Н.Энхболд: Монгол төрийн бодлогын залгамж чанарыг Үндсэн хуулиар хамгаалсан

2024-01-30
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн,  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ирэх сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэнэ.  Танай байнгын хорооноос эхний шатны бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажлуудыг амжуулж байна вэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Энэ удаагийн парламент Үндсэн хууль, Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гээд Монгол Улсын улс төрийн тогтолцоог бүрдүүлэх асуудлуудад томоохон реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Одоо ч реформын өөрчлөлт дуусаагүй байна. Ирэх хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль,  Улсын Их  Хурлын тухай хуулийг Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлж өөрчилнө. Мөн ирэх сонгуулийн үр дүнд парламент 126 гишүүнтэй болно.  Бүрэлдэхүүн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хурлын дэг ямар байх талаар ярилцаж байна.  Өргөн бүрэлдэхүүнтэй их хурал маань ямар дэгээр хуралдвал цэгцтэй, үр дүнтэй, цаг ашиглалт өндөр байх вэ гэдэг хувилбарыг оруулж ирж, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна.  Шинээр бүрэлдэх Их хурал маань ч тухайн үедээ Дэгийн тухай хуулиа хэлэлцэх байх.  Гэхдээ одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Их хурлаас  энэхүү хуулиудыг баталсны хувьд үзэл баримтлалыг нь боловсруулж, тодорхой ойлголтыг бий болгох ёстой гэж үзсэн.  Байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойшхи Монгол Улсын туршлага, онцлог, тулгамдаж байсан асуудлыг Дэгийн тухай хуулийн үзэл баримтлалд нь тусгана.  Одоогоор УИХ-ын Дэгийн тухай хууль, Төрийн ордны тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын дэд хэсэг байгуулсан. Хуулийн төслүүд дээр хууль, эрх зүйн орчноос гадна улс төрийн нөхцөл байдлын асуудал нэлээд орж ирнэ. Түүнийг хэлэлцүүлгийн шатанд шийдээд явна.

-Төрийн ордны багтаамжийн асуудал яалт ч үгүй яригдана.  Зарим алба, хэлтэс нүүж эхэлсэн сурагтай байсан.  Ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?

-УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.  126 гишүүнтэй болоход мэдээж багтаамжийн асуудал гарна.  Гэхдээ УИХ-ын нэг гишүүнд ногдох зардал хуучин төсвөөсөө бага байх зарчим баримталж байна. Одоо Төрийн ордонд гурван том институци үйл ажиллагаа явуулдаг.  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ нэг дор байх нь зөв үү, буруу юу гэдгийг ч ярьж байна. Үүнээс үүдэн Төрийн ордны тухай хууль гарах шалтгаан нөхцөл үүссэн гэж үзсэн.  Хуулийн төслийг УИХ-ын дэд даргын дэргэдэх ажлын хэсэг боловсруулж байгаа.

-Намрын чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэтгэлийн чуулган боллоо хэмээн тодорхойлсон.  Энэ тодотголын тухайд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ-аас баталсан хууль болгон ач холбогдлоо өгч байгаа.  Тэр дундаа 2024 оны Төсвийн хууль их онцлогтой, шинэтгэлийн шинж чанартай, заалт, хуваарилалттай орж ирж, батлагдсан. Төсөв  бол парламентын төдийгүй улс орны хувьд чухал ач холбогдолтой хууль байдаг. 2024 оны төсөв УИХ, Засгийн газраас баталгаажуулсан 2030-2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, шинэтгэлийн зорилтууд руу чиглэсэн бараг анхны төсөв болсон доо.  Бид хөгжлийн бодлогоо бүгдийг нь нэг дор, нэг төсвөөр шийдэж чадахгүй ч гэлээ алхам алхмаар тодорхой оролдлогуудыг хийсээр байна.  Энэ удаагийн төсвөөс эхлээд алдагдлыг нэмэгдүүлэхгүй, бууруулах бодлого барьж байгаа.  Мөн томоохон төслүүдээ бүсчлэн, хөрөнгө оруулалтыг шийдэх алхмыг хийлээ. Тэгэхээр энэ жилийн Төсвийн хууль бол яах аргагүй шинэтгэлийн чанартай болсон.  Нэмээд дээр хэлсэн төрийн тогтолцоог бүрдүүлэх гурван том хуулийн реформыг хийж чадсанаараа шинэтгэлийн чуулган болсон.  Ер нь улс төрийн төлөвшил, нийгмийн хандлага, хүлээлт их өөр болж байна.  Улс төрд үе солигдож байна. Энэ үе нь гэхдээ хүний настай ерөөсөө хамаагүй.  Тухайн цаг үеийнхэн асуудалд хэрхэн хандаж байгаа тэр хандлагыг л хэлээд байгаа юм.  Тэр ч утгаараа энэ хандлага их тод харагдсан, түүнийг дагаж дорвитой шинэтгэл хийсэн ийм л чуулган болсон.

-Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан.  Ирэх сонгууль бүсчилсэн тойргоор явагдана.  Манай улс өмнө нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байсан.  Ер хэр үр дүнтэй болсон бэ?

-2001 онд Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталсан.  Харамсалтай нь тэр чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж чадаагүй. Хамгийн сайн хэрэгжсэн төсөл бол яалт ч үгүй Мянганы зам.  Зам дагаж хөгжил ирсэн.   Замгүйгээр хэчнээн хөгжил яриад нэмэргүй гэдгийг тухайн үед ярьж байсан.  Энэ төсөл маань олон төрийн нүүр үзэж, янз бүрийн асуудалтай тулгарсан ч өнөөдөр амжилттай хэрэгжиж дууслаа.  Энэ бол бүсчилсэн хөгжлийн нэг суурь бодлого байсан. Сонгуулийн тогтолцооны хувьд жижигсгэсэн тойргоор явж ирсэн нь сул талтай.  Аймгуудыг нэг тойрог болгоод, сум ярьдаггүй тогтолцоо руу бид орсон ч буцсан асуудал бий. Мөн тухайн үед бүсийн зөвлөл гэж байгуулаад бүсийн төв гэж нэрлэгдсэн аймгуудын удирдлага нь бүсийн асуудлыг ерөнхий байдлаар хариуцаж явах тухай яриа ч гарсан.  Гэсэн ч практик дээр хэрэгжиж чадаагүй.  Энэ нь эргээд эдийн засаг, төсөв хуваарилалттай  холбоотой байсан.   Мөн нийгэмд ерөнхий уур амьсгал нь бүрдээгүй байсан болов уу.  Нөгөө талаар 76 жижиг тойрог маань тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдэж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй.   Харин одоо бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх бүхий л нөхцөл боломж нь бүрдсэн байна.  Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн тухайлсан заалт хүртэл бодит хувь нэмэр оруулна.   Бид Үндсэн хуульдаа Монгол төрийн бодлого залгамж чанартай байх тухай агуулгыг оруулж баталсан.  Энэ эрх зүйн шинэчлэл нь хөгжлийн шинэтгэл, өөрчлөлтийг зоригтой хийх суурь болж байна. Өмнө нь хөгжлийн томоохон төслүүд төрийн залгамж бодлого байхгүйгээс гацдаг, царцдаг байсан.  Тухайлбал, эрчим хүчний асуудал байна.  Цахилгаан станцтай болж чадаагүй байгаа нь төрийн  залгамж чанар байхгүйтэй холбоотой.  Цаашлаад төмөрлөгийн үйлдвэр, нефтийн үйлдвэр гээд хөгжлийн бодлогууд гарч ирсэн ч одоог хүртэл бид тодорхой үр дүнд хүрч чадаагүй л байна.

-Тэгэхээр төрийн бодлогыг ямар нэгэн хүчин зүйлээс шалгаалан гацаавал Үндсэн хууль зөрчсөнд тооцох нь.  Тийм үү?

-Тийм ээ. Төрийн залгамж чанарыг хэрэгжүүлэхгүй  бол Үндсэн хууль зөрчсөнд тооцдог ийм тогтолцоотой болж байна. Хэдхэн үгтэй заалт боловч асар их ач холбогдолтой.  Ер нь XX зуунд хурдацтай хөгжсөн Азийн бар орнуудын хөгжлийн нууц нь захиргаадалт, диктатурын засаглал байсан гэж ярьдаг.  Улс орон тодорхой зорилго тавиад түүндээ хүрэхийн зарим зүйлийг золиослож, тууштай зогссон. Манайх бол ардчилсан улс.  Тэр улсууд шиг диктатураар биш ч гэсэн хууль эрх зүйн хүрээнд залгамж бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

-Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг шинэчлэн баталсан.  Та энэхүү хуулиудын шинэчлэл дээр манлайлж ажилласан.  Хуулиудын үзэл санаа, хэрэгжилт хэр хангагдаж байна вэ?

-1992 онд Үндсэн хууль шинээр батлагдаж, бид шинэ нийгэмд шинэ зохицуулалтаар амьдарч эхэлсэн.  Тэр үед бүх л хуулиа шинэ Үндсэн хуульд зохицуулж өөрчилсний нэг нь Төрийн албаны тухай хууль юм.  Тэр үеэс эхлэн төрийн алба мерит буюу чадахуйн зарчмаар хүмүүсээ сонгож, дэвшүүлдэг ийм тогтолцоо руу орсон.  Нэг намын удирдлага, үзэмжээр биш шинэ нийгмийн зарчмаар шинэчлэгдэж ирсэн гэхэд болно.  Тэр үед миний бие яг энэ асуудлыг хариуцсан Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. Төрийн алба, төрийн албан хаагч ямар байх ёстой вэ гэдгийг  НҮБ-ын хөтөлбөрийн тусламжтайгаар ардчилсан улс орнуудын хуулиудаас туршлага судалж, тодорхойлсон гэхэд болно.   Түүнээс хойш Төрийн албаны тухай хуульд 2-3 удаа өөрчлөлт орсон.  Энэ дундаа шинэчлэн найруулж, томоохон өөрчлөлт реформ хийх ажлыг манай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, би ажлын хэсэгт нь орж ажиллаж байлаа.  Төрийн албаны зөвлөл гэж зохицуулалтын байгууллага байгуулсан.   Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай бие даасан хуулийг мөн баталсан.  Энэ бүхэн цогцоороо Монгол Улсын төрийн албаны өнгө төрхийг тодорхойлж байна. Алдаа, оноотой зүйл бий. Ойлгох нэгэн байхад ойлгохыг ч хүсдэггүй тал бий. Гэсэн ч төрийн алба алхам алхмаар сайжирч, төлөвшиж, соёлжиж байгаа.  Шүүмжлэлтэй зүйл бий ч гэлээ эрх зүйн зарчмаасаа ухраагүй, илүү боловсронгуй болж байна.  Сүүлийн 30 жилд нийгэмд, төрийн албанд яалт ч үгүй ёс зүйн асуудал гарч ирсэн.  Тэгэхээр хөгжлийн шаардлагаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай болсон гэж болно.    Энэ  хууль нь төрийн албыг илүү олон нийт руу чиглүүлсэн, хариуцлагатай болгож, төлөвшүүлсэн эрх зүйн зохицуулалт болсон.

-Намрын чуулганы төгсгөлд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хүн бүрд эзэмшүүлэх тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлах асуудал яригдаж байгаа.  Хуралдах тов бий юу?

-“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны өгөөжийг иргэдэд олгох асуудал яригдаж, УИХ тогтоол баталсан.  Энэ талаар парламент дотор хоёр байр суурь байсан.  Нэгдүгээрт,  “Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниуд бие даан үйл ажиллагаа явуулж байгаа тусдаа ТУЗ-тэй компаниуд. Яг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол компаниуд хувьцааны ногдол ашиг тараах эсэхээ өөрсдөө шийдэх зохицуулалттай. Нөгөө талаар энэ компаниуд маань нийгэм, эдийн засагт нэлээд өндөр нөлөөтэй, Монголын төрийн өмчийн томоохон компаниуд.  Тийм учраас асуудлыг нь парламентын түвшинд шийдэх шаардлагатай гэж үзсэн.  Ингээд парламент тогтоол баталж, түүнийг үндэслэн ээлжит чуулган зарлахгүйгээр хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг тодорхой түвшинд судалж байгаа байх.   Одоогоор ээлжит бус чуулган зарлах асуудал эцэслэгдээгүй байна.

-Ирэх хаврын чуулганаар Ерөн­хийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна.   Ямар өөрчлөлт хийхээр төлөвлөөд байна?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг.  Гэхдээ үе үеийн Ерөнхийлөгч нар нийт ард түмнээс сонгогдсон жинтэй субъектын хувьд тухайлсан хуулиудад өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтуудыг оруулсан байдаг. Энэ бол Үндсэн хуулиас давсан эрх мэдэл шүү дээ.   Хуулийн заалтгүй ч гэсэн улс төрийн агуулгатай шийдвэрүүд гаргаад байдаг. Энэ бүхнийг хуулийн хүрээнд цэгцлэх шаардлагатай гэж үзсэн.  Мөн Үндсэн хуульд  Ерөнхийлөгч ийм эрх мэдэлтэй байна. Өөр давуу эрх өгөхийг зөвхөн хуулиар шийднэ гэсэн агуулгатай өөрчлөлт орсон.  Энэ дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд Үндсэн хуульд нийцүүлж нэмэлт өөрчлөлт оруулна.

-Саяхан өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн Төрийн ордонд ирж УИХ-ын даргатай уулзаж, тухайлсан хууль дээр эсэргүүцлээ илэрхийлсэн.  Энэ талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуучин Ерөнхийлөгч нарын эрх үүргийг Ерөн­хий­лөгчийн тухай хууль то­дорхой заахгүй бол, ёс зүйгүй үйлдэл гаргасаар байна гэсэн байр суурь илэр­хийлж байлаа.  Энэ тухай заалт орох уу?

-Ер нь аливаа нийгмийн харилцаа, улс төрийн соёл гэдэг зүйл уламжлалаараа, ёс зүйгээрээ хад­галаг­дан үлдэх нь түгээмэл байдаг.  Ерөн­хий­лөг­чөөр ажиллаж байсан хүмүүс тэгж болно, болохгүй гэж хуульд зааж болно. Заахгүй ч байсан болно.  Энэ харилцаанд ёс зүйн зарчим нь тууштай мөрдөгдөөд явдаг улс орнууд олон бий.  Нэгэнт Төрийн өндөрлөг болоод буусан бол ёс зүй, заншил уламжлал, нийгмийн сэтгэлгээ энэ бүхэн зүйлтэйгээ л үлдэх хэрэгтэй л дээ. Одоогийн хуулийн өөрчлөлтөд энэ асуудлыг тусгаагүй.  Шинэ нийгэмд амьдарсан 30 жилийн түүхээс харахад магадгүй хуульд ийм заалт ороход болохгүй  ч юм байхгүй гэсэн хувь хүний байр суурьтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 20 (7264)

 

 

"Халхын голын тангараг"

"Халхын голын тангараг"

Уржигдар 09 цаг 00 мин
Хотод залуучуудын ирц бага байна

Хотод залуучуудын ирц бага байна

2024-10-11
Нийслэлийн алслагдсан дүүргийн ирц өндөр байна

Нийслэлийн алслагдсан дүүргийн ирц өндөр байна

2024-10-11
Өвөл хэрхэн дулаахан бас загварлаг хувцаслах вэ

Өвлийн улирал хүйтэн, бэрхшээл ихтэй байдаг ч энэ нь та заавал ду

2024-10-11
Ховор баримт, бичмэлтэй үзэсгэлэн

Ховор баримт, бичмэлтэй үзэсгэлэн

2024-10-11
Халх голын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт боллоо

Халх голын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт боллоо

2024-10-10
Шүүхээс Ч.Ганхуягт торгох шийтгэл ногдуулжээ

Шүүхээс Ч.Ганхуягт торгох шийтгэл ногдуулжээ

2024-10-10
Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ?

Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ?

2024-10-10
ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

2024-10-10
П.Дэлгэрнаран: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

П.Дэлгэрнаран: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

2024-10-10