
Хайдавын Чилаажав
Өнгөрсөнд хүмүүс илүү дуртай атлаа,маргааш хийгээд ирээдүйгээс ихэнхдээ айн бэргэж байдаг ч юм шиг. Тиймээс л, ихэнх хүн нас бараад л, гайхамшигт “амьтан” байсан болж таардаг. Энэ бол зөвхөн Монголын төдийгүй ертөнцийн, хүн төрөлхтний нийтлэг араншин байх. Гэхдээ өнгөрсөн ирээдүй хоёрыг хамт эзэмдэн амьдрах их хувь заяа өнөө муусайн зохиолч уран бүтээлчдэд л бусдаас илүү оногддог нь гайхалтай. Энд би нэгэн шинэ номын зохиогчийн тухай ярих гээд олон зүйл нуршиж орхилоо.
Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм. Ойрд төрөөгүй сайхан мэдрэмжийг олж аваад, зүрх сэтгэл минь баярлан догдлоод, хэсэг суусны эцэст түүний бичсэн өмнөх номуудыг дахин уншмаар санагдав. Өнөөдөр тэр та бидний дунд гал цогтойгоор амьдарч, туурвиж байгаа ч бид түүнийгээ тэр болгон анзаарахгүй, анзаарсан ч үл анзаарсан дүр исгэсээр өдий хүрч байнам. Хүлээн зөвшөөрчихвөл өөрсдөө бүдгэрчих юм шиг айдас уу, эсвэл хүн хүнээс өвөрмөц сэтгэлгээтэй нэгнээ үнэхээр л хүлээн авч чаддаггүйгээсээ ч тэр үү. Ямартаа ч энэ удаа дуугүй өнгөрч боломгүй санагдаад номын сангаа уудалж, Буянзаяагийнхаа номуудыг дахин дахин уншиж суунам.
1990-ээд оны нийгмийн шилжилт өөрчлөлт оюун санааны хүчит урсгалаа дагаж үүссэн билээ. Тэр их урсгал дунд арван наймхан настай Ц.Буянзаяа гэдэг хүү ер бусын өвөрмөц өнгө аяс бүхий шүлэгтэй дэвтрээ сугавчлан, Булган нутгаас Багшийн дээд сургуульд элсэж орж ирсэн юм.
... Орчлонд би үхэх гэж ирээгүй
Оногдсон хувь заяандаа гундах гэж ирээгүй
... Чухамдаа би амьдрах гэж ирээгүй
Чулуунд мөнхрөн алдарших гэж ирээгүй
... Дайсан нөхөр хоёроо ялгах гэж ирсэн юм
Дахиад ирэхгүй гэдэгтээ эрдэж ирсэн юм.
Хамгаас дотно бүхнээсээ хагацан салах гэж ирсэн юм
Өгөр жигшилд дарагдсан хүний энэхэн хорвоог
Үнэндээ би өрөвдөх л гэж ирсэн юм.
/ЗАЛУУГИЙН БАДГУУД 79-р хуудас, 1991 он/
19 насандаа л ингэж бичээд, хаалга тогшилгүй, хэн нэгэнд тал засалгүй ороод ирсэн найрагч бол Цэнд-Аюушийн Буянзаяа билээ. Зоримог эрэмгий, өөрийн гэсэн тод араншинтай тэр нөхөр, өөртэйгээ адилхан зоримог ухаалаг, эрэмгий үзэл санаатай шүлгүүдтэйгээ анх орж ирээд л утга зохиолын хүрээнийхэнд зөвшөөрөгдөж байлаа. Ямартаа л ерээд оны “Лерментов” хэмээх нэрийг нөхөд нь түүнд оноож байхав дээ.
Нөгөө л 19 настай шүлэгч хүү:
.....Нэг л мэдэхэд чинь би холоо явчихсан байна.
Нэвтэрүү гунигтай царай минь харагдахаа больчихсон байна.
Жаахан хүүхэд гадаа тоглохыг уяран харах
Жаргалтай мөчүүдээ орхиод холоо явчихсан байна.
... Намрын бороотой цуг энэхэн биеээрээ шиврэн
Намуухан цэцгийн дэлбээнд мөн ч их шингэлээ дээ
Нам гүмхэн анирт хэтэрхий дурласнаасаа болоод
Наснаасаа эрт өтлөн ариун сайхнаа орхилоо доо.
ЗАЛУУГИЙН БАДГУУД 1991.03.25
Тийм ээ тэр өтлөөд байгаа нь... Гэнэхэн хүмүүсийг өрөвдөж явсандаа л жаргалтай... гэж бичээд байгаа нь арван естэй Ц.Буянзаяа. Арван естэй биш ахимаг настай хүний шүлэг шиг “догь” байгаа биз.
Одоогоос бараг 35 жилийн тэртээ бичиж байсан шүлгүүдийг нь эргэж уншаад үнэхээр л гайхаш төрлөө. Би ч найзыгаа сайн анзаарч мэдэрч яваагүй л юм байна гэж бодлоо.
Тэр их залуугаасаа л нэг зүйлийг байнга ярьдаг байсан юм. Тэр нь ҮЗЭЛ САНААНЫ ЯРУУ НАЙРАГ. Ер нь зохиолч хүн өөрийн гэсэн үзэл санаагаа хүн төрөлхтөнд тунхаглан үлдээх үүрэгтэй гэж ярина. Үзэл суртлын аймшигт хүлээснээс арай гэж ангижирч ядан байгаа бидэнд энэ яриа нь ,энэ том дүгнэлт нь төдийлөн бууж өгдөггүй байлаа.. Тиймээс ч хүлээн зөвшөөрч чаддаггүй, хүсдэггүй, бас хүлээн авч чаддаггүй л байсан байх.
Ахиад зуун жил өнгөрхөд ч энэ л чигээрээ байна
Ард түмэн минь гэнэн балчир хэвээрээ л хоцорно.
Хуучирсан сүмийн тууринд хаадын өв булагдахтай адилхан
Хувь заяа, ариун ёс өнөө л янзаараа хүмүүсийн уланд гишгэгдэнэ
Миний үеийнхэн атаа ховчид дүрээ хувилган хэн нэгний зүрхийг базалж
Мянган жилийн турш өмнө нь сөгдсөн алтны үнэ улам нэмэгдэнэ
Харцын долигнуур ааш дээдсийн хуурмаг зан өөрчлөгдөлгүй
Харин ариун сэтгэлтэн тэдний дунд цагийн цагт адлагдана...
Өнөөх л хорин настай Буянзаяагийн шүлгүүд яг л өнөөгийн нийгэм, цаг үеийг үзмэрч шиг хэлээд л орхижээ. Энд л нөгөө үзэл санааны яруу найраг оршоод байж. Ертөнцийг таньж ухаарахад нас туршлага нэг их чухал биш юмдаа гэсэн бодол улам улам лавширнам.Ер нь Монголын яруу найрагт урьд өмнө нь огт байгаагүй, эрэмгий омголон , цоглог дайчин,их цэгцтэй хүчтэй яруу найрагч төрсөнийг хүмүүс зөвшөөрсөн атлаа л зөвшөөрч чадахгүй л байлаа.
Эр зориг хүн чанарын цуст дайныг би хүснэ
Эх нутаг уул ус чам юугаан
Хуурамчаар өмгөөлөн алдар горилогчдоос салган
Худал үнэнг дэнслээч цуст дайныг би хүснэм/ 1992/
Хорин настай залуугийн шүлгүүд ийм л том үзэл санаатай, үнэ цэнтэй байжээ гэдгийг өнөө надад сануулсаар...Уул нь би “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” ном руугаа очих гээд л яарч явна. Гэхдээ өнөөдрийг нь мэдрэхийн тулд өнгөрснийг нь заавал тэмтрэх хэрэгтэй гэж бодоод л өмнөх номуудыг нь эргүүлж сууна. Хориод настай Ц.Буянзаяа зохиолчийн сэтгэл зүрхэнд хорвоогийн явдлууд ингэсхийж буужээ. Харин одоо түүний гуч дөчин насны шүлгүүд дээр түр саатан тогтоё. 2004 онд хэвлэгдсэн “ЦАГ ХУГАЦААНЫ ДАЛАВЧ” ном бол тухайн үедээ бас л шуугиан тарьж байсан ном билээ.
... Гучин жил энэ орчлон надаар тэтгүүлсэн
Гучин жил энэ орчлон цангасан адуу шиг надаас ундаалсан
Хамгийн аугаа мөрөөдлийг энэ орчлон дээр би мөрөөдсөн
Хамгийн адгийн муу бодлыг энэ орчлон дээр би бодсон
Энэ орчлонгийн гэрэл бүхэн минийх
Энэ орчлонгийн сүүдэр бүхэн минийх
... Миний төгсгөл орчлонгийн төгсгөл болно
Миний тухай яриа орчлонгийн тухай үлгэр болно.
/ЦАГ ХУГАЦААНЫ ДАЛАВЧ 2002. Орчлон бид хоёр/
Түүний гучин насны шүлгүүд ингэж л эхэлж байна. Өнөөх л омог бардам араншин, өөрийнхөөрөө дураар сэтгэх эрх чөлөө, үзэл санаа нь эндээс нэвтхэн үнэртэж байна. Хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, түүнийгээ шүлэг болгоод түмэн олонд шидчихдэг, хэн нэгэнд таалагдая гэснээсээ өөрийнхөөрөө байхыг илүүд үзсэн энэ залуугийн төрөлх араншин, өөрт нь саад ч болсон, бас сайн ч зүйл болсон доо.
Ай даа залуу нас минь
Аз жаргал минь гуниг минь
Алсад одогч гэрэлт шувууд минь
Ахдаа битгий гомдоорой ... гэсэн нэг шүлэг түүнд бий. Гэхдээ энэ шүлгийг гуч хүрээгүй дөнгөж л хорин хэдхэн настайдаа тэр бичсэн юм. Юу юугүй залуу наснаасаа уучлал эрэн, ахархахааргүй тийм залуухан насандаа ингэж бичнэ гэдэг бол бас л нэг этгээд сэтгэлгээ.Тэр ер нь их залуугаасаа орчлон ертөнцтэй ноцолджээ.
Амны банди атлаа аварга арсланг барчихмаар л санагдах тийм л итгэлээр тэр амьдрал хийгээд ертөнцтэй оюун сэтгэлгээний барилдаан хийж, одоо ч өвдөг шороодоогүй л босоогоороо явах шигээ...
“Өвөл цагийн дуу” гэсэн нэгэн шүлэгтээ тэр:
Гуниг зовлонг минь хүнээс илүүтэй
Гудамж талбай байшин барилга ойлгодог
Ухаантай тэднийг харах бүрийдээ
Уярч догдлон тэргүүнээ бөхийлгөн мэхийдэг би
... Үл үзэгдэх чөтгөр шулам шигээр
Үдэшжин би гадуур тэнэдэг
Бүх хүмүүсийг гудамжинд зогсоож байгаад
Бүдүүн ташуураар ороолгохсон гэж хааяа боддог.
/ ЦАГ ХУГАЦААНЫ ДАЛАВЧ , Өвөл цагийн дуу 2004/
Ц.Буянзаяагийн яруу найргийн өнгө аяс, чиг шугам нь хувирч өөрчлөгдөөгүй ч цагийн аясаар агуулга нь илүү батжиж,омголон халуун зангийн илрэл нь бүдгэрч, илүү дотогшоо бясалгаж бодлогоширсон, догдлол хөөрөл нь багасаж, зүрх сэтгэлээрээ мэдэрч шаналсан өнгө аяс түүний 2008 онд хэвлүүлсэн “СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ” номын шүлгүүдээс нь эхлэн мэдрэгдэж байна.
Цэнд-Аюушийн Буянзаяагийн цээжин дотор нэг л их эрч энерги нар зөв, нар буруу эргэлдэн байх шиг санагддагсан.. Тэр их эрчмийг тогтоон барих, тоймлон буулгах, дотроо агуулан явах ч хэцүү санагдана. Хэн нэгнийг даган дуурайх, тахин шүтэхийн тэнэглэлээс тэр угаасаа ангид төрсөн нэгэн билээ.
Өрнөөс ч, дорноос ч огт ондоо бараг л анхдагчийн нутгийнхнаас л тодорч болох эр зоригтой, хийморь золбоотой, дотоод эрчтэй тийм л содон өнгө аяс түүнтэй хамт төрж, түүнтэй хамт өсөж, түүнтэй хамт асаж бадамласаар л байгаа юм. Сураг чимээ үүсгэх, дам домог зохиох, хэн нэгнээр магтуулах, хэсэг бүлгээр дэмжүүлэх, энэ бүх арга чаргаас ч ангид явж чадсан нь бас л түүний нэг онцлог давуу тал бөлгөө. Одоо түүнийг муулаад ч яалтай, магтаад, шагнаад ч яалтай. Үлдээхгүй гэсэн ч үлдэх мөрөө тэр тодоос тод бичиглэж орхижээ./солих/
Өдөр өнгөрөх тусам сэтгэл минь ариуснам
Өр зүрхнээсээ бусдын гэмийг өршөөнөм
Дээвэрт хорвоогийн хана туургыг таньснаас хойш
Дэмий л олны адил шунан тэчьяадахаас залхнам
Идэр насныхаа алдаа, гунигийг хором болгонд уучилнам
Энэ орчлонг хүүхдийн тоглоомын талбай мэт л сананам...
/СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ 15-р тал. 2006 он/
Өнгөрч одсон он жилүүдэд тэр эрэл хайгуулаа цуцалтгүй хийж, өрөөлтэй гэхээсээ өөртэйгээ зөрчилдөн тэмцэж, ялж, өөрийгээ мэдэрч, суралцсаар л иржээ. Утга зохиолын боловсрол мэдлэгийг унаган авьяас дээр нэмэн байж зорьсондоо хүрнэ гэдгээ тэр сайн мэдэж байлаа.
Өндөр хөгжилтэй улс орнуудад тодорхой хугацаанд амьдарч, ертөнцийн чиг хандлага, урлаг утга зохиолын хөгжлийн чиг зүгийг тэр өөрийнхөөрөө анзаарч, амьдран буй нийгэм цаг үеийнхээ мөн чанарыг таньж, сурсан мэдэрсэн, олсон бүхнээ өөртөө нутагшуулахыг хичээж байлаа. Чөлөөт Монгол нэртэй хэвлэлийн газар, компани, Улаанбаатарын зохиолчдын клуб, Уран зохиолын боловсрол төв гээд олон байгууллага байгуулж, Төрийн болон Төрийн бус байгууллагуудад ажиллаж, чөлөөт хэвлэл эрхлэн цаг завгүй зүтгэж байлаа. УИХ-ын сонгуулиудад ч нэр дэвшин өрсөлдөж, нийгэм, цаг үе, үзэл санаагаа илүү бататгах олон үйл хэрэгт оролцож ирсэн юм.
Тэр унаган хар ухаантай, юмыг мэдрэх онцгой чадвартай, урлаг утга зохиолын гойд мэдрэмжтэй нэгэн билээ. Тиймдээ ч энэ бүхий л чадвараа ахиулах хөгжүүлэх, зохиолчийн үзэл санааны орон зайгаа таньж томьёолоход нь нийгмийн олон талт ажил үйлс нь ихээхэн тус нэмэр болсоор ирсэн байх хэмээн бодном. Гэхдээ энэ бүх үйл хэрэг нь түүний утга зохиолын эрэл хайгуулын нэг хэсэг нь болоод л үлдсэн гэж хэлж болно.
Ертөнцийн аяг аашийг зөвхөн ном сэтгүүлээс уншаад л бүрэн ойлгож мэдэрдэг бол энэ орчлонд ядуу дорой, тэнэг тэвчээргүй хүн нэг ч үгүй болох сон. Даанч тийм бус юм. Ц.Буянзаяа найрагч ч эрэл хайгуулаа энд тэнд орхисонгүй. Жилээс жилд олз нь өсөж, онол нь баяжиж, уран бүтээл нь чамбайрч байлаа. Харин үүнийг нь уншигч бид л үл анзаарах байдлаар өдий хүргэжээ.
Амьдрал бол хунгийн гэрэлт жигүүр нууранд шүргэн өнгөрөх төдий л агшин юм...
Амьдрал бол чиний нэрийн эхний үсгийг бичингүүтээ баллуурдах төдий л мөч юм...
ТЭР ИНГЭЖ МЭДРЭЭД, ИЛҮҮ ДУТУУ ОЛОН ҮГСЭЭ ЦӨӨЛӨХИЙГ ХИЧЭЭЖ БАЙСАН НЬ “СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ” НОМЫН ШҮЛГҮҮДЭЭС НЬ АНЗААРАГДАЖ БАЙНА.
Өвөл хавар зун намар хэдэнтээ хувьслаа ч
Өнөө муу Буянзаяа хүүхэд адил шувуу зуран суусаар олон оныг үднэм
Ертөнцийн ааш ,хүмүүний явдал хоёр хязгааргүйн учир
Ер юм бүхнийг хуучин танилтайгаа адил санан өнгөрөх нь амар юм даа
Орчлонгийн өнгөнд дэмий сатаарсанаас шувуу зурах нь дээр бус уу
Огт ондоо ертөнцийн явдлыг цаасан дээр буулгах нь тустай буюу
/СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ, Шувуу зурах 2007.04.30/
Ямагт өөртэйгөө ярьж, бас тэмцэж, тэмүүлж зорьж, хийж бүтээсэндээ үл ханан цааш тэмүүлэх зан шүлгээс шүлэгт, номоос номд нь нэвт шингэсэн харагдана. Бараг л татаж байсан тамхиа ч яаран сорж, бодож байсан сэтгэлээ ч чичрүүлэн догдлуулж, ямархан нэгэнд яаран, тэмүүлээд л явсан мэт шүлгүүд залуу насанд нь үлдэж. Харин тэр сүүлдээ нөгөөх л яаруу сэтгэлээ, ядаргаатай шаргуу хүслээ хазаарлан тогтоож, тамхиа удаан сорж, тархиа удаан нэрж, бүхнийг бодон бодон эргэцүүлж, өөрийгөө ялан дийлэхийг, бүхнийг өршөөн уучлахыг илүү хичээх мэт шүлгүүд бичээд эхэлжээ.
Будант уулсын тухай төсөөлөн бодтол
Будан дунд ороод явчихлаа
Зөөлөн сэвшээ нь хацар илбээд
Зүрхний угт хөнгөн салхи өндийн бослоо
Аниргүйн дунд ганцаар суухуйд
Аглаг галуудын дуун сонстлоо
Өвлөөр сонсдох юун ганганаа вэ хэмээтэл
Өрөөний минь хананд намрын шувуудын зураг байлаа...
/СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ, 2007.11.12.
Тэр гуч гараад л гадагшаа биш дотогшоо хийх дайнаа эхэлжээ. Өөрийгөө өөрчлөх, бодлоо тогтоох, сэтгэлээ шинжлэх. Энэ бүхэн бол цогц өөрчлөлтийн эхлэл болж. Эндээс л тэр “Сайхны тухай” санаануудаа цуглуулж эхэлсэн бололтой. СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ номын “Үгсийн ертөнц дэх амьтадын дүрс” хэмээх богино мөртүүд бол зохиогчийн ирээдүйн их аяны эхний жим ч байж мэдэхээр байна. Чухам энд л “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” номын ХОТЫН ШАТУУДЫН эх үндэс соёлж байжээ гэж харагднам.
Эндээс л Ц.Буянзаяагийн шүлгүүд олон голуудыг өөртөө залгисан их мөрөн лугаа урсгал нь зөөлөрч,илүү ихээ мэдэрсэн мэт, их нуур их далайг зорин замдаа таарсан бүхнийг тэтгэхээр уужран урсах мэт болжээ. Нэг хоёр шүлэгт бус нэг хэсэг бүлэг шүлгээр орчлон ертөнцөд хүргэх санаагаа цогцоор нь томьёолж, тэр бүхнээ илүү мэдрэн илүү нандин шинэлгээр урлах их аяндаа гарчээ. Бүтээхийн сайхан, түүнд тэмүүлэхийн аз жаргалыг тэр мэдэрчээ.
Тэгээд л илүү ганцаардмал, илүү тайван, илүү эрх чөлөөтэй, илүү олз омогтой байхын сайхныг амталсан зүрх сэтгэлээр тэр “Сэтгэл зүйн тууриуд”-аа бүтээж, “Сайхны тухай санаан”-уудаа цэгцэлжээ. Үнэхээр гайхалтай. Амьдрал дээр авьяастай хүмүүс олон байдаг ч, жинхэнэ зохиолч болох хувь заяаг цөөхөн хүмүүст л бурхан оноодог юм. Монголд өөрийгөө зохиолч хэмээн итгэж, бичиж, тэмүүлж яваа олон зуун хүн байгаа. Гэхдээ л Ц.Буянзаяа шиг хувь заяагаа өөрийн мэдэлгүй их утга зохиолд зориулж яваа нь хэд юм болдоо гэсэн бодол төрнөм.
ТӨВХӨН
Уулын тагтанд өнчин сүм
Уран Занабазарын орхисон мөрөөдөл
Холыг бодсон түүнийг таниагүй хүмүүсийн
Хоёр дахиан төрөх гэсэн саваагүй хүсэл...
... Уулын тагтанд өнчин сүм
Уран Занабазарын гэгэлгэн бадаг
Амьдралаас урлаг үнэтэйг гэрчлэх
Аянчин мөргөлчний урт цуваа.
/СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ, 2006.07.08/
“СЭТГЭЛ ШИНЖЛЭЛ” номын шүлгүүд бол түүний их шилжилт, их шинэчлэлийнх нь нэгэн шат даваа нь байжээ. Түүнээс өмнөхөн хэвлүүлсэн бас нэг ном бий. “ХҮЛЭГ МОРИН НОРСОН ДЭЛЭЭ СЭГСРЭХ АДИЛ” хэмээх тэр жижгэвтэр номынхоо оршилд Ц.Буянзаяа найрагч яруу найргийн тухай бодлоо бичсэн байдаг.
...”Яруу найраг бол ер бусын гайхамшигт урлаг юм. Хүний сэтгэл, мэдрэмж сэтгэлгээ гурвыг цогцоор нь агуулсан шидэт урлаг юм.Хүмүүс яруу найргийг үгийн урлаг гэж ойлгодог. Энэ бол эндүүрэл. Үг бол яруу найргийн хэрэглэгдэхүүн л юм...
Жинхэнэ яруу найраг бол яруу сайхны үнэнийг юун түрүүнд шаарддаг. Тэр үнэн нь гуниг гутрал байна уу, ганцаардал байна уу, байгалиас үүдсэн сэрэл байна уу, сэтгэлийн эмзэглэл, хийрхэл байна уу ер ялгалгүй, яруу сайхныг л шаарддаг. Яруу найргийн яруу сайхны үнэн нь хөгжмийн аялгуу шиг хүний чихэнд шууд сонсогдохгүй, уран зураг шиг нүдэнд ил харагдахгүй ч хувь хүний далд ухамсарт л өртөгдөн мэдрэгддэг учраас хүн болгон яруу найрагч байх боломжгүй, ном уншдаг болгон яруу найргийг мэдрэх бололцоогүй юм. Би бол яруу найргийн ид шид бичиг үсэгт бус, далд ухамсарт л байдаг гэдэгт итгэж явдаг хүн.
Мэдээж яруу найрагчдад боловсрол, хөдөлмөр, хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй л дээ. Гэхдээ бурхнаас заяасан авьяасгүй бол яруу найрагч болох гэж хичнээн зүтгээд ч нэмэргүй.. Яруу найрагчийн хөдөлмөр маш хүнд хөдөлмөр гэж хэлдэг хүмүүстэй санал нийлдэг болоод байгаа юм би. ... яруу найраг “сайн дурынхан”-ы амьдрал хувь заяагаар тоглодог хэцүү урлаг гэдгийг шударгаар хэлэх нь зөв гэж бодож байна” хэмээн бичиж байжээ.
Тэр өөрийгөө цэгцлээд л, шахаад л, хайгаад л, явж. Тэр энэ үгийнхээ эхэнд “Энэ өнгөрсөн он жилүүдэд миний хамгийн их бодсон, ярьсан, хүсэж тэмүүлсэн зүйл бол яруу найраг л байсан байх” гэж хэлсэн байсан.Тэр цагаас хойш дахиад хорин жил өнгөрч. Тэр бодлоо бараг л дөчин жил нэрж байж өнөөгийн зиндаагаа эзэлжээ. Нээрээ л манай Ц.Буянзаяа заримдаа тэс хөндлөн юм яриад, тэрнийгээ хамгаалж зүтгээд л байдаг.
Түүнтэй маргаад дийлнэ гэж бараг байхгүй. Гэхдээ сүүлд нь ажиглахад хүмүүсийн өөртэй нь маргаж байсан зүйлсийг маш соргогоор анзаарч авч үлдсэн байдаг юм. Энэ бол түүний зохиолчийн эрэл хайгуул. Хүн судлалын арга барил нь гэлтэй. Одоо эргээд харахад Ц.Буянзаяа байгаа бүхнээ уран зохиолоос л харамлаагүй. Тэр бүхнээ бүрэн зориулсан. Сэтгэл зүрх, баяр гуниг, аз жаргал, дурлал дарс, тамхи тариа, цай кофе, найз нөхөрлөл, эд хөрөнгө, ажил алба, амьдрал ахуйгаа ер буй бүхнээ зөвхөн уран зохиолын төлөө л бүрэн зориулж чадсан маш цөөхөн хүмүүсийн нэг нь Ц.Буянзаяа.. Энийг нь ч бид анзаардаггүй л байж дээ. Одоо би түүний 2012 онд хэвлүүлсэн “ГҮН САНААНЫ ДҮРС” номын шүлгүүдийг харж сууна. Энэ ном бол зохиолчийн Сайхны тухай санаануудын үндэслэж соёолсон нахиа нь юм байна.
Энэ их сэтгэлийн уудам чөлөөнд
Шувуу нисвэл жигүүр нь цуцна
Саран мандвал гэгээ нь барагдана
Мөрөн урсвал урсгал нь тасарна
Тиймийн учир би ганцаарджээ...
Энэ их олон хүмүүсийн араншин дунд
Газрын үндэс атга арвайн адил санагдан цөөдөж тоологдоно
Тэнгэрийн одод баглаа цэцгийн дэлбээ мэт бодогдон дутаж нэрлэгдэнэ
Цасны будраа чимх давсны ширхэг төдий үзэгдэн сарниж харагдана
Тиймийн тулд би ганцаарджээ
Энэ их сэтгэл
Энэ их бодол
Энэ их араншин
Энэ их яриа чиний л тухай байсан
Тиймийн учир би ганцаарджээ
/ 2011.04.03/
Уран зохиол дан ганц унаган хар авъяас, сэтгэлийн хөөрөл хөдлөл биш, олон жилийн цогц эрэл хайгуул, уйгагүй хөдөлмөр, зорилго төлөвлөлтөд тулгуурласан боловсрол мэдлэгээр бүтдэг зүйл гэдгийг Ц.Буянзаяа зохиолч амьдрал тэмцэл бие сэтгэл, бүтээл туурвилаараа батлан харуулж байна. Дуртай болгон дуртайгаа бичиж, дураараа дургиж байдаг шоу цэнгээний талбар биш гэдгийг түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлээс бүтсэн яруу найргийн туурвилуудыг анзааран анхааран унших бүрийд яс янгинах мэт мэдрэмж төрүүлж байна. Ямар их бодрол, шаналал, бас тайтгарал уужрал энэхүү бүтээлүүдээс амтагдана вэ. Гагцхүү авьяас билигтэйн дээр, тийм үйлийг гүйцээх их хувь заяанд төрсөн гэдэг нь ч мэдрэгднэм. Ялангуяа “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД”, сүүлд хэвлэгдсэн “СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД” хоёр ном бол энэ зохиолчийн гучин жилийн эрэл хайгуулын нэгэн цэг юм.
Эндээс цаашаа дахиад л мацах нь дамжиггүй. Хэвлэл мэдээллээс уран зохиолын нэг ялгаа бол хоосон пиар, зохиомол нэр төрд дулдуйдаад, олны анхаарлыг татсанаар бус, амь амьдрал, шунал тачаал, хобби сонирхлоо умартан мартаж, чинхүү утга зохиолын төлөө бүхнээ золин зориулж чадсан хэн нэгний л хийж чадах ажил, хүрч чадах оргил ажгуу. Ц.Буянзаяагийн хийж ирсэн ажил алба, залуу насны хүсэл мөрөөдөл, оноо алдаа бүхэн нь зөвхөн л уран зохиолынх нь төлөө зориулагдаж, түүний л төлөөх шат дамжлага гишгүүр болон үлдэж. Тэр жинхэнэ зохиолчийн хувь заяаныхаа төлөө өөрийн мэдэлгүй бүхнээ зориулж, бүхнээ зольж яваагаа бодох ч эрхгүй л зүтгэж яваа санагдана. Энэ л түүний аз жаргал,амьдралын утга учир нь болжээ. Зөвхөн хичээл зүтгэл, хөдөлмөр хийгээд, олдмол өндөр боловсролоор мөнхийн бүтээл туурвиж болдоггүй нь гачлантай.
Зөвхөн авьяастай хүн л боловсрол туршлага, хөдөлмөр нэмж байж бас зохиолчийн хувь заяатай төрж гэмээнэ жинхэнэ зохиолч болдог аж. Тийм нэгэн сонгодог жишээг хоёр мянган, хоёр зууныг дамжсан он жилүүд та бидэнд төрүүлж өглөө. Тэр нь Цэнд-Аюушын Буянзаяа. Хүн болгоны хүсээд ч олдохгүй хувь тавилан түүнд заяаж дээ. Буян заяа нь тэр ажгуу..
...Өөгөө гээсэн сэтгэл, хатаагдсан бодол хоёр минь одоо надад
“Өгсөх , уруудах хоёр адилхан тэгш юм гэсэн
Өнгөгүй жаазгүй...бас аялгуугүй, дүрсгүй зургийг
Өрөөний минь хананд,бүгдийн нүдэнд
Илээс ил, тодоос тод, бүдгээс бүдгээр зурж өгчээ/ ГҮН САНААНЫ ДҮРС. 2011/
Тийм ээ, түүний хорин жилийн өмнө тунхаглаж байсан үзэл санаа нь өөрчлөгдсөнгүй. Тэр үг бус, утга, үзэл санаа, шинэ тогтвортой арга барилыг тунхаглах гэж л өдий хүртэл чөмгөө дундлан зүтгэжээ.
Эс бүхнээ шатааж, элэг сэтгэлээ өмлөн, эд баялаг алба ажил бүхнээ золин байж өөрийн зорьсон үйлээ хийж явна. Гунигаа бясалгаж, зовлонгоо жаргал болгож, уран зохиолын төлөө гэрэлтэн шатах лаа болон хувирчээ. Гэрэлд нь тойрон эргэлдэх эрвээхэй олон болж, тэр өөрийгөө сайханы төлөө санаа болгон хувиргаж чаджээ.Тийм ээ, түүний сэтгэлээс Алтан хэрээ нисэж, философийн чулуу үсэрч, Дөрвөн цагийн дүрс тодорч, Хотын тухай шадууд хөвөрч, Ахилын тулаан эхэлж, шантармаар,адармаатай ,төвөгтэй урт замыг тэр сонгоод... Төгсгөлдөө хүрч байж л бүх юм бүтэн шинжээ олдог гайхам үнэнийг томьёолжээ. Энэ номын шүлгүүд нэгэн цогц бүтээл юм. Эхнээсээ төгсөх хүртлээ гурван бүлэг том “төсөл” юм. Мөр бадаг болгон нь, магад үг бүхэн нь санамсаргүйгээс ангид бүтээгдсэн нэгэн цул туурвил юм гэж уншигдлаа.
Өрөөлд ялагдах бол угтаа юу ч биш, өөртөө л ялагдчихгүй юмсан гэсэн айдсаас эхлээд,
Өөрийнхөө хувь тавиланг өөрөө бүтээх тэр нэгэн гайхалтай шийтгэлийг
Өнөөдөр бид харин хэрхэн эдэлж яваа бол, эргэцүүлээд, үнэндээ хүмүүс эгэл үнэнээс дайжин амьдрахыг хичээдэг юм
Хүмүүсийн дайждаг тэр зам дээр би зогсож байгаа юм байна
Хүсэл тэмүүлэл минь энэ замд л буй учраас би цааш алхана гэж шийдээд,
“Сайханы тухай санаанууд”-аа урлаг болгон санааширч суусан байна.
Жангарын туульд гардаг
Сэрүүн бумбын орон ч юм шигээ энэ хот
Гэсэрийн туужид гардаг
Хорон санаатны үүр ч юм шигээ энэ хот
... Яаж амьдарна даа гэж өдөр бүхэн бодогдох
Асуулт ч юм шигээ энэ хот
“Яах вэ дээ амьдарч л таарна даа”гэж хариулах
Ганц хариулт шиг юмаа энэ хот гэх зэрэг хотын тухай шадууд нь ч их өвөрмөц шинэлэг цогц юм. Гайхамшгийг, гайхам үнэнийг, аймаар төсөөллийг, алдааны сайхныг, онохын ид хавыг гагцхүү хүмүүн өөрөө л бүтээдэг. Ертөнцийн зүй тогтол, оюун санааны их урсгалыг ч их авьяас билигт хүмүүс л тоймлож, чиглүүлж өгдөг юм. Харин тэднийгээ хүн төрөлхтөн өнгөрсөн хойно нь таньдаг, шагшин магтдаг нэгэн гажиг ч гэмээр зүй тогтол бүх л цаг үед оршсоор л. Энэ бичвэрийнхээ эхэнд энэ бүхнийг дурьдсан маань ч үүнтэй л холбоотой юм. Үнэндээ Ц.Буянзаяаг магтах гэсэндээ бус энэ хүний олон жилийн хөдөлмөр зүтгэл, авьяас чадлаар буй болсон бүтээл туурвилыг нь анзаараасай билээ гэж хүмүүст хэлэхийг л хүслээ.
Би Ц.Буянзаяагаа мэддэг хэмээн боддог байлаа. Гэтэл би маш бага анзаарч мэдэрдэг байжээ.Бид хоёр гучин таван жил үерхэж, уран бүтээл ярьж, хамт ажиллаж, баярлаж хөөрч, ойр ойрхон уулзаж олон өдөр сарыг уран зохиолд зориулж ирсэн атлаа ийм их ачааг сэтгэл бодолдоо тээж, явсан зам болгоноосоо ачаа нэмж, зүтгэж мацаж явааг нь ч сайн анзаарсангүй. Тэр үнэхээр тэвчээр хат заан, их уулын даваан дээр Сайхны тухай санаануудаа гав ганцаараа үүрэн гаргаад иржээ. Найз нь чамаар үнэндээ бахархаж байна аа. Одоо эндээс цаашаа чи хаа хүрэх замаа мэднэ дээ. Сайн яваад хүссэн газартаа саадгүй хүрээрэй анд минь.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)