Ч.Цог-Эрдэнэ: Зам дагуух үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэхийг зорьж байна

2023-09-06
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

"Зууны мэдээ" сонины “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Ч.Цог-Эрдэнийг урилаа.

 

-Зам дагуух үйлчилгээ гэдгийг бид ихэнхдээ жуулчинтай холбож ойлгодог. Гэтэл бодит байдалд харвал илүү өргөн цар хүрээг хамарч байна уу?

- Тэгэлгүй яахав. Зам дагуух үйлчилгээ гэдэг өргөн цар хүрээг хамардаг. Тиймээс бид 2020 оноос энэ салбарт ажиллаж эхэлсэн. Ингэхдээ жуулчид Монгол орноор аялахад орон нутгийн зам дагуу стандарт шаардлага хангасан амрах байр, хоолны газар, боловсон ариун цэврийн өрөө зэрэг олон бэрхшээл тулгардаг бөгөөд Монголд ирсэн жуулчид дахин Монгол Улсыг зорьж аялах, эсвэл хэн нэгэнд санал болгож Монголд аялуулах зэрэг шийдвэрт голлох нөлөөллийн хүчин зүйлс болоод байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар хэлдэг. Энэ асуудал зөвхөн гадны жуулчинд хамаатай асуудал биш бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд улсын чанартай авто замаар зорчих, дотоодын аялал жуулчлалаар аялах хэрэгцээ эрэлт эрс нэмэгдэж байгаа нь улсын чанартай замаар зорчих хөдөлгөөн жил бүр 10 орчим хувиар нэмэгдэж үүнийг дагасан эдийн засгийн эрэлт жил бүр нэмэгдсээр байгаа нь бидний судалгаанаас тодорхой харагдаж байгаа.

Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхээр ачаа тээвэрлэж буй тээвэрчдэд ч тухтай амрах, аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлж байна. Зам зуур амрах байргүйгээс авто ослын тоо нэмэгдэх эрсдэл өндөр ба тухтай, аюулгүй хооллох газар хомсоос шалтгаалж орон нутгийн нийтийн тээврийн машинууд тухайн жолоочийн заасан, зогссон газарт орж үйлчлүүлдэг гэх зэрэг зам дагуух үйлчилгээний цэгийг стандарт шаардлагад нийцүүлэн барьж байгуулах шаардлага үүсээд удаж байна. Үүнээс гадна манай улсаар зорчиж буй ачаа тээврийн машины хөдөлгөөнийг хянах боломжгүй байдаг. Гэтэл гадны улс орнууд хэдий хэмжээний ачаатай машин хаанаас хаа хүрэхээр явж байгааг замын турш хянаж байна. Үндсэндээ манай холбоо Зам дагуух үйлчилгээний цогцолборыг хэрэглэгчдэд хүрээмжтэй, тав тухтай, эрсдэл багатай байлгахаар хөгжүүлэхийг зорьж байна.

-Тухайлбал?

-Хоногт дундажаар улсын чанартай замд 45000 тээврийн хэрэгсэл 70.000 зорчигч зорчиж явдаг. Энэ тоо зуны улиралд 2-3 дахин нэмэгддэг. Гэтэл энэ хэмжээний хүний урсгалыг шингээх стандарт бүхий амрах цэг, хоолны чанар, ариун цэврийн өрөөний асуудал өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүрэлцээтэй байна уу гэвэл үгүй. Нэгдүгээрт энэ эрэлт хэрэгцээг үйлчилгээний цогцолборуудыг хөгжүүлж байж шийдвэрлэх боломжтой. Ядаж хүртээмжтэй байгальд ээлтэй боловсон 00 шийдлээр шийдвэрлэх, зам зуур эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэх, холын тээвэрт явж буй жолооч нарыг амрах, буудаллах ая тухтай орчин бүрдсэн амрах өрөө, орон байртай, зам дагуу зорчигчид болон аялагчдын ахуй хэрэглээний хогийг төвлөрүүлэх, google map ашиглан ойр ажиллаж буй замын дагуух үйлчилгээний цэгийн мэдээлэл, үнэ ханш, захиалга хийх боломж, тээврийн хэрэгслийн тусламж дуудлага, анхан шатны түргэн тусламж үзүүлэх цэг, зайлшгүй байх эм хангалтуудыг төвлөрүүлэх зэрэг хүний зайлшгүй хэрэгцээг хангасан цэгүүдийг бий болгож хөгжүүлэхээр зорьж байна. Хоёрдугаарт энэ бүх шийдлүүдийг зохион байгуулах логистик зохион байгуулалт, менежментийн асуудлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж нэг компанид ногдох урсгал зардал, өртгийг бууруулах шийдлүүдийг гаргахаар зорьж байна. Түрүүн дурьдсан ачаа тээвэртэй холбоотойгоор нэмж хэлэхэд Япон, Америк, Солонгос улс ямар машин хэдэн тонн ачаатай явж байна вэ гэдгээ цаг тутам хянадаг юм билээ. Тухайлбал, ачаа тээврийн жолооч тогтсон хурдаар зорчихын зэрэгцээ гурван цаг тутам заавал амрах ёстой. Гэтэл манайх том машиныхаа хяналтыг хийж чадахгүй байгаагаас баталгаат бус газар хоноглох, зорьсон газраа амжиж очих гэж шөнөжин явах, хурд хэтрүүлэх, үүрэглэх, техникийн бүрэн байдлыг зам зуур хангах боломж хомсоос тээврийн хэрэгсийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй хөдөлгөөнд оролцох зэрэг эрсдлүүдийг ихээр гаргадаг. XIII, XIV зуунд өртөөг хөгжүүлж, түүгээр ачаа тээвэр, хүн тээвэр, шуудан илгээмж, харилцаа холбоо зэргээр бүхий л зүйлийг явуулдаг байсан гэж ойлгож болно. Тэгэхээр бид Өртөө буюу авто зам дагуух цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа юм.  Ингэхдээ 2020 онд “Жайка”-гийн дэмжлэгээр авто зам үйлчилгээний цогцолборуудыг байгуулах байршлуудын судалгаа хийсэн. Судалгаагаар 35 цэгт цогцолбор байгуулснаар эхний ээлжийн эрэлтийг хангах юм байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, 100-150 км-ын зайтай хатуу хучилттай авто зам дагуу цогцолборууд байгуулагдах юм.

-Судалгаагаар цэгүүдийг тодорхойлжээ. Үүнийг ажил хэрэг болгохын тулд юу хийх ёстой вэ?

-2021 онд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МҮХАҮТ-тай хамтран ажлын хэсэг байгуулагдсан. Үүгээр 35 цэгийг эзэнтэй болгох ажлыг зохион байгуулж сонгон шалгаруулалт зарласан юм. Ингээд 28 цэгт гэрээ байгуулсан байна. Үндсэндээ өнгөрсөн оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд иж бүрэн ашиглалтад орсон таван цэг бий. Энэ ондоо багтаад долоон цэг ашиглалтад орно. Одоогоор нэмэлтээр хоёр цэгийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр цогцолборуудыг хувийн хэвшил нь барьж байгуулахад ариун цэврийн байгууламж, автомашины хяналт хийх ажлыг төр хийх ёстой. Тиймээс 28 цэг дээр бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд нэгдэн холбоо байгуулсан.

-Холбооны үүрэг, зорилго юу вэ. Зөвхөн энэ компаниудын эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх үү?

-Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо өнгөрсөн онд байгуулагдсан. Одоогоор зам дагуух цогцолбор байгуулах 24 компани гишүүнээр элссэн байна. Мэдээж холбоо гишүүддээ үйлчилнэ. Үүний тулд зам дагуух цогцолбор барихад нэн тэргүүнд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр бүх цогцолбор дэд бүтцийн шийдлээ нэг зарчмаар явуулах нь зүйтэй гэж бид харж байна. Нөгөөтэйгүүр аливаа төртэй холбоотой асуудлыг холбоогоор дамжуулж уламжлах, шийдэл гарцийг олох учиртай. Яагаад гэвэл, Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тэдэнд үйлчлэхдээ төр хувийн хэвшлийн харилцаа, хамаарлыг зохист түвшинд авч явах үүрэг хүлээсэн. Тиймдээ ч бид Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Мөн МҮХАҮ танхимтай хамтын ажиллагаатай явж байна.

-Цогцолборыг байгуулахдаа орон нутгийн онцлог, газар зүйн байршлаас хамаарсан шийдэл гаргаж байгаа юу?

-Мэдээж орон нутгийн онцлог, чиглэлээс хамаараад ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдгээ тодорхой болгосон. Тухайлбал, зарим цэгт шатахуун түгээх станц байх шаардлагагүй байхад заримд нь хоноглох байр хэрэггүй байх жишээтэй. Тиймээс холбоо гишүүдээ өргөтгөж эхэлсэн. Учир нь тухайн цогцолбор нь бүхий л үйлчилгээг хамруулсан байх шаардлагатай. Тэгэхээр тэдгээр үйлчилгээг эрхэлдэг компани ч мөн л манай холбооны гишүүн болох боломжтой гэсэн үг.

Түүнээс гадна өнгөрсөн жил эхэлсэн энэ ажлууд нь энэ жил удаашралтай байлаа.

Хэдийгээр төрийн хоёр том яамтай хамтран ажиллаж, гэрээ байгуулсан ч газрын асуудал шийдвэрлэхэд амаргүй байна. Энэ нь орон нутгаас хамаарч байна л даа. Гэхдээ холбооны зүгээс Монгол Улсыг хөгжүүлэх 2050 баримт бичигт тусгагдсан, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил учраас энэ ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Тиймээс бид тухайн цогцолборын бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлэд ажиллаж байна.

-Ямартай ч юу хийх вэ. Ямар байдлаар ажиллах вэ. Хэнтэй хамтрах вэ гээд холбоо өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа ерөнхийд нь тодорхой болгосон юм байна. Цаашдын зорилго, зорилтоо тодорхойлбол?

-Бид өнгөрсөн хугацаанд мөн гадаад харилцаандаа нэлээд анхаарал хандуулсан. Тухайлбал, өнгөрсөн сард Монгол-Японы бизнес уулзалтаар холбооны үйл ажиллагаа, гишүүн компаниудаа танилцуулан бидэнд ямар боломж байгаа тухай харилцагчидтай бизнесийн уулзалтууд хийлээ. Мөн өнгөрсөн хавар хоёр удаа Япон улс руу хөрөнгө оруулалт татах ажлаар явсны хүрээнд бизнес уулзалтын үеэр хоёр ч баг холбооны урилгаар ирж төслүүдтэй газар дээр нь танилцаад буцлаа.

Түүнчлэн үндэсний томоохон компаниудад хамтран ажиллах хүсэлт тавьж байгаа. Учир нь зам дагуух цогцолбор нь бүхий л үйлчилгээг нэг дор байгуулахаар төлөвлөсөн. Энэ бүтээн байгуулалтад оролцож болно. Хоёрдугаарт цогцолборыг дагасан зам дагуух газарт мод тарих санал тавьж байгаа юм. Мэдээж "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг хийж байгаа. Нөгөөтэйгүүр зам дагуу мод тарих нь цөлжилтийг бууруулж элсний нүүдлийг сааруулах хамгийн том боломж гэдгийг ургамал судлаачид хэлж байна. Түүнээс гадна зам дээр мал осолд өртөх нь элбэг байна. Тэгвэл зам дагуу хашлага тавьж мод тарьснаар энэ ослын тоо эрс буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, мод тариад эхлэхээр таван км тутам гарц гаргана. Энэ гарцыг гэрэлтүүлэх ажлыг Японы компани хийж өгье гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ тухайн гэрэл нь нарны эрчим хүчээр цэнэглэгдэхээс гадна мэдрэгчтэй байх юм билээ.

-Цогцолборын зам дагуу мод тарих нь сайн хэрэг боловч арчилгааны асуудлыг шийдвэрлэх ажлыг эхний ээлжинд зайлшгүй хийх болов уу. Энд ямар шийдэл байна?

-Яагаад мод тарих ажлыг Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо үндэсний компаниуддаа санал тавьж байгаа вэ гэвэл зам дагуух цогцолборууддаа модны арчилгаа болон урсгал зардлыг нь тухайн газруудад өгч хариуцуулах нь илүү оновчтой гэж харсан. Тиймээс бид энэ ажлыг идэвхитэй, төлөвлөсний дагуу хийж чадвал тэрбум модны таван хувийг зам дагуу тарьж ургуулж чадах юм.

Нөгөөтэйгүүр цогцолборууд худгаар усны асуудлаа шийдвэрлэнэ. Энэ л гэхэд тогтвортой хөгжлийн зорилтод нийцэж байгаа юм.

-Та дээр дурьдаад өнгөрсөн төрийн байгууллагын уялдаа сул байгаа талаар. Үүнийг тодруулж болох уу?

-Манай холбоо төрийн хоёр яамтай хамтарч ажиллаж байна. Засгийн газраас гаргасан Тогтвортой хөгжил, Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан бодлогуудад нийцсэн ажил үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа. Гэтэл орон нутаг төрийн яам, Засгийн газраас ч илүү эрх мэдэлтэй байгаа мэт байдал ажиглагдаж байна. Түүнээс гадна гэрээ байгуулсан газрууд өөрийн хөрөнгөөр 100 хувь бүтээн байгуулалт хийхээр эрсдэлээс бэрхшээлгүй орон нутагт очиж байгаа юм. Үндсэндээ төр хоорондоо уялдаагүй ажиллаж байгаагийн хүндрэлийг хувийн хэвшил үүрч болохгүй гэдгийг хэлмээр байна.

Жишээлбэл, Япон улс зам дагуух цогцолбор барих аж ахуйн нэгжид газрыг нь дэд бүтэцтэй нь шийдвэрлэхийн зэрэгцээ авто зогсоолыг нь ч мөн шийдэж өгдөг юм билээ. Түүний дараагаар ариун цэврийн байгууламжийг нь барьж өгдөг. Энэ бол зөв систем. Гэтэл манай улс бүх бүтээн байгуулалтаа өөрсдөө хийж байгаа учраас газрыг нь олгох асуудлаар бүтээн байгуулалтын ажлыг гацаах хэрэггүй гэж бодож байна.

-Цогцолборыг бүс, орон нутгаас хамааран ялгаатай байдлаар барьж байгуулах тухай сонсч байсан. Нөгөөтэйгүүр энэ бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг сонирхож болох уу?

-Цогцолборыг орон нутгийн байршлаас хамааран гурав ангилж байгаа. Би мөн дээр дурьдсан зарим газар шатахуун түгээх станц хэрэггүй байхад зарим газар нь эмийн сан, дугуй засвар байх шаардлагагүй байж болно. Тэгэхээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдгээс хамааран хөрөнгө оруулалтын хэмжээ яригдана. Дунджаар тооцвол 800 сая төгрөгөөс хоёр тэрбум төгрөг шаардлагатай байх юм билээ. Тиймээс хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх талаар янз бүрийн хувилбарыг холбооны гишүүдтэйгээ ярилцаж л байна. Магадгүй нутгийн иргэд хувьцаа эзэмшигч байдлаар хөрөнгө оруулалт хийх боломж бий. Ингэхдээ тэд хамтраад менежментээ хэрэгжүүлээд явж болно. Хамгийн гол нь төсөлд хамтарч ажиллах боломжтой. Мөн тухайн чиглэлийг нь хариуцаж болно. Өөрөөр хэлбэл, цэгүүдийн хоол, хүнсний асуудлыг хариуцаад ажиллах боломж бий. Түүнээс гадна цэгүүдэд шатахуун түгээх станцуудыг байгуулаад хамтраад ажиллаж ч бас болно. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах, хамтран ажиллах хувь хүн болоод аж ахуйн нэгжүүдийг Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо төслийг хэрэгжүүлэгчтэй холбож өгөх боломжтой гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

 

“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

4 цаг 8 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

4 цаг 8 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

4 цаг 8 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

4 цаг 8 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

4 цаг 8 мин
АН шударга өрсөлдөхийг уриалав

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч М.Тулгат “С

4 цаг 8 мин
Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооныхоо иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хий

4 цаг 8 мин
Г.Занданшатар: “Тэгш хэмт Алтан гурвалжин” хөтөлбөрөө танилцуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жаргалант суманд ажил

4 цаг 8 мин
Дөрөвдүгээр тойрог: Сонин, содон нэр дэвшигчидтэй хойд бүс

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа пар

4 цаг 8 мин
Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-нд эхэлсэн. Дөрөв хо

4 цаг 8 мин