Х.Баттулга: Солонгосуудтай, германуудтай “Коксын үйлдвэр барьчих, 30  жил түүхий эд нийлүүлэх Засгийн газрын баталгаа гаргая” гэж ярьж байна

2023-09-15
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь 

СҮ.БАТБОЛД: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТАВАНТОЛГОЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ОЛОН ЖИЛЭЭР УХАРНА

Х.БАТТУЛГА: УРАГШАА НАРИЙН ЦАРИГТАЙ ЮМ УУ, ХИЛ СЭТЛЭЭД ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХ ЮМ БОЛ ӨНӨӨДРИЙН ЯРИАД БАЙГАА ЮМ МОНГОЛД ШИНГЭХГҮЙ

ЕРӨНХИЙ САЙД СҮ.БАТБОЛД: ЭНД ТӨРИЙН МЭДЛИЙН ТАВАНТОЛГОЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА, ТЭНД БАЙГАА КОМПАНИУДЫН АСУУДАЛ ТУСДАА

 

УИХ-ын гишүүн Д.Энхбат:

-Нэгдүгээрт, Тавантолгойг дотоод, гадаадын гэж хоёр хэсэгт хуваана гэж байна. Энэ хоёр компанийн өрсөлдөөнийг яаж зохицуулах гэж байна вэ? Ер нь Монголын том том нүүрсний уурхайнууд Хятадын зах зээл дээр дотооддоо ширүүн өрсөлдөөн болно. Монголын өнгөрсөн туршлагаас харвал бүгдээрээ үнээ унагаана. Монголд энэ нүүрсний зах зээлийн зохицуулалт буюу экспортын асуудлыг одооноос  ярьж байна уу. Хятадын, Монголын, гадаадын энэ олон нүүрсний уурхайнуудын өрсөлдөөнийг яаж зохицуулах юм бэ. Энэ чинь Монгол Улсын стратегийн түүхий эдийн үнийг навсайтал унагаана. Хоёрдугаарт, өнөөдөр Хятадын хэвлэлүүд, дэлхийн хэвлэлүүдэд Өвөрмонголд байрлаж байгаа томоохон металлург, кокс-химийн үйлдвэрүүд маш их бохирдолтой учраас түүнийгээ Монгол руу шилжүүлэхээр ярьж байна гэж бичсэн байгаа. Энэ кокс-химийн бохир үйлдвэрлэлийг Монголд оруулж ирэх гэж байгаа юм уу. Кокс-химийн ямар бүтээгдэхүүн гаргах гэж байна вэ. Тэр нь үнэхээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх юм уу. Миний асуулт бол өрсөлдөх чадварын тухай ярьж байгаа.  Хятадад гаргаж байгаа нүүрсийг цэвэрлэдэг. Хогийг нь Монголд үлдээдэг. Ноолуур ноосыг манайд угааж байгаатай яг адилхан. Туул голд бүгдийг нь хаядаг.  Цэвэрхэн ноолуурыг нь Хятадад гаргадаг. Энэ зам руу л шилжих гэж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Гуравдугаарт, төмөр зам барьж байгаа газруудыг харахаар дандаа хүнгүй, уурхайнуудтай байна. Байгалиасаа хүн сууж байгаагүй. 40-50 жил уурхай байна. 50 жилийн дараа уурхай нь дуусахаар дахиад л балгас болно. Яагаад гэвэл хүн тэнд амьдрахгүй. Ус байхгүй. Энэ үед хот байгуулалт буюу соёл иргэншлийн асуудал нь уурхайныхаа  проблемтой зөрчихөөд байна. Яагаад бид нар энэ уурхай дээр соёл иргэншил, Монгол Улсынхаа хөгжлийн асуудлуудыг төвлөрүүлж, хамт шийдээд байгаа юм бэ. Бид нарын 5-10 жилийн өмнө ярьж байсан алтан гурвалжин гээд Эрдэнэт, Улаанбаатар, Дархан гээд ярьж байсан зүйлүүд маань хаачсан бэ. Бид дэндүү уурхайгаар Монгол Улсаа төсөөлөөд байгаа юм биш үү?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Ер нь бид нар асуудлыг төрийн бодлогын үүднээс хандаж шийдье гэсэн ийм зарчим барьж байгаа. Тэнд  зах зээлийн утгаар нь ч тэр, үйлдвэрлэл утгаар нь ч тэр. Мэдээж хэрэг үүнд чиглүүлж ирэхдээ бид нар байгаль орчин, мөн техник, технологийн нөхцөл, тэр дотор дэд бүтэц, ус, бусад нөхцөлүүд энэ бүгдийг харгалзаж, мэргэжлийн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлийг энэ дээр  үндэслэж гаргах ёстой. Зах зээл гэдэг утгаар нь ч тэр, бид нар хандсан. Ер нь тодорхой бүлэг юм уу, эсхүл гаднын нэг том компани руу чиглэсэн бодлого байхгүй ээ. Бид “Эрдэнэс Монгол” гэж төрийн өмчийн томоохон компаниараа энэ бодлогоо явуулна. Гэхдээ Засгийн газар хооронд энэ зарчмын бодлогын яриа хэлэлцээнүүд хийгдэх учиртай.

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Тавантолгой орд газрыг дотоод, гадаадын гэсэн хоёр хэсэгт хуваахгүй. “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани нь 100 хувь энэ лицензийг өөрөө эзэмшинэ. Энэ лицензтэй талбайг өөрөө эзэмшээд нэг хэсэг дээр нь өөрөө олборлолтын үйл ажиллагаа явуулаад, нөгөө хэсэгт нь транзит тээврийнхээ асуудлын урьдчилгàа төлбөр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө оруулагчтай хамтран ашиглана. Хамтран ашиглахдаа нүүрснийхээ тодорхой хэсгийг өөрөө авна. Ийм хэлбэрээр ашиглана. Энэ хөрөнгө оруулагч нь заавал гадаадынх ч биш,  дотоодынх, сонгон шалгаруулалтаар шалгаруулна. Хэрэв гадаадын аж ахуйн нэгж энэ сонгон шалгаруулалтад оролцох юм бол заавал дотоодын хамтрагчтай орж ирнэ гэдэг шаардлагыг тавьсан. Хоёр дахь асуулт, энэ нүүрсний  үнэ, ялангуяа орон нутгийн өмчийн зарим уурхай дээр зах зээлийн үнээс маш доогуур хэмжээгээр зараад татвараас бултаж зайлж байгаа гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлтүүд урьд өмнө гарч байсан. Тодорхой хэдэн төгрөгөөр зарсан болоод татвараа төлөөд, дараа нь ашиг орлогоо Бээжинд очиж хуваадаг. Тийм яриа, мэдээлэл ч бидэнд байна. Холбогдох газруудаас мэдээллийг нь авсан. Үүнийг бид зориуд лавлаж, шалгаж УИХ дээр мэдээлнэ. Ямар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна вэ. Ямар татвар төлж байна вэ. Яагаад ийм татвар төлж байгаа вэ гэдэг асуудлыг шалгах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс жишиг үнэ тавьж байгаа. Үүний дагуу татварыг авдаг. Тэгэхдээ ашиг орлогынхоо  татварыг төлөхдөө нуун дарагдуулсан байдал маш их гарч байгаа. Үүнийг бид нухацтайгаар шалгаж мэдээллийг өгнө. Боловсруулах үйлдвэрийн хувьд бол коксын үйлдвэр ер нь байгаль орчны бохирдлын хувьд хамгийн их сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэдгийг бид мэднэ. Өнөөдөр дэлхийн коксын үйлдвэрийн зургаа гаруй хувийг эзэмшиж байгаа Япон улс ялгаагүй маш өндөр технологитой, байгаль орчны бохирдлыг бууруулах ийм хэмжээний технологи байна. Нэг куб метр төмрийн ган хийхэд нэмэлт 130 орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар жишээлбэл байгаль орчны өнөөдрийн энэ өндөр хэмжээний технологийг хэрэглэж болж байна. Энэ технологийг бид нар судалж байгаа. Төмөр замын хувьд Х.Баттулга сайд хариулах байх. Бид нар орд газруудыг түшиглэж төмөр зам татахаасаа илүү Монголын хөгжлийн ирээдүйд чиглэж төмөр замын бодлогыг гаргасан юм. Алтан гурвалжингийн бодлого бол ялгаа байхгүй боловсруулах үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэсэн. Энэ бодлого дотроо Дарханд металлургийн үйлдвэр, гангийн үйлдвэр, дээрээс нь зэс хайлуулах үйлдвэр, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гэсэн энэ алтан гурвалжин дотроо энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашилбал зэс утас хийх гэсэн олон үйлдвэрлэлийг хөгжүүлэх тийм бодлого байгаа. Энэ хот газруудыг цаашид авч явах бололцоо гарах уу, үгүй юу гэдэг бол бид нараас шалтгаална. Өнөөдөр Эрдэнэт ч  гэсэн ЗО жилийн дараа нөөц нь дуусахад юу хийх вэ гэдэг асуудлыг бид шийдэх ёстой.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:

-Том уул уурхайн асуудлыг шийдэхдээ дэд бүтцийн асуудлаа шийдэх талд уг нь Тавантолгойгоос өмнө төмөр замын асуудал бэлэн болоод З-4 сарын өмнө зүтгүүлээд явж байгаа юм. Одоо УИХ дээр байгаад байгаа юм.  Энэ том уурхайн дэд бүтэц нь төмөр зам байх юмаа гэдгээр хийгдэж байгаа. Түүнээс хүнээ дагасан төмөр зам байж болох л байх. Гэхдээ хөгжлийн дараагийн алхмаар оруулъя. Хүний төвлөрлийг дагасан, ахуйн хэрэглээний төмөр замыг түрүүлээд тавина гэдэг бол эдийн засгийн хувьд учир дутагдалтай байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан Төмөр  замын баримт бичигт энэ талд яг “а”, “б”-гүй унших юм бол  бүгдийг нь зургаар зураад, үгээр бичээд илэрхийлсэн.  Хот байгуулалтын хувьд уурхайгаа дагаад хүн амьдарна. Цаашаа Тавантолгойг бид нар одоогийн ТЭЗҮ-гээр ашиглахад дор хаяж, 150-200 жил гэж байгаа. Тэгэхээр тэнд үр удмаараа хүмүүс амьдрах юм чинь түүний хотжилтын асуудлыг хот хэлбэрээр нь шийдэхээс өөр аргагүй. Тийм учраас хот байгуулалт гэдэг юм бол уурхайгаа дагаж орж ирэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл уурхай дээр хүн ажиллана гэсэн үг. Усны асуудал өөрөө их хэцүү. Өнөөдөр бид Сайншандыг яагаад тоочиглоод байна вэ гэхээр жил зургаан сар орчим судалгаа хийсэн. Ингээд 78-80 хувьд Сайншандын усны судалгааг олоод бэлэн болгосон.  Тийм учраас усны асуудлыг дагаж аж үйлдвэрийн парк гэдгийг төвлөрүүлээд байгаа юм. Аж үйлдвэрийн паркийг бид нар бусад орны хөгжлийн туршлагыг үндэслээд нэмүү өртгийг бий болгоод, өртгийг буулгах зүгээс нэг газраа төвлөрүүлж бариад байгаа юм.  Тийм учраас Сайншандад 78-80-аад онд усны нөөц нь тодорхойлогдсон учраас энэ дээр мөн төмөр замын сүлжээ, огтлолцол дээр барьсан байж байгаа юм. Коксын үйлдвэр гэж ярилаа. Коксын борлуулалт дэлхий дээр өөрөө их хязгаарлагдмал. Өнөөдөр бид нар солонгосуудтай танай технологиор энэ коксын үйлдвэрийг ингээд ороход танайх үйлдвэрээ барих уу гэхэд барина гэж байгаа. Гэхдээ манайхаас ЗО жил тасралтгүй түүхий эд нийлүүлэх боломжийг танай Засгийн газар гаргаж өгөх үү гэдэг асуудлыг тавьдаг. Европ талдаа бид нар германуудтай энэ талаар ярьж  байгаа. Танай стандарт, танай технологийг  Монголд нутагшуулъя. Танайх хөрөнгөө оруул, бид нар мөн ЗО жил энэ коксын үйлдвэрийг чинь түүхий эдээр хангахад Засгийн газар баталгаа гаргая гэдэг хэлбэрээр явж байгаа юм. Тийм учраас энэ дэлхийн том коксны үйлдвэрүүд өөрсдөө технологийн дагуу стандарттай орж ирнэ. Эргүүлээд түүхий эдээ өөрсдөө борлуулах баталгаатайгаа орж ирж байгаа гэж хариулъя.

БОАЖ-ын сайд Л.Гансүх:

-Ерөнхийдөө  усны нөөц хангалттай. Ганцхан ямар маягаар хэрэглэх вэ, яаж ашиглах вэ гэдэг дээр тодорхой зохицуулалтууд хэрэгтэй. Тавантолгой орчимд нэлээн олон газрууд тодорхой хайгуулын лиценз, олборлолтын лиценз авчихсан. Тэд нарт ямар байдалтай усны асуудлыг зохицуулах вэ гэдэгтэй холбоотой менежментийн асуудал байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)

 

Г.Шижирбат ялна

Г.Шижирбат ялна

Уржигдар 18 цаг 08 мин
Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Уржигдар 15 цаг 52 мин
Ерөнхийлөгч М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гаргажээ

М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Уржигдар 15 цаг 12 мин
СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

Уржигдар 15 цаг 07 мин
Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Уржигдар 13 цаг 59 мин
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

Уржигдар 06 цаг 00 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

Уржигдар 06 цаг 00 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

Уржигдар 06 цаг 00 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

Уржигдар 06 цаг 00 мин