
Т.БАТСАЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөж, айлчлалын баг Тажикстан улсыг зорино. Киргиз улс дахь айлчлалын гол үр дүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарласан явдал байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, цахим шилжилтийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
-Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар Тэнгэр уулын энгэр, Иссык-Куль нуурын эрэгт орших Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт Киргиз Улсад төрийн айлчлал хийж, эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны манлайлал дор өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж буй танай сайхан улсын хөгжил дэвшил, Киргизийн найрсаг ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншилтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл өндөр байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2023 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан билээ.Тэгвэл энэ төрийн айлчлалаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Киргизийн харилцааг хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, цахим шилжилт зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт нэмж гарын үсэг зурлаа. Та бид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохирсны дагуу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргиз Улсад экспортлох, мөн загас, загасан бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажуулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд монголын ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан хоёр улсын зах зээлд төдийгүй олон улсад танигдсан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.
Манай улс 80 гаруй сая толгой малтай, жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Энэ хүрээнд бид мал үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор Монгол Киргизийг холбосон худалдааны дөт зам, шинэ чиглэлийг бий болгох, Бишкек – Өрөмчи – Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.Соёлын харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орны ард иргэдийг холбох “гүүр” байсаар ирсэн билээ.
Киргиз улсын ерөнхийлөгч Садыр Жапаров: “Иж бүрэн түншлэл” шинэ шатанд гарч, цаашид цэцэглэн хөгжинө
- Киргиз Улс Евразийн бүрэн эрхт гишүүний хувьд тус байгууллагатай Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн интеграци болон хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.Энэ хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд энэ оны зургаадугаар сард байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал үйл явдал гэж үзэж байна.Бид хоёр орны олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа нотолж байна.Хоёр орны эрх ашигт нийцсэн олон бүтээн байгуулалт, төлөвлөгөө бидэнд байна. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.Эдгээрийг бодит ажил хэрэг болгох нь ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал нь манай хоёр улсын хамтын ажиллагаа батжин бэхжиж, өргөжин хөгжихийн тод бэлгэ тэмдэг боллоо. Харилцан найрамдал, хүндэтгэлд суурилсан, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хамтын ажиллагаа өргөжин хөгжих болтугай” гэлээ.
Цахим хөгжил, дижитал эдийн засаг, хиймэл оюуны чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо
Айлчлалын хүрээнд 13 гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний нэг болох Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэт технологийн яам хоорондын Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож, Төрийн цахим үйлчилгээний үндсэн болон дэмжих системүүдийг экспортлох боломж нээгдэх юм. Мөн хоёр улс цахим хөгжил, дижитал эдийн засаг, төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюуны чиглэлээр мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүллээ.
Адууны өдрийг анх удаа тэмдэглэсэнтэй холбоотойгоор морин хуурын үзэсгэлэнг дэлгэжээ
Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын үзэсгэлэнг Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо дэлгэлээ. “Морин хуур найрал” хөгжим, Үндэсний урлагийн их театрын тоглолтыг зохион байгуулж, үүний зэрэгцээ морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсээр үзэсгэлэн толилуулж байна.Ингэснээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон морин хуурыг олон улсад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буй юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийн хүрээнд морин хуурын салбар, тэр дундаа морин хуур урлалын салбар эрчимтэй хөгжиж байна.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ жилийн долоодугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээрээ анх удаа тэмдэглэсэн билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7630)