
М.ЗҮЙР
Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.
Судалгаа харвал, 2021 онд Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авсан 2485 хувийн эмнэлгийн 2067 нь орон сууцны хороололд, 1210 нь Их тойруу дотор байгаа юм. Төрийн эмнэлгүүдийн ихэнх нь төвдөө байрладаг. Мөн нарийн мэргэжлийн эмч нар, рентген оношилгоо, яаралтай тусламжийн цэг гээд бүгд их, бага тойруу орон сууцны хороололд төвлөрч байх жишээтэй.
Харин өнгөрсөн хугацааны энэ гажуудлыг засаж сайжруулахын тулд Монгол Улсын Засгийн газраас 20 минутын хот концепцыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэн гэрээсээ гараад 20 минутын дотор эмнэлэг, сургуулиас эхлээд төрийн хэрэгцээт үйлчилгээгээ авах ёстой гэж үзэж буй.
Тэгвэл их хотын өнөөгийн хэт их төвлөрлийг сааруулж задлах 20 минутын хот реформын яг л хөрсөн буусан жишиг загвар Салхит, Санзайн ам буюу гэр хороолол дунд үр дүнтэй хэрэгжиж байна. Ийн хотын захад байрлаж буй “Universal clinic” буюу UC эмнэлэг төрийнх биш. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээл тусламжаар боссон. Хагас жилийн дотор баригдаж, 2024 оны наймдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлжээ.
UC эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин “Өнөөгийн нийгмийн дүр зургийг харвал хүн ам зүй, газар зүйн байршлаар асар их ялгаатай байгаа нь тэгш бус, хүртээмж муу байгааг илтгэж байгаа учраас Чингэлтэй дүүргийн XIX хороо орчимд аль ч талаасаа иргэд ирж үйлчлүүлж болох байршлыг сонгон үйл ажиллагаа эхлэхээр шийдсэн. Ялангуяа гэр хороололд оношилгоо, шинжилгээ хийх, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авахад хэт орхигдсон нь үнэн. Бид эрүүл мэндийн бүх тусламж, үйлчилгээг гэр хорооллын иргэдэд хүргэх боломжтой гэж үзсэн. “20 минут хот” концепц, тэгш байдал, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилт, тогтвортой хөгжлийн зорилтод хэнийг ч орхигдуулахгүй байхаар тусгасан. Энэ бүхэнд бидний зорилт яв цав нийцэж байгаа” гэлээ.
Төрийн хүрч үйлчилж чадахгүй байгаа энэ орон зайг “UC” эмнэлэг нөхөхийг зорьжээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд нь өвдсөн, гар хөлөө зүссэн, хугалсан гээд цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс 10-20 км-ийн цаанаас ГССҮТ, төвийн эмнэлгүүд рүү явахад хүндрэлтэй. Түгжрэлд цаг хугацаа алдах, эрсдэлд орох аюултай. Тиймээс л гэрт нь ойр 20 минутын дотор эмнэлгийн анхан шатны бүхий л үйлчилгээг үзүүлэх ач холбогдолтойг “UC” эмнэлгийн загвараас харж болно. Харин иргэдэд санхүүгийн дарамтгүй буюу мөнгө авахгүй үйлчлэх тэдний гаргасан шийдэл, барьж буй бодлого бол эрүүл мэндийн даатгал гэж харж байгаа аж.
ОРБИС ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН UC ЭМНЭЛЭГ ХАМТРАН ХАРАА ЗҮЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭЛЭЭ
Хотын төвөөс алслагдсан бүс болох Чингэлтэй дүүргийн 19-дүгээр хороо Салхит, Санзайн амын гэр хороолол дунд Орбис олон улсын байгууллага болон UC эмнэлэг хамтран хараа зүйн цогц үйлчилгээг нээлээ. Тус эмнэлэг Харааны төвтэй болсноор иргэд нүдний эмчийн үзлэг, оношилгооноос гадна нүдний угийн зураг авхуулах, нүдний даралт хэмжүүлэх, нүдний өмнө болон арын сегментийн үзлэг зэрэг хараа зүйн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна. Мөн нүдний хугарлын гажгаа тодорхойлуулан, шил тааруулах гээд бүхий л төрлийн цогц үйлчилгээг гэр хорооллын иргэдэд ойртуулж байгаа юм.
Харааны төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн АНУ-ын Хүүхдийн хараа хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, технологийн үнэлгээний зөвлөлийн дарга Брюс Мүүр “Би карьерынхаа гарааг 50 жилийн өмнө эхлүүлэхдээ Бостон хотын захын хороололд яг үүнтэй адилхан нүдний эмнэлэг нээж байсан. Анхан шатны тусламж хүртэж чадахгүй байгаа ард иргэдийн дунд очиж энэхүү тусламжийг хүргэнэ гэдэг санаа 100 жилийн өмнө Өмнөд Африкаас эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн энэхүү эмнэлгээр дамжуулаад бий болгож байгаа загварыг цаашид ч Монгол Улсад түгээх юм бол өндөр ач холбогдолтой. Ард иргэдийн амьдарч байгаа газар нь анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна лавлагаа шатны тусламж үзүүлснээрээ тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг ч гэсэн сайжруулах юм” гэлээ. UC эмнэлгийн Харааны төв нь АНУ, Япон, Финлянд улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Мөн зөөврийн микроскоп, уг дурандах, зураг авах аппаратаар эмнэлэгт ирж үйлчилгээ авах боломжгүй буюу хэвтэрт байгаа, өндөр настай хүмүүст шаардлагатай үзлэг оношилгоог гэрт нь очиж хийх боломжтойг UC эмнэлгийн нүдний эмч хэллээ.
Орбис олон улсын байгууллага нь UG эмнэлэгтэй хамтран ажиллаж, нүдний эмчилгээ, оношилгоог иргэдэд ойртуулж байгаа нь тэдний суурь зорилготой нийцэж байна гэдгийг Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал, нүдний эмч Ч.Чимгээ хэлж байлаа. Тэрбээр “Орбис олон улсын байгууллагын хувьд нүдний салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид Улаанбаатар хотын гэр хороололд анх удаа харааны төвийг дэмжин ажиллаж байна. Цаашдаа хөдөө орон нутаг буюу аймаг, сумдад харааны үзлэгийн цэг байгуулах зорилготой. Эмнэлэгтээ суугаад өвчтөнөө хүлээх бус, аль болох ойртож очих нь илүү ач холбогдолтой. Ялангуяа, Улаанбаатар хотын түгжрэл дунд ард иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах нь манай Орбисын үндсэн суурь зорилго юм” гэлээ.
Тус эмнэлэг 117 дугаар сургуулийн 600 гаруй сурагчийг нүдний үзлэгт хамруулахад 140 хүүхдэд хугарлын гажгийн өөрчлөлт илэрчээ. Тэдний таван хувь нь өмнө нь нүдний үзлэгт хамрагдаж байжээ. Мөн 2-3 хувь нь нүдний шил зүүж байсан зэргээс харвал нүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ тус бүсэд нэн шаардлагатай байгааг харуулж байгаа юм. 117 дугаар сургуулийн захирал Б.Батзориг “Манай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль 1570 гаруй сурагчтай. Нийслэлийн зүүн хойд бүсийн хамгийн захын сургууль юм. Хотын төвөөс 7.8 км буюу алслагдсан бүс. Харааны бэрхшээл гэдэг хүүхдийн сурлагад нөлөөлөх хүчин зүйлийн нэг юм. Сургуультайгаа ойр нарийн мэргэжлийн эмнэлэгтэй болж хүүхдүүдийнхээ харааны бэрхшээлийг оношлуулж цаашлаад эмчлүүлэхэд хамтран ажиллах боломжтой болсонд таатай байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 103 (7600)