У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгайлж хүмүүс буцааж өгөх ёстой

Уржигдар 09 цаг 51 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.САЙХАН

Шөнө дунд болтол үргэлжилсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Нөхцөл байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Төрийн тэргүүн төрийн эрх барих дээд байгууллагын хуралд оролцож, өөрийн биеэр хариулт өгөх ёстой гэж үзэж орж ирлээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг таван жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. Би нэг удаа парламентад дээр орж ирж парламентын тухай, Засгийн газрын тухай буруу зөрүү зүйл ярьж байгаагүй. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг маш сайн мэднэ. Дөрвөн жил маш хүнд нөхцөлд ажилласан. Зовлон, жаргалыг нь ойлгодог хүний хувьд, Ерөнхий сайдыг олон жил хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад би их хүндэтгэлтэй ханддаг. Бас хайрлаж, хамгаалдаг. Өнөөдөр ч хайртай. Тиймээс би хувь хүмүүсийн асуудлаар янз бүрийн юм ярихыг хүсэхгүй байна. Зарчмын хэд хэдэн зүйлд хариулт өгье гэж бодож байна.

Нэгдүгээрт, хүн засаглахгүй хууль засаглана. Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө би “хүн засаглахгүй хууль засаглана” гэж хэлсэн. Үүндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж хэлээд яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Би улс төр рүү ороод 30 гаруй жил болж байна. Ардчилсан нийгэмд өсөж, төрсөн хүн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө өөрийнхөө улс төрийн бүх он жилийг зориулсан. Би Ерөнхий сайд байхдаа Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэсэн байр суурийг байнга илэрхийлж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 126 гишүүнтэй болохыг Ерөнхийлөгч дэмжсэн. Өөрийнхөө бүх эрх мэдлээс татгалзсан. Өнөөдөр Ерөнхийлөгчид айхтар эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл Засгийн газар руу шилжсэн. Би үүнийг өөрөө Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хийсэн. Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болсон. Надад ямар ч  эрх мэдэл байхгүй. Би өөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Гэмт хэрэгтэй Засгийн газар тэмцэх юм байна. Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагыг томилж олон улстөрчийг хонгилоор чирж явсныг таслан зогсоох ёстой. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай эн тэнцүү байдаг. Ерөнхийлөгч дээд танхимын үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс АТГ-ыг Ерөнхийлөгчийн мэдэлд байлгах нь шударга ёсонд нийцэхгүй юм байна гэж үзэж гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн.

Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрөө байгуулаад шүүгчийг өөрөө томилдог байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийг парламент байгуулна. Шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдөө шүүгч нараа томилно. Ийм л Ерөнхийлөгч байгаа. Өнөөдөр Төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг, засаг төрөө дарамтлаад байх боломжгүй. Надад ганцхан байгаа зүйл нь ард түмний өгсөн итгэл найдвар.

Би өнгөрсөн жил “намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэж хэлсэн. Саяхан өөрийнхөө цахим хуудсанд мөн албажуулж тавьсан. Манай ард түмний сонгосон сонголт бол парламентын засаглал. Энэ бол бидний үнэт зүйл. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Ерөнхийлөгч парламентдаа туйлын хүндэтгэлтэй ханддаг бөгөөд парламентын засаглалыг байнга дэмжинэ. Би өөрийгөө дахиж зургаан жилээр сунгахгүй, дахин хэлье. Тийм давхар стандарт байж болохгүй. Намайг одоо хэн дахин сонгоод байгаа юм бэ.

Яагаад өнөөдрийн болж байгаа нөхцөл байдлыг Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр зүйл яриад ард түмний толгой эргүүлээд, төрийн эрх барих дээд байгууллага, гишүүдийн тархи толгойг эргүүлээд асуудлыг өөр тийш нь хандуулаад, хариуцлагаас зугтах гээд байгаа юм бэ. Би зарчим ярьж байна шүү. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь эхлээд “зарчимтай байгаарай, хулгай дээрмээс хол байгаарай. Хуурч битгий мэхлээрэй” гэж ах хүний хувьд ч, даргын хувьд ч захиж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй байх гэж одоо хүртэл найдаж байна. Тийм хүн чанаргүй зан авир, эр хүний жудаггүй ааш гаргахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламент ёсоо улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана.

Хоёрдугаарт, Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм. Энэ өнөөдөр санаачлагдсан зүйл биш. Би МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Үндсэн хуульд Үндэсний баялгийн сан байгуулна гэсэн заалт оруулсан. Нөхөдтэйгөө хамт. Би энэ заалтдаа үнэнч байгаа. Монголын газрын баялаг ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний хүүхэд байхаас төлөвшиж тогтсон миний үндсэн философи. Ард түмэн баялагтаа эзэн байх ёстой. 2018 онд намайг Ерөнхий сайд байхад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед би Л.Оюун-Эрдэнэд томилолт бичиж өгөөд Норвегийн Баялгийн санг судлаад ир гэж явуулж байсан. Судалж ирээд “Баялгийн сан чухал зүйл байдаг юм байна” гэсэн. Ингэж Баялгийн сан бий болсон юм шүү. Ард түмний баялгийг хууль бусаар хулгай хийж авсан хүмүүс баялгийг буцааж өгөх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйл дээр санаа зовж явдаг. Нэгд, Монгол Улсын тусгаар тогтнол, хоёрт, улсын аюулгүй байдал, гуравт, ард түмний эв нэгдэл. Сүүлийн 20 хоног харлаа. Гудамж талбайд юу болж байгааг та бүхэн бүгд анзаарч байгаа байх. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад “Та нар ард түмнээ сонсооч ээ” гэж байгаа. Олон зуун залуу талбай дээр гарч ирээд 20 хоног жагслаа ш дээ. Тавьж байгаа шаардлага нь маш тодорхой. Монгол Улс ардчилсан засаглалтай. Парламентыг ард түмэн сонгодог. Ард түмний чинь төлөөлөл залуу үеийнхэн гарч ирээд шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад яагаад үүний хараагүй, сонсоогүй юм шиг залуусын тавьж байгаа шаардлагаас өөр зүйл энд яриад байна аа. Асуудлаа тодорхой яриач.

Олон түмэн чинь 20 хоног хүлээлээ. 20 хоног талбай дээр юу болж байгааг бид бүгд харлаа. Хаана ямар жагсаал цуглаан болж байгааг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс ард түмнийхээ тавьж байгаа шаардлагад манай парламент зохих хариуг нь өгөх ёстой гэж бодож байна. Та бүхэн бол ард түмнээс сонгогдсон, төрд тангараг өргөсөн хүмүүс. Би амьдралдаа дөрвөн албан тушаалыг өгч байсан хүн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайдын ажлыг өөрийн сайн дураараа өгч байсан. Энэ бүхний цаана ард түмний эв нэгдэл, эрх ашгийг удирдагч хүн тэргүүн зэрэгт тавих ёстой. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх ёстой. Дээр нь ард түмнээсээ уучлал гуйдаг байх ёстой. Хариуцлага алдсан бол өөрөө хариуцлага үүрдэг чадвартай байх хэрэгтэй. Үүнийг удирдагч гэж хэлдэг. Үнэнээ хэлдэг байх ёстой. Худлаа ярьж, хуурч мэхэлж болохгүй. Ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүн дээр манай бүх албан тушаалтнууд анхаарах ёстой. Төрийн тэргүүний хувьд та бүхэнд зөвлөж байна. Би улс төрд 35 жил явж байна. Амьдралдаа зөндөө л алдаж, онож үзлээ. Сайн, муу зүйлийг нууруун дээрээ үүрч гарлаа.  У.Хүрэлсүх худалч, хулгайч байсан бол энэ том намын хамт олон намайг олон жил даргаараа тавьж, итгэхгүй, ард түмэн намайг сонгохгүй байсан байх. Би өөрийнхөө албан тушаалыг хэзээ ч худалдаж байгаагүй. Би улс орноосоо хэзээ ч хулгай хийж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг 50 сая воноор зарж байгаагүй. 5 нам дамжиж амьдраагүй, эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай.

Эцэст нь Төрийн тэргүүн ард түмнээс сонгогдсон. Ард түмнийхээ талд бат хатуу зогсоно. Би ард түмний тавьж байгаа шаардлага, олон зуун залуучууд шударга ёсыг хүсэмжилж байгаа хүслийг хангахын төлөө явна. Би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй. Төрийн тэргүүний үгийг сайн тунгааж, зөвөөр ойлгож асуудлаа шийдэх байх гэж найдаж байна. Хамтарсан Засгийн газар огцорч байгаад харамсаж байна. Гэхдээ энэ Засгийн газрыг би тултал нь дэмжсэн шүү. Өөрт байгаа бүх боломжоороо дэмжсэн. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Яагаад тарах болсон, хэн энийг тараах санаачилга гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь зөв. 

Бие биеэ доромжилж гутааж, бусдын нэр хүндэд халдахаа боль. Арай дэндэж байгаа юм биш үү. Нэг үг дуугарсан хүнийг ямар муухай харлуулж, доромжилж, гутааж байна аа. Эрэгтэй, эмэгтэй гэж тоохгүйгээр. Ийм зүйл хийж байж ардчиллыг хамгаалж байна гэж ярьж болж байгаа юм уу. Би үүнд их гайхаж байна. Ард түмнээ битгий талцуулж шар махтай нь хатаагаад бай. Асуудлаа шийд. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлаа шийдэж чадахгүй бол ард түмэн арай өөрөөр ярьж магадгүй байна шүү. Энэ олон залуучууд. Залуучууд эмх цэгцтэй, үймээн самуунгүй үзэл бодлоо илэрхийлж байгаад маш их баярлаж байгаа. Манай залуучууд их өөр болсон юм байна. Ухаалаг болсон юм байна. Тэдний ярьж, хэлж байгааг бид бүгд сонсож байгаа. Ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль. Амин хувь, ах дүү нарынхаа ашиг сонирхол, албан тушаалтны жижиг сэнтийд битгий шигд. Ингэж чадвал ард түмэн чинь чамайг хайрлана. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээ. Асуудлаа шийд. Битгий ард түмнийг талцуул, битгий бухимдуул, хуваа. Нөхцөл байдлыг харж байгаад шаардлагатай гэвэл Төрийн тэргүүн орж ирж дараа дараагийнхаа үгийг хэлнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Би хийсэн, Би санаачилсан, Би Би... Би-гээр өвчилсөн хүн байна дааа, МУ-ын төрийн тэргүүн.
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

9 цаг 35 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

20 цаг 57 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

20 цаг 57 мин
Хотыг задлах “20 минут” реформын хөрсөн дээр буусан шийдэл “UC” эмнэлэг

Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.

Уржигдар 15 цаг 24 мин
Энэ зун цаг агаар ямар байх вэ?

Энэ зун цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 11 цаг 19 мин
Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

Уржигдар 10 цаг 04 мин
Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

Уржигдар 09 цаг 54 мин
У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгайлж хүмүүс буцааж өгөх ёстой

У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгай хийж авсан хүмүүс буцааж өгөх ёстой

Уржигдар 09 цаг 51 мин
УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

Уржигдар 09 цаг 41 мин