Б.Мөнхбаатар: Шүүмжлэгч биш оролцогч байх хэрэгтэй

2024-09-12
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БОЛОР

“Зууны мэдээ”-гийн зочин буландаа НИТХ-ын сонгуульд МАН-аас БЗД-т нэр дэвшиж буй Б.Мөнхбаатарыг онцолж байна. Тэрээр "Блокчейн Эко Парк" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, "Monbeef Cattle" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Санкт Петербург хотын Уул уурхайн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй. 
 

-Та олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, туршлагатай бизнес эрхлэгч. Улс төрд орох болсон шалтгаан юу вэ?

-Миний хувьд бизнесийн олон салбарт хүч үзэж, хангалттай туршлага хуримтлуулсан гэж өөрийгөө боддог.

Харин одоо өөрийн туршлагаа улс эх орныхоо төлөө зориулах ёстой цаг нь болсон гэж харж байна. Ер нь анзаараад байхад хий шүүмжлэгчид олон болсон. Харин би шүүмжлэгч байхыг хүсээгүй. Оролцоо гэдэг гаднаас харж шүүмжлэхээс өөр зүйл л дээ. Гаднаас нь хараад шүүмжилэхээс илүү гар бие оролцоод хийж гүйцэтгэхэд дутагдаж байгаа зүйл нь юу вэ. Түүнийг хэрэгжүүлэхэд ямар алхам хийх шаардлагатай вэ. Үүнд миний оролцоо юу байж болох вэ. Мэдээж хийж байж илүү бодитой гарц гаргалгааг олно л доо.

Олон жил эмх замбараагүй төлөвлөлтгүй хүндээ ээлгүй байсны горыг засч залруулахад инженер хүнийхээ хувьд, эцэг хүнийхээ хувьд, тодорхой ажил үүргүүд үүрч ирсэн хүнийхээ хувьд оролцох ёстой гэж зориг шулуудан шийдвэр гаргасан.

-Нийслэлчүүдийн хувьд хамгийн ихээр тулгамдсан асуудал юу вэ. Энэ асуудлыг шийдээч гэвэл та юу хийх вэ?

-Яг тулгамдаж буй асуудал юу вэ гэвэл олон зүйл ар араасаа хөвөрнө. Гагцхүү бид асуудлын суурь шалтгааныг зөв олж харж байна уу гэдгээс хамаарч богино хугацаанд эерэг өөрчлөлтүүд гаргаж чадах эсэх нь хамаарна. Өнөөгийн манай хот төлөвлөлтийн асуудлуудад инженерийн шийдэл орхигдож ирсэнээс үүдэлтэй болов уу. Инженер хүн аливаа асуудлыг шинжлэх ухаанч байдлаар харж шийдлийг эрэлхийлж байдгаараа онцлог мэргэжил. Энэ утгаараа автозамын түгжрэлээр ганц жишээ хэлье. Түгжрэл үүсэх суурь шалтгаануудын нэг нь манайхан хотын төвийн амин судас хэвтээ тэнхлэгийн хөндлөн замаа таг зогсоож байгаад хэдхэн босоо чиглэлийн замын хөдөлгөөнийг “нэвт татдаг”-тай холбоотой. Энгийнээр тайлбарлъя л даа. Баянзүрх дүүргийн иргэд хотын төв рүү орохын тулд зүүн дөрвөн замын түгжээг давах хэрэг гарна. Энэ уулзварын түгжээ Нарантуул захын урсгалыг илүү татдагаас болдог. Харин Төв рүү орох урсгал нь Энхтайвны гүүрний урсгалыг түлхүү татдагаас болоод Улаанбаатар хотын хөндлөн урсгалын “гол” зам нь түгжирчихдэг хэрэг л дээ. Угтаа бол ачаалал даах төв замын урсгал хурдан байж гэмээнэ босоо чиглэлийн зам хөдөлгөөн саарахгүй байх нөхцөл болох ёстой.

-Агаар, орчны бохирдлыг бууруулахад нийслэлд ногоон байгууламж хэрэгтэй. “Treelings” төслийг санаачлан хэрэгжүүлэгчийн хувьд танд ямар шийдэл байна вэ?

-Treelings төсөл нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхэд технологийн шийдэл болохуйц төсөл.  “Treelings” нь мод тарих, ургуулах, хянах ажлыг блокчейн технологид тулгуурлан шийдсэн, нэг талаас мод тарьдаг, үржүүлдэг, нөгөө талаас мод тариулах сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүд гэх мэт оролцогч талуудыг холбосон гүүр нь болдог.

Жишээлбэл, гадны жуулчид болоод нутагтаа ирж амжихгүй байгаа гадаадад оршин суугч иргэдэд мод тарих боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм. Энэ утгаараа Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон хот болгоход Treelings төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Магадгүй уншигч нар маань өөрийн ухаалаг утсандаа уг аппликэйшнийг татаж үзвэл илүү ойлгомжтой байх болов уу.

-Дээр дурдсан таны хийхээр төлөвлөж буй ажлуудыг хийхэд НИТХ-ын эрх мэдлийн хязгаар гэж бий. Үүнээс болж НИТХ-ын төлөөлөгчид  хэт ахуйн асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна уу гэж харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

- Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг нэрнээс харсан ч энэ бол иргэдийн бодит төлөөллийн байгууллага. Тиймдээ ч нийслэл, дүүрэг, хорооны иргэдийн өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодлогын шийдвэр гаргах, түүнийхээ хэрэгжилтийн хойноос санаа тавих нь үндсэн ажил гэж ойлгодог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэх суурь баримт бичиг болсон гэж хардаг. Нийслэл орлогынхоо 50 хувийг улсын төсөвт төвлөрүүлж үлдсэн хэсгээр нь тулгамдсан асуудлаа шийдвэрлээд явах боломжтой болсон. Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй, хүн амын тоо өсөх хэрээр хотын эдийн засаг эргэлтэд орж, тэлж байгаа учраас зөв концепц, төлөвлөлтөөр тэлж хөгжих ёстой юм.

-Засгийн газар 20 минутын хот төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төлөвлөгөө шийдэл мөн үү?

-Зөв төлөвлөлт бас дахин зөв төлөвлөлт. Нийслэлд аюулгүй аж төрж амьдрах орчин бүрдүүлэх гол төлөвлөгөө нь ердөө л энэ. Би нэгдүгээр хороололд төрж өссөн. Бага байхдаа ганцаараа гүйгээд л цэцэрлэг рүүгээ орчихдог байлаа. Тараад мөн л ганцаараа харьчихна. Гэрээс гараад явах хооронд авто замын эрсдэл байхгүй. Сургуульд орсны дараа ч өөрөө алхаад явчихдаг байсан. Одоо бол ийм боломж алга. Хаанаас гэнэт машин гарч ирээд аюулд өртөх вэ гэдгийг таах боломжгүй. Хувь хүн маш болгоомжтой байлаа ч хөндлөнгийн эрсдлийг тооцоолошгүй байна. Сүүлийн үед хүүхэд битгий хэл бид ч алхаад явах боломжгүй болжээ. Энэ бүхэн төлөвлөлтийн алдаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг орхигдуулсны уршиг. Ер нь бол нийслэл тийм ч том хот биш тул асуудлын суурь шалтгааныг зөв дүгнээд, оновчтой шийдвэр гаргаж чадвал маш богино хугацаанд эерэг өөрчлөлтүүд гарна гэж хардаг.

-Аливаа зүйл жижиг зүйлсийн нэгдэл. Тэгэхээр нийслэлийн хөгжлийн нэгж хэсэг нь дүүргийн хөгжлөөр илэрхийлэгдэх байх?

-Зам дагасан ногоон байгууламжгүй, усны хаялгагүйгээс дуу чимээ, тоосжилтод өртөж байна гэдэгтэй хүмүүс маргахгүй байх. Уг нь шийдэл маш энгийн. Хоёрхон энгийн жишээ авъя л даа. Санаж байвал Улаанбаатар хотод АСЕМ болдог тэр жил тоосжилт эрс буурсан, цэмцгэр орчин бүрдүүлж чадсан. Энэ бол зам дагуу болон олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудын боломжит зай талбайг цэцэрлэгжүүлсэн, цэцэрлэгжүүлэх боломжгүй талбайд хайрга дэвсэж сул шороо дэгдэхийг хязгаарласны үр дүн юм шүү дээ. Одоо нөхцөл байдал ямар байгааг хүн болгон л мэдэж байгаа. Мөн гудамж талбайгаар алхаж явахад дуу чимээний бохирдол асар их болсон. Үүнийг дуут дохио хэрэглэх, хэт чанга дуутай тээврийн хэрэгслийн талаар дүрэм журмуудыг ягштал мөрдүүлэх зэрэг энгийн ажлуудыг хийх замаар бидний амьдрах орчинг сайжруулж болно гэж боддог.

-Бид нийгэм-эдийн засаг, бизнес, улсын хөгжилд тулгамдсан асуудлын талаар ярилцаж байна. Үүний шийдлийг гаргаж хэрэгжүүлэхээр зорьж байгаа Б.Мөнхбаатар гэж хэн бэ?

-Амьдарч буй хот, орчноо эрүүл, цэвэр цэмцгэр болоосой, хүүхдэд ээлтэй байгаасай гэж үргэлж бодож шийдэл эрэлхийлж явдаг нийслэлийн унаган иргэн, өрхийн тэргүүн, дөрвөн хүүхдийн аав.

Эзэмшсэн мэргэжил бол Уул уурхайн инженер, эрхзүйч. ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн институтийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 2008 онд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-д та бидний сайн мэдэх Тавантолгой ордыг төсөл дээр уурхайн анхны төлөвлөлт, ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд инженерээр ажиллаж эхлүүлсэн. Дараа нь 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахад уул уурхайн ашиглалтын инженерээр шилжин ажилласан. Тэнд төлөвлөлтийн инженерээс эхлээд ерөнхий инженер, уурхайн дарга, төслийн удирдагч, уул уурхайн газрын захирал хүртэл дэвшин ажиллаж байсан. 2022 оноос “Эрдэнэс Баянбогд” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилласан.

Харин бизнесийн салбарт ажилласан туршлага гэвэл, одоо хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлж байна. Тэр дундаа махны чиглэлийн үхэр үржүүлэхээр ажиллаж байгаа. Мөн  дээр дурьдсан “treelings” төслөөрөө эрүүл, цэвэр орчныг бүтээх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулах зорилгоор “Блокчейн Эко Парк” ХХК-ийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

5 цаг 12 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

7 цаг 15 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

7 цаг 21 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

7 цаг 22 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

7 цаг 23 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

7 цаг 24 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

7 цаг 26 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

7 цаг 27 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

7 цаг 29 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

7 цаг 30 мин