Итгэл алдарсан нийгмийн “Инээмтгий хүн”

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

ЭХЛЭЛ: ИНЭЭХ ТАВИЛАНТАЙ ГУИНПЛЕН

Хачин чимээ, хар хэрээ, харанхуй тайз... Сэтгэл эмзэглүүлж, жихүүдэс хүргэм салхи үлээх нь түгшүүртэй. Гэвч амьдрал тийм л байна. Өлсгөлөн ядуурлаас илүү хүн чанар, хүнлэг сэтгэл үгүй болсон нийгэмд, тэртээх XVIII зуунд хүн дүрст араатнуудтай хамт амьдрах ажээ. Эрх мэдэл, эд баялгийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй хүн сүгнүүд бие давхар, хөөрхий эмэгтэйг ч энэрсэнгүй. Тайз харанхуйлав. 


Францын алдарт зохиолч Виктор Хюго 1802 оны хоёрдугаар сарын 26-нд Безансон мужид төржээ. Католик шашинтай эх нь түүнийг хаант засгийг талархах үзлээр хүмүүжүүлсэн гэдэг. Виктор Хюго  Кордьегийн дунд сургууль, Ноблес дахь Мадридын коллеж, гэгээн Людовикийн лицей сургуульд сурч байх үеэсээ шүлэг оролдож эхэлсэн байдаг. Харин түүний жүжгийн зохиолын оргил карьер нь “Парисын дарь эхийн сүм” болоод “Инээмтгий хүн” роман юм. “Парисын дарь эхийн сүм” жүжгийн тухайд хэдийнэ УДЭТ-ын тайзнаа “амилж” амжсан. Харин зохиолчийг хамгийн их шатааж, шаналгаж бүтсэн гэх “Инээмтгий хүн” роман шинэ, залуу, авьяаслаг уран бүтээлчдийн нэгдэл “PRO” театрын найруулагч Б.Даваасүрэнгийн ур ухаанаар ийнхүү Монголын хөрсөнд буулаа. Б.Даваасүрэн “Бид нэг, хоёр жилийн дараа бус өнөөдөр Инээмтгий хүн жүжгийг ярьж өгмөөр байна. Энэ нийгэмд залуус бид өөрсдийн бүтээлээр дуу хоолойгоо хүргэх нь зөв гэж бодоод анх энэ жүжгийг тавихаар сонгосон” гэв. 


Тайз нээгдэв. Жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг дээр Английн Лондон хотод өрнөх ажээ. Жүжигт хэргэм язгуурт Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавилангийн тухай өгүүлдэг. Тэрбээр багадаа өс хонзон санасан муу хүмүүсийн гарт үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлж, Гуинплен нэрээр аж төрнө. Гуинпленийн дүрийг “PRO” театрын жүжигчин Б.Билгүүн бүтээсэн юм. Тэрбээр “Инээмтгий хүн жүжиг Монголд анх удаа тавигдаж байна. Тиймээс энэ дүр дээр ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Зохиол өөртөө их олон утга санааг агуулсан, том цар хүрээ, агуулгатай. Манай театрын нэг зорилго нь театрын урлагт шинэ содон уран бүтээлээр бэлэг барих” гэсэн юм.  Гуинплен Хар бараан нийгмийг харааж, зүхэж, хашгирмаар байв ч үргэлж инээж явах үйл түүнд заяагдсан. Балчир наснаасаа хэрэн тэнэж явахдаа эхээс дөнгөж төрсөн бяцхан охины амийг аварсан нь сохор бүсгүй Дея. Гоо үзэсгэлэн, зэрэмдэг хүү хоёрын учрал. Тэд ядуу өвгөн Урсусыг бараадаж хэдэн жилийн нүүрийг үзэв. 

 

ӨРНӨЛ: ДЕЯГИЙН МЭЛМИЙ

Он цаг улиран өнгөрч, хүүхдүүд нас биед хүрэхдээ нэг нэгэндээ хайр сэтгэлтэй болжээ. Хүмүүс тэднийг чичлэн тохуурхаж, хөөж холдуулж байсан ч тэдний сэтгэл хэзээ ч нэгнээсээ урвахгүй мэт бие биедээ тэмүүлнэ. Харгис хэрцгий, энэрч хайрлах сэтгэлгүй тэр нийгмийн ганц гэрэл гэгээ нь Дея. Өсөхийн хэрээр үзэсгэлэн гоо болох бүсгүй инээмтгий хүн Гуинпленд чин сэтгэлээсээ хайртай. Хэдийгээр түүнийг нүдээрээ харж чадахгүй ч сэтгэлийн мэлмийгээрээ харж, чин сэтгэл, гэгээн бүхнээ зориулна. Гэнэн хонгор мөртлөө харанхуй нийгмийн золиос болсон Деягийн дүрийг залуу жүжигчин Г.Энэрэл бүтээсэн юм.  Түүнийг тайзнаас харахад хөөрхий сохор бүсгүй яг л ийм байсан болов уу гэмээр өр өвдмөөр мөртлөө үнэхээр гэгээн. Жүжигчин Г.Энэрэл “Миний хувьд сүүлийн жилүүдэд өөрийгөө сорихоор олон төрлийн уран бүтээлд оролцохыг эрхэмлэх болсны нэг илрэл нь энэ дүр юм. Магадгүй би өөрийнхөө театрт байсан бол энэ дүр дээр ажиллахгүй байсан байх. Жүжигчнийхээ хувьд тайзны уран бүтээлд илүү сонирхолтой. Учир нь дэлгэцэнд би хэзээ ч 18 настай охины дүр авч чадахгүй. Харин театрт тэр боломж байна” гэсэн юм. 
Урсус. Тэр бол өнөөдөр бидний амьдарч байгаа нийгмийн төлөөлөл болсон дүр юм. Насан туршдаа ганц бие амьдарсан тэрбээр Гуинплен, Дея хоёрыг үргэлж дэргэдээ байлгахыг хүснэ. Хосоороо амьдрах жамтай хүний ёсыг яалтай. Гэвч тэр санасандаа хүрч чадах болов уу. Нэг хүний сайн муу талын илэрхийлэл болсон энэ дүрийг Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг амьдруулсан юм. Түүний хувьд 20 жилийн дараа тайзнаа гарахдаа сонгодог дүрээр өөрийгөө тунхаглав. Тайзан дээр уранхай хувцас, үрчгэр царай, сэгсгэр үстэй түүнийг үзэгчид халуун дотноор хүлээж авсан юм. Урсусыг нэг харахад сайн аав. Дахиад нэг харахад хувиа хичээсэн бэртэгчин нэгэн. Гэхдээ хэн нь болж дуусахыг үзэгч та өөрөө очоод тунгаагаарай. Ц.Төмөрхуяг “Хувь хүн Ц.Төмөрхуягийн дотоод сэтгэлд арзаганаад байгаа мэдрэмж Урсусын дотор адилхан байгаа. Энэ талаараа төстэй байж магад. Харин би болоод бидний дээд үеийнхэн өнөөдрийн энэ нийгмийн муу муухайг дийлэхээсээ өнгөрсөн. Хэрэв би бодит амьдрал дээр Урсус байсан бол амиа хорлочихсон байгаа. Урсус эхэндээ ууртай, догшин, заваан, ганцаардсан амьдралтай, хүн бүхнийг өөрөөсөө илүүд тавьдаггүй нэгэн байдаг. Гэтэл амьдралд нь хоёр хүн орж ирж, тэр хоёр хүүхдийг өсгөснөөр уян зөөлөн болж, дүр хувирч байгаа юм. Энэ чинь л амьдрал шүү дээ. Ер нь жүжиг гэж байдаггүй юм. Тэр чинь бодит амьдрал” гэв.

 

ТӨГСГӨЛ: ВИЗУАЛ ДРАМ НЬ ҮГЭЭР БУС ҮЙЛДЛЭЭР ИЛЭРХИЙЛЭГДДЭГ

Харанхуйд гуаглах хон хэрээ, театрын ханыг битүү бүрхсэн залгаастай хувцаснууд. Бас л содон шийдэл. Сонирхол татам тайзны ажил.  “Инээмтгий хүн” жүжиг Монголын театрт ирэхдээ визуал драм хэлбэрээр буусан нь энэ. Энэхүү төрөл нь тайзны ажлыг чухалчилдаг болохыг тус жүжгийн зураач Б.Анхбаатар хэлж байсан юм. Үнэхээр тайзны өгөгдөл, гэрлийн шийдэл гээд зураачийн ажлыг тодотгосон олон деталь энэ жүжигт байв.
Б.Анхбаатар "Энэ жүжгийн тайзнаас үзэгчид Виктор Хюгог хараасай” гэж онцолж байсан юм. Хэдийгээр хүн бүхэн Виктор Хюгогийн ертөнцийг мэдэхгүй ч  өмнө мэдэрч байгаагүй өөр мэдрэмж, содон ертөнцийг тэрбээр теарын жижигхэн тайзан дээр бүтээж чадав. Хоёр цаг гаруй үргэлжлэх тус жүжиг дуусч хөшиг хаагдахад үзэгч бүхэн алга ташиж, урам өгөхөөс гадна олон зүйлийг тунгаах, өөртэйгөө ярилцах, өөрийгөө чагнах боломжийг уран бүтээлчид нь бидэнд өгч байсан юм. Учир нь жүжиг бүр тухайн цаг үеэ мэдэрч,  ямар нэгэн дуудлага, шаардлагаар тайзнаа “амилсан” байдаг. 
Тэгвэл тэртээх XVIII зууны үед бичигдсэн энэ зохиол өнөөдөр Монголын театрт ирсний зорилго нь юу юм бол. Хэдийгээр бид зэрлэгүүдийн гарт зэрэмдэглүүлж, инээмтгий болоогүй ч хар бараан энэ нийгэмдээ итгэл алдарсан болохоор хүссэн хүсээгүй инээмтгий хүн болж хувирсан ч байж болох. Энэ жүжиг, энэ дүр энэ нийгмийн, бидний тусгал, толь юм гэсэн бодол үзэгч миний бодолд бууж байснаа нуух юун.    
Анх 2010 онд ОХУ-ын Санкт-Петербургийн  Театр урлагийн академид хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр манай улсаас 10 оюутан суралцахаар явсан юм. Тэд театрын урлагийн баялаг түүхтэй ОХУ-ын эрдэмтэн багш нараас номын дуу сонсч, тус тусын мэргэжлээр Оросын театруудад ажиллаж туршлага хуримтлуулсан байна. Сургуульд явах үеэсээ л эх орондоо ирж өөрсдийн театрыг байгуулна гэж гэгээхнээр ярьж байсан тэд ийнхүү мөрөөдлийнхөө эхний алхмыг дэлхийн сонгодог бүтээлийг анх удаа эх орныхоо театрт тавьж, эхлүүллээ. Францын их зохиолч Виктор Хюгогийн онгод хиймэр, авьяас билэг тэднийг ивээсэн нь лавтай.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

8 цаг 18 мин
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

19 цаг 46 мин
Т.Хишигдулам: Дэлхийн шилдэг туршлага хиймэл оюуны тусламжтайгаар англи хэлийг үр дүнтэй эзэмших боломжтой

“Эфекта Эдюкейшн”-ийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч Т.Хишигдуламтай ярилцлаа.

19 цаг 46 мин
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

19 цаг 46 мин
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

Уржигдар 06 цаг 00 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

2026-10-05
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

2026-10-05
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

2026-10-05