
Б.ГАРЬД
Эх орны зүүн хязгаар Дорнод улсын нийслэл Улаанбаатарыг дамнан үргэлжилж буй нэгэн таагүй явдлыг таниулахаар бичив. Сар шахмын өмнө дөө, Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдсан “Элит тауэр” хотхоны 7-8 байртай холбоотой маргааны талаар нийтэд хүргэсэн. Тодруулбал, иргэн Л.Оюунгэрэл, “Эйч Жи Эй” ХХК нар Дорнод аймгийн төвд 1100 мкв газар дээр 16 давхар орон сууцны барилга барихаар суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Газраа, дээр нь цутгасан барилгын суурийн хамт 2022 онд иргэн А.Амартүвшинд худалдсан. Суурийн ажил нь хийгдсэн төслөө архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны нөхцөл, хийгдээд байгаа барилгын суурийн далд ажлын акт зэргийг шилжүүлжээ. “Эйч Жи Эй” ХХК нь иргэн А.Амартүвшинтэй тодорхой тохироо хийгээд өгөө, аваагаа дуусгасан. Харин иргэн Л.Оюунгэрэл өөрийн оруулсан хөрөнгө оруулалт болох 1.1 тэрбум төгрөгийн оронд тус хотхоныг ашиглалтад орсны дараа нэг мкв-ыг 2.2 сая төгрөгөөр тооцож 550 мкв орон сууцыг авахаар иргэн А.Амартүвшинтэй 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээг байгуулжээ. Гэрээнд, Дорнод аймгийн Чойбалсан хотын IX багийн нутаг дахь 2106000107 нэгж талбарын дугаартай 1100 мкв газрыг, тус газар дээр хийгдсэн барилгын суурь, архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны нөхцөл, хийгдээд байгаа барилгын суурийн далд ажлын акт зэргийн хамтар узуфрукт эзэмшигч А.Амартүвшинд шилжүүлэх, харин узуфрукт эзэмшигч А.Амартүвшин нь энэхүү гэрээнд заасан төлбөрүүдийг узуфрукт өмчлөгч “Эйч Жи Эй” ХХК болон хөрөнгө оруулагч Л.Оюунгэрэл нарт төлөхөөр тохирчээ. Уг гэрээний гуравдугаар зүйлд узуфруктын хариу төлбөр, төлбөрийн нөхцөлийг ч зааж өгсөн байгаа юм.
Гэрээний 3.3-т “…Үлдэгдэл 1.1 тэрбум төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-т заасан газарт барилга баригдаж дуусч, Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор нэг мкв нь 2.2 сая төгрөгийн үнэ бүхий 550 мкв талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө.
Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно” гэж заажээ. Түүнчлэн гэрээний 2.1.2-т заасны дагуу архитектурын болон барилгын бүтээцийн ажлын зургийг Эйч Жи Эй” ХХК нь А.Амартүвшинд хүлээлгэн өгсөн учир тэрээр өөрчлөн батлуулахаар болсон. Ингээд, үйлчилгээний талбай бүхий 62 айлын орон сууцны барилгын зургийг батлуулсны дараа “…“Элит тауэр” хотхоны долдугаар давхрын 51.21 мкв, 85.84 мкв, есдүгээр давхрын 51.21 мкв, 10 дугаар давхрын 51.21 мкв, 85.83 мкв, 97.87 мкв, 125.37 мкв талбай бүхий долоон орон сууцыг хөрөнгө оруулагч Л.Оюунгэрэлд өгнө” гээд орон сууцны мкв бүхий давхар болон тоотуудыг зааж баталгаажуулаад 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр акт үйлдсэн байна.
Гэтэл, орон сууц ашиглалтад орохоос өмнө А.Амартүвшин нь Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн газраас “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ”-г ганцхан өөрийнхөө нэр дээрээ гаргуулаад авчихжээ. Асуудал ингээд эхэлсэн байгаа юм. Мэдээж хэрэг, хожуу ч гэсэн үүнийг нь мэдсэн иргэн Л.Оюунгэрэл гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг А.Амартүвшингээс шаардсан. Харин тэрээр иргэн Л.Оюунгэрэлд өгөхөөр гэрээлсэн орон сууцнуудаа бусдад худалдчихсан байна. Гэрээнд заачихсан “…Долдугаар давхрын 51.21 мкв, 85.84 мкв, есдүгээр давхрын 51.21 мкв, 10 дугаар давхрын 51.21 мкв, 85.83 мкв, 97.87 мкв, 125.37 мкв талбай бүхий долоон орон сууцыг өгнө” гэсний нэг орон сууцыг нь хоёр хувааж жижигрүүлээд, уг 550 мкв талбайд хамрагдах найман орон сууцыг бусдад худалджээ. Тэрээр 2024 онд хотхоныхоо долдугаар давхрын 50.96 мкв орон сууцыг иргэн Д-д, 85.48 мкв орон сууцыг иргэн М-д, есдүгээр давхрын 50.96 мкв орон сууцыг иргэн О-д, 10 дугаар давхрын 97.48 мкь орон сууцыг иргэн Н-д, 85.28 мкв орон сууцыг иргэн У-д, 72.23 мкв орон сууцыг иргэн Х-д, 50.96 мкв орон сууцыг иргэн Г-д, мөн 50.96 мкв орон сууцыг иргэн М-д худалдчихсан баримт нь шүүхийн явцад ил болжээ. Ингээд иргэн Л.Оюунгэрэл ч, тэдгээр орон сууцыг худалдаж авсан иргэд ч хохирогч болчихсон байгаа юм.
Тиймээс иргэн Л.Оюунгэрэл гэрээнд заасан найман орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд ханджээ. Иргэн Л.Оюунгэрэл эхлээд дээрх 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2024 оны арваннэгдүгээр сарын 7-нд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Учир нь Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс 2023 оны гуравдугаар сарын 3-нд 40 хувийн гүйцэтгэлтэйгээр А.Амартүвшингийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаарт бүртгэж, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм. харин шүүх “...Уг 2023 оны гуравдугаар сарын 3-ны Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэл, 2023 оны зургадугаар сарын 9-ний өдөр хийгдсэн бүртгэл, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээний биелэлтийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлсүгэй” хэмээн шийджээ. Үүний дараа, хариуцагч А.Амартүвшин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан байна. Тус шүүхээс 2025 оны зургадугаар сарын 23-нд “...Энэ нь гэрээний үүргийн хангуулахаар шаардсан агуулгатай гэж үзэхээр байгаа тул маргаанаа эхлээд иргэний журмаар шийдвэрлүүлсний үндсэн дээр захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулан маргах боломжтой” гээд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, энэ маргаан Захиргааны болон Иргэний хэргийн шүүхүүдээр явж, тэдгээрээс Дорнод аймаг дахь улсын бүртгэлийн газрын байцаагч нягтлалгүйгээр А.Амартүвшинд дуусаагүй барилгын гэрчилгээг гаргаж өгсөн хэмээн буруутгаж, мөн иргэн А.Амартүвшин “Элит тауэр” хотхоныг ашиглалтад орохоос өмнө иргэн Л.Оюунгэрэлд өгөхөөр гэрээлсэн орон сууцнуудыг бусдад худалдсан нь буруу хэмээх агуулга бүхий шийдвэрүүд гараад эхэлсэн байна. Тухайлбал, хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сарын 7, 2025 оны есдүгээр сарын 23-нд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Л.Оюунгэрэлд өгөхөөр гэрээлсэн давхар тоот нь тодорхой найман ширхэг орон сууцыг битүүмжлэх шийдвэрийг гаргасан.
Ер нь бол иргэн Л.Оюунгэрэл нь хөрөнгөө оруулсан, түүнийгээ авах ёстой, тэр нь гэрээгээр баталгаажуулсан учраас шүүх “…Иргэн Л.Оюунгэрэл тэдгээр орон сууцыг авах ёстой” гэж шийдэж байгаа юм. Гэвч энэ нь иргэн А.Амартүвшинд таалагдаагүй бололтой. Иргэн Л.Оюунгэрэл, түүний гэр бүл рүү довтлох ажлыг зохион байгуулж байгаа бололтой. Иргэн Л.Оюунгэрэлээс энэ талаар тодруулахад “…А.Амартүвшин уг нь анх зарчимтай бизнесмэн залуу шиг байсан. Миний оруулсан хөрөнгө оруулалтад тохирох орон сууцнуудыг өгөхөө маш сайн ярилцаж, гэрээ, актыг ч хийсэн. Гэтэл надад мэдэгдэлгүй “Дуусаагүй барилгын гэрчилгээ” аваад, тэр байтугай миний нэр дээр шилжих ёстой орон сууцнуудыг худалдчихсан байна. Анх гэрээн дээр орон сууцны мкв-ыг 2.2 сая төгрөгөөр худалдана гэж заасан. Ашиглалтад орсны дарай гурван саяаас дээш үнээр худалдсан юм шиг байна билээ. Тэгэхээр зөрүү гарч таарна. Тиймээс л надад тэдгээр орон сууцыг өгмөөргүй санагдсан байх гэж би бодоод байгаа. Гэнэтхэн л янз бүрийн хүн явуулаад эхэлсэн. Улмаар, цахим сүлжээний нэр хаяг нь тодорхойгүй хуудсууд, зарим нэр бүхий сайтуудаар нөхрийг минь гүтгэж гүжирдээд унасан. Ингээд байхаар би орон сууцнуудаа авахаа больё оо гээд тэр хүний ажил нь бүтнэ гэж бодоод байгаа юм шиг байна. Би үүнийг А.Амартүвшин зохион байгуулж байгаа болов уу гэж хардаж байна. Энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан” гэсэн юм. Үнэхээр ч, иргэн Л.Оюунгэрэлийн гэр бүлийн хүн болох “ДЦС 4”-ийн захирал Ү.Төмөрхуягийг сүүлийн үед цахим сүлжээгээр “балбаад” байгаа нь харагдаад байдаг болсон. Түүнийг гэр бүлийнх нь хүний бизнестэй холбоотой гэрээ хэлцлийн асуудлаар гүтгэж дайраад, үүнд нь хариулт тайлбар хэлэхгүй болохоор сүүлдээ төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэрийг хүртэл оролцуулаад эхэлсэн. Тиймээс ЦЕГ, ТЕГ зэрэг мөрдөх байгууллагуудын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, хэлтсүүдэд ханджээ. Үүнээс гадна, иргэн Л.Оюунгэрэлийн гэрээний дагуу авах ёстой байсан орон сууцнуудыг бусад худалдсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулж буй учир Цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн байна. Түүнчлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд баригдсан “Элит тауэр” хотхоноос иргэн Л.Оюунгэрэлийн нэр дээр гэрээтэй байсан орон сууцыг худалдаж авсан иргэд ч шүүхийн процесс, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай хамтарч ажиллаад эхэлсэн байна. Тодруулбал “...Миний орон сууцнуудыг бусдад худалдаж, гэр бүлийг маань цахим сүлжээгээр гүтгүүлж доромжлуулсан” гэх асуудлаар мөрдөх байгууллагуудад хандаж, хуулийнхан ажиллаад эхэлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 193 (7690)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.