Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

2024-12-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт  “Мод тарих нь ухаан, ургуулах нь сэтгэл юм” гэх үгээр амьдралынхаа 50 жилийг илэрхийлсэн байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэнг урьж, ярилцлаа.  Ховд нутгийнхан нь түүнийг “Үр жимс” хоршооны Цээеэ эгч гэдгээр нь андахгүй. Ингэж л нутагтаа хийж бүтээсэн ажил хөдөлмөрөөрөө алдаршсан нийтлэлийн баатрынхаа тухай ажил, амьдралын түүхэн замналын зурвасхан хэсгийг уншигчдадаа хүргэе.

 

Олон ястны өлгий нутаг хэмээх алсын хязгаарт мяралзан торойх аймаг болбоос Ховд хот билээ. Харин энэхүү аймгийн нэгээхэн хэсэг буюу зүүн талаараа Хар- Ус, Дөргөн нууруудаар хүрээлэгдэн орших хангай говийг хослуулагч байгалийн үзэсгэлэнт газар нь Чандмань сум юм. Эргэх дэлхийн жамаар эгэл хүмүүний заяаг Цэндсүрэн гуай энэхүү сумын нутагт Дэлэг, Сосорбарам гэх нэгэн малчин айлын хоёр дахь охин болж төрснөөр олжээ. Аав ээжийнхээ нутагт төрж  өссөн тэрээр бага балчир наснаасаа ажил хөдөлмөрийн ухаанд чамгүй суралцсан нэгэн гэдэг нь түүний овгийн өмнөх цол гуншингаас илт.

Унаж төрсөн биш, өсөж бойжсон ч биш хүний нутгийн газар шороотой хүйн холбоотой юу гэмээн уулга алдаж, гайхаш төрүүлэм эрхэм хүмүүн Цэндсүрэн гуай аж. Элж хорогдсон хайрга чулуутай газраас эхлэн, элсэн ширхгээр шуурах манхны нөмөрт хүртэл модны бяцхан мөчир суулган тордсоор хязгааргүй уудам цэлгэр талд 60 гаруй сая модыг тарьжээ. Хөдөлмөрийн их ухаанд эрхэм хайртай аав ээж минь сургасан хэмээн тэрээр бахархан ярьснаар бидний ярилцлага үргэлжилсэн юм. Тэрээр “ Аав ээж минь хоёулаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат малчин хүмүүс. Хожим газар тариалангийн ажил хийж эхэлсэн. Бид ах дүү долуулаа. Миний ижий аав ажлыг хэрхэн яаж хийх, амьдралыг яаж зохиож, зөв авч явах вэ гэдгийг бага балчир насанд минь зааж сургасан.

Аав минь МАН-ын аравдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан туйлын хөдөлмөрч Дэлэг гэдэг хүн байлаа. Өөрийн долоон хүүхдийг хөдөлмөрт сургавал хожим амьдралаа зөв сайхан аваад явцгаана гэдэгт аав минь итгэдэг байсан хэрэг. Тэр нь ч үнэн байж бид одоо цөмөөрөө сайхан амьдарч байна” хэмээн  аав ээжийнхээ тухай дурсан ярьсан юм.

 

“Ойн инженер мэргэжлээрээ үргэлж бахархдаг”

Тариалангийн талбайд зөвлөгөө өгч буй нь.

Тэрээр төрөлх  Чандмань сумынхаа сургуульд дөрөвдүгээр ангиа  дүүргэж,  1968 онд   Зэрэг сумын найман жилийн дунд сургуулийг төгсжээ. Энэ тухайгаа “Аав ээж маань  малчин  хүмүүс учраас арван жилээсээ эхлээд дотуур байранд амьдардаг байсан.

Намайг Зэрэг сумын найман жилийн дунд сургуульд ороход манай ангиас арван сурагч нь арван жилийн сургуульд, 20 сурагч нь техникумд суралцахаар явсан. Арван жилийн сургуулиас гурав нь их сургууль авч байсан нь манай ангийн н.Будрагчаа, н.Эрдэнэ-Чулуун бид гурав байлаа.

Ховд аймагт анх удаа ХААИС-ийн ойн инженерийн ангийн хуваарь ирэхэд нь би энэ мэргэжлийг эзэмшихээр сонгосон юм. Аав минь намайг эмч болгох дуртай байсан ч би өөрийн сонирхлоор ойн инженер болсон доо. Нөгөө талаар ойн инженер мэргэжлийг сонгоход нөлөөлсөн хүн нь миний аав  байсан гэж би боддог. Намайг гуравдугаар ангид байхад аав мянган ширхэг байцай тарьж,  би өдөр бүр усалдаг байлаа. Энэ үеэс л би мэргэжлийнхээ үндэс суурийг тавьсан гэж боддог. Би ойн инженер мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Өөр мэргэжил рүү хөрвөлгүй, тасралтгүй ажилласаар тавин жил өнгөрсөн байна. 

Мэргэжил минь намайг ийм сайхан амьдруулж байгаа гэж бодохоор сэтгэл дүүрэн сайхан байдаг. Би  мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн үеэсээ сайхныг  нь улам бүр мэдэрч, энэ л мэргэжлийн төлөө төрсөн юм шиг ажиллаж ирсэн дээ” хэмээн мэргэжлийнхээ тухай хуваалцсан юм.

 

“Би хүний дээд сайн ханьтай учирсан азтай эмэгтэй”

2019 он Ханийн хамтаар Баатарван амралтын газар.

Түүний ханийг Гончигийн Цогтдэлгэр гэдэг. Тэд 1975 онд гэр бүл болж, өдгөө дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэд болжээ. Тэрээр ханийнхаа тухай “Өөрийгөө их сайн ханьтай хүн гэж боддог . Энэ хүний хүчинд эргэх дэлхийн эрээн барааныг ажралгүй туулсан. Миний хань барилгын салбарт 41 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.Тэр хугацаанд дурсаж ярих зүйл хэчнээн их вэ. Бид өөрсдийн хүмүүжлээр үр хүүхдээ өсгөсөн болохоор санаа зовох зүйл гарч байсангүй ээ. Сурсан бүхэн эрдэм гэдгийн нэгэн адилаар амьдралд нь хэрэгтэй ажил мэргэжлийг эзэмшүүлж чадсан” гэлээ.

Мөн нийтлэлийн баатар маань амьдралынх нь хамгийн аз жаргалтай үеийнхээ дурсамжийг бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр  “1998 онд ойн агнуурын аж ахуй хувьчлагдаж цүнхээ үүрээд уйлсаар гэртээ ирэхэд хань нь “Чамд эзэмшсэн мэргэжил, боловсрол, хийж бүтээх чадал байна, юунд уйлдаг юм” гэж хэлэхэд нь тухайн үедээ чи намайг ойлгосонгүй гэж тунирхаж гомдоллоод уйлж байлаа. Гэвч хань минь надад хоршоогоо байгуулах их хүчийг өгсөн.

Тэгээд удалгүй 1999 онд дөрвөн хүнтэй хамтарч “Үр-жимс” хоршоог байгуулсан. Тухайн үед бидэнд мөнгө байгаагүй. Хүрз, халуун савтай цайгаа бариад аймгийн дарга байсан н.Галбадрахаас 10.8 га газрыг авч сангаа тавьж ажлаа эхэлж байлаа. Хагалсан газраа хашаалах хашаа байгаагүй учраас хогийн цэгээс төмөр зөөж талбайн гадаа тавьсаар хоёр жилийг мөн өнгөрөөсөн. Хүн хүнийхээ дэмд л хийж бүтээдэг гэдгийг газар хагалж өгсөн тракторын жолооч, “Үр-жимс” хоршоог хамтдаа байгуулсан хүмүүс маань ойлгуулсан” гэлээ.

2023 оны наадам ач зээ нарын хамтаар.

 

“15 сумын нутагт 40 га мод үржүүлгийн талбайг байгуулжээ”

 

Нийтлэлийн баатрын маань  ойн инженер мэргэжлээр 50 жил ажилласан хөдөлмөрийг үнэлж  аймгийн хоёр удаагийн аварга, 2008 онд ХАА-ын яамны Улсын аварга тариаланч, 2009 онд Дэлхийн шилдэг фермер, 2011 онд буюу Улс хувьсгалын 90 жил, Ховд аймгийнхаа 80 жилийн ойгоор Байгаль орчны гавьяат ажилтан  цол хүртээсэн байна.  Тэрээр “ Мэргэжлээрээ ажилласан 50 жилийн хугацаанд Ховд аймгийнхаа хэмжээнд 15 сумын нутагт 40 га мод үржүүлгийн талбайг байгуулсан. Гадаа гандаж хөдөө хөхрөвч эзэмшсэн мэргэжил минь хамгийн сайхан. Салбарынхаа цор ганц эмэгтэй гавьяат нэрээ эрхэмлэж явах нь миний зорилго” хэмээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 247 (7491)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцлээ

9 цаг 21 мин
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

13 цаг 17 мин
“ГОЛОМТ БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00/02 тоот тогтоолоор 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг шийдвэрлэлээ.

13 цаг 51 мин
Б.Эрдэнэбат: Бидний амгалан тайван амьдрал бол үе үеийн эх орончид, өвөг дээдсийн минь хичээл зүтгэлийн үр дүн билээ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зоч

16 цаг 51 мин
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жил

16 цаг 51 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн

16 цаг 51 мин
Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Өчигдөр 10 цаг 13 мин
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Өчигдөр 10 цаг 03 мин
Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт з

Өчигдөр 06 цаг 00 мин