Б.Батбаатар: Манай нам гэмт хэрэгт холбогдож байсан улстөрчдийн "тайз" болохгүй

2023-06-15
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

ИЗНН-ын даргаар сонгогдсон Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-2024 оны сонгуулийн босгон дээр ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж,  намын даргаа шинээр сонгожээ.  Та тус намыг ирэх сонгуульд удирдаж орох үүрэг хүлээлээ.  Намын даргаар ажиллах энэ шийдвэрийг яагаад гаргах болов.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Улс төрийн намууд үүрэг хариуцлагыг чадавхжуулан нэмэгдүүлэх,  улс төрийн зорилгоо тодотгох,  мөрийн хөтөлбөрөө шинэчлэн хөгжүүлэх цаг үе иржээ.  Иргэний Зориг Ногоон нам нь хууль тогтоомж,  намын үндсэн дүрмийн  хүрээнд  шинэ удирдлагаа сая сонголоо. Өмнө нь намын даргаар ажиллаж байсан  Ц.Ганхуяг өөрийн хүсэлтээр намын даргын ажлаа өгсөн. Намын даргаар сонгогдсоноор улс төрийн нам болон хувь хүний хувьд ажил хийх боломж л гэж харж байна. Тэрхүү боломжийг хариуцлагатайгаар үүрч ажиллах болно.

ИЗНН Улсын Дээд шүүхэд намын удирдлага болон өөрчлөлтөө бүртгүүлэхээр хүсэлт хүргүүлсэн байгаа. Одоо Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хууль шинэчлэгдэн батлагдан гарсны дараагаар ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой шинэчлэлт орж, улс төрийн шийдвэрүүд гарч зохих шатны хурлаараа шийдвэрлээд явна. Ирэх сонгуульд манай нам ард түмнээ дэмжсэн, шинжлэх ухаанчаар хандсан мөрийн хөтөлбөр, хамгийн шинэ бөгөөд дэвшилтэт үзэл санаа тээсэн бодлоготой, чадварлаг сайн нэр дэвшигчтэйгээр оролцоно.

-Танай нам өнгөрсөн хугацаанд үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө нэлээд ялгарч ирсэн.  Ирэх сонгуулийн уур амьсгал хэдийнэ эхэлсэн энэ цаг үед ямар мөрийн хөтөлбөртэй оролцохоор ярилцаж байна вэ?

-Сонгуулийн тухай хуулиар мөрийн хөтөлбөрүүд эцэслэн тодорхой болдог. Ер нь улс төрийн нам иргэдийнхээ санал бодлыг сайтар тусгасан, эрдэмтэн судлаач нараар хэлэлцүүлж, намын шат шатны байгууллагаар санал оруулж нэгдсэн хурлаар шийдвэрлэн гарснаар сайн мөрийн хөтөлбөртэй болно. Манай намын хувьд одоогоор төслийн хэмжээнд яригдаж байгаа зарим зүйлээс тодруулж хэлэхэд бид нэг талдаа уламжлалаа авч явах нь зүй ёсны хэрэг гэж үзсэн. Өнгөрсөн түүх, ирээдүйг ярихаас гадна яг өнөөдрийг бүтээн бий болгох, гол юунд анхаарах ёстой  вэ гэдэг дээр манай нам  гол анхаарлаа хандуулж байна. Аливаа зүйлд мэдээллийн ил тод байдал нэн чухал. Хүн бүрийн мэдэх эрхийг хангахын төлөө ажиллах болно. Өнөөдөр Засгийн газрын сангууд болон бусад үйл ажиллагааг нээлттэй ил тод болгож байгаа нь  иргэдийг мэдэх эрхээр хангаж байгаа л хэрэг. Харин үнэнийг мэдсэний дараа шүүх, сонгох, өөрчлөх эрх нь ард түмэнд үлдэнэ. Тиймээс иргэдийн мэдэх эрхийн төлөө өнөөгийн Засгийн газрын явуулж байгаа ажлыг дэмжиж байгаа.  Мөн иргэдийн амьдралын чанарын асуудал тааруу байгааг өөрчлөх хэрэгтэй байна. Магадгүй арван жилийн өмнөх иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэгт анхаарах ёстой. Мөн намын  үзэл баримтлал, намын үндсэн мөрийн хөтөлбөрт  ногоон соёл иргэншлийн асуудал үнэ цэнтэй хэвээр байна. Бид байгальд хог хаях эсэхээр байгаль орчныг хамгаална гэсэн өнгөц бодлоос цаг үе ихээхэн өөрчлөгдсөнийг анзаарах хэрэгтэй.

Монголчууд бидний явж ирсэн зам, амьдралын хэв маяг бол  ногоон соёл, ногоон  амьдрал байсан. Тиймээс ногоон хөгжил бол монголчуудад тун ойр энгийн ойлголт. Нүүдлийн соёл иргэншил байгальтайгаа хамгийн ойр,  материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Одоогийнхоор бол эко, ногоон соёл иргэншил байж.  Тиймээс бид өнөөдөр эргээд ногоон соёл иргэншлийн асуудал дээр зайлшгүй анхаарах  ёстой. Тиймээс байгаль орчны чиглэлээр хийх ёстой ажил их бий. Энэ тал дээр зөвхөн постер, зураг, уриа лоозон болж үлдэх биш үр дүнтэй байх ёстой юм.  Нөгөөтэйгүүр байгалиа хамгаалаагүйгээс хүний эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын чанар доройтдог. Байгалийг  хүнээс салангид  авч үзэх ёсгүй. Тиймээс ногоон амьдрал, ногоон соёл,  иргэншил гэдэг ойлголтыг бий болгох, энэ тал дээр санаачилга гаргаж үүнийг төрийн бодлого болгохын төлөө ажиллана. Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсад анх тунхаглан ногоон хөгжлийн эх үндсийг тавьж чадсаны нэгэн илэрхийлэл бол ИЗНН-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулах санаачилгыг анх гаргаж, үндсэн чиглэлийн яам болгож байсан явдал. Мөн ИЗНН Байгаль орчин, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тогтоож, Монгол Улсын хөгжлийн шинэ чиглэлийг батлуулж байсан.  Харин одоо Монгол Улсын Засгийн газар  Байгаль орчны яамыг үндсэн чиглэлээс хассан байна.  Тиймээс манай  намын зүгээс энэ асуудлыг Засгийн бодлогод анхаарлыг нь хандуулж, өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа.

-Намын бодлогыг та нэлээд тодотгож ярьлаа.  Үзэл баримтлалын тухайд?

-Иргэний Зориг Ногоон нам 23 жилийн түүхтэй либериал, ногоон үзэлтэй улс төрийн хүчин. Гадаад болон үндэсний хэмжээнд үйл ажилагаагаа идэвхтэй явуулж  ирсэн.  21 аймаг, есөн дүүрэгт салбартай, 35 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн нам.

Манай намын  үзэл баримтлал, дүрмийнхээ хүрээнд мөрийн хөтөлбөрөө дэлгэрүүлэх илүү нээлттэй болгох,  гол нь иргэдийн оролцоог идэвхжүүлж ард түмний нам болох тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Сонгуулийн хууль, намуудын тухай хууль шинэчлэн батлагдахтай холбоотойгоор намын дүрэм дүрэмд нэмэлт өөрчлөлтүүд ороод явна. Тодорхой хэсэг бүлэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалаараа давамгайлан нөлөөлж нүүрс, ЖДҮ зэргийг  хулгайлан тонож, ард түмний өмч, ирээдүйг хулгайлсан гэдэг нь олон ч зүйлээс харагдлаа. Тиймээс манай нам иргэд сонгогчдын индэр, тайз нь болж, ард түмэн, сонгогчид маань төр барих эрхийг хэрэгжүүлэх болно. Улс орныхоо төлөө санаа зовж байгаа хүн бүр иргэний зоригоо гаргаад ногоон үзэл баримтлалтай намд элсэж, энэ тайзан дээр өөрийнхөө  хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө хамтдаа байгаарай.

-Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байна. Танай намын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан хувьсгалын  удирдагч С.Зориг агсны  30 жилийн өмнө  хэлж байсан байр суурь бий.  Энэ нь сонгуулийн холимог тогтолцоо юм. С.Зориг агсны үзэл санааг тээгч, үндсэн гол цөм нь итгэл, сэтгэлээр өнөөдрийг хүртэл явж байгаа ИЗНН-ын олон мянган гишүүд байдаг. Цаашид ч намын энэ үзэл санааг цааш улам түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхийг зорьж байна.

-Шинэ хуулийн зохицуулалтаар 48 гишүүнийг жагсаалтаар сонгохоор болсон. Танай намын хувьд гишүүдээ сонгохдоо ямар шалгуур тавих вэ?

-Намын дүрэмд нэг өөрчлөлт оруулсан. Авлигын хэрэгт шийтгэгдсэн гишүүнийг намын дарга болон удирдлагад нэр дэвшүүлж сонгохыг хориглоно гэсэн намын дүрмийн өөрчлөлтөд тусгасан зүйл заалтыг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. Энэ дүрмийн заалтыг оруулсан нь авлига, хулгайгаар ял нь шийдэгдсэн, магадгүй энэ асуудалтай холбоотой байх өндөр эрсдэл бүхий хүмүүсийн тайз манай нам хэзээ ч болохгүй гэсэн зорилго юм.

-Сонгуулийн хуулийн гол өөрчлөлтийн нэг нь нийт сонгогчдын дөрвөн хувийн санал авсан нам парламентад  доод тал нь нэг суудалтай болно  гэж оруулсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Парламент өөрөө иргэд олны төлөөллийн байгууллага. Ард түмний хүсэл сонирхол, санаа бодол парламентад тусч байх ёстой.  Тиймээс Монгол Улс энэ олон үзэл санаа, итгэл, үнэмшил, олон ургалч үзлийг парламент дотроо оруулж ирэх нь зөв. Сонгуулийн хуульд босгыг гурван хувь байгаасай гэж хүсэж байсан. Үүнийг дэмжсэн Улс төрийн зөвлөлийн тогтоол гарч энэ тухай мэдэгдэл ч хийсэн. Сонгуулийн хуулийн босгыг гурав, дөрөв, тав хувиар батлагдах асуудал дээр босго нь бага, холимог тогтолцоо 50:50 харьцаатай байсан бол илүү  сайн байсан. 

-Эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Хүйсийн тэгш байдлын хувьд тодорхой хатуу тоо тавихаас илүүтэй хамгийн доод тоог тавьж өгөх хэрэгтэй. Энэ нь зохистой хэмжээ харьцаа буюу аль нэг хүйс нь 20,30, 50 –аас буурч болохгүй гэсэн доод түвшинг тогтоох юм.  Тиймээс 30 хувь байхыг манай нам дэмжиж байгаа. Жендэрийн буюу хүйсийн тэгш байдлын асуудалд улс төрийн хүчнүүдээс манай нам анхны манлайлагч нь байсан гэдгийг тодотгох нь зүйтэй байх.

-Парламент удахгүй Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төсөлд намууд шилэн, ил тод байх гээд чухал заалтуудыг оруулж байгаа. Танай нам энэ  хуулийн төсөлд ямар санал өгсөн бэ?

-Улс төрийн намын тухай хуульд хүргүүлэх санал дээр одоо бид ид ажиллаж байна. Намын удирдлага солигдохоос өмнө хүргүүлсэн санал нь намын санхүүжилтийг шилэн болгох, үйл ажиллагааг нэг дүрэмтэй болгох тухай тусгасан.  Улс төрийн намын тухай хууль бол Сонгуулийн тухай хуультай шууд хамааралтай.  Гэхдээ улс төрийн намуудын санхүүжилт татвар төлөгчдийн мөнгөтэй хамааралтай байх тухай заалттай санал нийлэхгүй. Улс төрийн намыг гишүүд нь санхүүжүүлдэг системтэй, мөн намын гишүүдийн бүртгэл иргэдэд нээлттэй байх хэрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт гишүүд нь бүртгэлтэй байвал илүү зөв. Ардчилсан улс оронд өөр намын гишүүн гэдгээр иргэнийг ямар нэгэн байдлаар дарамтлах, эрхийг нь зөрчих, яллах ойлголт байхгүй гэдгийг Үндсэн хуулийн хүний эрхийн бүлэгт заасан. Тийм байтлаа яагаад намын гишүүдийн бүртгэлийг нуух ёстой гэж. Намын гишүүнээр бусдын өмнө нүүр бардам цэх зогсож чадна гэдэг бол  намын үйл ажиллагаа, бодлого боловсруулахад оролцох боломжийг олгох юм. Тиймээс санхүүжилт, гишүүдийн бүртгэлийн тухай саналыг боловсруулж байгаа . Мөн улс төрийн намын байгууллагууд нэр лого, туг далбаа, удирдлагын бүтэц, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр нь өөр өөр байж болно. Гэхдээ нам бол нэг л байгууллага. Намуудын үйл ажиллагааны хувьд үндсэн нэг дүрэмтэй байх нь зүйтэй юм. Нам өөрөө өөртэй дүрэм зохиодог биш, нэг л дүрмээр хуулийн дагуу байх нь зүйтэй. Энэ нь хууль хэлбэрээр байх саналыг боловсруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

12 цаг 38 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

14 цаг 41 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

14 цаг 47 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

14 цаг 49 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

14 цаг 49 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

14 цаг 51 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

14 цаг 52 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

14 цаг 53 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

14 цаг 55 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

14 цаг 56 мин