Дашийн Бямбасүрэн: Үе үеийн Засгийн газрын зөв бодлого, сайн жишиг тууштай үргэлжлэх ёстой

2023-09-06
Нийтэлсэн: Админ
 29 мин унших

Тэдний гадаа очоод “Танайх чинь ямар сайхан ой дотор шахам амьдардаг юм бэ” гэхэд “Өө хүмүүс тэгдэг юм. Манайхыг энд газар авахад улаан халцгай байсан. Хүүхдүүдтэйгээ мод тарьсаар ийм болсон. 1.500 гаруй мод, бут тарьсан даа” хэмээн өгүүлсээр гэртээ урьсан Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй хуучилснаа толилуулъя.

 

-Сайхан зусаж байна уу. Та одоогоор юу аязнаж байна даа.

-Гойд хийсэн юмгүй дээ. Гэхдээ яаж зүгээр байх вэ. “Монгол хүний оршихуй” гээд ном бичиж байна. Улс үндэстнүүд өөрсдийн үзэлтэй болж байхад бид дуугүй байж болохгүй биз дээ. 

-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап манай улсад айлчлаад буцлаа. Та энэ айлчлалыг юу гэж харж байна вэ?

-Ер нь түүхэн талаасаа Монголчууд Гэгээн Ширээт хэмээн нэрлээд байгаа Ватикан улстай эртний харилцаа холбоотой байсаар ирсэн. Тэгэхээр Монголын их хаадын үйл хэрэг үргэлжилж, Монголын их түүх үнэн, бүтэн болж байгааг хараад баяртай байна. Энэ бол Монгол Улсын гадаад харилцааны бодлогын том үйл явдал, амжилт гэж бодож байна. Нэг тэрбум 300 сая дагагчтай шашны оюун санааны удирдагч, жижиг ч гэсэн бие даасан улсын төрийн тэргүүн Монголд ирнэ гэдэг Монголыг дэлхий нийтэд оюун санааны эрх чөлөөтэй орон гэдгийг харуулсан, дэлхийн анхаарлыг Монголд хандуулсан өндөр ач холбогдолтой айлчлал болсон гэж бодож байна.

-Олон улсын харилцаа гэснээс гуравдагч хөрш, төвийг сахих тухайд та юу гэж боддог вэ?

-Бид хоёр хөршөөрөө битүү хүрээлэгдсэн улс. Энэ хоёр улсаар дамжиж байж л бусад улс руу хүрдэг. 1990 оны наймдугаар сарын 1-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр манай улсад айлчилсан юм. Ордонд түүнтэй яг яриагаа эхлэх гэж байтал утас нь хангиналаа. Гэтэл Ерөнхийлөгч нь Ирак улс Кувейт руу довтолсон талаар мэдээлсэн байдаг юм. Тиймээс бидний уулзалт ахархан хугацаанд болсон ч уулзалт эцэслэхэд тэрбээр “Монгол Улсыг гурван хөрштэй гэж бодож байгаарай. АНУ танай гуравдагч хөрш больё” гэж хэлээд салсан. Тэр үед мөн барууны бусад улс орнуудтай харилцаа холбоо тогтоох ажлууд явж байлаа.

1991 оны зургадугаар сарын 17-нд НҮБ-ын төв штабт Монгол Улсыг дэмжигч орнуудын бүлэг гэж байгуулж, миний бие анхны уулзалтад нь оролцож байлаа. Манайх хүсэлт гаргасны дагуу Монголыг дэмжигч 12 улс нэгдсэн байдаг. Тэдгээр орнууд “Бид танай хөрш. Танайхыг хөршийн ёсоор тусалж дэмжье” гэсэн тэр үеэс эхлэн гуравдагч хөрш гэдэг ойлголт бий болсон л доо. Ингээд Монголд тэдгээр 12 улсаас олгох тусламж дэмжлэгийн зохицуулагчаар нь Япон Улс байхаар тохиролцсон юм.

Сарын дараа Япон улсын Ерөнхий сайд Кайфу Тошики Монголд айлчилсан тэр цагаас гуравдагч хөршийн харилцаа, ойлголт утгаараа эхэлсэн. Монгол Улсыг хүнд хэцүү байхад Олон улсын валютын сан, Дэлхийн банк гишүүнээр элсүүлж байлаа. 1990 оны тавдугаар сарын 1-нд Олон улсын валютын сан дээр очсон анхны монгол хүн нь би байв. Гэтэл нэлээд настай нэг эр надтай илт дээрэнгүй байдалтай уулзах юм. Тэр “Танай улс манай хаалгаар орж ирэхийн тулд хоёр нөхцөл хангасан байх ёстой. Нэгт, та нар коммунизмаас салах ёстой. Хоёрт, АНУ, Япон, Франц гэх мэт улс орнуудаас зөвшөөрөл авах ёстой” гэж байна. Би түүнд мэдээлэл муутай байгааг нь хэлээд хаяад гарлаа.

Тэгээд тавдугаар сарын 4-нд Америкаас буцахын өмнөхөн нэг хүлээн авалтад оролцож байтал Валютын сангийн газрын дарга гэх дөчөөд насны нэг хүн ирж гар бариад “Уучлаарай, тантай уулзсан манай захирал үнэндээ Монголын талаар мэдээлэл муутай байсан байна. Та бүхнийг өргөдөл өгсөн даруй бид гишүүнээр элсүүлэх болно” гэж билээ.

Материалаа ч бүрүүлж өгсөн. 1991 оны хоёрдугаар сарын 13-нд буюу цагаан сарын битүүний өдөр Монголын ард түмэнд амжилт хүсэж, гишүүнээр элсүүлснээ мэдэгдэж байлаа. Ингэснээр Монголыг дэмжигч гуравдагч хөршүүдийн санхүүгийн хаалга нээгдсэн дээ.

-Та энэ үед Ерөнхий сайд байсан. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд шилжих хамгийн хэцүү үед. Тэр үед улсын төсөв хир байв. Юм юм ховор, бэрх байсныг миний үеийнхэн ч гадарлана. Одоотой харьцуулахад ямар байв?

-1990 онд буюу Монголд ардчилсан хувьсгал эхэлж байхад манай улс социалист орнууд дотроо хамгийн буурай хөгжилтэй, ядуу орон байлаа. 586 сая шилжих рублийн экспорт гаргадаг. Түүний 85 хувь нь ЗХУ, үлдсэн нь Европын бусад социалист орнууд руу чиглэдэг. Япон руу жаахан ноолуур гаргадаг, нэг хувь ч хүрдэггүй байлаа. Экспортын орлого дээр нэмээд 704 сая шилжих рублийн зээл авч амьдардаг буюу өөрөөр хэлбэл экспортоосоо давсан зээл авдаг байсан гэсэн үг шүү дээ.

Төсвийн хувьд их зовлонтой байсан. Дэлхийн валютын систем өөрчлөгдөж юмны үнэ огцом өссөн. 1976-1980 оны хооронд ЗХУ 402 сая шилжих рублийн буцалтгүй тусламж манайд өгдөг байсан. Тэгснээ 1980-1981 онд нэг тэрбум 100 сая рублийн хүүгүй зээл өгч байснаа дараа нь нэг тэрбум 500 саяын хүүтэй болгочихсон.

Монголын 11 тэрбум шилжих рублийн зээлийн бараг 30-аад хувь цаасан дээрх үнийн зөрүү. Төсвөөс нөгөөх үнийн зөрүүгээ нөхнө. Хойноос үнийг хөдөлгөж болохгүй гэдэг байлаа шүү дээ. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн 8.8, улсын төсөв 4.4 тэрбум төгрөг байв. Үүний нэг тэрбум 764 сая нь үнийн зөрүүнд явдаг.  Үндсэндээ улсын төсвийн тал хувь нь алдагдал нөхөхөд явдаг.

ЗХУ ч доройтлоо.  Дээд Зөвлөлөөс гадаадын улс орнуудад зээл тусламж өгөхийг хориглосон юм. Монголд барилгын ажил зогсож, тэнд ажиллаж байсан 100 гаруй мянган хүн ажилгүй болов. Нэмээд Монголыг илт боомилох бодлого явуулж эхэлсэн. 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд Зөвлөлтийн Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны маш нууц 79/13 дугаар тогтоол гарч Монголоос бартерын худалдаа хийхийг хориглож, гаалийн татварыг 1.500 хувь болгов.

Уг нь хоёр улс нэн таатай харилцах гэрээтэй байсан юм. Найрсаг харилцаа гэдэг бол гаалийн татвар 10 хувиас доош байхыг хэлдэг. Мал, махны экспортыг хаалаа. Ингээд Монголын эдийн засаг нам зогсов. Ийм л эдийн засгийг шинэчлэх шаардлага манай засгийн газарт ногдсон. Тэр үед Монголыг аврах зүйл нь мал аж ахуй, газар тариалан байсан бөгөөд Багануурын нүүрсний уурхай, Эрдэнэтийн бүтээгдэхүүн, цахилгаан станцууд л эдийн засгийн үндэс болж байсан. Өөр найдах юу ч байгаагүй.

Бид зах зээлийн системд шилжих ажлаа шуурхайлсан. Их, бага гээд хоёр янзаар өмч хувьчлал эхлүүлсэн. Үйлдвэр, аж ахуйн хамт олон их хувьчлалын эрхийн бичгээрээ үйлдвэрийнхээ хувьцааг авах давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл дуртай хүндээ худалдана, хамт олон нь хувьчилж авч болно. Тэр хамт олон /англиар бол public enterprise/ үйлдвэрээ аваад явах боломжтой байсан. Гэтэл манай Засгийн газар явсны дараагаар өмч хувьчлах хуулиа өөрчлөөд дуудлага худалдаагаар худалдана гээд бүх үйлдвэрүүдээ тараагаад, дампуурах зам руу нь оруулсан. Уул нь хамтын өмчийн хэлбэр голлосон эдийн засагтай байна гэж төсөөлж, төлөвлөж  байсан юм.

Манай Засгийн газар солигдоход аж үйлдвэрийн үндсэн хөрөнгийн 13, малын 50 хувийг хувьчилсан байсан. Сүүлд үлдсэн аж үйлдвэрийн үндсэн хөрөнгийн 87 хувийг дуудлага худалдаа, захиалгат худалдаа гэсэн луйврын хувьчлал болгосон. Манай Засгийн газрын бодлогыг эрс өөрчилсөн. Ингэж л төрийн өмчийг луйвардаж авсан хүмүүс төрд ноёрхож, Монгол Улсыг олигарх засаглалтай, зэрлэг капитализмын замд оруулчихсан юм. Үүнд би үнэхээр сэтгэл дундуур явдаг.

-Та алдарт ХХ тогтоол гаргаж мөнгөний ханшийг өөрчилж байсан. Яагаад тийм арга хэмжээ авч байв. Тэр үед хэлж болохгүй хэцүү зүйл байв уу?

-Одоо хүртэл хэлж чадаагүй зүйлс бий. Хагас, хугас хэлж явсан. Ерөнхий санаа бол тэр их үнийн зөрүү, тооцооны зөрүүтэй нөхцөлд үнийн системийг замбараагүй сул тавих юм бол Монголд гиперинфляци буюу хурдацтай, хэт инфляц үүсэх байсан. Товчдоо үнэ хэдэн мянга дахин өсөх байсан. Энэ талаас нь би ард түмэндээ тайлбарлаж л байсан.

Нөгөө талд хүнд хэлээгүй нэг том шалтгаан бий. ЗХУ социалист орнуудыг гадаад худалдаандаа дэлхийн зах зээлийн үнээр биш зөвхөн Зөвлөлтийн дотоодын үнээр худалдаа хий гэж шахдаг байсан. Тэр дундаа Монголыг. Энэ бол манайх эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн алдаж Зөвлөлтийн эдийн засгийн нэг хэсэг болсон гэсэн үг.

Би 1984 онд энэ системийг өөрчлөх гэж зүтгээд дийлээгүйгээр барахгүй ажлаасаа халагдсан хүн шүү дээ. МАХН-ын Улс төрийн Товчооны хурал дээр Ю.Цэдэнбал гуай “Зөвлөлтийн үнийг биш дэлхийн зах зээлийг дагаж явъя гэдгийг чинь ойлгохгүй байна” гэж хэлээд намайг халсан. 

Эдийн засаг, тусгаар тогтнолоо гартаа авч байгаа юм чинь өөрийн үнийн системийг ашигтай болгох шаардлагатай болсон. Тэгэхийн тулд бүх жижиглэнгийн үнэ, цалин, тэтгэврээ хоёр дахин нэмэхээр бөөний үнэ 40-өөд хувь өндийгөөд, жижиглэнгийн үнэ нь бөөний үнийнхээ дээр гарч байгаа юм. Энэ бол Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг авч гарах асуудал байсан.

Тэр үед намайг Зөвлөлтийн үнийн системд шилжье гэсэн захиа бич гэж гурван ч удаа даалгаж байсан зарим дарга амьд сэрүүн байгаа. Би бичдэггүй байсан. Монголоо бусдын харьяат улс болгож болохгүй шүү дээ. Х тогтоолын жинхэнэ язгуур, том үндэс, зорилго нь энэ.

-Та “Манай улс үнсэнд хаягдсан шалз шиг. Москвагаас ирдэг тусламж нэг шөнө л зогссон” гэж хэлж байсан. Тэр үеийн талаар ярина уу?

-Үнсэнд хаясан шалз шиг гэдэг чинь дэлхийн болон Зөвлөлтийг хүрээлсэн соц систем нурахад "Бид Монголтой харилцах сонирхолгүй байна аа. Өндөр хөгжилтэй Европтой харьцах минь" гээд Польш, Болгар, Чех гээд бүгд Элчин сайдын яамдаа хаагаад явцгаасан. Зөвлөлт ч гаалийн хориг тавьчихлаа. Тэр их зээл, тусламжаар угжуулж байсан Монголын эдийн засаг амьдрах чадваргүй үлдсэн. Үүнийг л хэлсэн юм.

Тэр үед 600 сая ам.долларын экспорт хийж байсан бол өнөөдөр долоон тэрбум ам.долларын экспорт хийж байна. Монголын эдийн засгийн чадвар үлэмж нэмэгдсэн. Ер нь Монголын төр засаг ухаалаг хандах юм бол маш богино хугацаанд эдийн засгаа, ард түмнийхээ амьдралыг дэлхийн дундаж түвшнээс давуулж чадна. Дэлхийн дундаж түвшин гэдэг бол дотоодын бүтээгдэхүүн нь 13 мянган доллар байхыг хэлдэг. Миний тооцоогоор манайх 3.900 орчим байдаг. Гэтэл засгийн газар саяхан 5.000 боллоо гээд л зарласан. НҮБ-ийн баталгаатай тоо, тооцооллоор бол манайх 2021 онд 3.790 доллар байсан юм. Монголын одоогийн эдийн засаг бол сайхан эдийн засаг. Манай эдийн засгийн олж байгаа цэвэр ашгийг өртгийн зардалтай нь харьцуулах юм бол 43 хувийн ашигтай эдийн засаг. Дахиад хэлье, сайхан эдийн засаг. Харамсалтай нь энэ 43 хувь нь салбар, салбараараа адилгүй, жигд биш. Жишээлбэл, уул уурхайн салбар гэхэд өртгөөсөө 83 хувийн ашигтай байхад боловсруулах үйлдвэрүүд нь 22 хувийн ашигтай. Тийм болохоор бүх хөрөнгө уул уурхайн салбар руу урсаад байгаа тул боловсруулах үйлдвэр Монголд хөгжихгүй байна.

-Манай улс талоны системд хүртэл орж байсан. Үүнээс хойш 30 гаруй жил болжээ. Ард түмний амьдрал муу байхад юу нь сайхан эдийн засаг гэж?

-1990 онд манай төлөвлөгөө нь Москвад зохицуулагддаг. Бараг тэд баталдаг байв. Сүүлийн 20 жилд эдийн засаг жинхэнэ биет хэмжээгээрээ зургаа дахин өслөө. Мөнгөөр авч үзвэл өртгөөрөө 42 дахин. Энэ нь юу болж байна вэ гэхээр маш өндөр мөнгөний ханшийн уналт, инфляцын нөхцөлд Монголын эдийн засаг оршиж байна. Монголын төрийн явуулж байгаа бодлогыг ажиглаад байхад төр нь өөрөө инфляцыг хөөрөгдөж, үүсгэж ирсэн харагдаад байгаа юм.

Саяхан манай УИХ инфляцыг нэг оронтой тоонд багтаана гээд зарлачихаар цаагуураа худалдаачдадаа хандаад үнээ 9.90 хувиар нэмээрэй гэсэн уриа болчихож байгаа юм. Нэг УИХ тогтнох дөрвөн жилийн хугацаанд 9, 10 хувь гэхээр юмны үнэ 40 хувь нэмэгдээд явдаг. Сүүлийн 20 жилд Монголын мөнгөний нийлүүлэлт 42 дахин өслөө. Нэг талаар эдийн засаг өсөж, тэлж байна. Үүнд байгалийн баялаг маань их хүч өгч, нэмэр болж байгаа юм даа. Нөгөө талаар Монгол Улс санхүүгийн капиталын боомилолтод орчихсон байна. Банкнуудын хөнгөлөлттэй зээл нь жилийн 18 хувь байхад ББСБ-ынх 180 хувьтай байна. Мөнгө хүүлэгч капитал бол ямар ч эдийн засгийн цус сорогч байдаг. Сая цалин 30 хувь нэмэхэд түүнийг дагаад юмны үнэ нэмэгдлээ. Манай төр засаг жилийн өмнөөс л цалин нэмлээ гээд хашхирч эхэлсэн. Түрүүн хэлсэнчлэн энэ нь бизнесийнхэндээ үнээ нэмж байгаарай гэсэн үг, тийм дохио. Цалин нэмэгдэхэд үнэ нэмэгдэнэ. Барааны нөөц хэрэгтэй болно. Манайх хэрэглээний барааныхаа 40 хувийг гаднаас татдаг. Тэгэхээр захиалгаа нэмэх үү, үнээ нэмэх үү гэдэг асуулт гарна. Мэдээж үнээ нэмчих нь амар биз дээ.

Ийм байхад хүмүүсийн амьдрал дээшлэхгүй л дээ. Эдийн засаг 6.6 хувь өссөн байхад  өрхийн бодит орлого 3.2 хувь л өссөн нь үүнийг нотолно. Нэг том асуудал нь хамаг сор болсон зүйлсээ экспортод гаргаж байна. Гэтэл мөнгө нь бүрэн орж ирдэггүй.

Өнгөрсөн долоон сарын байдлаар манай гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан боловч төлбөрийн баланс нь 475 сая ам.доллар. Тэгэхээр 2.8 нь хаачив. Монголд орж ирээгүй. Оюу толгойтой экспортын бүтээгдэхүүнээ гаргаад мөнгөө гадаадад байршуулна гээд гэрээ байгуулчихсан байдаг. Тэр гэрээний 9/13 дугаар заалтад ингэж оруулсан. Уг нь ашиг орлогын татварын хуулийн 27 дугаар зүйлийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олсон ашгаа гадагш зөөвөл Монголд төлсөн татвар дээрээ нэмээд  20 хувийг татварт төлөх ёстой. Даанч мөрдөгддөггүй. Монголын эдийн засгийг цөлмөж байгаа нэг суваг, нэг асуудал бол манай мөнгө гадагш гаргадаг, хулгайлдаг авлигачид, олигархууд.

-90 оноос өмнө манайх мал аж ахуй, түүхий эдийн хавсарга боллоо гэж ярьдаг байсан. Одоо ч хэвээр л байна. Алт, эрдэс, нүүрс, жонш, зэсийн хүдрээ, бүгдийг нь гаргаад байдаг. Бид ер нь түүхий эдийн хавсарга байх тавилантай юм уу. Үйлдвэржилтийн тухай ярих л юм. Монголд үйлдвэр байх шаардлага байна уу. Хөгжих боломжтой юу?

-1990 оноос өмнө манай экспортод гаргаж орлого олдог гол зүйл нь мал, малын мах, түүхий эд байлаа. Тийм болохоор хавсарга гэдэг байсан. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүн гадагш гаргаж эхэлсэн. Урьд нь цагаан тугалга, гянт болд гээд жаахан гаргадаг байсан. Тэр үед хараат эдийн засаг гэж тодорхойлдог байсан. Тэр үнэн үү гэвэл үнэн.

Дэлхийн зах зээл дээр  уул уурхайн бүтээгдэхүүн үнийн маш их савлагаатай байдаг. Миний судалгаагаар сүүлийн 20 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дунджаас 68 хувь хүртэл унасан. Дээшээ 102 хувь хүртэл үсэрсэн. Хэзээ үсрэх, хэзээ унах нь бүү мэд. Жишээлбэл, 1998 оны Азийн хямралын үед нэг тонн зэсийн үнэ 1.358 ам.доллар болтлоо унасан. Одоо бол 8.000. Дахиад ч унана, дахиад ч өснө. Өөрөөр хэлбэл уул уурхай голлоно гэдэг бол тогтворгүй байдалд байж, Голланд өвчин тусдаг бөгөөд бусад салбарууд нь хэлбэлзлээ даахгүй болдог. Ийм нөхцөлд уул уурхай хэрэгтэй юу, үгүй юу гэж асууж болно. Хэрэгтэй, хэрэгцээнээс илүү хэрэгтэй. Яагаад вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг бол аль ч улсын эдийн засгийн анхдагч үндэс байдаг. Гагцхүү олборлож байгаа бүтээгдэхүүнээ бүтэн боловсруулдаг байх хэрэгтэй. Миний мэдэхээр улс төрийн намууд сонгууль бүрээр зэсийн болон гангийн үйлдвэр барина гэж амладаг. Одоо хаана байна? Газрын тосны үйлдвэр юу болов?

1970-аад оноос зэсийн баяжмал гаргаж эхэлсэн боловч өнөө хүртэл боловсруулах үйлдвэр байхгүй. Оюу толгойтой байгуулсан гэрээний 20/17 зүйлээр Монголд боловсруулах үйлдвэр байгуулах ёстой. Гэтэл одоо үйлдвэр барьж болохгүй, энэ чинь хортой энэ тэр гээд дэмийрээд байх юм. Манайтай найрсаг харилцаатай өндөр хөгжилтэй нэг орны Элчин сайд 2000 оны гуравдугаар сарын 14-ний өдөр надтай албан ёсоор уулзахдаа “За, би чамд нэг юм хэлье. Манай эрдэмтэд өөрийн гурван сая хүн амтай нэг муж дээр тооцоо, судалгаа хийж үзлээ. Тэр мужид газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр байхгүй. Ер нь эдийн засаг гэх юм байхгүй. Тэгэхээр зөвхөн танай Эрдэнэт үйлдвэр дээр жишээ болгон ярья. Тэр үйлдвэрийн түүхий эдийг манайх өөрийн технологиор иж бүрэн боловсруулан гаргахад танай нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүнийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд богино хугацаанд хүргэж болох юм байна, ард түмний чинь амьдрал дороо сэвхийнэ.” хэмээж байсан юм. 

Үүнээс үзвэл Эрдэнэтэд сайн судлаач, шилдэг эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй сайхан лаборатори, судалгаа, шинжилгээний төв байгуулж, өндөр технологи хэрэглэх юм бол бусад орд газрыг ухахгүйгээр, байгалиа сүйтгэхгүйгээр, баялгаа балаг болгохгүй, хомсдуулахгүйгээр эдийн засгаа өөд нь татаж болох юм шүү дээ. Манайхан уурхайд хэрхэн хандаж байна вэ гэхээр ердөө ухаад л түүхийгээр нь гаргаж байна. Үүний ард манай олигархуудын харийнхантай хуйвалдсан ашиг сонирхол байгаа юм. Нэг жишээ хэлэхэд анх Эрдэнэт үйлдвэрийн гэрээг байгуулахад 17 жил ашиглаад үйлдвэрийг Монголын талд 100 хувь шилжүүлж өгөхөөр тусгасан. Одоо байхгүй. Мөн монголчуудын хүсэл мөрөөдөл зэсийн үйлдвэр байгуулах байсан ч манай санал, хүсэлтийг Зөвлөлтийнхөн хүлээж аваагүй.

Монголд эх оронч бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүдийн зүтгэлээр жижиг зэсийн үйлдвэрүүд баригдаж эхэллээ. Тухайлбал, Ачит-Ихт гэж компанийн үйлдвэр Эрдэнэтэд байна. Хуучин Зөвлөлтийнхний нэрлэдгээр отвал буюу балансын бус 0.02 хувиас доош агуулгатай хүдрийн хаягдал. Түүнийг чинь Эрдэнэтийн үйлдвэрийн аргаар боловсруулах боломжгүй тул тусад нь овоолдог. Ачит-Ихт бол түүнийг боловсруулдаг зэсийн үйлдвэр. Би энэ үйлдвэрийг анх ашиглалтад орох үеэс л технологийг нь зурагтаар харж, ажиглаж, сонирхож ирсэн. Үнэхээр өндөр технологитой. Ийм үйлдвэрийг хэмлэх биш, хөхиүлэн дэмжиж байж улс үйлдвэрждэг. Эрдэнэтээс гадна Оюу толгойн отвалийг боловсруулах хэрэгтэй. Гэтэл маш их эрсдэл хүлээж эх орондоо баригдсан боловсруулах үйлдвэрийг боорлоод, боомилоод байгаа юм шиг харагддаг. Их сонин. Тэгж яривал боловсруулах үйлдвэр гэдэг бол технологи шат ахиулж, нэмүү өртөг шингээж байж жинхэнэ өгөөжөө өгдөг түвшин шүү дээ. Ер нь хорлож байгаа хамгийн гол саад нь хэн байна гэхээр хэсэг бусаг улстөрчдөөс гадна элдэв төрлийн татвар байдаг юм.

1997 онд Ашигт малтмалын хууль батлахдаа роялти 2.5 хувь гээд Монголын баялгийг харийнханд үнэгүй шахам өгч эхэлсэн. Сүүлд нь Ашигт малтмалын хуулийг 2006 онд өөрчилж ашигт малтмалын татварыг таван хувь болгосон. Баялаг бүхэн онцлог чанартай, уурхай бүхний хүдрийн агуулга нь, нөөц нь өөр. Оюу толгойн хүдрийн агуулга нь Эрдэнэтийнхээс 4-5 дахин баян юм шүү дээ. Сүүлд Ч.Хүрэлбаатар гэж хүн Сангийн сайд байх үед буюу 2018 оноос эхлээд олборлоход нь, баяжуулахад нь, боловсруулахад нь, худалдахад нь татвар авна гээд баахан татвар нэмчихсэн. Тэгсэн Эрдэнэт үйлдвэр гэхэд нөөц ашигласны татвар 16.5 хувиар төлж байхад Эрдэнэтээс дөрөв, тав дахин баялаг ашиглачихаад Оюу толгой  нөөцийн төлбөрийг таван хувиар төлж байна.

Боловсруулах үйлдвэрлэлд саад болж байгаа бас нэг зүйл бол манай түшмэдүүдийн, авлигачдын арчаагүй байдал. Жишээлэхэд, надад байгаа мэдээллээр Монголын нэг компани жилд нэг сая тонн кокс гаргачих хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологитой, утаа хий ялгаруулахгүй үйлдвэр байгууллаа. Тэгтэл улс төрийн шалтгаанаар хаачихсан. Одоо байхгүй. Уг нь зургаан сая тонн нүүрс гадагш нь тээж, хямд үнээр өгөх гэж зовж байхын оронд 1 сая тонн коксоо гаргасан бол хэд дахин илүү ашигтай байх шүү дээ.

Энэ бодлогыг салбар хариуцсан сайд, Сангийн сайд хоёр л хариуцах ёстой юм. Гэтэл Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ямар хүмүүс болж ирэв. Сүүлийн 20 жилийг хараарай. Хятад хэлний орчуулагч, зодоончин, бөх, тамхины наймаачин гэх мэт. Хамгийн чухал уул уурхайн салбар ажлаа мэдэхгүй хүний очдог салбар, золиос болчхоод байна. Энэ л Монголын эдийн засгийг “алаад” байна. Монгол хэзээ уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулна, тэр цагт үсрээд л босоод ирнэ, хөгжинө.

-Б.Нямтайшир, Ц.Гарамжав нарын “МАК”, “Монполимет” зэрэг үндэсний компаниуд үйлдвэр бариад ямар ч байсан цементээ гаднаас авахаа болилоо. Зам, барилга байшин барих дөхөм боллоо. Гэсэн ч үйлдвэр барьсан хүмүүс сайн нэр олохгүй байх шиг санагдаад байх юм?

-Монгол шинэ замналд орсноос хойш эх оронч сэтгэлтэй, нөөц баялгаа ашиглаад эх орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй олон компани, бизнесменүүд төрсөн л дөө. Тэдний нэг бол МАК компани. Миний мэдэхээр 2012 оноос хойш МАК-ийн нэр бараан дансанд бичигдээд эхэлсэн. Юм хийе, эх орноо хөгжүүлье гэж байгаа аж ахуйн нэгжээ дэмжиж байж л Монгол Улс хөгжинө.

Их сонин байдаг юм. Нэгт, МАК олон салбартай. Олигархууд тэрийг нь булааж авах санаатай л элдвээр хэлдэг байхгүй юу. Өөрсдөө юм хийж чадахгүй байж хүний юмыг булааж авах дуртай. Төрийн өмчийг завхруулаад, хувьчлаад, дээрэмдчихсэн л байгаа биз дээ. Одоо нөгөөх нь байхгүй болчихсон чинь өөдтэй явж байгаа аж ахуйн нэгжүүдийгээ мэрэх юм, дайрах юм. Ер нь эх оронч сэтгэлтэй бизнесменүүдээ унагаах, дампууруулах сонирхолтой нөхөд харийн гар хөл байдаг юм. Түүнийг нь манай төрд шургалсан янз бүрийн хүмүүс дэмждэг. Харин ч эсрэгээрээ тийм бизнесменүүдээ шагнаж, давуу эрх эдлүүлэх хэрэгтэй. 

Цемент бол барилга, замын талх. Цемент байж байж бид зам гүүр тавьж, барилга, байшин барьж чадна. Жишээлбэл, Транс-Азийн энэ нүсэр зам байна. Монгол Улс цементийн үйлдвэрээ улам нэмж, экспортолж Ази тивийн гол нийлүүлэгч болох хэрэгтэй, тэгээсэй гэж хүсэж байна. Цементийн үйлдвэр бол Монголын нэг ирээдүй юм шүү дээ.

-Улс орны хөгжлийн мотор, амин хүч нь эрчим хүч. Гэтэл хомсдол, хязгаарлалт, дутагдал нүүрлээд удлаа. Манайх маш их нүүрстэй, салхитай, нартай. Тийм боловч хөршүүдээсээ улам л эрчим хүчний хамааралтай болоод байдаг. Өөрсдөө үйлдвэрлэх, хангах боломжгүй юм уу? Юунаас болоод эрчим хүч хөгжихгүй байна вэ?

-Өвлийн ачааллын цагт Монголын эрчим хүчний ачаалал нь 1.5 мегават хүрч байгаа. Гэтэл байгаа хүчин чадал нь 900 мегаватт байдаг. 1990-ээд оны үед олон улсын зах зээл дээр нэг киловатт хүчин чадал 2.500 ам.долларын хөрөнгө оруулалтаар босдог байв. Зөвлөлтийнхөн 1990 онд Багануурт 600 мегаваттийн цахилгаан станц барих гээд, суурийг нь ухаад, баганыг нь зоогоод, суурийг нь цутгасан байлаа. Гэвч бүх юм бүтэхээ болиод орхиод явсан юм. Уурхай дээрээ цахилгаан станцаа байгуулаад, түүнийхээ дулаанаар өвлийн цагт нь хүлэмжээ ажиллуулж, Улаанбаатараа эрчим хүчээр хангаж, зуны цагт нь бетоноо шараад, барилгын материалаар хангаад байж болох л байсан.

Өнгөрсөн хугацаанд олон ч Эрчим хүчний сайд солигдлоо. Манай үе үеийн Засгийн газрууд энэ асуудлыг шийдэж чадсангүй. Эрчим хүчний тав дахь шинэ эх үүсвэр барина гэснээс хойш 22 жил болж байна. Монголд цахилгаан станц барих асуудал их олон талаас яригддаг л даа. Эгийн голын цахилгаан станц барья гэхээр оросууд дургүйцдэг учир нь Монголыг цахилгаан эрчим хүчний хараат байдалд байлгах сонирхолтой байдаг. Хятадтай 767 сая доллароор гэрээ хийчхээд бараг 10-аад жил болж байна. 1990-ээд оны сүүлчээр АНУ-ын ICE гэдэг компани Монголын эрчим хүчийг авъя гээд үндсэндээ гэрээ хийчихсэн юм шүү дээ. 1998 оны зургадугаар сарын 18-нд хийсэн санамж бичиг байгаа. Сүүлд нь Н.Багабанди Ерөнхийлөгчид АНУ-ын Дэд Ерөнхийлөгч ч эрчим хүчний асуудлыг чинь бид зохицуулъя, түргэн шийдээч гэсэн захидал ирүүлж байсан.

Хэн Монголын эрчим хүчийг гартаа авна, тэр Монголын зүрхийг барина. Эрчим хүчний салбараа гаднынханд өгсөн улс улам л хараат улс болно. Эрчим хүчгүйгээр юу ч хөдлөхгүй. Ер нь эрчим хүчний хангамжийн хангах асуудлыг шийдэхгүй бол хөгжлийн асуудал ярих боломжгүй. Одоо үндсэндээ мухардалд орчхоод байна л даа. Тэгэхээр төрийнхөө бодлогод харуусч л суудаг.

-Хятадаас 177 тэрбум төгрөгөөр коксжсон нүүрс авна, хотод туршина гэж байх юм. Лабораторид эхлээд туршиж болдоггүй юм уу. Хүн ам дээрээ туршиж үзнэ гэдэг зөв үү. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа утааг огцом бууруулсан. Зохих талархлаа ч хүлээсэн. Гэтэл тэр ажил нь тасалдаад юу болоод байна вэ?

-Нүүрс бол байгалийн маш үнэтэй баялаг. Эрчим хүч гаргахаас гадна өөрөө химийн түүхий эд. Хойд Солонгост нүүрс ашиглан торгомсог, синтетик даавуу хүртэл хийж байна. Дэлхийн том эрдэмтэд хэлэхдээ цаашдаа нүүрс бол хоол тэжээлийн нэг үндэс болно гэдэг. Бид чинь нүүрс ус хэрэглэдэг биз дээ.

Монголд нүүрсийг яаж боловсруулах вэ гэж судлахын оронд утаа гаргадаг гэдэг ганц талаас нь хандаад байх юм. Хятадууд бүр нүүрсний утааг дахин боловсруулах технологи боловсруулж байна. Цахилгаан станцынхаа утааг дахин боловсруулаад нүүрстөрөгчийн ислийг нүүрс төрөгчийн хүчил болгох, давс болгох гэх мэтээр цааш нь боловсруулаад явж байна.

Нүүрс бол манай хамгийн хямдхан, бэлэн байгаа эрчим хүчний эх үүсвэр. Нүүрсээ зөв ашиглавал бид эрчим хүчний дутагдалд хэзээ ч орохгүй. Манай эрдэмтэд нэлээд дээр үеэс нүүрсийг хийжүүлэх, шингэн түлш үйлдвэрлэх талаар судалгаа хийж байсан ч одоо үндсэндээ орхигдсон доо. Увайгүй улс төр л ийм байдалд хүргэж байна. Эрчим хүчний сайд нь гаднаас 170 гаруй тэрбум төгрөгөөр нүүрс авах тухай ярьж байна. Монголд түгээмэл гарах болсон бүдүүлэг, шунахай араншин л даа.

-Монголчууд, ялангуяа залуус гадагшаа их гараад байна. Дайжиж байна. Хэр зөв юм бэ? Эсвэл тэд маань яваад, сураад, эргээд ирэх нь зөв юм уу?

-Монголд хөдөлмөрийн насны 1 сая 125 мянган хүн ажиллаж байна. Манайхаас 176 мянган хүн албан ёсоор, зуучлалаар хилийн чанадад хөдөлмөрлөж байна. Ажиллах хүчний 17.7 хувь гадагш дүрвэлээ. Хамгийн ид залуу насны, хамгийн мэдлэг чадвартай хүмүүс гадагш явна биз дээ. Ойлгомжтой. Наад зах нь гаднынхан Монголд сургууль байгуулаад төгсөгчдийнхөө аль олигтойг нь аваад явдаг боллоо. Ард нь хэн үлдэх нь тодорхой байгаа биз. Инженерийн сургуулийнхан, салбарынхнаас оюутнууд ер нь төгсөөд яадаг юм гэсэн чинь хамгийн сайн нь гадаад явдаг. Арай сул нь Оюу толгойд очдог юм. Үлдсэн нь бид нар дээр ирдэг юм гэж хошигнодог юм. Энэ бол Монголын ирээдүйг устгаж буй хэрэг. Хүний наймаа, оюуны, ажиллах хүчний хулгай. Европ, Япон, Солонгосын хүн ам өсөхгүй байна. Хятадынх ч зогсолттой. Европынхон Африк, Арабын улс орнуудыг түйвээж, дүрвэгсдийн урсгал үүсгэдэг. Боловсролтой, туршлагатай хэдийг нь Европ руу хамж байна шүү дээ. Канад, Австрали ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл тэд цус сэлбэж байна гэсэн үг. Энд мөн Монгол ч нэрвэгдэж байгаа юм шүү.

Ер нь тэр улсууд эргэж ирэх үү гэдэг тал дээр надад нэг сонин юм бодогддог юм. 1979 онд Дэн Сяопин 10.000 залуусаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад инженер технологийн чиглэлээр сургах хөтөлбөр гаргасан байдаг юм. Тэр тухай нь Америкийн нэг сэтгүүлч “Та ийнхүү илгээсэн хүмүүсээ эргэж ирнэ гэж боддог уу” хэмээн асууж л дээ. Дэн Сяопин жаахан бодсоноо “Жинхэнэ Хятад хүн бол ирэхгүй л дээ” гэсэн байдаг.

Манайхны хувьд зарим нь ирэх байх, зарим нь ирэхгүй. Ер нь сургуульд сурч төгсөөд, хэсэг хугацаанд ажиллаж хөрөнгө мөнгө жаахан хураасны дараа буюу нас нэлээд явсан хойно ирнэ шүү дээ. Ер нь Монголд ажиллах хүчний хомсдол үүсэж байдал хүнд байгаа. Хүн амынхаа пирамидыг харахад энэ жилээс эхлээд дараагийн арван жил Монгол Улс ажиллах хүчний гүн хомсдолд орно. 1990-ээд оны хүн амын өсөлтийн бууралт энэ жилээс ажиллах хүчний даац, нөөцөд илэрч эхэлнэ.

Нөгөө талд Монголын ажиллах хүчний боловсрол, мэргэшил, чадавх байна. Их сонин л доо. Гадаадын орнуудын оюутны бүтцийг харъя. Жишээлбэл, Америкийн их сургуулиудад оюутнуудын 84 хувь нь инженер, технологийн чиглэлээр суралцдаг юм. Харин манайд 89 хувь нь дандаа дарга, менежер, нягтлан, эдийн засагч, хуульч болох сонирхолтой суралцдаг. Өнөөдөр бид ямар байдалд хүрч байна вэ. Улсын их сургууль физикийн ангиа хааж байна. Элсэлт байхгүй. Статистикаас харахад сүүлийн хорин жилд Монголд математикийн чиглэлээр төгсдөг хүмүүсийн тоо 50 дахин буурсан байгаа юм.

Энэ жилийн элсэлтийн шалгалтаар 100 балл авах шалгалтад Монголын дундаж дүн 27 балл байсан байна. Бидний сургуульд сурч байсан үеийн үнэлгээгээр “Муу” дүн. Зөвхөн математик биш. 38.000 хүүхэд Монгол хэлний шалгалт өгснөөс 15.7 хувь нь муу өглөө. Монгол хэлээ мэдэхгүй байна. Шинжлэх ухаан ч байхгүй. Ийм л залуус өсөн бойжиж байна.

Боловсролын яам Монголын ирээдүйг баллаж байна даа гэж би харамсдаг, халагладаг. Шинжлэх ухааныг хөгжүүлнэ, инновац гээд их гоё юм ярина. Монголын шинжлэх ухаанд зарцуулж байгаа зардал нь үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хувийг зургаа хуваасны нэгтэй тэнцэж байгаа нь 0.17 хувьд ч хүрэхгүй. Гэтэл аль ч улсын шинжлэх ухаан дотоодын бүтээгдэхүүнийхээ 2-3 хувь хүрч байж гал асаах түвшинд хүрдэг юм. Тэгэхээр Монголын шинжлэх ухааныг санаатайгаар нугасалж байна даа гэж би боддог.

-Саяхан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Оросын нэг хөөрхөн үлгэр байдаг юм. Нэг нөхөр унтаж байснаа сэрээд эхнэрээ ёвроод л “Эхнээр босоорой, босоорой. Гэрэл асаа” гээд. Эхнэр нь гэрэл асаатал “Алив, үзэг цаас аваад аль. Шүлэг бичих минь” гэж. Нүдээ аниатайгаар “Ногоон ой дунд, Улаан залаатай, Хар тахиа” гэж бичээд “За, одоо болоо... Унтах минь” гэж хэлээд буцаад унтаад өгдөг юм.

Түүн лугаа юм болсон. УИХ сая зургадугаар сарын 20-нд “Монгол Улс болохоо байлаа. Тогтолцооны өөрчлөлт хийнэ” гээд Үндсэн хуулиа өөрчлөх юм болсон. Хэлэлцэж, ухуулга хийж, хийж байгаад гишүүдийнхээ тоог 126 болгохоор шийдлээ. Авлигачдын тоо нэмэгдчих вий. Мотиваци нь буруу л даа.

Уг нь гишүүдийн тоог нэмэх шаардлага байгаа. Яагаад гэхээр хотоос нэр дэвшиж байгаа хүмүүс 100 мянган хүнийг төлөөлж байгаа бол орон нутгийнх 10 мянга байдаг. Тэр утгаараа тэнцвэржүүлэх шаардлагатай юм.

Одоогийн дураараа аашилдаг, нэг танхимтай, хэмжээлшгүй эрх ямбатай ийм парламент Монголыг хорлоно уу гэхээс тус болохгүй. Олон түмний хяналтад оруулах хэрэгтэй. Нэг талаар манайхан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сулруулах гээд л үзээд байгаа харагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийг Их Хурлаас томилдог болно л гэнэ. Ерөнхийлөгчийн суудлаа худалддаг болох нь л дээ. Энэ болохгүй бүтэхгүйг нь хэлэх санаатай “Төр алдрах үзэгдэл” гэж хааяа бичих юм. Чаддаг нь энэ.  Хүн хэлэхээс нааш.. гэдэг үг байдаг хойно.

-Танаас асуугаад л байвал Та ч он сар өдөр, тоо хувь, статистикаар нь ярих юм байна. Хувийн ганц асуулт асууя. Хүүхдүүддээ юу зөвлөдөг вэ. Тэд тань юу хийдэг вэ?

-Би тэг ингэ гэдэггүй ээ. Тэд маань өөр өөрсдийнхөөрөө л амьдарч байна. Дунд хүү Хан Хэнтийдээ ажиллаж байна. Бага хүү бизнес хийдэг, том хүү нэг компанид ажилладаг,  бага охин доктор профессор мөртлөө ажилгүй л байгаа.  Ардчилсан намынх болохоор ажил олддоггүй гэсэн. Дунд охин зураач, багш. Том охин нэг төрийн бус байгууллагад ажилладаг. Тодорхой байна уу.

-За бараг тийм. Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та эрүүл энх байгаарай.

Ярилцсан Т.Г.Бодьбилгүүн

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

 

“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

5 цаг 22 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

5 цаг 22 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

5 цаг 22 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

5 цаг 22 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

5 цаг 22 мин
АН шударга өрсөлдөхийг уриалав

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч М.Тулгат “С

5 цаг 22 мин
Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооныхоо иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хий

5 цаг 22 мин
Г.Занданшатар: “Тэгш хэмт Алтан гурвалжин” хөтөлбөрөө танилцуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жаргалант суманд ажил

5 цаг 22 мин
Дөрөвдүгээр тойрог: Сонин, содон нэр дэвшигчидтэй хойд бүс

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа пар

5 цаг 22 мин
Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-нд эхэлсэн. Дөрөв хо

5 цаг 22 мин