Авлигын эсрэг “аймаар” чуулган болох уу?!

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.Дамдин-Очир

 

ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН “ЭРЭМБЭ”-ИЙН ЭХЭНД АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, ХӨТӨЛБӨРҮҮД БАЙНА

 

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Энэ чуулганы талаар УИХ-ын дарга Г.Занданшатар parliament.mn сайтдаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “...Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж байна. Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ.  Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Авлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо, хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” гэжээ.
УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 11 дүгээр тогтоолоор Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ. Нийт 58 хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Харин, энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын “эрэмбэ”-ийг авлигын эсрэг хууль, хөтөлбөрүүд тэргүүлж буй аж.

 

НАМРЫН ЧУУЛГАНААС “МУЛТАРСАН” ДАРГА НАРЫН ТОМИЛГОО, ТЕНДЕРИЙГ ХОРИГЛОХ ХУУЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

 

Хаврын чуулгын жагсаалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна. Энэ төслийг Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьсан. Товчхондоо, үүгээр дарга нарын зарим үйл ажиллагааг хориглох юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд УИХ-д суудал бүхий намын дарга, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмэхээр оруулжээ. Эдгээр албан тушаалтан болон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга зэрэг улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд энэ хуулийн өөрчлөлт үйлчлэх юм. Тодруулбал, тэдний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицуулжээ. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Түүнчлэн, улс төрд нөлөө бүхий этгээдийн хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох юм байна.
Уг нь энэ хуулийн өөрчлөлтийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэхээр ярьж байсан. Гэвч зарим гишүүний эсэргүүцлээс болоод “мултарсан” байдаг. Харин энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болж, УИХ-ын дарга “...Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлах ёстой” гэж хэлжээ.

 

 

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ СУГАЛУУЛАХ УУ, СУУЛГААД ҮЛДЭЭХ ҮҮ?!

 

Яг үнэндээ иргэд, олон нийтийн хувьд “...УИХ ямар ямар хуулийн төслийг хэлэлцэж батлах вэ” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоотой хэн хэнийг яахаар шийдэх вэ” гэдгийг илүү анхаарч байна. Учир нь, нүүрсний хулгайд холбогдож, өнгөрсөн намраас хойш хуулийнхны хяналт, иргэдийн хараанд орсон хэд хэдэн гишүүн бий. 
Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас энэ хулгайтай холбоотой гэх 17 хүнийг зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тэр гишүүдийн гурав нь яллагдагчаар татагдаж, улмаар Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй болоод байна. Харин тэдний нэгээр нэрлэгдээд байсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг хэрэгт хамааралгүй болж таарсан. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны хоёрдугаар сарын 10-нд “...Тус хэлтэст иргэнээс ирсэн мэдээллийн дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн албан бичиг илгээжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна.
Мөн чуулганы завсарлагаар хоёр ч гишүүн “...УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаад шалгуулъя” гэдэг хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. “...Тэдний хүсэлтийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл байсан.
Үүнээс гадна мөрдөх байгууллагуудаас сүүлд хэд хэдэн гишүүнийг “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан. Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ АТГ-аас өчигдөр зарлалаа. 
Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокурор гадаад улсад томилолтоор ажиллаж байна. Ирээд энэ асуудлыг шийднэ. АТГ-ын саналыг “...Үндэслэлтэй” гэж үзвэл УИХ-д санал гаргана. Тэр цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд болоод бусад гишүүн “...Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад үлдээх үү” гэдэг нь нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.

 

 

ШҮҮГЧ, УЛСТӨРЧ, БИЗНЕСМЭН ГУРВЫН “ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ” БУЮУ ШҮҮХЭД НАЙДАЖ БОЛОХ УУ?!

 

УИХ энэ хавар авлигын эсрэг томоохон эрх зүйн шинэчлэлт хийсэн хуулиудыг “үйлдвэрлэнэ” гэдгээ зарлалаа. Бас авлигын, тодруулбал, нүүрсний, Хөгжлийн банкны зэрэг хэрэгт холбоотой гишүүдийн асуудал яригдана. Энэ утгаараа, авлигын эсрэг “аймаар” чуулган болох төлөвтэй байна. Гэхдээ нэг том асуудал бий. Ингээд сайн сайн хууль гаргаад л байдаг. Гэтэл тэр бүхэн хэрэгжих итгэл үнэмшил хэр байна вэ. Сүүлд ил болсон авлига, албан тушаалын хэргүүд дээр мөрдөх байгууллага, прокурорууд хэр чадлаараа ажиллаад байгаа нь анзаарагдах болсон. Харин шүүх?!
Саяхан, судалгааны томоохон байгууллагууд “...Шүүхэд итгэх иргэдийн итгэл 90 хувь давтлаа унасан” гэдэг ноцтой  дүгнэлт бүхий судалгаа хийсэн талаарх мэдээлэл түглээ. Гайхаад байх дүн биш ч байгаад байж болохгүй дүгнэлт юм. 
Ер нь тэгээд “...Шүүгч, улстөрч, бизнесмэн гурав хамт сууж байгаад л бусдад “татгалзахын аргагүй санал” тавьдаг” гэсэн мэдээлэл ч яригдаад удлаа. “Татгалзахын аргагүй санал” гэдэг нь дарамт, шантааж гэсэн л үг шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө, 2023 оны гуравдугаар сарын 9-нд  Дээд шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ.
Б.Баттүвшин нь ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байхдаа, Ш.Эрдэнэболдын “Онгиболд” компаниар дамжуулж, зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг дэмжиж, дээрх төсөлд 1 550 000 000 төгрөгийн санхүүжилтийг өгч, нөгөө хоёртойгоо хамт уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. Гэтэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн “...Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихжээ. Тиймээс Дээд шүүх “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй” гэж үзээд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ хэрэг нь одоо шүүх дээр байгаа Хөгжлийн банкны хэрэгтэй агаар нэг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү явдлууд л шүүхэд ингэтэл нь эргэлзүүлчихээд байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)

Египет улс Д.Трампад улсынхаа дээд өргөмжлөлийг гардуулна

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсантай холбогдуулан

10 цаг 3 мин
Норвеги, Израилийн баг тоглохын өмнө Осло хотод Израилийн далбааг шатаажээ

2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан

10 цаг 3 мин
FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо

Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгж

11 цаг 49 мин
“Сургууль орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай” ШТС-ыг нүүлгэхийг шаардаж байна” 

БЗД-ийн 14 дүгээр сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй Шунхлай ШТС-тай холбоотой асуудлаар эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

13 цаг 31 мин
Маргарет Тэтчерийн талаар бараг мэддэггүй баримтууд

Аравдугаар сарын 13-нд Маргарет Тэтчерийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

16 цаг 54 мин
АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

МАН-аас “гарал үүсэл”-тэй Монголын төрийн хямрал үргэлжилж байна. “...Энэ долоо хоногт л

23 цаг 5 мин
“...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт очжээ

Төрийн ордонд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь улсын төсвийг хойш тавьж байгаад УИХ-аар

23 цаг 5 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьсан онцлох асуултууд

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Ерөнхий сайд Г.Зан

23 цаг 5 мин
Вьетнам есөн сард 15.4 сая жуулчин хүлээн авав

2025 оны эхний есөн сард Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо 15.4 саяд хүрсэн нь өнгө

Уржигдар 17 цаг 51 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын онцгой комиссыг хуралдууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гараг /2025.10.14/-аас нутгийн ихэ

Уржигдар 17 цаг 50 мин