэн бол өөрөөр хэлбэл, 126 гишүүний 64 нь дэмжсэн бол Засгийн газрыг огцорсонд тооцно гэж заасан. Гэтэл байнгын хороон дээр Г.Занданшатар даргын эсрэг Д.Амарбаясгалан талын хүмүүс буюу өөрсдөө Г.Занданшатар даргыг огцруулъя гэдэг асуудлыг оруулж ирсэн хүмүүс санал хураахад Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй санал өгч байна. Тэгэхлээр хүмүүс гайхаж байна шүү дээ.

-Зарим нь бүр тохиролцчихлоо гэдэг асуудлыг ярьж байсан?

-Тийм. Тохиролцчихлоо, хуйвалдчихлаа анхныхаа байр сууринаасаа ухарчихлаа гэж байсан.  Үүнийг би одоогоос бараг арваад хоногийн өмнө Засгийн газартай холбоотой асуудал яригдаж эхэлж байхад зарим хүмүүстэй уулзаж тэд нар ингэж тоглож магадгүй.  Байнгын хороон дээрээ огцруулах саналыг дэмжихгүй гэж өгөөд УИХ дээрээ дэмжихгүй саналыг дэмжихгүй гэж өгнө гэж ярьж байсан. Яагаад вэ гэхээр УИХ дээр олон гишүүн орж гардаг.  Зарим нь санаатай орж ирдэггүй. Яагаад гэвэл өөрийнхөө байр суурийг илэрхийлж.  Тэгэхлээр тэрийг тооцож Их Хурлын гишүүдээ амьгүй албат болгосон.  Хуралд орж ирээгүй гишүүний санал дэмжигдэхгүй гэдэг учраас байнгын хороон дээрээ өөрсдийнхөө саналыг зориуд унагааж, нэгдсэн чуулган дээр орж ирэхэд нь  тэртээ тэргүй Засгийн газраа огцруулж чадахгүй учраас зөвхөн картаа шургуулсан амьгүй гишүүд болон байхгүй гишүүдийн саналаар Засгийн газрыг унагаана гэж тооцоод явж байна. Энэ одоо болох уу гэж асуухад нь би “Үгүй ээ, арай ч дээ.  Үндсэн хууль дээр уг саналыг дэмжсэн бол гэж байгаа. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны санал УИХ дээр хэлэлцэгдэхгүй. Байнгын хорооны саналыг зүгээр сонсоно. Харин Их хурал дээр санал хураахдаа Үндсэн хууль дээр юу гэж бичсэн, яг тэр томьёоллоор хураах ёстой.  Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна уу гэж санал хураана.  Ингээд гишүүдийн олонх нь буюу 64 хүн дэмжиж байна.  Огцруулах нь зөв гэж үзвэл огцорно.  Дэмжихгүй байна гэвэл огцрохгүй.  Дэмжих санал 64-д хүрэхгүй байвал огцрохгүй гэсэн үг.  Тэгтэл эд нар хуулиар засаглах ёстой гэдэг зарчмаа мушгин гуйвуулж байнгын хороон дээр өөрсдийнхөө саналаас буцаж жүжиг тоглосон.  Харин нэгдсэн чуулган дээр  байхгүй гишүүд буюу амьгүй албат нараар санал өгүүлээд дэмжихгүйг дэмжихгүй гэсэн санал өгөөд Засгийн газраа огцрууллаа. Энэ бол ерөөсөө Монголын түүхэнд болж байгаа маш муухай бузар үйлдэл.  Харамсалтай нь үүнийг анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд манлайлж хийлээ. Цаашид 126 гишүүнтэй болсон нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг асуудлыг гаргаж тавихаас өөр аргагүй байна. Яагаад гэвэл жагсаалт дээр орсон гишүүд тусдаа, анх удаа сонгогдсон гишүүд тусдаа.  Тэд эвдрээгүй, идэж уугаагүй, хүмүүжилтэй, зөвхөн эх орноо боддог чин сэтгэлтэй хүмүүс орлоо гэж бодсон.  Өндөр боловсролтой, Харвардад сурч, багшилж байсан, Японд сурч байсан хүмүүс орж ирлээ гэж харсан.  Гэтэл тэд тийм биш байжээ гэдгийг өнөөдөр харж байна. Тэд бол зүгээр нэг хүний хамаатан, найз, нэг даргын карма, нэг даргын боол,  шадар туслагч нь байсан гэдэг нь сая харагдлаа. Харамсалтай нь тэд хууль засаглах биш жинхэнэ хүн засаглах асуудлыг өөрсдөө хийчихлээ гэж бодож байна.

-Үүнийг залилан болчихлоо гэдэг үгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы танхимд хэлсэн.  Ер нь энэ процессыг УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд  юу гэж заасан байдаг юм бол.  Нөгөө талаасаа  парламентын ийм жишиг олон улсад  байдаг юм уу?

- Энэ бол Үндсэн хууль зөрчсөн алхам болсон. Нэг англи үг байдаг даа. “Нарийн ширийн юмнуудыг нь л хар. Наанаа бүгдээрээ зөв ярьж байгаа юм шиг дүр эсгэнэ. Яг үйлдлийнх нь нарийн ширийнийг харахлаар луйвар булхай нь тодорно” гэж байдаг.  Би дээр асуултад хариулахдаа нарийн ширийн юмыг нь тайлбарлалаа шүү дээ. Үндсэн хуульд уг саналыг дэмжсэн бол л гэж бичсэн байдаг. Гэтэл бүр цагаан дээр хараар бичсэнийг зөрчөөд байнгын хороон дээрээ Засгийн газрыг огцруулах саналыг дэмжээгүйгээр оруулж ирж, дараа нь УИХ-д дэмжээгүй саналыг дэмжээгүй болгож, хуралдаа байхгүй хүмүүсээр далимдуулж Засгийн газрыг унагаах оролдлого хийлээ шүү дээ. Энэ бол хууль бус үйл ажиллагаа, Үндсэн хуулиа зөрчсөн үйл ажиллагаа.  Гоё сайхан зүйл ярихдаа нарийн ширийн олон зөрчил гаргасан байна. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг би хүндэтгэдэг, боловсролтой гишүүн гэж боддог байлаа. Гэтэл жинхэнэ улайрсан, зорилгодоо хүрэхийн төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй эмэгтэй байна. Үнэхээр гайхлаа, сэтгэлээр уналаа. УИХ-ын гишүүдийн ирц ердийн олонхоор буюу 64 хүнээр бүрдэх ёстой.  64 хүн бүрдээгүй бол тэр чуулганы хуралдаан хүчингүй, хүчингүй учраас хуралдааныг сунгаж болохгүй.  Ямар үед хуралдааныг сунгахыг бас хуульд биччихсэн байгаа. Нийт 64 гишүүн ирцэд бүртгэгдэхэд 64 гишүүний олонхын саналаар чуулганы хуралдааныг сунгаж болно гэсэн байгаа. Тэгэхлээр 64 нь бүрдээгүй юм чинь олонхын санал гэж байхгүй.  Хуралдаж чадахгүй боллоо гээд хаах ёстой байтал хүчээр цагийг сунгасан.  Х.Булгантуяа өөрөө санаатайгаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан.  Тэгээд зогсохгүй бас Их хурлын гишүүдийг нэрээр нь дуудаж, цолоор нь дуудаж, сонгогчдын өмнө доромжилж, өөрсдөө зохион байгуулсан хүмүүсээр фэйсбүүк дээр муухай муухай юм бичүүлж, тэр фэйсбүүк дээр бичсэнийг зориуд уншиж,  гишүүдийн нэр төрд халдсан.  Энэ нь  бас хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Тэгээд маргааш нь шинэ өдөр эхэлж байхад ирцээ дахиад авах ёстой байтал өнгөрсөн өдрийн чуулганы хуралдаан мөн шүү гэж зарласан. Ингэж хиймлээр ирцийг бүрдүүлж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Мөн Г.Занданшатарыг огцруулах үндэслэлээ танилцуулчхаад Г.Занданшатар гэж хүндээ ярих бололцоо олгох ёстой шүү дээ. Шүүх дээр өөрийнх нь үгийг сонсохгүйгээр ялладаггүй шүү дээ.

-Ардчиллын үндсэн зарчим өөрөө мэтгэлцээн шүү дээ.

-Тийм. Ерөөсөө мэтгэлцэх ёстой шүү дээ.  Миний буруу биш. Яагаад гэвэл ийм. Чи энэ асуудал дээр алдсан биз дээ гээд тоо баримттай тодорхой хуулийн үндэслэлтэйгээр эшлэлтэйгээр тайлбарлах ёстой. Тэгтэл тийм бололцоог Засгийн газрын гишүүдэд олгоогүй. Энэ бол цэвэр хуйвалдаан байлаа. Засгийн газрыг унагаахын төлөө, өширхсөн үйл ажиллагаа явууллаа. Ингэхдээ Үндсэн хууль зөрчлөө гэж харахаас өөр аргагүй байна. 

- УИХ-ын зарим гишүүдийн зүгээс бол  “Өрөөндөө ажлаа хийгээд сууж байна” гэдгээ хэлж байсан. Тухайлбал,  УИХ-ын Дэгийн тухай хуулийн 7.5 дахь заалтаа эдлээд сууж байна шүү” гэдэг ийм пост хүртэл зарим нь тавьж байх шиг байсан. Гэтэл хурал даргалж байгаа хүн нь тойргийн сонгогчид нь харж байна уу, орж ирэхгүй байна шүү гэж зарлаад байх нь зөв зарчим мөн юм уу?

-Парламентад ёс яллаа гэж зарим нь ярьж байна лээ. Парламентат ёс харин ялагдсан.  Хууль засаглаагүй парламент ёс гэж байхгүй.  Парламентын үйл ажиллагаа яг хуулийн дагуу явж байж, парламентат ёс бэхжих ёстой.  Гэтэл парламент өөрөө хууль зөрчөөд байгаа нь парламентат ёс ялж байгаа ерөөсөө биш. Харин парламент ёс ялагдлаа, суларлаа. Ярих, мэтгэлцэх, санал солилцох талбар шүү дээ. Гэтэл  Ерөнхий сайдаа, Засгийн газрын гишүүдээ яриулахгүйгээр асуудал шийднэ гэдэг бол ерөөсөө парламент биш. Зүгээр дураараа аашилж байгаа,  хууль зөрчсөн үйл ажиллагаа.  Олон улсад бол нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах гээд байгаа бол тухайн гишүүн өөрөө тэр хуралдаанд орохгүй байх эрхтэй.  Манай УИХ-ын дэгийн тухай хуулийн 7.5-д биччихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчих юм шиг санагдаад байвал орохгүй байж болно гэдгийг зөвшөөрчихсөн.  Гэтэл энэ эрхээ эдэлж байхад орж ирсэнгүй гээд иргэдээр дайруулж, тэрийг нь зориуд уншиж, нэр төрд нь шууд халдсан.  Энэ нь ерөөсөө Их хурлын дэд дарга хийж чадахгүй хүн байна гэдгээ баталсан болохоос биш тэр гишүүдийн нэр төр унасан юм ерөөсөө байхгүй. Тэд хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаагаа хийж байна гэсэн үг. Тэгээд Үндсэн хууль зөрчсөн асуудал болсон учраас тэд нарын байр суурь зөв  шүү дээ. Тэр хуралд ороогүй нь зөв байсан. Яагаад гэвэл улайм цайм зүтгэсээр байгаад Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа руу яваад оруулчихлаа шүү дээ.  Одоо энэ асуудал чинь Цэц дээр очиж шийдэгдэх ёстой гэж бодож байна.

- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрыг огцруулах санал анхнаасаа хууль зөрчөөд явчихсан гэдэг байр суурийг илэрхийлж байсан.  Энэ үйл ажиллагааг та юу гэж харсан бэ?

-Би өмнө нь УИХ-д цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байсан.  Манай цөөнхийн бүлэг аливаа асуудалд их нухацтай ханддаг байсан.  Бид хүний алдаатай үйл ажиллагааг хаацаалахын тулд, асуудлыг өөр тийшээ хандуулж,  анхаарлыг сарниулахын тулд ч юм уу.  Үгүй бол хэн нэгэн хүнийг өмгөөлөхийн тулд, тэр хүнийхээ даалгавраар ямар нэгэн хүний мууг үзэх гэж Засгийн газраа унагааж  тоглож байгаагүй. Бид тун хариуцлагатай ханддаг байсан. Тэр ч утгаараа Монголын орчин үеийн улс төрийн түүхэнд бол хамгийн хүчтэй цөөнх гэж бичигдэж үлдсэн байдаг.  Манай бүлгээс хэд хэдэн удаа Засгийн газрыг огцруулах  асуудлыг санаачилж байсан. М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах асуудлыг санаачлахдаа тэр үед бол тагнуулын байгууллага шүүхээр тогтоогдсон л доо. Би шүүхээр тогтоогдсон учраас шүүхийн шийдвэрийг л би ярьж байгаа юм. Шүүхээр тагнуулын байгууллага бол улс төрийн өрсөлдөгчийг тагнасан байна аа гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас бид тэрийг нь үндэслэж огцруулах санаачилга гаргасан. Хоёрдугаарт,  М.Энхсайханы Засгийн газрын үед боловсролын салбарт ажиллаж байгаа олон багш нарыг АХБ-аас зээл авч байгаа нэртэйгээр мөнгө өгч ажлаас нь гаргасан. Одоо ингээд багш нарын хомсдол гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь тэндээс эхэлсэн байхгүй юу. Зүв зүгээр ажиллаж байсан хүмүүсийг хоцрогдсон, хуучин, настай, ахмад гэдэг нэрийдлээр цаад утгаараа МАХН-ын үзэл баримтлалаар хүмүүжсэн улсууд хэмээн хэдэн мянгаар нь зээл өгөөд гаргачихсан. Тэр маш буруу бодлого байсан. Бид шүүмжлээд ерөөсөө дийлээгүй. Тийм учраас түүнийг бид огцруулах үндэслэл гэж үзсэн. Дараа нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрын газрыг огцруулсан.   Ц.Элбэгдоржийн Засгийн газар бол Сэргээн босголтын банк буюу 25 тэрбум төгрөгийн үнэтэй банкийг тавхан саяар өөр банканд өгчихсөн.  Үүнийг  бид олон дахин ярьж байгаад хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон байна гэдэг нь нотлогдсон учраас огцруулсан. Гэхдээ мэдээж хэрэг бид цөөнх учраас шууд  огцруулж чадахгүй шүү дээ. Тэгээд бид санал тавьсан. АН-ын эх орон үзэл баримтлалдаа үнэнч хүмүүс М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахад ч Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад ч бид нартай хамтарсан шүү дээ. Дараа нь Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулахаар санал тавьсан.  Үндэслэл нь Эрдэнэт үйлдвэрийг Оросын 49 хувийг хувьчилчихсан.  Орос дотроо будилаад, Оросын ТӨХ  дээр хуйвалдаад хэдхэн мянган доллароор буюу тэр үед маш хямдхан яригдаж байсан даа. Беларусь гэдэг том машины дөрвөн дугуйны үнэтэй мөнгөөр бүхэл бүтэн “Эрдэнэт” гэсэн том үйлдвэрийн 49 хувийг хувьчлахыг зөвшөөрсөн байсан.   Бид тухайн үед энэ асуудлыг их хуралд оруулж ирэлгүйгээр шийдэж болохгүй гэдгийг хэлсэн.  Ингэж тухайн үед Засгийн газрыг тодорхой үндэслэлүүдээр огцруулж байсан.  Харин саяын П.Сайнзоригийн бланк дээр гурван том асуудал байгаа гэж яриад байгаа.  Нэг нь  АМНАТ-ийн татварыг авалгүйгээр хөнгөлөлт үзүүлээд төсвийн орлого алдагдлаа гэсэн.  Б.Жавхлан сайд өөрөө яриад байгаа шүү дээ. Төсвийн орлого харин эсрэгээрээ нэмэгдсэн. Хятадын дотоод  баримталдаг жишиг үнэ,  Монголын Улаанбаатарын бирж дээр барьдаг үнэ, гэрээний үнээс шалтгаалсан. Мөн Хятад өөрөө худалдан авах чадвартай байна.  Том орон учраас жишиг үнэ нь түүхий эд дээр харьцангуй өндөр байна.  Монголын Улаанбаатарын биржээс илүү үнэтэй байдаг. Манайх  Биржийн тухай хууль гаргахдаа өөрийн зөвхөн төрийн өмчийн компаниуд биржийн үнээр нүүрсээ зарна бусад хувийн хэвшлийнхэн тэр үнээр зарж болно, зарахгүй ч байж болно гээд үлдээчихсэн байгаа. Тэгэхлээр хувийн хэвшлийнхэн эдгээр гурван үнээс аль нэгийг нь сонгоно шүү дээ. Үүнээс шалтгаалж, жижиг  байгууллагууд дампуурч байна. Томууд нь хэтэрхий өндөр татвар төлж байна. Өндөр татвар төлөхөөр бизнесийн орчин хумигдаж янз янзын хүндрэлтэй учраад байна гэсэн.  Тийм учраас Улаанбаатар хотынхоо  биржээр дамжуулж АМНАТ-өө төлье гэсэн.  Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийх эрхтэй. Бид бие даасан тусгаар тогтносон улс юм чинь Улаанбаатар хотын биржээ дэмжье гэдэг  тохиролцоонд хүрсэн байна. Түүнээс биш П.Сайнзориг нарын хар­даад байгаа шиг татварын орлого ба­гассан асуудал ерөөсөө байхгүй.  Харин ч нэмэгдсэн байгаа. Тэгэхлээр нэг­дүгээр үндэслэл бол буруу, худлаа үн­дэслэл байна. Энэ бол зүгээр мушгин гуйвуулсан үндэслэл.

-Хоёр дахь нь?

-Хоёр дахь нь Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилъё гэдэг саналыг Ерөнхий сайд гаргасан. Тэгээд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  Ерөнхий сайд өөрөө Их хуралд, Ерөнхийлөгчид зөвхөн танилцуулаад Засгийн газрын гишүүнээ томилох, чөлөөлөх эрхтэй болсон.  Энэ томилгоо тэр процедурыг зөрч­­чихсөн юм ерөөсөө байхгүй.   Харин томилгоог УИХ санаатайгаар авч хэлэлцэхгүй байна. Парламент зориуд Засгийн газрын гишүүнийг томилох Ерөнхий сайдын эрхэд халдаж байна. Ерөнхийлөгчид бол танилцуулчихсан. Тэгэхлээр энэ процесс дуусаагүй байгаа гэсэн үг.  Дуусаагүй байгаа процессыг П.Сайнзориг Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж ингэж дүгнэж болохгүй. Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлчихсэн асуу­дал байхгүй.  Гурав  дахь нь бол ерөн­хийдөө улс орны нийгэм эдийн засгийн асуудал сайжраагүй гэж байгаа юм. Тэгтэл хоёр орчим хувийн өсөлттэй байсан.  Эдийн засгийг 5.4-5.6 хувийн өсөлттэй болголоо. Бодитой тоонууд нь П.Сайнзориг нарын ярьж байгаа зүйлтэй нийцэхгүй.  Харин ч эсрэгээрээ байгаа учраас энэ үндэслэл болохгүй. Тэгэхлээр ерөөөсөө үндэслэл болохгүй, асуудлыг өргөн барьж үнэн хэрэг дээрээ луйвар, булхай, залилангаар Засгийн газрыг огцруулах гэж байна.  Эд­гээр гурван үндэслэл гурвуулаа худлаа.

- Тэгэхээр энэ дээр дахиад нэг юм тодруулмаар байна.  Өмнөх Засгийн газрыг огцруулж байсан жишгүүдийг ярьдаг. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль,  2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөр гэдгийг тайлбарлаад байгаа. Энэ дээр таны байр суурь?

-1992 оны Үндсэн хуулийг уншихад ерөнхийдөө асуудлыг өргөн барина, өргөн барьсны дагуу шийднэ гэсэн байгаа. Байнгын хорооны саналыг авна, тэгээд дэмжсэн,  дэмжээгүй зэрэг нарийн процедурын зүйл ерөөсөө байхгүй. Ерөнхий зарчим бичсэн байгаа юм.  Тэгээд Засгийн газар тогтворгүй ажиллаж байна,  ойрхон ойрхон огцорч байна гэдэг үндэслэлээр Засгийн газрыг харьцангуй тогтвортой ажиллах бололцоог олгохын тулд 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн.  Тэр үед Г.Занданшатар УИХ-ын дарга байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг толгойлж хийсэн.  Тэр үед өөрөө Засгийн газрыг толгойлно. Тэр үед тогтвортой ажиллана гэж бодоогүй байх. Ерөнхийдөө Ерөнхий сайдууд амархан огцроод байна,  үүнийг зохицуулъя гэж үзсэн. Та бүхэн санаж байгаа бол тэр үед Засгийн газар 1.6 жилийн ч бил үү,  дундаж настай байна гэсэн тооцоо судалгаа гаргаж байсан даа. Ингэж Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтөөр орсон тэр заалт дээр  бүүр процедурыг тодорхой болгочихсон юм.  Хуучин 1992 оны заалттай шал өөр.  За гурав хоногийн дотор танилцаад 10 хоногийн дотор шийднэ  гээд бүүр хоногийг нь заачихсан байна шүү.  Органик хууль дээр заадаг юмнуудыг Үндсэн хуульдаа бүр зориуд оруулсан байгаа юм. Тэгэхлээр гурав хоногийн дотор бол П.Сайнзориг нар огцруулах асуудлаа Г.Занданшатар даргад өгөөд бид та бүхнийг ийм асуудлаар огцруулах гэж байгаа юм шүү гэдгээ бичгээ өгөх ёстой байсан. Тэгээд Засгийн газар өөрөө өөрийгөө хамгаалж, мэтгэлцэхийн тулд бэлдэх ёстой шүү дээ.  Магадгүй Засгийн газар танилцсан уу,  үгүй юу гэдэг бичгийг авч байж,  Төрийн байгуулалтын байнгын хороо хурлаа зарлах нь зөв.  Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээрээ шууд үндэслэлүүдээ дэлгэж байгаа юм. Тэгээд Г.Занданшатар Ерөнхий сайд сайн ярьж чадсангүй.  Нөгөө сайдууд нь ч сайн ярьж чадсангүй. Ийм л хачин жүжиг боллоо шүү дээ. Тэрийгээ П.Сайнзориг нар тайлбарлахдаа гарын үсэг зурсан гишүүдийг дарамтлах гэж байна,  дарамтлуулсан ч байна гэсэн.  Засгийн газрыг огцруулах тухай саналд гарын үсэг зурахдаа хэн нэгний захиалгаар зураагүй л юм бол дарамтад орохгүй л байхгүй юу. Дарамтад орж байна гэдэг бол  чи хэн нэгний захиалгаар зурчихсан байна.  Хэн нэгнээс айж, эмээж байна.  Хэн нэгний захиа даалгаврыг биелүүлж байна гэдэг чинь л батлагдана шүү дээ. Тэгэхлээр ийм утгагүй үндэслэлээр Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн агуулгыг зөрчөөд Засгийн газарт огцрох үндэслэлтэйгээ танилцах гурав хоногийн бололцоог нь олгохгүйгээр ийм муухай жүжиг тоглосон байгаа юм. 

- Улс төрийн энэ нөхцөл байдал дээр АН-ын байр суурь оновчтой байж чадсан уу, зөв улс төр байсан уу?

- АН-ын зарим гишүүд мундаг ажиллалаа гэх зэргээр ярьсан байна лээ. Зарим нь залилан болчихлоо,  Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа болчихлоо гэх зэргээр ярьсан байна лээ. Тэгэхлээр яг нэгдсэн байр суурь илэрхийлж чадахгүй байгаа. Үүнийг би буруу ажилласан болов уу гэж харсан. Яагаад гэвэл нэг нь хэсэг Д.Амарбаясгалан даргыг нүүрсний хулгайтай холбогдчихсон байна үзсэн.  Тэгээд “Та холбогдоод байгаа асуудлаа  шалгуулаа. Шалгуултлаа их хурлыг битгий удирд гэсэн. Яагаад гэвэл нүүрсний хулгайтай холбогдчихсон юм шигээр ойлгогдоод байна гэж. Тэрний үндсэн дээр Д.Амарбаясгалан дарга ч гэсэн нүүрсний хулгайтай холбогдсон гэж намайг янз янзаар хэлсэн учраас Их Хурлын дарга гэдэг албан тушаалаасаа татгалзаж байна гэж өөрөө өргөдлөө өгөөд татгалзсан. Тийм биз.  Энэ чинь нүүрсний хулгайтай холбогдсон байж магадгүй хүний авч байгаа арга хэмжээ.  Нөгөө талд нь Г.Занданшатарын Засгийн газар бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж үзэлцээд байгаа шүү дээ.  Бид нүүрсний хулгайтай холбоотой нууц гэрээнүүдийг ил болгоно. Харбины гэрээг шалгана. Нүүрсний хулгайтай тэмцсэнээр төсвийн орлого нэмэгдэнэ. Тэгж байж багш эмч нарын цалин нэмэгдэх эх үүсвэр бий болно. Тэгж байж шударга ёс тогтоно.  Тэгж байж ард түмэн төр засагтаа итгэх итгэл сэргэнэ гэж үзэж байн. Тэгэхлээр нэг нь нүүрсний хулгайтай тэмцэх гэж байдаг.  Нөгөөдөх нь нүүрсний хулгайтай холбоотой байж магадгүй хоёр хүнийг нэг болгоод,  тэгээд хоёуланг нь огцруулна,  хоёулангийнх нь асуудлыг нь зэрэг ярина гэж. АН юу болж байгаа юм бэ энэ чинь. Би бол гайхсан.  Шал өөр хоёр асуудлыг нэг болгож,  хоёуланг нь зэрэг санал хураагаад,  хоёуланг нь огцруулна гэж. АН бол харамсалтай.  МАН-ын энэ сул дорой, хагарсан бутарсан байдал дээр тоглосон тоглолт байж магадгүй. Гэхдээ  оновчтой тоглолт биш.  АН бол энэ дээр нэг ч оноо авч чадаагүй болов уу. Зөв юман дээр АН байр сууриа хатуу илэрхийлсэн бол мэдээж ард түмэн АН-ыг дэмжинэ. Буруу юман дээр ийм ойлгомжгүй байдлаар санал бодлоо илэрхийлэхээр АН-ын талд оноо очсон гэдэгт би огт итгэхгүй байна. Тийм учраас АН-ын гишүүддээ зөвлөж хэлэхэд бид цөөнхөөр ажиллаж байсан. 1996-2000 оны цөөнх бол их сайн цөөнх байсан.  2000 онд МАХН буюу одоогийн МАН УИХ-д яагаад 72 суудал авсан бэ гэхээр бид цөөнхөөр ажилласан дөрвөн жилдээ зарчимтай асуудлууд дээр зарчимтай байр суурь барьж ажиллаж байсан.  Тийм  учраас ард түмэн эд нарт итгэж болох юм байна гэж дүгнэсэн. Тэгэхгүй бол хэн нэгэн хүн, ямар нэгэн байгууллага дотроо будилчихсаныг ашиглаж хэн нь нүүрсний хулгайтай тэмцээд байгаа юм. Хэн нь нүүрсний хулгайтай холбогдсон юм шигээр яригдаад байгаа хоёр хүнийг нэг болгоод тэгээд хоёуланг нь унагаана гэж ярьж байгаа нь харамсалтай.  Олонх цөөнхийн харилцаа эрүүл саруул байж парламентат ёс тогтох ёстой. Тэр процесст саад болсон. Түүнийг ямар нэгэн байдлаар эрсдэлд оруулсан нэр хүндийг нь алдсан ийм л ажиллагаа боллоо гэж би их харамсалтайгаар бодсон. Тэгэхдээ АН дотор эрүүл гишүүд дуугарч байна лээ.

-Ерөнхий сайдыг огцрууллаа, УИХ-ын даргыг чөлөөллөө гэдэг ийм шийдвэрийг УИХ гаргаад байна. ҮХЦ дээр Монгол Улсын Ерөнхий сайдын гомдлоор бол маргаан үүсчихсэн байгаа.  Энэ маргаан шийдэгдтэл Засгийн газрыг огцорсон гэж үзэхгүй гэж зарим хуульч тайлбарлаж байна?

- Монгол Улс бол Азид байгаа ардчилсан орон, ардчиллын баян бүрд гэх зэргээр бид ярьдаг. Гадаадынхан ч гэсэн биднийг дэмжиж ярихдаа иймэрхүү үг хэрэглэдэг. Тэгэхлээр энэ ардчилал гэдгийг бид иргэдээсээ салгаад,  бүх байгууллагууд институцээсээ салгаад, зөвхөн намуудад өгөөд, намууд л ардчиллыг хамгаална.  Тэр дотроо АН л ганцхан ардчиллыг хамгаалдаг юм шигээр ингэж буруу ойлгож ярьсаар байгаад бараг 30-аад жил боллоо. Ардчилал бол дундын өмч.  Нийт ард түмний дундын хамгийн их хайрлаж байх ёстой хүүхэд гэж хэлж болно. Үүний төлөө бүгдээрээ зүтгэх ёстой.  Иргэн болгон зүтгэхийг бол манайхан ойлгохдоо сонгуульд санал өгөх маягаар л зүтгэнэ, тэгээд л болоо, сонгуулиар ардчилал байдаг. Сонгуулийн дараа эрхээ шилжүүлчихсэн юм чинь дөрвөн жил дуугай л явж байна.  Тэгээд дөрвөн жилийн дараа саналаа өг. Тэр хүртэл олон юм яриад байхгүй.  Жагсаал цуглаан хийгээд байх юм байхгүй.  Ингэж буруу ярьдаг.  Сонгуулиар төр засгаа томилсон ард түмний эрх ард түмэнд нь өөрт нь хадгалагдаж байдаг.  Тийм учраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Одоо Л.Оюун-Эрдэнэ мэтийн хүмүүс  ингээд огцорч байна шүү дээ. Дөрвөн жил өөрийгөө хадгалах гээд чадсангүй шүү дээ. Муу ажилласан Засгийн газар, муу ажилласан албан тушаалтан тэгнэ шүү дээ. Ард түмэн чадах ядахаараа сонгуульд саналаа өгөөд хоёр намыг гаргаад ирлээ.  Намууд ардчилсан зарчмаар, өөрийнхөө дотоодынхоо асуудлыг, төр засагт орсон бол тэр төр засгийнхаа ажлыг явуулах ёстой. Миний толгойлж байсан нам сайн түүхтэй, сайн нам байгаасай гэж би боддог. Нэг түүхтэй  МАХН , МАН хоёр нийлэхэд би тэр ажлыг сайн зохион байгуулж байсан. Тухайн үед МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх дарга бид хоёр энэ ажлыг жинхэнэ анхан шатны байгууллагаас нь асууж байгаад саналыг нь асууж байгаад үүх түүх маань ийм юм, өвөг дээдэс маань энэ намыг байгуулаад 100 жил боллоо. Энэ 100 жил гэдэг том тоог хүндэтгэе.  Үүний дэргэд бид хэн билээ, хэн ч биш ээ гээд хоёр намаа нийлүүлсэн. Тийм учраас би МАХН байна уу, МАН байна уу, одоо нэг болчихсон юм чинь энэ нам хуулийн дагуу ажиллаасай.  Ард түмний дуу хоолойг сонсож байгаасай.  Ард түмний илэрхийлэл байгаасай.  Өвөг дээдсийнхээ байгуулсан гавьяаг өөртөө өвлөхийн хажуугаар  энэ сайхан нэр хүндийг улам сайхан арвижуулаасай гэж ингэж боддог. Харамсалтай тийм байгаа учраас би одоо шүүмжлэлтэй хандаад байгаа юм. МАН-ын  саяын болсон Бага хурал бол маш их зөрчилтэй болсон.  Үндсэн хууль,  Улс төрийн намын тухай хууль,  намын дүрмийг бүгдийг зөрчсөн.  Одоо намын гишүүдээ ингэж хэрэлдүүлээд байхын оронд хурдан дээд шүүхэд асуудлаа өгөөд Дээд шүүхээр шалгуулах ёстой. Дээд шүүх шалгаад “за энэ болж байна” гэвэл цааш явж, болоогүй байвал хурдан хуралдаж тэр алдаагаа засах ёстой.  Ардчилал гэдэг чинь юу юм бэ гэхлээр ардчилсан оронд байдаг институцүүд ажиллаж байж ардчилал өөрөө амьдардаг байхгүй юу.  Дээд шүүх нь ажиллах ёстой.  Ерөнхийлөгч нь ажиллах ёстой.  Парламент нь ажиллах ёстой.  Засгийн газар нь ажиллах ёстой Цэц нь ажиллах ёстой тийм биз.  Хэвлэл мэдээлэл ажиллах ёстой гэх мэтээр. Ингээд бүх институцүүд ажиллаж байж тэр оронд ардчилал жинхэнэ амьд байна. Гэтэл МАН-ыг ингээд хагас үхчихсэн байдалд оруулчихлаа. Энэ буруу шийдвэрээ шалгуулахаас зугтаагаад байна гэдэг чинь хардалтыг улам нэмэгдүүлээд байна шүү дээ. Энэ зөрчил нь батлагдаад байна.  Тэгэхээр одоо энэ байдалтай адилхан Үндсэн хуулийн цэц яаралтай хуралдаж,  Үндсэн хууль зөрчсөн бол зөрчсөн,  зөрчөөгүй бол зөрчөөгүй гэдэг шийдвэрийг гаргах ёстой.  Цэц ажлаа хийх ёстой.  Ерөнхийлөгч мэдээж ард түмнээс сонгогдсон хүний хувьд Үндсэн хуулийг хамгаалах нь хамгийн чухал байдаг. Ерөнхийлөгчөөр байхдаа Үндсэн хуулийг хамгаалъя гэж л ингэж бодож ажилладаг байсан.  Ингэж бүх институцүүд ажиллаж байж Монголын ардчилал амьд байна. Түүнээс биш танхайрсан бие биеийгээ доромжилсон, хагарсан, бутарсан юм шиг харагдаад байгаагаа ардчилал гэвэл эндүүрэл. Энийг засахад бол их амархан.  Үүнийг гүнзгий, бүүр ингээд давагдашгүй зөрчилтэй болчихлоо гэж бодохгүй байгаа. Энэ бол нөгөө бусад институцүүдээ ажиллуулахгүй байна.  Үгүй бол нөгөөдүүл нь ажиллахгүй байна. Ийм л байдлаас болоод ийм хурцадмал байгаа юм. Үндсэн хуулийн цэц нь шийдээд,  Ерөнхийлөгч нь хориг тавиад, Дээд шүүх нь ажиллаад өгөх хэрэгтэй.  Ингээд бүгдээрээ нөгөө ёстой Д.Амарбаясгалан даргын хэлээд байгаа хууль засагладаг,  Үндсэн хууль засагладаг,  хуулийн зохицуулалтаар амьдардаг, ажилладаг ийм улс орон болъё.  Тэрийгээ парламентат ёсоо төлөвшүүлэх байдлаар үлгэрлэж үзүүлье гэж байгаа.  Гэтэл харамсалтай нь манай парламентын гишүүд өнөөдөр үлгэрлэж үзүүлэх ажлаа мартчихаж. Харин хууль зөрчиж, маш муу үлгэрлэлээр хүмүүсийг бухимдуулж, нийгмийн харилцааг их хордуулж байна.

-Та МАН өөрөө ойлгомжгүй болчихлоо гэж байна. Намын дарга гэж хэн бэ?

-Манай залуучууд буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Японы Либерал ардчилсан намыг их сонирхдог, их судалдаг ийм хүмүүс л дээ. Японд айлчлаад ирлээ. Либерал ардчилсан намынхантай уулзлаа, Тэд нар ингэж хэлж байна нээрээ зөв юм байна гэх зэргээр ярьдаг хүмүүс байгаа юм. Тэгэхлээр одоо бид заавал шинэ дугуй зохиох гээд. Цэцэн мэргэн болох гээд хэрэггүй. Гадаадын улс орнууд бид нараас илүү туршлага хуримтлуулсан байгаа. Тэндээс сурах хэрэгтэй. Тэр дотор Японы Либерал Ардчилсан нам ийм асуудлыг яаж зохицуулдаг вэ гэхлээр Ерөнхий сайд огцорвол эхлээд намын даргаа нам дээрээ шийддэг.  Тэр нь Ерөнхий сайд болдог, үгүй бол яаралтай нэг ч өдөр нэг ч цаг алдаж болохгүй гэдэг утгаараа Ерөнхий сайдад томилчихсон бол тэр хүнээ автоматаар намын дарга болгодог.  Өөрөөр хэлбэл, парламенттай засаглалтай газар намын дарга нь Ерөнхий сайд болдог.  Нөгөө утгаараа Ерөнхий сайд нь намын дарга болдог. Энэ бол бүр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим. Тэгтэл манай зарим гишүүд бол мэдэн будилаад ярьж байна лээ шүү дээ. Одоогийн намын дүрэмд бол сонгуульд нам ялах юм бол намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байгаа. Тэгээд тэрийгээ зөвхөн Л.Оюун-Эрдэнэтэй холбож яриад байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ өөрөө асуудлаа нотолж чадахгүй,  янз янзын луйвар булхай хийсэн байж магадгүй асуудалд сэжиглэгдээд ард түмэн жагссан.  Дараа нь нам дээрээ ярьж байгаад өөрөө хамтарсан хамтарч ажиллаж байсан АН-ынхаа нөхдүүдийг бас эвгүй байдалд оруулсан.  АН-аас намтай хамтран ажиллахгүй гэдэг маягаар шийдвэр гаргаад өгөөч. Тэгвэл би энэ саналтай холбогдуулж би өөрөө Ерөнхий сайдынхаа ажлыг өгье өө, ингэж нэр цэвэр өгье. Би гудамжны жагсаалаас болж өгсөн болохлоор муухай байна гэж хэлж намынхаа хамт олныг уяруулж тийм шийдвэр гаргуулчхаад дахиад Их хурал дээр очихдоо шал өөр болсон.  Би одоо итгэл үзүүлж байна уу, үгүй юу гэдэг дээрээ санал хураалгая гэж Их хурлыг бас бужигнуулаад, намаа хуурах гэж оролдсон.  Их хурлыг хуурах гэж оролдоод бүх шатандаа унаад энэ ажлаа өгчихсөн шүү дээ.  Тэгээд Г.Занданшатар, Г.Тэмүүлэн хоёр өрсөлдөж Г.Занданшатар илүү санал авсан учраас бол Ерөнхий сайд болсон. Тэгэхлээр энэ зарчмаараа одоо намын дарга Г.Занданшатар болох ёстой.   Ингэхдээ Ерөнхий сайдын өрсөлдөөнийг явуулахдаа Л.Оюун-Эрдэнэ ухамсар гаргаад өргөдлөө өгөөд явах ёстой байсан. Тэгээд намын даргынхаа асуудлыг хамт шийднэ биз дээ. Энэ чинь парламентат ёс шүү дээ. Тэгээд би наадмын хүлээн авалт дээр намын дарга байсан Сү.Батболд, М.Энхболд, Г.Занданшатар нартай хамт ойрхон зогсож байгаад хэлсэн.  “Г.Занданшатар дарга аа, та одоо Ерөнхий сайд болчихсон  юм чинь намын даргаа ав. Ингэж байж парламентат ёс, ёсоороо явдаг юм” гэхэд Сү.Батболд,  М.Энхболд нар ч гэсэн зөв шүү дээ.  Тийм  зарчим байдаг гээд өнгөрсөн.  Гэтэл одоо түүнийг зарим их хурлын гишүүд юу гэж тайлбарлаад байна гэхлээр нам ялсан нөхцөлд намын дарга Ерөнхий сайд болдог гэж байгаа. Тэгээд одоо болохлоор Л.Оюун-Эрдэнэ уначихсан юм чинь нам ялагдчихсан юм шиг худлаа ярих гээд байгаа байхгүй юу. Нам ялагдаагүй шүү дээ. Одоо 2028 он хүртэл нам засгийн эрх барьсан нам хэвээрээ байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тухайн үед сонгууль удирдаж байсан үнэн боловч одоо ажлаа  өгчихсөн, ялсан нам хэвээрээ байгаа юм чинь намын дарга нь Ерөнхий сайд болдог,  Ерөнхий сайд нь намын дарга болдог гэдэг энэ бол дэндүү энгийн ойлголт. Тийм учраас намын дарга Ерөнхий сайдын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ерөнхий сайд нь Г.Занданшатар гээд цэцийн дүгнэлт гараад ч юм уу энэ үйл ажиллагааг таслан зогсоож чадвал Ерөнхий сайд үйл ажиллагаагаа цаашаа явуулах байх. Тэгээд намын Их хурал дээр очоод  бүх дэлхийд байдаг зарчмаа баримталж шийдэх байх. Харин Д.Амарбаясгалан дарга бол нэг юм ойлгосон байна. Их Хурлын дарга, Ерөнхий сайд байж болдоггүй юм байна. Намын дарга байж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Би үүнийг байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан ойгоор очихдоо хэлж байсан шүү дээ. Би гурван юм хэлсэн.  Нэгдүгээрт,  Үндсэн хуулиа шинэчлэхгүйгээр энэ үндсэн хуулийн тогтолцоо маань өөрөө байнгын хэрүүлтэй байдал бий болгоод байна.  Тэр нь хүмүүст муухай харагдаад байгаа юм. Энэ чинь Үндсэн хуульдаа байгаа алдаа юм.  Үүнийг бүгдээрээ засъя.  Шинэ Үндсэн хууль хэрэгтэй байна гэсэн.  Хоёрдугаарт, МАНАН үүсэж болохгүй.  Нэгэнтээ МАН ялсан л бол Засгийн газраа аваад яв. АН хяналтаа тавиад явах хэрэгтэй гэсэн.  Гуравдугаарт, парламентын дарга намын дарга байж болдоггүй юм шүү.  Парламент олон намын төлөөлөлтэй учраас аль нэгэн намын дарга болбол өөртөө давуу байдал үүсгэж болзошгүй ингэж зөвлөж байсан юм. Тэгээд тэрийг сонсоогүй, өөрөө намын даргад нэр дэвшсэн, тэгээд ялж чадаагүй. Яагаад гэвэл 3-ны 2-оороо ялж байж намын дарга болох ёстой.  Тэгээд процессоо гүйцээгээгүй. Тэгэхдээ онолоороо бол намын дарга нь Ерөнхий сайд байдаг,  Ерөнхий сайд намын дарга байдаг гэсэн зарчмаар явах ёстой байсан. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ энэ дээр тоглоод, Д.Амарбаясгалантайгаа газар булаад,  нөгөө Г.Занданшатарыгаа бүүр шавартай хутгаад хаячихлаа л даа.

-Хуучин Ерөнхийлөгч байсан хүмүүс өөр байр суурьтай байна шүү дээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга та хоёрын хувьд?

-Би Үндсэн хууль зөрчиж байгаа үйл ажиллагааг дэмжихгүй, буруу гэж үзэж байна. Би МАНАН гэдэг ард түмний сонгуулийг үгүйсгэсэн үзэгдлийг эсэргүүцсэн.  Төр засгийн эрхийг  ард түмэн барьдаг болохоос биш ямар нэгэн албан тушаалтан хувь хүн барьдаггүй байхгүй юу. Тэгээд тэрийг эсэргүүцсэн аливаа үйл ажиллагааг дэмжихгүй. Тэгтэл Х.Баттулга яалаа. Сонгуулийн дүн ямар ч хамаагүй, хамтарсан Засгийн газар байгуулах хэрэгтэй. МАНАН үүсгэх ёстой гэж үзсэн. Ц.Элбэгдорж, С.Баяр 2-ын үүсгэсэн юмыг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр үүсгэчихсэн.  2024 онд тэгээд энэ хоёр нөгөө Ц.Элбэгдоржийг үзэн яддаг гээд шал худлаа. Яг Ц.Элбэгдоржийгоо эд нар дуурайдаг байхгүй юу. Тэр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр Ц.Элбэгдоржийгоо дуурайдаг, дотор нь Ц.Элбэгдорж нь байдаг байхгүй юу. Тэгээд Х.Баттулга сая УИХ-ын чуулгандаа суудаггүй хүн гүйж ирээд Засгийн газрын тэргүүнийг огцруулах ажилд оролцож байгаа юм. Тэгээд бодохоор Л.Оюун-Эрдэнэ маань Х.Баттулгын хүн гэдэг нь үнэн байгаа биз. Одоо Х.Баттулга гэдэг хүн АН-д нөлөөлсөн хэвээрээ, тэгээд ч зогсохгүй МАН-д нөлөөлж, Г.Занданшатарын эсрэг Үндсэн хуулийг зөрчих ажлыг зохион байгуулах ажилд өөрөө эс үйлдлээрээ оролцлоо шүү дээ. Би бол Үндсэн хуулийг хэзээ ч хамгаална. Уг нь ерөнхийлөгч байсан хүн болгон ийм л зарчмаар асуудалд хандаж байвал дараа дараачийнхаа үедээ их хэрэгтэй юм. Бид нарын туршлага бол өндөр үнэ цэнээр олдсон туршлага юм. Бүүр шоронд орж байж энэ туршлагыг хуримтлууллаа шүү дээ. Яагаад алдчихсан юм,  юу алдчихсан юм гэдгийг бүүр мэдэж байж Ц.Элбэгдоржтой үзэлцэж байж Ц.Элбэгдорж намайг шоронд хийж байж өөрөө одоо хил даваад зугтчихсан. Би харин ард түмэнтэйгээ талбай дээр хамт зургаа авхуулаад гар бариад инээгээд явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл би үнэний талд байсан учраас ард түмэн намайг өнөөдөр дэмжиж байна. Хулгай худлын талд байсан Ц.Элбэгдорж гараад зугтчихсан. Тэгээд холоос худлаа юм яриад сууж байна. Харин Ц.Элбэгдоржийг шүүмжилдэг гэсэн нэртэй Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар яг Ц.Элбэгдоржтойгоо адилхан ажиллаж байна. Тийм учраас би одоо энийг илчлэх ёстой. Ингэж залуучууддаа туслах ёстой. Монгол Улс маань парламентын засаглалыг дагаж хөгжөөсэй гэдгийг хүсэж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 198 (7695)

 

Энэ новшийн лалар явчихдаггүй юу??? Хамаг бузар юм үүнээс гаралтай. Тонилгоё!!!
Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

4 цаг 15 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий­лөгчий

4 цаг 15 мин
Орбан: Путин-Трампын уулзалт Унгарын хувьд чухал ач холбогдолтой

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын Будапешт х

15 цаг 30 мин
Сергей Шойгу: Хүн амьдралдаа ганцхан мөрөөдөлтэй бол уйтгартай амьдрал

1845 онд I Николай хааны зарлигаар байгуулагдсан О

15 цаг 30 мин
Сонгогчдын боловсрол эрх зүйн уншлагын танхимтай болов

Үндэсний номын сан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүр

15 цаг 34 мин
Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

23 цаг 18 мин
Цэц: Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Цэц Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

23 цаг 46 мин
Бүсийн хөгжлийн үзэл баримтлал цаасан дээрх “үлгэр” болоод үлдэх үү

Улстөрчид 2024 оноос эхлээд УИХ-ын сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр хийж тогтолцоогоо өөрчилсөн.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

Хавар зуны заагаар бужигнаж эхэлсэн улс төр намар, өвлийн завсраар улам халуурч улайслаа. УИХ-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гарагт өглөө 09.30 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр  хурал

Өчигдөр 06 цаг 00 мин