Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

2024-05-15
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн намууд доторх “марафон” өчигдрөөс эхлэв. Нам, намд л нэр дэвшүүлэлттэй холбоотой яриа хөөрөө дүүрэн байх шиг байна. Тэр ч тодорхой, намууд нэр дэвшигчдээ тодруулах ердөө тав хоног үлдсэн.

 

Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу

 

Уг нь намууд УИХ-д нэр дэвшүүлэхтэй холбоотой байр сууриа эртнээс илэрхийлж байсан. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “...МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ны дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна. МАН-ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсэж байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна. МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавин ажиллаж байгаа” гэсэн.

Харин АН-ын генсек Э.Одбаяр “…Нэр дэвшилт ярих хуулийн хугацаа болоогүй байна. УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа, хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Тавдугаар сарын сүүлээр хуульд заасан хугацаа нь болж, нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэж байв.

Эндээс МАН ч, АН ч нэр дэвшүүлэхдээ хэн рейтинг сайтай байна, түүнийг тухайн тойрогт илгээж эсвэл жагсаалтад бичихээ хэлж байжээ. Яг үүгээр болж, олон нийтийн саналаар нэр дэвшигчид нь тодорвол зөв л дөө. Ус, тосоороо ялгараад л гараад ирнэ.

Гэвч сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдал, эх сурвалжуудын мэдээллээс харахад амьдрал дээр арай өөр байгаа бололтой. Аль аль нам нь тойрогт хэн хэн өрсөлдөж, жагсаалтад ямар хүмүүсээ “зоох” дээрээ яриа хөөрөө ихтэй байгаа аж. Товчхондоо, энэ талаар баримталж буй зарчим дээрээ зөрчилдөж буй бололтой. АН-ынхан ил цагаан уриалга, мэдэгдэл гаргаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг хэсгээ тойрогт явуулж, нөгөөдүүл нь жагсаалтад бичигдчих гээд асуудал үүсээд байгаа юм байна. Гэхдээ олон арван жил оршин тогтнож, олон ч сонгуулийн ард гарсан улс төрийн намууд нэр дэвшигчдээ дан ганц намын үзэмж, нам доторх уур амьсгалаа харж шийдэлгүй, горилогчдод “гадна”-аас өгсөн үнэлгээг голчилж харах байлгүй дээ. Учир нь нэр дэвшүүлээд явуулсан хүмүүсийг нь УИХ-д сонгох эсэхээ иргэд, олон нийт л шийднэ.

 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...

 

Энэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд бүсчилсэн 13 том тойргоос 78, улс төрийн намуудын жагсаалтаас 48 гишүүнийг сонгуулахаар хуульчилсан. Энэ нь бараг 30 жил улс төрийн гадна амьтай голтой явж ирсэн жижиг намуудыг хөдөлгөөнд оруулсан. Үнэд ч оруулав. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Тэр хэрээр энэ удаагийн сонгуульд хэзээ ч байгаагүй олон нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байгаа юм.

Ингэхээр сонгуулийн саналын хуудас сэлтээс эхлээд сонгогчдын толгойг эргүүлсэн олон хүчин зүйл гарч ирэхээр байгааг эх сурвалжууд хэлж байна.

Гэхдээ нэр дэвшигчдийн олон, цөөн нь санал өгөхөд нөлөөлөхгүй л болов уу. Ес дэх удаагаа УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаа сонгогчдод хүндрэл биш. Учир нь сонгогчид хэдийнэ зарчмаа тогтоочихсон. Ингэж ойлгоход болно. Өнөөдөр Төрийн ордноос бусад хаана ч явсан төрийн хулгай, авлига, албан тушаалын асуудлыг үзэж чадахаа больсон нь анзаарагдана. Ийм асуудалд холбогдсон хүмүүсийн тухайд “...Хайран мөнгө, цаг хугацаа шүү” гэмээр байгаа юм. Тэгэхээр тэдгээр хүмүүс Төрийн ордон, намынхаа байран дахь хандлага, харилцаанд хууртах хэрэггүй юм. Яагаад гэхээр эрх мэдлийн өндөрлөгт хүрээд, өөрөөсөө өөр хүнгүй мэт аашилсан цаг хугацаанд цуглуулсан “хар оноо” өнөөдөр яасан ч балрахааргүй тодорсон.

Гэтэл нэр дэвшүүлэх ажиллагаанаас хамаагүй өмнө эхэлсэн горилогчдын “өөрийгөө таниулах” цуваанд том хулгайтай холбоотой яригдаж байсан олон хүн орчихсон тууж явна.

Ер нь бол том хулгай буюу төрөөс нийтэд олгосон боломжийг хулгайлсан бүх асуудлыг 30 жилээр нь энд цувуулах боломж хомс юм. Зөвхөн сүүлийн гурван жилд “нийтийн хүртээл” болсон том хулгайг ярихад хамгийн томд нь яахын аргагүй нүүрсний хулгай орно. Энэ асуудал асар өргөн хүрээтэй, айхтар олон хүнийг хамардаг. Нүүрсний хулгайгаа УИХ сонсгол хийсэн. Нүүрсний хулгайгаар шүүх ч зарим хүнийг шийтгэсэн. Гэхдээ энэ хулгайг бүхэлд нь шийдэж чадаагүй байгаа юм. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг ял эдэлж байна. “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал гадаадад “амьдарч” байна. Зөвхөн энэ хоёр хүн ам нээж, чөлөөтэй ярихад нүүрсний хулгайн нэлээд хэсэг ил болно. Тэр агуулгаараа, энэ хулгайн асуудал бараг хэвээрээ сонгуультай золгож байгаа юм. Хөгжлийн банкны зээл хуйг тоносон хэрэг хоёр ч шатны шүүхээр шийдэгдсэн. Шүүхэд шилжүүлэх явцад олонх нь сугарч үлдсэн. Шүүхээр шийдвэрлэх явцад дахиад олон нь мултарсан. Шүүхийн шийдвэрүүдийг нь прокурор эсэргүүцдэг. Ийм л байдалтай байна. “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг бас л холион бантан болчихсон. Зарим гол хүмүүс нь гадагшаа зугтчихсан. Тэгээд хэрэг нь гацчихсан. Оюу толгойн асуудал ч шүүхийн бантан болчихоод байж байна. Хамгийн гол нь эдгээр том хулгайд холбогдсон хүмүүс нэр дэвшихээр явж байгаа аж. Нэр дэвших ч биз. Энэ хэдээс гадна 2018 онд анх дэлбэ үсэрч, ил болсон ЖДҮ-гийнхэн ч “...2024 оны сонгуульд нэр дэвшинэ” гээд гараад ирж байна. Угтаа тэд 2020 оны сонгуулиар сэдэв нь халуун хэвээр байсан тул “жил өнжөөд” өнөө жил сонгуульдахаар шийдсэн бололтой. Ер нь бол нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй байна. Түүнчлэн авлига, албан тушаалын, бас хүний эрхийн эсрэг асуудалд холбогдсон хүмүүс ч “...Нэр дэвшинэ ээ” л гэж байх юм. Уг нь тэдэнд томдох ч Наполеоны “...Улс төрийн зүтлгэлтнүүдэд цагаа олоод тайзнаас буух нь зарим үед хожоотой байдаг. Ийм замаар тэд үр дүнгүй тулалдаанд өөрийгөө сүйтгэхээс сэргийлдэг. Ингэснээр тэдний нэр хүнд унахгүйгээр үл барам, харин ч эзгүй үед нь дээшилчихдэг” гэдгийг бодчихмоор байгаа юм. Гэхдээ энэ дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “...Нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсэж байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ”, АН-ын генсек Д.Одбаярын “...Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэсэн нь хэрхэхийг шийдэх үндэс нь болох биз ээ. Ер нь тэгээд нам нь “...Дэмжлээ, нэр дэвшүүллээ” гэхэд цаана нь СЕХ гэж том даваа байна. СЕХ-ноос “...Нэр дэвших эрх өглөө” гэхэд ард нь сонгогчид бий шүү дээ.

 

Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ

 

Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. Нөгөө талд, бүр цаана нь нэг л зарчим үйлчлэх шаардлага үүсээд байна. Мэдээж, улс төрийн намуудын удирдах байгууллагууд үүнийг олж харсан л биз. Тэр нь юу вэ гэхээр, олон нийтийн хүсээд, шаардаад байгаа УИХ бол “...Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүс хэрэгтэй шүү” гээд байгаа юм. Мэдлэг боловсрол, хууль тогтоох чадвар мэдээж чухал л даа. Гэвч өнөөдөр нэн шаардлагатай “шалгуур” энэ болоод байгаа юм.

Ерөөсөө энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхдээ улс төрийн намуудын анхаарах зарчим нь энэ. Хулгайч нарыг хамгаалдаггүй, хулгайг өөгшүүлдэггүй л хүмүүсээ нэр дэвшүүлж байж л улс төрийн намууд нэр хүндээ өндийлгөх боломжтой. Тийм хүмүүс дээр хэлсэн нөхдүүдээс ч олон бий л дээ. Гэхдээ хулгайч биш, хулгайг хамгаалахгүй хүмүүс нь нэг сул талтай байна. Тэдний улс төрийн нөлөө бага байна. Гэтэл улс төрийн намуудын сонгуулийн амжилт нэр дэвшигчдийнх нь нэр хүндээр хэмжигдэхээр болчихоод байдаг. Хамгийн гол нь “нөгөөдүүл”-ээсээ татгалзахын ашиг тус тухайн улс төрийн намууддаа хүртэхээр тогтохгүй юм. Тэр ашиг тус Монгол Улсад ирнэ. Тэгэхээр улс төрийн намууд тийм сонголтын өмнө иргэдийг аваачих үүрэгтэй болчихсон хэрэг. Тиймээс болдог бол улс төрийн намуудад “…Нөгөөдүүлээсээ татгалзчих” гээд зөвлөчихмөөр байгаа юм.

Ер нь бол сонгуульд санал өгдөг иргэд, сонгогчид одоо хэрсүү, бас хэцүү болсон. Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл дагасан асар их авлига, хулгай байсныг мэдчихсэн. Мэдээлэлтэй болчихсон. Нэг үгээр хэлбэл, авлигыг үл тэвчих үзэл суучихсан. Ийм байхад улс төрийн нам, СЕХ, за бүр сонгогчдын саналыг яаж ийж аваад УИХ-д орох нь намдаа ч, төрд ч томоохон эрсдэл, ихээхэн ажил чирэгдэл учруулна. Учир нь өнөөдөр шүүхээр шийдүүлэх гээд “амжаагүй” хэргүүд маргааш шийдэгдэж л таарна. Шүүх ч дандаа иймээрээ байх боломжгүй болсон. Тэгэхээр “...Улсын ерөнхий прокурорын нэр бүхий гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтэд дарагдсан УИХ байгуулах уу”, “...Улсын хөгжил, шударга ёс ярьдаг УИХ-тай болох уу” гэдгийн эхний сонголтыг л улс төрийн намууд хийх гэж байна л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 28 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 28 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 28 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 28 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 38 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин