С.Баяраа: Онлайн худалдааны соёл, хөгжлийг технологиор шийдсэн

2024-06-13
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

“Global Shopping Commerce”-ийг IT-гийн мэргэжилтэй хэсэг залуус санаачилж, үндэсний хэмжээнд онлайн худалдааны оновчтой шийдэл санал болгож буй. Үүсгэн байгуулагчдын нэг С.Баяраатай ярилцлаа.

 

-Монголд онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байна. Энэ салбарт IT-гийн салбарынхан хүч үзэж байгаа нь сонирхолтой санагдлаа?

-Бидний үндсэн ажил, мэргэжил IT, технологийн салбар ч  сүүлийн үед онлайн худалдааны чиглэлд нэлээн анхаарч байна. Бусад улс оронд хөгжөөд 20-30 жил болж байгаа онлайн худалдааны соёл, хэрэглээ Монголд үнэхээр дутмаг байгаа учраас асуудал, бэрхшээлийг технологиор шийдэхийг хүссэн. Ерөнхийдөө монголчуудын онлайн худалдааны схемийг судалж үзэхэд төсөөлснөөс огт өөр дүр зураг гарч ирсэн л дээ.

Технологи бол бараа бүтээгдэхүүнийг гоё, үнэтэй гэж харахаас илүү шийдэж болох асуудал юу байна вэ гэдгийг эхэлж хайдаг, олж хардаг онцлогтой. Тиймдээ ч онлайн худалдааны процесс бүрийг нарийвчлан судалж, бодит байдалтай өөрсдийн биеэр явж танилцсан. Товчхондоо, үйлдвэрлэгчдэд борлуулалтын суваг байхгүй учраас бөөний худалдаачид авдаг. Тэднээс захын худалдаачид нь авах зэргээр үйлдвэрээс гараад 2-3 дахь дамжлага дээрээ Монголын наймаачдын гар дээр ирнэ. Ингээд зогсохгүй дахиад л "Нарантуул" юм уу өөр дэлгүүрүүд рүү борлуулдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан бараа эцсийн хэрэглэгч дээр ирэх хүртлээ 5-6 шат дамжиж тэр хэрээр үнэ нь хэд дахин нэмэгдэж байна. Яг ийм схемээр явж байгаа нөхцөлд нэгээс нөгөө рүү дамжих болгонд татвар, түрээс, зээлийн хүү, тээврийн хөлс, ажилтны зардлаас эхлээд өртөг нэмэгдэхээс аргагүй юм билээ. Тэр дундаа хамгийн өндөр зардал бол фэйсбүүкийн бүүст байдаг. Энэ бүхнийг технологи ашиглаад өнөөдрийнхөөс хэд дахин хямд, амар хялбар аргаар шийдэх боломжтойг олж харсан. Бидний бүтээсэн платформоор барааг үйлдвэрлэгч буюу албан ёсны түгээлтийн сувгаас нь шууд хэрэглэгчид нийлүүлэх ёстой юм байна гэдгийг харж энэ шийдлийг нэвтрүүлээд байна.

Технологийн давуу талыг хүмүүс үнэ хямдарлаа гэж хараад байгаа болохоос өөр олон боломж гарч ирдэг. Нэгдүгээрт, мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Хоёрдугаарт, Гуанжоу, Шиньжин, Шанхай, АНУ-аас бараа захиалахдаа яг л дэлгүүрт нь байгаа мэтээр хэлбэр хэмжээ, өнгө, загвараа сонгоно. Гэтэл өнөөгийн нөхцөлд бол ихэнх онлайн худалдаа эрхлэгчдийн санал болгож байгаа бараан дунд сонголт тун цөөн. Хэрэглэгч хүссэнээ сонгох биш тухайн хүн цагаан цамц бөөндөж авчирсан бол цагааныг л авна. Гэтэл улаан, ногооныг өмсмөөр байгаа хүн нь яах вэ гэдэг асуулт гарч ирдэг. Сонголтоос гадна бүр том зургаар харах юм бол фэйсбүүкийн бүүст, пэйжинд маш их мөнгө урсаж байна. Бүүст хийх мөнгө танд очих бүтээгдэхүүний үнэ өртөгт шингэнэ шүү дээ. Харин энэ зардлыг аппликейшн бүрэн хэмнэж, хэрэглэгчид очих барааны үнэ хямдарна л гэсэн үг. Энэ бүхнийг технологийн боломжоор шийдэхийг зорьж байна.

Мөн онлайн группын лайвын коммент хэсэгт хэрэглэгчийн нууц мэдээллийг ил тавьж, хаяг, утасны дугаараа бичдэг. Хэн ямар размерын хувцсыг хэдэн төгрөгөөр авч байгааг нийтээрээ хараад сууж байна шүү дээ. Энэ нь цаашлаад бараа зарах, авахын тулд хэмжээ, өнгө, загварыг нь асуух, зургийг нь явуулах, төлбөр төлөх, хаана хүргэхээс эхлээд олон янзын мэдээллийг лавлах, эргэж холбогдох гээд аль аль талдаа маш их цаг хугацаа зарцуулдаг. Харин худалдааны процессоо технологиор шийдчих юм бол хувь хүний нууц мэдээлэл ч хамгаалагдана.

-Таны хэлсэнчлэн онлайн худал­дааны соёлыг хөндөхөөс аргагүй. Өдөр тутамдаа хэрэглэгчидтэй харьцаж байгаа хүмүүсийн хувьд анхаарах зүйл хэр ажиглагддаг вэ? 

-Онлайн бизнест хоёр асуудал бий. Эхнийх нь худалдан авалтын соёл байх ёстой. Тодорхой хэмжээнд цаг хугацаа зарцуулж бараагаа захиалахаас эхлээд төлөвлөх соёл хамгийн чухал. Тухайлбал, сэтгэл хөөрлөөр гэнэтийн худалдан авалт хийх биш 14 хоногийн дараа борооны улирал эхлэхэд энэ бараа над дээр ирсэн байх болно гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө төлөвлөх соёлд суралцах хэрэгтэй. Дараагийнх нь цахим ур чадвар буюу онлайнаар бараагаа хэрхэн зөв сонгож захиалах вэ. Үндсэндээ энэ хоёр чадвар хоёулаа монголчуудад хангалтгүй байна. Шинэ залуу үеийнхэн бол өөр л дөө. Их хотын зав чөлөөгүй амьдрал дунд бид нийтээрээ онлайн худалдааны соёлд суралцчих юм бол олон асуудлыг хялбараар шийдэж болно. Монголчуудын онлайн бизнесийн соёлд суралцаагүй нэг зүйл бол заавал бодитоор барьж үзэж байж итгэх гээд байдаг учраас манайх зөвхөн онлайнаар захиалахаас гадна агуулах, дэлгүүртээ загвар бараа гаргахаар бэлтгэж байгаа. Мөн чанартай барааг элдэв шат дамжлагагүйгээр үйлдвэрийн үнээр оруулаад ирэхээр яагаад ийм хямд байгаа юм, хулхи юм уу гэдэг. Ер нь бол нийгэмд соёлыг түгээх, онлайн худалдааг хөгжүүлэх, технологийн шийдлийг ашиглаад дараагийн шатанд гаргах хэрэгцээ шаардлага бий.

-Нөгөө талд хил дамнан захиалга, түгээлт хийгдэж байгаа онлайн дэлгүүрийг технологиор хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Шийдэл болгож гурван төрлийн аппликейшн гаргасан. Нэг нь бөөний бараа бүтээгдэхүүнийх буюу шууд үйлдвэртэй нь холбогдоод үнэ, тээврийн зардлыг тооцоолоод гаргачихсан "ifactory" гэдэг аппликейшн байгаа. Харин дараагийн ноёд аппликейшны хувьд Taobao, Tmall, Alibaba_1688 гэсэн худалдааны гурван том платформыг нэгтгээд тэдгээрийн албан ёсны эрхтэй худалдааны төлөөлөгчөөр захиалга авч байна. Гурав дахь нь ноёд+ /ноёд плас/ буюу энд зөвхөн  брэндүүдийг нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд барааны чанар, үнээс хамаарч төөрөгдөл үүсгэхгүйн тулд илүү тодорхой, хялбар болгож тус бүрд нь ангилан ялгаж өгч байгаа юм. Брэнд бол нэг л стандарт шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэвэл, зургаадугаар сарын 18 буюу хэдхэн хоногийн дараа дэлхийн онлайн худалдааг хамарсан зуны хамгийн том хямдрал болох гэж байна. Энийг боломжийг монголчууд хэрхэн ашиглаж болох вэ гэвэл манай ifactory, ноёд, ноёд+ аппликейшнаар дамжуулаад үйлдвэрийн үнээр шууд Монголоос захиалах боломжтой .

-Тэгэхээр та бүхний бий болгосон үндэсний хэмжээний платформ дээр бусад бизнес эрхлэгчид нэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Сошиал сүлжээ онлайн худалдааны платформ биш учраас худалдаанд зориулагдсан функц, өгөгдөл байхгүй. Онлайн дэлгүүрүүд өдөрт 10 төрлийн бараа лайвдах хязгаартай, 1000-аас дээш ширхгийг борлуулж чадахгүй зэргээр нийгмийн сүлжээний дутагдалтай талууд их бий. Харин онлайн худалдааны платформ илүү өргөн цар хүрээтэй. Үндсэндээ бид үйлдвэржсэн орнуудтай технологиор холбогдох ажлыг хийчихлээ. Харин одоо борлуулалт дээр хамтарч ажиллах боломжтой гэж харж байгаа. Тиймээс тус бүртээ жижигхэн хүрээлэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс нэгдээд үндэсний хэмжээний онлайн худалдааны платформд нэгдэх боломжтой. Зөвхөн гаднаас оруулж ирэхээс гадна үндэсний үйлдвэрлэлүүдээ ч нэгтгэж болно.

Эцсийн зорилго бол баялаг бүтээгчийн хөдөлмөрийг шударгаар үнэлж дундын зуучлалгүйгээр хэрэглэгчийн гар дээр хүргэх л шийдэл юм. Зүйрлэвэл, махны наймаатай адилхан. Малчны хотноос махыг хямдхан аваад дунд нь наймаачны гар дамжиж үнэ нь нэмэгдсээр байгаад хэрэглэгч дээр очихдоо анхны үнээсээ 4-5 дахин нугалардаг. Бидний шийдлээр бол махыг малчны гар дээрээс шууд хэрэглэгчдэд хямд үнээр нь хүргэж өгөх юм. Ямар ч бизнес дамжлага дээр хамаг ашгийг хүртээд сууж байдгийг технологийн аргаар шийдвэрлэх боломжтой. Үр дүнд нь хоёр тал хоёулаа хожно.

-Технологи хөгжихийн хэрээр эсрэгээрээ цахим залилангаас эх­лээд маш их эрсдэл дагуулж байна. Бараагаа авахаас өмнө урьд­чил­гаагаа өгөөд залилуулсан хүмүүс ол­ширлоо. Баталгаатай шийдэл байна уу?

-Манай компани үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж байна. Аль аль талаас нь шалтгаалах асуудал цөөнгүй гарна. Ихэнхдээ төрийн үйлчилгээнээс болж тээвэр гацах, саатах тохиолдол элбэг. Тэр болгонд чадах хэмжээндээ хичээгээд гомдлыг шуурхай барагдуулаад явдаг. Ер нь хэрэглэгч ямар нэг байдлаар мөнгө төлсөн л бол бид бүрэн баталгаа гаргаж өгөх ёстой. Үнэхээр давагдашгүй хүчин зүйлээс болоод эрсдэл гарвал мөнгийг нь буцааж өгч хохиролгүй болгох зарчмаар ажилладаг. Энэ бүх үүрэг, хариуцлагыг аппликейшн дээр цахим үйлчилгээний нөхцөлөөр зохицуулж ба­тал­гаажуулсан гэсэн үг. Өөрөөр хэл­бэл, эрх зүйн үүднээс үүрэг хүлээж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)

 

 

Баяр хүргэе амжилт хүсье сонирхолтой санагдлаа👍
Сэрэмжлүүлэг: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно

Өчигдөр 09 цаг 37 мин
Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь ашигтай ажиллажээ

Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажиллажээ

Өчигдөр 09 цаг 30 мин
Дэлхийн монголчууд хэрхэн наадав

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа гадаад улсад амьдарч буй монголчуудаас Монгол наадмын ач холбогдлын тухай хариулт авснаа хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гөхөл, сүүл боож хусуур зүүсэн эмэгтэй

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилжээ

Шинээр бүрэлдсэн парламентад дөрвөн аймгийн Засаг дарга гишүүнээр сонгогдсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Хамгийн бага төсөвтэй Олимпын наадам “Парис-2024”

Ердөө долоохон хоногийн дараа хүн төрөлхтний энх тайвны бэлгэ тэмдэг спортын

Өчигдөр 06 цаг 00 мин
Байнгын хорооны дарга нарын  хэн нь хэн бэ?

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар зарим байнгын хорооны бүтцийг баталж

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Дунгаамаа: Ээждээ хөтлүүлээд театрынхаа босгоор алхсан

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр мэдээ” булангийнхаа дугаарын зочноор

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Л.Энх-Амгалан: Амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Уржигдар 14 цаг 21 мин
Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна

Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна

Уржигдар 10 цаг 44 мин