Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

4 цаг 10 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, профессор түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Урангуатай ярилцлаа. 

-Та өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Хэрээд Жамсрангийн Урангуа гэдэг. Би МУИС-ийн профессор, түүхч хүн.

-Та тэгэхээр Шинжлэх ухаан болон Боловсролын салбарын төлөөлөгч юм байна. Японы эзэн хаан Нарухитогийн Монгол Улсад хийсэн айлчлалын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна бэ?

-Тус айчлал нь хоёр орны харилцаанд олон талын ач холбогдол бүхий түүхэн үйл явдал болж байна. Эзэн хаан, ханхүү байхдаа 2007 оны 7 дугаард сард манай улсад анх удаа зочилж, Хархорум хотын туурийг үзэж байсныг санаж байна. Энэ удаагийн айчлал нь зөвхөн дипломат харилцааг гүнзгийрүүлэхийн зэргэцээгээр шинжлэх ухаан, соёл, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэх олон давуу талтай.Япон, Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа нь зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй, хоёр орны ойлголцол, найрсаг харилцааны бат үндэс болж байна. Мэдлэг бол баялаг, харин тэр баялгийг хамтран бүтээж буй эрдэмтэн судлаачдын энэ хамтын ажиллагаа нь хоёр орны ирээдүйн хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт болж буйг илтгэж байна.

-ТаМонгол, Японы эрдэм шинжилгээний хамтын ажилагааны түүхийг товч өгүүлнэ үү?

-Япон, Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа нь олон арван жилийн түүхтэй, олон салбарыг хамарсан, хоёр орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй чухал чиглэл юм. Энэхүү хамтын ажиллагаа нь түүх-археологи, хэл соёл судлал, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан зэрэг өргөн хүрээг хамарч байна. Монголын залуу үеийг чанартай боловсрол эзэмших, орчин үеийн судлаачдыг чадавхжуулахад үлэмж хувь нэмэр оруулж буй.

Японы Монгол судлал арвин их уламжлалтай, монголч эрдэмтдийн тоогоороо Ази тивдээ гуравт ордог буюу Монгол Улс болон БНХАУ-ын дараа ордог. 1908 онд Токиогийн Гадаад хэлний Их Сургуульд нэг жилийн түргэвчилсэн хөтөлбөрөөр монгол хэлийг үзэх болж, улмаар 1911 онд тус сургууль монгол хэлний тэнхимтэй болсноор монгол хэлтэй судлаачдыг системтэйгээр бэлтгэн гаргах эхэлсэн байдаг. Улмаар 1960-аад оноос судлаачдын санал санаачилгаар судалгааны хүрээлэн, нийгэмлэг холбоо байгуулж, Монголын түүх, хэл соёлын судлалыг дэмжих болсон байдаг.

       Улаанбаатар хотноо 1970 оны 8 сард Олон улсын монголч эрдэмтдийн II их хурал болж, Ш.Ивамүра, Н.Эгами, Ш.Хаттори, М.Мүраками, Ш.Озава нар оролцсон. Түүнээс хойш японы судлаачид тус хуралд байнга оролцох болсон юм. 1971 онд 1 сард “Японы Монгол судлалын нийгэмлэг”-ийг байгуулж, улмаар мөн оны 6 сард “Японы Монгол судлалын нийгэмлэгийн мэдээ”-ний анхны дугаар хэвлэгдэн гарсан. 1972 онд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтож, 1975 оноос багш, оюутан солилцож эхэлсэн явдал Японы Монгол судлалд түлхэц өгсөн. Мөн онд анх удаа япончууд Монголд хээрийн судалгаа хийж, түүнд түүхч Ш.Ивамүра, Хагивара Жүнтэй, хэл шинжлэл-Озава Шигэо, хөдөө аж ахуй-Нагахиро Кинзо, Накаэ Тошитака нар байжээ. Гурван жил үргэлжилсэн судалгааны гол цөм нь Окаяма их сургуулийн Тариалангийн салбарын багш нарын тариалан, мал эдийн засгийн судалгаа байв. 

Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулах болсон ХХ зууны 90-ээд оноос хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Хоёр улсын судлаачид чөлөөтэй харилцаж, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ. Японы судлаачдын хувьд ганц Монгол Улс төдийгүй БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуурын монголчууд болоод ОХУ-ын Буриад, Халимагийн зэрэг олон газрын монголчуудын түүх-соёлыг судалж байгаа. 

- Та Японы эрдэмтэдтэй хэдийнээс, хэрхэн хамтран ажиллах болсон бэ? Та анх хэдэн онд тус улсад очсон бэ?

- Би анх 2004 онд Японы Азийн бүтээмжийн төвд нэгэн сургалтад 6 хоног суухаар очсон. Тус орны талаарх анхны сэтгэгдэл одоо ч тодхон байдаг. Сүүлийн 10 жилд хамтын ажиллагаа өргөжсөн. Би 2014 онд Япон сангийн тэтгэлэг авч, Токиогийн Гадаад судлалын Их Сургууль дээр очиж, 2 сар зочин судлаачаар ажилласан. Тэр хугацаанд 2 судалгааны өгүүлэл бичиж, АНУ болон ОХУ-д хэвлүүлсэн. Тэгэхэд тус сургуулийн профессор Футаки Хироши багшаас их зүйл сурч авсан даа. Одоо ч бид хамтран ажилласаар байгаа. Дараа нь 2018 онд Японы ахисан түвшний судалгааны JSPS сангийн тэтгэлэг авч Шова эмэгтэйчүүдийн Их Сургууль дээр зочин профессоор 2 сар ажиллаж “Дайны золиос болсон хүмүүс:1945-1947 онд Монголд ажиллаж байсан япончууд” номоо бичиж дуусгасан. Тус номын шавь, доктор Б.Эрдэнэбилэгийн хамт туурвисан юм. Шова эмэгтэйчүүдийн Их Сургуулийн профессор Хүсэл сан редакторласан юм. 

Монгол Улсад зохион байгуулагдсан Япон-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний хурал болон Японд зохион байгуулагдсан олон хуралд илтгэл тавьж оролцсон. 

Би Японы Шова эмэгтэйчүүдийн Их Сургууль болон МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтарсөн археологийн судалгааны 3 төсөлд Монгол талын зохицуулагчийн үүрэгтэй оролцсон. Тухайлбал, Японы ахисан түвшний судалгааг дэмжих Сангийн санхүүжилтээр хийгдсэн “Чингисийн хэрэмийн олон улсын судалгаа” төслийг 2020-2024 онд амжилттай хэрэгжүүлсэн. Мөн 2022-2023 онд “Талын Монголын нүүдэлчид: Хүннүгийн хот суурин” төсөл хэрэгжүүлсэн. Одоо бид нар Монгол дахь торгоны замын үлдэц суурин газруудыг судлах төсөл хэрэгжүүлж байгаа, энэ сэдвээрээ 9 дүгээр сард эрдэм шинжилгээний хурал МУИС дээр зохион байгуулахаар бэлтгэж байна.  

Японы Засгийн газар шинжлэх ухааны хөгжилтийг ихэд дэмжиж, хангалттай санхүүжилт олдог мэт. Үүнд, чөлөөт өрсөлдөөн, үр дүнд суурилсан оновчтой санхүүжүүлэлтийг хийдэг юм билээ.

- МУИС болон Японы Их Сургуулиуд хоорондын түншлэл ямар түвшинд байгаа бэ.

- Японы тал МУИС-тай олон жилийн турш өргөн хүрээтэй, үр дүнтэй хамтын ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь ихэвчлэн боловсрол, судалгаа шинжилгээ, багш солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөр, сургалтын чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлд төвлөрдөг. Их сургуулиудын түншлэл жилээс жилд өргөжиж байгаа. Манай сургууль Японы 9 Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Жил бүр МУИС-ийн оюутнууд Японы Их Сургуулиудад Солилцооны хөтөлбөрөөр болон магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр суралцдаг. Японы оюутнууд ч МУИС-д богино хугацааны судалгаа, хэл-соёл судлал хийхээр ирдэг. Манай багш нар Японы талтай түүх-археологиос гадна байгалын ухаан, экологи, хүмүүнлэгийн ухаан, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр олон төсөл хэрэгжүүлдэг бөгөөд Японы шинжлэх ухааны сангуудын тэтгэлгээр Японы их сургуулиудтай хамтарч ажилладаг бөгөөд цаашид ч энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх хандлагатай байгаа. Эцэст нь талахрлын үе хэлье. Шинжлэх ухаан, боловсролын салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө Та бүхэнд талархал илэрхийлье. Хамтын ажиллагаа маань улам гүнзгийрч, шинэ үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

Эх сурвалж:www.zms.mn 

 

Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

3 цаг 9 мин
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

4 цаг 10 мин
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

8 цаг 4 мин
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

2025-07-08
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

2025-07-08