“Ноорог”-т оногдсон хэвлэлийн эрх чөлөө ба “морг”-т морилсон хүний эрх

2025-03-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

 Б.Дамдин

 

Цагдаагийнхан  “Ноорог.мн”-ийг нэгжиж, техник хэрэгсэл, эд зүйлсийг нь хурааж аваад, ажилтнуудыг нь саатуулсан ажиллагааны дуулианаар энэ долоо хоног эхэлсэн. Хэрэг явдлын дараа хэвлэлийнхэн, олон нийт дургүйцээд эхлэхээр Цагдаагийнхан эв хавгүй, хүч түрэмгий мэдэгдлүүдээр бөмбөгдөв. Үүнд Хууль зүйн сайд ч оролцов. “...Би худлаа яриагүй, худлаа бол хариуцлага хүлээнэ” гэж байгаад “Ноорог.мн”-ийнхныг сэрдэж байгаа гэмт хэргүүдийг зарлав. Мөн “...Энэ ажиллагаа нь тус сайтын залуусыг хэвлэл, мэдээллийн үйл ажиллагаатай нь холбоогүй” гэж мэдэгдэв. Сайдын амнаас гараагүй ч нөгөөх цахим сүлжээгээр тарсан мэдээллээр энэ сайтын залуусыг өнөөх “М-Си-Эс”-тэй наагаад авлаа. Гэхдээ яг ямар сүлбээгээр “Ноорог.мн”, “М-Си-Эс” хоёр холбогдоод авсан нь нарийн тодорхой болоогүй байна. Нөгөөх “М-Си-Эс”  нь ч “...Тийм ээ”,  эсвэл “...Хамаагүй ээ” гээд тайлбар гаргачихгүй л байна. Уг нь, аль ч “үг”-ээр нь дуугарсан “Ноорог.мн”-д хамгаалалт болох байв.

Тэр хооронд “Ноорог.мн”-тэй холбоотой асуудлаар олон нийт байтугай, хэвлэлийнхэн ч талцаад амжлаа. Яг л Ухаахудаг дээр улсаараа хуваагдсан шиг болов. Хамгийн гол нь үүнээс болоод тэдний хэвлэн нийтлэх буюу контент бүтээх үйл ажиллагаа тасалдсан.

Яахав, Хууль зүйн сайд, цагдаагийн байгууллагынхны хэлээд байгаа асуудал нь тэгж байгаад нэг тийш болно. Урьдын  иймэрхүү явдлуудын жишгээр тэр чигтээ нам жим болж ч мэдэх юм. Хамгийн гол нь цагдаагийн энэ ажиллагаанд манай хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэгжүүлээд, саатуулагдаад, хураалгачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байж байгаа царай, унаж хүрсэн түвшин энэ. Өнөөдөр дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн салбарынхны эдэлдэг наад захын эрх, эрх чөлөө манайд алга. “Хэн нэгэн” гомдол гаргахад мөрдөх албаныхан өдөр, шөнө хамаагүй хаалга өшиглөөд л ороод ирнэ. Нэгжинэ, хураана, байцаана. Яг үнэндээ, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх маань шүүхийн шийдвэрийн хүрээнд л “тойм мэдээ” бичих хэмжээнд оччихсон. Шүүхээс урдахыг нь бичвэл шууд эрүүгийн хэрэгт унана. Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ердөө л энэ.

Яг одоо Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэ төслийн хэлэлцүүлэг явагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч идэвхтэй оролцож, хэлэлцүүлэг, уулзалтад нь очиж мөрөөдлөө яриад  байгаа харагдана. Харамсалтай нь энэ хуулийн ирээдүй бүрхэг. Бүтэхгүй. Өмнөх “амьдрал”-аа эргээд нэг бодох хэрэгтэй. “...Гоё хуультай болно” гэж сэтгүүлчид хэдэн “үе”-ээрээ улстөрчдөд итгэж гүйсэн билээ лээ. Худлаа л байдаг. Тэгээд ч өнөөдөр манайд часхийсэн дөрвөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний хууль бий. Гэхдээ нэг ч заалт нь хэрэгждэггүй, зөрчигддөг. Тийм учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан хуульгүй аж төрөөд байгаа юм. Дөрөвхөн заалттай хууль дахь эрхээ “тэг”-лүүлчихсэн байж 40 заалттай хуулиар эрхээ эдэлж чадах уу. Тэр худлаа. Товчхондоо, Монголд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй. Тиймээс, энэ удаад ч хулхидсаар байгаад л дуусна. Баталдаг юм гэхэд дөрвөн заалтаар ногтлуулж байснаа 40 заалтаар хазаарлуулна. Бүр чөдөрлүүлнэ. Тиймээс одоо байгаа хуулийнхаа дөрвөн заалтыг хэрэгжүүлж чадах аваас л Монголын хэвлэл мэдээллийн салбар одоо байгаа ёроолоосоо өндийнө шүү. Тэгэхгүй бол улс төр хэвлэл мэдээллийн салбараар “оролдсоор, тоглосоор” л байх болно. Улстөрчид батлан гаргаж буй хууль бүрээрээ хэвлэлийн эрх чөлөөнд хаалт тавьдаг. Ганц жишээ хэлье. Тэд ковидын үеийн Хэмнэлтийн хуулиар өдөр тутмын сонинуудад “буудан алах ял” оноочихсон. Хэмнэлтийн хэмээх тэр хуульд “...Хэвлэл захиалгыг хориглосугай” гэсэн үг хийсэн. Ийм “ял” шийтгүүлсэн хэдэн сонин сүүлийн таван жилд дурандаа л амьтай голтой явж байна. Угтаа, энэ бол зөвхөн өдөр тутмын хэдэн сонины асуудал биш. Үүгээр, монгол хүнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хийгээд хэвлэн нийтлэх, мэдэх, мэдээлэх зэрэг үндсэн олон эрхийг зөрчсөн. Гэтэл өдөр тумын сонинуудын захиалгын үнэ гэж хөгийн “юм” байдаг. Аль нэг өдөр тутмын сониныг аяга кофе, аятайхан жигнэмэгтэй авах үнээс ч хямдханаар бүтэн улирал захиалах боломжтой. Хэмнэлтийн хуулиар хэвлэл захиалгатай хамт спортын тэмцээн уралдаан, өөр юу юуг ч билээ дээ, хориглосон. Гэвч өнөөдөр хэвлэл захиалгаас бусад хориглосон арга хэмжээ төрийн бүх байгууллага зохиосоор байна. Тэд аргалж хийгээд байгаа юм л даа. Товчхондоо, Хэмнэлтийн хэмээх хууль төрийн байгууллагуудыг хулгайд л сургаж байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр “Ноорог.мн”-д оногдож байгаа хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид энэ хэвээрээ байгаад байвал маргааш, нөгөөдөр бүгдээрээ эдэлнэ.

Түүнчлэн, хэвлэлийн эрх чөлөөтэй хамт хүний эрх бараг л “морг”-т орчихлоо. Монгол Улсын иргэдэд хотын түгжрэл, хортой утаанаас өмнө хууль хяналтын байгууллагын өмнө хүний эрх өчүүхэн зүйл болж хувираад байгаа юм. Хамгийн гол нь тэр бүхний тухай мэдээлэх ёстой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад үүргээ хэрэгжүүлэх эрх нь хаалттай. “...Монгол хүний эрх” гээд хашгирвал өөрсдөө хуульд дуудагдана. Энэ нь, сэтгүүлч уг сэдвээр мэдээлэл авах, хэвлэн нийтлэх байтугай өөрсдийнх нь монгол хүний эрх ч байхаа больсон хэрэг. Ийм л Монголд амьдарцгааж байна, хэдүүлээ. Шулуухан хэлэхэд, засаг, “М-Си-Эс” хоёрын зодоонд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хоёр “хэрчүүлж” байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 46 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29