З.ЦЭЦЭГ
Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зөрчилдөөнтэй нөхцөл байдлын дунд сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэх гэж байна. Үүний зэрэгцээ Бээжин хоёр орны удирдагчдын зургаан сарын дотор харилцан айлчлал хийж буйг "түүхэн чухал үйл явдал" хэмээн онцолж байна.
Ши Жиньпиний АНУ-д хийх төрийн айлчлал есдүгээр сарын 23-25-ны хооронд (Бээжингийн цагаар) үргэлжлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагчийг онгоцны буудлын талбайд биечлэн угтан авахаар төлөвлөж байгаа нь түүний хувьд ховор тохиолдох алхам юм.
Ши Жиньпин АНУ-д анхны төрийн айлчлалаа 2015 оны есдүгээр сард хийсэн бөгөөд энэ үеэрээ Сиэтл, Вашингтон хотуудаас гадна Нью-Йорк хотод очиж, НҮБ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнд оролцсон юм. Үүний дараа тэрээр 2016 онд Вашингтон хотод болсон Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дөрөв дэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д айлчилж, 2017 онд Флорида муж дахь "Мар-а-Лаго" харшид Д.Трамптай уулзсан бол 2023 онд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сан-Франциско хотод айлчилсан байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакунь өмнө нь мэдэгдэхдээ, айлчлалын үеэр Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай хоёр талын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжилтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэнэ гэдгийг онцолж байв.
Ши Жиньпиний айлчлалын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийсэн ярианыхаа үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Хятад, АНУ-ын харилцаа сүүлийн үед бүтээлч стратегийн тогтвортой байдлын замаар урагшилж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэхэд хувь нэмрээ оруулж байна гэж тэмдэглэжээ.
Түүний үзэж буйгаар, Бээжин, Вашингтон хоёр тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан дээд түвшний ойрын уулзалтуудад бэлтгэх, харилцаа холбоогоо бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа ахиулах, санал зөрөлдөөнийг зохицуулах, мөн бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх шаардлагатай байна.
Бээжин хотноо болсон Сяншань форумын үеэр Хятад-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын хүлээлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ Цинхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн судалгааны төвийн захирал Да Вэй уг уулзалтын үр дүн хязгаарлагдмал байх болно гэдгийг онцолжээ. Түүний үзэж буйгаар, үүний гол шалтгаан нь Трампын засаг захиргаа үр дүнтэй дээд хэмжээний уулзалт хийхэд хангалттай бэлтгэлгүй байгаа явдал юм. Хятадын тал хамаагүй илүү сайн бэлтгэлтэй байгаа хэдий ч "бүжигт хоёр хүн хэрэгтэй" (хамтын ажиллагаанд хоёр талын оролцоо чухал) гэж тус шинжээч тэмдэглэжээ.
Тэрээр айлчлалын дараа талууд тариф болон ховор металлын талаар мэдэгдэл гаргах магадлалтайг тэмдэглэв. Мөн хиймэл оюун ухааны талаарх эхний шатны яриа хэлэлцээ, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар хэлэлцүүлэг өрнөж магадгүй юм. Хятадын тал айлчлалын хөтөлбөр болон хэлэлцээрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Ройтерс өмнө нь мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан мэдээлснээр Ши Жиньпин айлчлалын үеэр Трампаас Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг шаардах болно гэж мэдээлсэн. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс хариуд нь Ираныг тойрсон мөргөлдөөнийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж магадгүй юм.
Ши Жиньпиний Вашингтон дахь айлчлал нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн удирдагчдын энэ онд хийх биечлэн уулзах сүүлийн уулзалт байна гэж таамаглахгүй байна. Учир нь арваннэгдүгээр сард Хятадын Шэньжэн хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон 12 дугаар сард Майамид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ч мөн уулзалтууд хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn