Хятад улсын шинжлэх ухаан технологийн хөгжлийн хувьсал: “Дэлхийн үйлдвэр”-ээс “Технологийн их гүрэн” болох зам

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн тэргүүн, хятад судлаач

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

 

Өнөөдөр дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн цоо шинэ хувьсгал эхлээд байна. Мэдээллийн технологи, био технологи, үйлдвэрлэлийн технологи, шинэ материалын технологи, шинэ эрчим хүчний технологи нийгмийн бараг бүх салбарт өргөн хэрэглэгдэх болж, ногоон, ухаалаг, хүртээмжтэй гэх онцлогтой технологийн хувьсал болж байна. Аливаа улс технологи инновацийн хувьд ямар түвшинд явааг тухайн орон технологи инновацийг хэрхэн бодит үр бүтээл, бүтээгдэхүүн болгож чадсанаар нь хэмжих болов.

Хятад улсын хувьд өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш 40 гаруй жилийн хугацаанд хурдтай хөгжиж, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн бодит чадамж нь эрс өсөж, өндөр технологийн, инновацлаг улс орнуудын тэргүүн эгнээнд орох болов.

Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын зарласан “2024 оны дэлхийн инновацийн үзүүлэлтийн тайлан”-д Хятад улс сүүлийн арван жилийн хугацаанд инновацийн хүчин чадал хамгийн хурдтайгаар өссөн орнуудын нэг, эхний 30 байранд орсон улс орнуудаас цорын ганц дундаж орлоготой улс болов. Түүнчлэн дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан технологи инновациар тэргүүлэгч хүчирхэг 100 кластерийн 24 нь Хятадад байгаа гэдгийг мэдэгдэв [1].

Харин шинжлэх ухаан технологийн нягтралын хувьд Хятадаас Бээжин хот бичигдэж, эхний 25 улсын жагсаалтад орсон байна. АНУ-ын 8 хот жагсаалтад багтжээ.

Ши Жиньпинээр төвлөсөн Хятадын засгийн газар улсаа 2035 он гэхэд шинжлэх ухаан технологийн хүчирхэг гүрэн болгож, технологийн хувьд бие даан хүчирхэгжих зорилт тавьсан. Хамгийн сүүлд хуралдсан ХКН III бүгд хурлын шийдвэртээ технологи инновацийн бодлогыг төрийн тэргүүлэх чиглэл байхаар заасан. Тодруулбал, шинжлэх ухаан технологи инноваци нь урьд “хөгжлийг хөдөлгөгч шинэ хөдөлгүүр” байсан бол үүнээс хойш “Хятадын онцлогтой модернизацийн үндсэн, стратегийн шинжтэй тулгуур” болов.

 

Хятад улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бүрэлдэхүүн хэсэг ба бодлогын тогтолцоо

Эх сурвалж:: Thakur, N., Sharma, S., Kumar, K., Thakur, S. (2024). Components and Policies of Science, Technology, and Innovation System

Ингээд манай өмнөд хөрш улс өнөөдрийг хүртэл технологийн салбарыг хөгжүүлэх ямар бодлого, арга хэмжээ авч ирсэнийг гурван үе шатанд хуваан авч үзэв.

 

Эхлэлийн үе шат: Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого (1978-1990)

 

Хятад улсын аж үйлдвэрлэлийн шилжилт 20-р зууны 70-аад оны сүүлээс буюу Дэн Шяопин-ийн өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжсэн үеэс эхлэлтэй. Хятадын Төв Засгийн газар төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе байв. Шөньжөнь зэрэг эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, технологийг татан авчирч, аж үйлдвэрлэлийн хөгжлийн суурийг бэлдсэн байна. Зарим чухал бодлогыг дурдвал:

1980 аад оны эхээр Хятад улс судалгаа шинжилгээний байгууллага, судлаач эрдэмтдийн идэвхи санаачлага, эрч хүчийг дайчлан, өдөөх зорилгоор холбогдох тогтолцооны шинэчлэлтийг эхлүүлсэн. 1986 онд Төрийн Зөвлөлөөс шинжлэх ухааны ажилтны суурь судалгааг дэмжих, чөлөөт эрэл хайгуулыг хөхиүлэн дэмжих, шинжлэх ухаан технологийн дэвшил болон эдийн засаг нийгмийн уялдаат хөгжлийг хангахын тулд Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны сангийн Хороог байгуулав. Мөн судлаачдыг өрсөлдөөний механизм руу татан оруулахын зэрэгцээ судалгаа хөгжүүлэлтийн зардлын хуваарилалт хийх загварыг өөрчилж, судалгааны үр бүтээл, бодит бүтээгдэхүүн болоход анхаарч, төрөөс дэмжлэг үзүүлэх  арга хэмжээ авсан.

Технологи, судалгаа хөгжүүлэлтийн төлөвлөгөө: 1986 оны гуравдугаар сард Хятад улс мэдээллийн технологи, биотехнологи, сансар судлал, лазерийн технологи, автоматжуулалт, эрчим хүч болон шинэ материал зэрэг салбаруудын технологи хөгжүүлэлтийг хурдасгах зорилгоор 863 төлөвлөгөөг эхлүүлсэн. Үр дүнд нь  хөгжингүй улс орнуудаас технологийн хувьд хэт зөрүүтэй байдлаа ойртуулж, өндөр мэргэжлийн техникийн боловсон хүчнийг олноор бэлтгэсэн байна.

Бамбар төлөвлөгөө: Хятадын засгийн газар 1988 онд хэрэгжүүлэхээр баталсан. Зорилго нь шинжлэх ухаан технологийг эдийн засагтай уялдуулан хослуулж, үндэсний шинжлэх ухаан технологийн хүчин чадал, чадамжаа бүрэн дайчлах замаар зах зээл рүү чиглэж, шинэ  бүтээл, шинэ бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гаргах, олон улсын чанартай болгох явдал байв. Тус төлөвлөгөө нь технологийн салбарын жижиг дунд компани, бизнес эрхлэгчдэд инновацийн сангийн төслүүдийг олгох, давуу байдлаар дэмжлэг үзүүлэх, технологийн компаниудыг бойжуулахад тусалжээ. Галт бамбар төлөвлөгөө нь тус улсын өндөр, шинэ технологийн үйлдвэрлэлийн хөгжилд маш том дэмжлэг болсон байна.

Шинжлэх ухаан технологиор улсаа хүчирхэгжүүлэх стратеги бол Хятад улс өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын дэвсгэр дээр 1990 оны үед дэвшүүлсэн бодлого. Зорилго нь шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх замаар улс орны шинэчлэлтийг хийх алхмыг хурдасгах. Басхүү боловсрол, судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт, тэр дундаа судалгааны байгууллага, лабораториудад олгох хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

 

Дэлхийн үйлдвэр болсон үе (20-р зууны 90 ээд оноос 21-р зууны эхэн хүртэл үе)

 

1978 оны өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын дараагаас 1990 он хүртэл Хятадад хөдөлмөрийн нягтрал ихтэй аж үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж, тус улсыг дэлхийн үйлдвэр, хамгийн том экспортлогч улс болгосон. Үүнд тус улсын хямд ажиллах хүчний өртөг, боомт, хурдны зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад төрөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, үйлдвэрлэл болон тээвэр ложистикийн үр ашгийг нэмэгдүүлсэн, төрөөс татварын хөнгөлөлт, татаас өгөх зэрэг бодлогын дэмжлэг үзүүлсэн зэрэг гол хүчин зүйлс нөлөөлжээ. Ингээд Хятадын засгийн газар эдийн засгийг өсгөхөд технологи ямар чухалтайг улам ойлгож, технологи шинэчлэлтийг эдийн засгийн стратегийн нэгэн чухал хэсэг болгов. Үүнд судалгаа хөгжүүлэлтэд (R&D)  хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн онцгой бүс байгуулах зэргээр гадаадын хөрөнгө  оруулалт, технологийн шинэ шийдлүүдийг нутагтаа татах арга хэмжээ авахад төвлөрсөн байна.

Хурдтай хөгжил ба технологийн үсрэлт (2000-2010):

21-р зууны эхээр дэлхийн технологийн ахиц дэвшил асар хурдтайгаар өсөн нэмэгдэв. Дэлхийн чиг хандлага, дотоодын эрэлт шаардлагаар Хятад улс ч ард иргэдийн шинжлэх ухаан технологийн мэдлэг чадвар, боловсролын түвшинг дээшлүүлэхэд онцгой анхаарав. Улмаар улсынхаа эдийн засгийн бодит хүчин чадал, улам боловсорч мэргэшиж буй ажиллах хүчдээ тулгуурлан, чиглэсэн зорилтот технологийн салбар руу анхаарч эхлэв. Үүнд:

Өндөр хурдны галт тэрэг:

Хятад улсын хурдны төмөр зам барих технологийн түвшин, бүтээн байгуулалтын хурд дэлхийн улс орны анхаарлыг татаж байна. Хятадын хамгийн эрт цагийн хурдны төмөр зам болох Бээжин-Тянжиний хот хоорондын хурдны галт тэрэг болон Вүхань-Гуанжоу-ийн хурдан галт тэрэг 2008, 2009 онд тус тус ашиглалтад орсон. Харин өнөөдөр өмнөд хөрш дотооддоо 44000 гаруй км хурдны галт тэрэгтний зам бариад байгаа нь (2035 он гэхэд 70 мянгад хүргэх зорилттой) дэлхий дээрх хурдны галт тэрэгний нийт зайн 60-аас дээш хувьтай тэнцэнэ гэсэн үг. Тус улс энэ салбарт тэргүүлэгч гэдгээ инженерингийн шинэ шийдлүүд, мэргэжилтнүүдийн өндөр чадамжаар харуулж, Ази Африк, Зүүн Өмнөд азийн улс орнуудад өндөр хурдны галт тэрэгтний технологийг ихээр экспортлох болсон.

Харилцаа холбоо: Харилцаа холбооны дэд бүтэц барихад хөрөнгө хангалттай зарцуулж, гар утсыг өргөнөөр нэвтрүүлж, хүчирхэг цахим дэд бүтцийг хөгжүүлж чаджээ. Ингэснээр дотоодынх нь цахим худалдаа, салбар бүрт дижитал үйлчилгээ хөгжихөд сайн суурь болов.

Сэргээгдэх эрчим хүч  2005 онд “Сэргээгдэх эрчим хүчний хууль” баталж, сэргээгдэх эрчим хүчний дотоодын эрчим хүчинд эзлэх чухал байр суурийг тодорхойлжээ. Энэ хугацаанд Хятад улс салхин болон нарны эрчим хүчний салбарт ихээхэн ахиц гаргасан. Энэ нь Хятад улс гаднаас шинэ технологи нэвтрүүлэх, түүнийгээ дотооддоо сайтар шингээн авахын зэрэгцээ бие даан инноваци нэвтрүүлэх зэргээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтолцоог сайтар бүрдүүлж чадсаныг үр дүн байв. Түүнчлэн Хятадын засгийн газраас цахилгааны үнийн нөхөн олговор, татварын хөнгөлөлт, зээл тусламж олгох зэргээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгах багц бодлого арга хэмжээ авсан байна.

 

Стратегийн түвшний технологийн дэвшил (2010-аас өнөөг хүртэл) Инноваци ба өөрийн хүчээр дэвжих

 

ХКН-ын XVIII их хурал 2012 онд хуралдаж, нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хатуу баримтлахыг зааж өгөв. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн бодлогын зорилтыг биелүүлэх, байгалд ээлтэй ногоон эко хөгжлийн замаар алхахад нь инновацийн гүйцэтгэх үүрэг улам тодров. Ингээд Хятадын засгийн газар шинэ аж үйлдвэржилт гэх ойлголтыг дэвшүүлж, мэдээлэлжилт, аж үйлдвэржилтийн харилцан нөлөөллийг чухалчилж, шинжлэх ухаан технологийн агууламж өндөр, эдийн засгийн үр өгөөж сайн, байгалийн нөөцийн зарцуулалт бага, хүрээлэн буй орчны бохирдол бага, хүний нөөцийн давуу талыг бүрэн дайчлах аж үйлдвэржилтийн замыг бүтээх хэтийн зорилт тавьсан байна. Зорилтыг биелүүлэх үүднээс “Хятадад үйлдвэрлэв 2025”, “Хятадын стандарт 2035” зэрэг үндэсний томоохон хөтөлбөрүүдийг дэвшүүлэв. Үүнээс гадна “Бүс ба зам” санаачилга, тэр дундаа “дижитал торгоны зам”-аар дамжуулж, олон улсад дижитал дэд бүтэц, дараагийн үеийн технологийн бие даасан кибер дүрэм журам, стандарт тогтоох боломжийг эрэлхийлж байна. 

Хятад улс өнөөдрийг хүртэл тэргүүлэх суурь судалгаа, стратегийн өндөр технологийн салбарт олон чухал амжилт гаргасан. Жишээ нь Чан-Э-6 дэлхийд анх удаагаа сарны арын гадаргуугаас 1.935 кг дээж дээж авчирав. Үүнээс гадна өндөр түвшний үйлдвэрлэлийн салбарт гаргасан амжилт олон. Тухайлбал Хятад анх удаа дотооддоо Боинг В737, Айрбус А320-той  харьцуулах боломжтой С919 иргэний нисэх онгоцыг үйлдвэрлэсэн. Тус онгоц өнгөрсөн 2023 онд анх удаа арилжааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж, одоогооор 1000 гаруй борлуулалтын захиалга хүлээн авснаас бүгд дотоодын авиа компаниуд байна. 2050 он гэхэд дэлхийн зах зээлд бүрэн нэвтэрсэн байхаар төлөвлөж буй.       

Дүгнэлт

Өнөөгийн дэлхий дахинд эдийн засаг,  нийгмийн хөгжил улам бүр шинжлэх ухаан техник технологийн инновацид тулгуурлах болоод байна. Тиймээс ч дэлхийн улс орнуудын өрсөлдөөний давуу тал нь инноваци, шинэчлэлтийн хүч чадалд ихээр төвлөрөх болжээ. Хэн шинэчлэлийг түрүүлж хийж чадаж байна, тэр улс хөгжлийн тэргүүн манлайд алхах болж байна.

Хятад улсын хувьд  өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн 1978 оноос 1990 он хүртэл дэлхийн гол үйлдвэрлэгч, гол экспорлогч болж, энэ суурин дээрээ шинжлэх ухаан технологийн салбарын боловсон хүчнийг цаг алдалгүй чанартай сайн бэлтгэж мэргэжлийн хүмүүсийг олноор бэлтгэж чаджээ. Харин 2012 онд Ши Жиньпин засгийн эрхийг авсанаар хөгжлийн шинэ үзэл баримтлал дэвшүүлж, дижитал хөгжил, инновацийг үйлдвэрлэлийн салбарын стратегийн үндсэн цөм болгож, хиймэл оюун ухаан, робот, дэвшилтэт технологийн салбарыг үргэлжлүүлэн ихээхэн дэмжиж, хөрөнгө оруулалтыг хангалттай оруулах болсон. Хятадын ухаалаг үйлдвэрлэл яг одоо улам бүр түгээмэл нийтлэг зүйл болон өөрчлөгдөж байна. Үйлдвэрүүд автоматжуулалт болон дэвшилтэт технологи ашиглаж, үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг тасралтгүй дээшлүүлэх болов. Үүний үр дүнд манай өмнөд хөрш улс сүүлийн жилүүдэд технологи  инноваци дээр тулгуурлаж, байгалд ээлтэй ногоон эдийн засгийг хурдасгах, хүлэмжийн хий бууруулах тал дээр гайхам амжилтуудыг гаргаж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр олон улсыг манлайлж, өндөр технологи үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болох зорилтдоо хүрэх алхмаа улам богиносгоод байна.

Ашигласан эх сурвалж:

[1] Global Innovation Index 2024 (GII), https://www.wipo.int/web-publications/global-innovation-index-2024

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)

 

Улс орны удирдагчид АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэж байна

Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель АНУ-ын сонгуульд ялалт байгуу

3 цаг 38 мин
Б.Мандуул: Ардчилал 200 жил хөгжсөн АНУ-ын сонгуулиас суралцах зүйл их байна

“Ondo”-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуул

5 цаг 0 мин
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад хэдхэн цаг үлдээд байна

АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан сонгууль ажиглах өдөрлөгийн үеэр “

6 цаг 16 мин
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болж БНН-аас нэр дэвшигч  Дональд Трамп тэргүүлсээр байна

АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамнаас зохион байгуулсан сонгууль өдөрлөгийн үеэр зарим оролцогчдыг сэтгэгдлийн хуваалцсанаа хүргэе.

6 цаг 20 мин
М.Алтан-Очир, С.Энхбаатар нар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлжээ

М.Алтан-Очир, С.Энхбаатар нар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлжээ

8 цаг 6 мин
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах өдөрлөгт оролцсон Монголчууд “саналаа өгөв”

АНУ-д  47 дахь ерөнхийлөгчөө сонгох сонгууль ид явагдаж байна.

9 цаг 14 мин
Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

10 цаг 3 мин
Яагаад арваннэгдүгээр сарын 5 гэж?

Яагаад арваннэгдүгээр сарын 5 гэж?

13 цаг 50 мин
FT: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй сонгууль боллоо

FT: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэн дэххамгийн өндөр өртөгтэй сонгууль боллоо

13 цаг 51 мин
Өвлийн ЭЕШ-ын бүртгэл хаагдахад дөрөв хоног үлдлээ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын т

17 цаг 55 мин