Ц.Төмөрхуяг: Театр “Инээмтгий хүн”-ээр намайг дахин сорьж байна

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 26 мин унших

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрхуягийг урилаа. Тэрбээр 20 жилийн дараа тайзнаа эргэн ирж, “Pro” театрын бүтээл, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзахад бэлэн болжээ. 

 

ХАМГИЙН ТӨГС ЖҮЖИГЧИН Л ТАЙЗНЫ БҮТЭЭЛД ТОГЛОДОГ

-“Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа тайзны жүжигт тоглох гэнэ. Бүр “Инээмтгий хүн”-д шүү”... гээд л. Ер нь та яагаад 20 жилийн турш тайзнаас хөндийрөв. Жүжгийн санал ирдэггүй байсан юм уу, эсвэл өөр шалтгаан байв уу?


-Миний хувьд энэ 20 жил гэдэг их дөхөм тоо шүү. Би дунд нь 2008 онд театрт ороод зургаан сар ажиллаад л гарчихсан. Түүнээс хойш тайзны жүжигт оролгүй дэлгэцийн бүтээлд түлхүү ажилласан байна. Би өөрийнхөө хийсэн сонголтод хэнийг ч буруутгахыг хүсдэггүй. Зам мөр минь л ийм байсан байж. Харин энэ удаад “Pro” театрын уран бүтээлчид надад санал тавьсанд баяртай байна. Мөн олон жил тайзан дээр тоглоогүй учир айдас, сандрал, догдлол бүхнийг энэ биеэрээ мэдэрч сууна.     


-Та нэгэн цаг үед театрын од жүжигчин явсан. Тэр үе, залуу нас, авьяас билэг, омогшил, бахархал гээд сэтгэлд тань тод үлдсэн дурсамж эргээд сэдэрч байна уу?


-Би хамгийн төгс, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн жүжигчин л тайзны бүтээлд тоглодог гэсэн үзэлтэй хүн. Тайз өөрөө амьд харилцаа, үнэн мэдрэмжийг өгдөг. Жүжигчний шандсыг сорьж, ур ухааныг нь уудалдаг газар. Жүжигчин хүний хувьд тайзан дээр тоглоно гэдэг үлгэрийн юм шиг мэдрэмж. Би 1984 онд сургуулиа төгсөөд шууд УДЭТ-д жүжигчнээр орж байлаа. Олон ч уран бүтээлд гол болоод туслах дүрд гарсан. Авьяас нь асгарсан, шижигнэсэн залуустай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явлаа. Театраас жүжигчнийхээ хувьд их ч зүйл сурсан. Тэр он жилүүд сэтгэл зүрхэнд минь тод үлдсэн байна. Таны хэлснээр энэ удаад тайзан дээр тоглох болсноор тэр мэдрэмж эргээд ирж байна. Хэдийгээр залуу үеийнх шигээ гал шиг дүрэлзэж чадахгүй байж магад ч өөрийнхөө чадлаар хичээнэ гэдгээ хэлье. 


-Таны гал шиг дүрэлзэж, омголон явсан залуу нас  театрын хамбан хөшиг, жүжигчдийн хөлсний үнэ цэнтэй хамт театртаа үлджээ. Энэ мэдрэмж, сэтгэл догдлолыг харахад та яахын аргагүй тайзаа санасан байна?


-Ойрд нас ахиад ч тэрүү аливаа уран бүтээлд орохдоо өөрөөсөө хариуцлага нэхдэг болчихож. Мөн тайзан дээр нэг л мэдэрчих юм бол нулимс хүртэл амархан гарчих юм. Энэ нь үнэхээр тайзаа санасны шинж байх. Үүнээс гадна нэг бүтээлд орвол хийсэн шиг хийе гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм байна. Миний нас цаг хугацаанд урсаад тайзан дээр тоглох нь хором хормоор багассаар л байна.Тиймээс сүүлийн жилүүдэд тайзны жүжигт тоглохсон гэсэн хүсэл төрдөг байлаа. Өмнө нь жаахан залуу байхдаа “За яахав. Бэлтгэлгүй юм чинь” гээд өөрийгөө хүчилдэггүй байсан. Ер нь тайзны жүжиг их хэцүү. Ялангуяа бэлтгэл дутуу жүжигчин тайзан дээр гарах нь байж боломгүй тэнэг алхам. Тиймээс бие болоод сэтгэл зүйн хувьд өөрийгөө сайн бэлдсэн жүжигчин л тайзыг эзэгнэх ёстой. 


-Тийм залуугаараа яагаад “алтан” тайзнаас зодог тайлах болсон юм бэ.Таны яриаг сонсоход харамсал мэдрэгдээд байх юм?


-Би чинь багаасаа их сахилгагүй хүүхэд байсан. Театр бол этик, ёс зүйтэй газар. Жүжигчид ч үүнд захирагддаг. Тухайн үед залуу, омголон ч байж. Ер нь театраас олон гарч, орно гэдэг нь өөрийн хайртай мэргэжил, театраа хайрлах, хүндэтгэх эрэмбэ хүнд байх хэрэгтэй. Би бүхэл бүтэн Монгол Улсын театрт ингэж орж, гарч явах нь хүнийхээ, удмынхаа хувьд байж болохгүй асуудал гэж бодоод шийдвэр гаргаж байлаа. Одоо эргээд залуу насаа бодоход яах гэж театраас гарав даа гэсэн харамсал төрдөгөө нуухгүй. Даан ч залуу насны алдааг нөхөж болохгүй юм даа. Зарим хүн театрын хүн байж кинонд түлхүү ажиллалаа гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ хоёулаа л адилхан уран бүтээл шүү дээ. Аав минь зургаан кинонд тоглосон байдаг. Харин миний хувьд дэлгэцийн ажлаа тоолбол тоогоо алдсан байна.  

 


-Та тайзан дээр эргэж ирэхдээ дэлхийн алдартай сонгодог бүтээл “Инээмтгий хүн” жүжгээр тэсрэлт хийх нь. Мэдээж “Pro” театр таныг зүгээр ч нэг сонгоогүй байх?     


-“Pro” театр албан ёсоор надад санал тавьсан. Энэ театрын хувьд суурин бус нүүдлийн маягаар уран бүтээлээ хүргэдэг онцлогтой. Өнөөдөр манай улсад зах зээлээ бодсон ч театр оршин тогтноход хэцүү байна. Тиймээс жүжигчин, уран бүтээлч хүний хувьд би залуусын уран бүтээлд орж, туслах нь үүрэг гэж боддог. Насны хувьд ч залуудаа орохгүй учир эдгээр хүүхдүүдийн хүндлэл дунд нь эрхэлж, хүсэл дунд нь өөрийнхөө бардамналыг хийж явна.  Мөн “Инээмтгий хүн” бол миний санаанд багтахааргүй том жүжиг, гурван том боть шүү дээ. Театр  “Инээмтгий хүн”-ээр  дахин намайг сорьж байна. Харин юунд нь дурлаад, татагдаад байна вэ гэвэл би тайзан дээр л гармаар байна. Үзэгчдийг баярлуулж чаддаггүй юм гэхэд ядахдаа тайзан дээр амьдарч өөрийгөө баярлуулмаар байна. Хуучин цагаа дурсъя. Хуучин сэтгэлгээгээ эндээс олж авахын тулд мэдрэмжиндээ шаналж, шатъя л даа. Энэ чинь л жүжигчин хүний жаргал биз дээ.


-Визуал драм. Монголд сонсож байгаагүй, бас л шинэ төрөл. Сонин бас содон байна...?


-Манай залуусын сэтгэлгээ мундаг болсон байна. Авьяас билгийн хувьд ч торох зүйл алга. Мөн шинэ төрөл, санаанд оромгүй содон, өвөрмөц байдлаар уран бүтээлээ хүргэхийг зорьдог болсон нь сайшаалтай. Миний хувьд визуал драм гэсэн ямар ч төсөөлөлгүй энэ бүтээлд орсон. Одоогоор бусадтайгаа адилхан суралцаад л явж байна. Аливаа уран бүтээл хийхэд судалгаа их чухал. Тиймээс бэлтгэлийн үеэр болон хувиараа судлаад, уншаад л байгаа. Би хааяа тайзаа хараад боддог юм. “Би энэ тайзыг эзэгнэнхэн явсан даа” гэж. Энэ утгаараа тайз ч надад буянаа олон өгсөн. Ижий аавыгаа шүтэх, тайзыг хүндлэх, дээдлэх ухааныг би театраас л сурсан байна. Тиймээс алтан тайзаар дутсан ч хайрлаж, хүндэлсээр өнөөдрийг хүрлээ. 


-Магадгүй 20 жилийн өмнө театрт таныг үзэж байсан үзэгчид таныг “Инээмтгий хүн”-д хэрхэн хувирахыг тэсэн ядан хүлээж байгаа байх? 


-Мэдээж тайзан дээр галзуурч,солиорч, асаж явсан жүжигчнийг харахыг хүсэх л байх. Гэхдээ цаг хугацаа өнгөрсөн байна. Сэтгэлийн гал цогоо тайзан дээр дахин үзүүлж чадах болов уу гэсэн бодол, эмзэглэл надад байна. Хөдөлгөөн удааширсан, дуу хоолойны чадал багассанаас  эхлээд тоглолтод нөлөөлөх олон хүчин зүйл бий. Яахав үүнийг микрофон зүүгээд аргалж болно л гэх. Гэхдээ яг амьд харилцаа, дуу хоолой микрофоноор дамжиж үзэгчдэд очихоор хүрдэггүй л байхгүй юу. Тэгэхээр би микрофон зүүхгүй гэж бодож байна. Угаасаа тайзны жүжигчин өөрийн дуу хоолойгоо тайзны хамгийн арын эгнээнд суусан үзэгчид хүргэх нь үүрэг шүү дээ. Сургуулилт хийж, махаа идэж байна гэх нь ч хаашаа юм. Миний хувьд ажиллагаанд орж, ингэж бэлтгэл хийх нь нэг ёсны жаргал болж байна. Театрт ажиллаж байхад заримдаа дүрээс халшрах үе байсан. Харин одоо бол эсрэгээрээ. Хэрэв миний цээжийг задлаад үзэж болдог бол тэр дотор араа шүд нь хавирсан нэг амьтан тайзан дээр гарахаа хүлээгээд догдлоод л байж байна. 

 

ХЭРЭВ БИ УРСУС БАЙСАН БОЛ АМИА ХОРЛОЧИХСОН БАЙГАА 

 

-“Инээмтгий хүн” жүжгийг өмнө нь манай театр тавьж байсангүй. Ингээд та Монголын анхны Урсус болж, нэр нь мөнхрөх нь?  


-“Инээмтгий хүн” дэлхийд, ялангуяа Европт их алдартай зохиол. Энэ зохиолоос сэдэвлэсэн “Жокер” киног мэдэхгүй хүн байхгүй байх. Кинон дээрээ инээмтгий хүний дүр их тод гарсан байдаг. Зохиолын хувьд нийгэм рүүгээ чиглэсэн, олон асуултын хариултыг олж болохоор. Миний хувьд Урсус гэсэн дүр дээр ажиллаж байна. Магадгүй хүн  эхнэрээ  алдчихаад  амьдралд нухлагдаж явсаар дахин гэрлээгүй байдаг. Энэ үед хүн нохой ч юм уу, усан хулганаар ч болтугай хань татдаг юм байна. Ер нь хүн чинь энэ хорвоог хамтаараа туулах жамтай шүү дээ. Гэтэл гаднаас амьдралд нь эмэгтэй, эрэгтэй хүн ороод ирнэ. Тэр үед өнөөх ханьсах мэдрэмж нь нэмэгдэнэ биздээ. Бүр хүнтэй амьдрах хүсэл нь оргилдог. Гэвч хүссэнээс нь эсрэгээрээ өнөөх хоёр нь бие биедээ сэтгэл алдрах жишээтэй. Тэгэхээр Урсус тэднийг өөрийнхөө дэргэд байлгахын тулд нуух шаардлага тулгарна. Даанч өнөөх хоёр нь нийгэм рүү тэмүүлээд байдаг. Жүжгийн гол зангилаа нь ердөө л энэ шүү дээ. 


-Хэрэв та бодит амьдрал дээр Урсус байсан бол яах вэ. Өөрийнхөө төлөө бусдыг зольж чадах уу?


-Хэрэв би бодит амьдрал дээр Урсус байсан бол амиа хорлочихсон байгаа. Урсус эхэндээ ууртай, догшин, заваан, ганцаардсан амьдралтай, хүн бүхнийг өөрөөсөө илүүд тавьдаггүй нэгэн байдаг. Гэтэл амьдралд нь хоёр хүн орж ирж, тэр хоёр хүүхдийг өсгөснөөр уян зөөлөн болж, дүр хувирч байгаа юм. Энэ чинь л амьдрал шүү дээ. Ер нь жүжиг гэж байдаггүй юм. Тэр чинь бодит амьдрал. Багш минь надад “Миний хүү жүжгэн дотор жүжиглэж болдоггүй юм. Өөрөөрөө мэдрээд, түүн дотор бүх сэтгэл зүрхээ шингээ. Би чамд жүжигчний мэргэжил заахдаа жүжиглэхийг заагаагүй, амьдрахыг л заасан шүү” гэж хэлдэг байсан. Үүнийг л би насан туршдаа санаж, аливаа уран бүтээлд орохдоо тухайн дүрд жүжиглэх биш, амьдрахсан гэж хичээж ирсэн. Одоо ч шавь нартаа тэгж л сургадаг. 


-Таны хувьд тайзан дээр шатаж, шаналж, унаж босч тухайн дүрээр амьдрахсан гэж хүсч явсан дүр тань Урсус мөн үү?


-Би дүр бүтээлээ гэж ярихаас айж байна. Үүнийг өнөөх жинхэнэ төрмөл авьяастнууд нь л ярих байх. Магадгүй Ц.Гантөмөр гуай байсан бол “Урсусын дүрийг бүтээнэ, энэ дүрээр амьдарлаа” гэж ярихад хэн ч маргахгүй. Би бол хараахан чадахгүй, надад ахадсан үг. Үгүй. Би ийм дүр бодож ч байгаагүй. Учир нь надад ихэвчлэн сахилгагүй, босс, догшин, хулигааны дүр л оноодог байсан. Гэтэл Урсус тэс өөр. Угаасаа би амьдрал дээр эцэг, өвөө хүн. Тиймээс ийм дүр дээр ажиллах цаг нь хүссэн хүсээгүй болсон байна.


-Уран бүтээлийн хамгийн том үнэ цэн нь яг цаг үеэ олох гэж би боддог.  Үнэхээр “Инээмтгий хүн”-ийг энэ цаг үе, нийгэм дуудаад байна уу. Жишээлбэл би энэ жүжгийг үзснээр амьдралын ямар өнгүүдийг олж харж, ухаарах бол?


-Та ороод үз л дээ. Нэг чононоос гадна сохор, зэрэмдэг, настай хүнийг л та олж харна. Хамгийн гол нь бид ядуу. Үзэж байгаа улс нь дан баячууд. Магадгүй өнөөдрийн манай нийгэмд жаахан амьдралын боломжтой нэг нь жүжиг үздэг байх. Гэхдээ зүгээр ч нэг үздэггүй биз. Гадна дотны театртай харьцуулж, ёооз муутай суудаг байх. Магадгүй биднийг шоолдог ч байж мэднэ.


-Яагаад?   


-Нэгдүгээрт, бид чинь ядуу шүү дээ. Хоёрдугаарт, театр хөгжчихсөн Англи, Европын жүжигчидтэй харьцуулж, шоолох байх. Бидний ядуу амьдарч байгаа нь тэдний хувьд инээдэм болж байна. Долоон буудалд нүүрс түлээд амьдарч байгаа хүнийг яагаад ядуу, залхаг гээд байгаа юм бэ. Татвар төлөгчдийн мөнгөөр хөлжиж, улс орноосоо хулгай хийсэн улстөрчид өнөөдөр бидний зовлон дээр жаргаж сууна. Энэ л намайг эмзэглүүлээд байна. Томчууд биднийг боловсролтой болгох дургүй. Боловсрол нимгэн болохоор бид өөдөөс нь босч, тэмцэж хүчрэхгүй байгаа юм. Тэд цаг ямагт биднийг өөрийнхөө боол шиг амьдруулахыг хүсдэг. Хагас өлсөглөн байлгахыг зорьж байна. Энэ л өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн өнгө шүү дээ. Эдгээр нь манай жүжигт бий гэж бодоход яахын аргагүй “Инээмтгий хүн” Монголын хөрсөнд цаг үеэ онож бууж байна.


-Нийгэм үнэхээр бухимдалтай байна. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн үнэн төрхийг жүжгээрээ, дүрээрээ "хашгирах" бололтой шүү?


-Саяхан манайхан төв талбай дээрээ хэдэн өдөр л жагслаа. Гэхдээ ямар үр дүнд хүрэв. Гэтэл түрийвч нь түнтийсэн баячууд хүүхдүүдээ Англид сургаж байна. Өнөөх нь өөрийн чадлаар гадны оронд очсон мэт жирийн иргэдийн хүүхдийг шоолж, бах таваа хангаж байна. Хамгийн ойрын жишээ нь уушийн газар орсон залуусыг харахад баян нь ядуугаа дээрэлхэх нь байдаг л үзэгдэл болж. Баяны хүүхэд хүн зодоход хууль түүнд үйлчлэхгүй жишээтэй. Энэ бүхэн л XVIII зуунд бичигдсэн “Инээмтгий хүн” зохиолд байгаа л байхгүй юу. Аргагүй л сонгодог жүжиг, үнэ цэнтэй зохиол юм. 

-Манай уран бүтээлчид зарим нь талбай дээр жагсаж, дуу хоолойгоо хүргэж харагдсан. Харин та энэ уран бүтээлээрээ үзэл бодлоо илэрхийлье гэж бодож байна уу?


-Жүжигчид очоорой, ирж дуу хоолойгоо хүргээрэй л гээд байсан. Залуучууд жагсаж байгаа юм чинь манай залуу уран бүтээлчид очсон нь зөв гэж бодсон. Харин би яах вэ дээ. Талбай дээр микрофон барьж хашгираад хэн намайг сонсох юм. Харин би тайзны жүжиг, киноны уран бүтээлээрээ л дуу хоолой болъё. Энэ чинь уран бүтээлч, жүжигчин хүний үүрэг шүү дээ. Өнөөдрийн манай нийгэмд баян, хоосны ялгаа их бий. Би өөрийн амьдрал дээр жишээ авъя. Их сургуулийн оюутнуудын төлбөр дээр харагдах юм. Баяны хүүхэд төлбөрөө бүрэн төлчихдөг. Одоо энэ сургуулиуд чинь төлбөрөө л төлчихсөн бол хасдаггүй юм байна. Төлбөрөө төлчихсөн оюутанд үг хэлэх эрх ч бидэнд алга. 


-Жүжигчин хүн дүрээ өмөөрч, хамгаалж тоглодог биздээ. Урсус гэсэн дүр хувь хүн Ц.Төмөрхуягтай жижигхэн сэжмээр ч болтугай холбогдож байгаа юу?


-Хувь хүн Ц.Төмөрхуягийн дотоод сэтгэлд арзаганаад байгаа мэдрэмж Урсусын дотор адилхан байгаа. Энэ талаараа төстэй байж магад. Харин би болоод бидний дээд үеийнхэн өнөөдрийн энэ нийгмийн муу муухайг дийлэхээсээ өнгөрсөн. Толгой дээр гарсан улс төрчид чинь мафи болчихсон гэдгийг би битгий хэл надаас өмнөх үеийнхэн ч мэддэг л байсан шүү дээ. Тэд чинь яагаад 76 суудлын нэгийг авах гээд үхэн хатан зүтгээд байна вэ. УИХ-ын гишүүн болчихвол зээл авч болно. Өнөөх зээлээ өгөхгүй аргалчихаж болдог учраас л тэр байх. Харин эгэл ард бидэнд 100 сая төгрөгийн зээл авах эрх байдаггүй нь харамсалтай. Өнөөдөр бидний аж төрж буй нийгэм ийм бохир, муу муухайгаар дүүрчихээд байхад уран бүтээлчид бид яаж зүгээр суух юм бэ. Жүжгээрээ ч болтугай үүнийг хэлмээр, хашгирмаар байна. 

 

“БИ ТЕАТРТ ЖҮЖИГ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ”

-Тайзнаа тавьж буй жүжиг бүхэн ямар нэг байдлаар нийгмийн тусгал, толь байсаар ирсэн. Та хамгийн сүүлд театраар хэзээ зочлов?


-Би театрт шинээр тавьж буй жүжгүүдийг үзэж чаддаггүй. Үзмээр санагддаг мөртлөө хэзээ ч үздэггүй. Үүний оронд номыг нь, эх зохиолыг уншсан нь дээр гэж бодогддог юм. Учир нь ямар ч хүн өөрийнхөө үетэй энэ цаг үеэ харьцуулна. Тэгэхээр санаанд хүрэх нь цөөн юм. Тиймээс тэнд сууж цагаа үрэх хэрэг байна уу. Яахав шинэ соргог тавилт гээд үзэгчид хошуурах л юм. Миний хувьд жүжигчин хүн болохоор жүжигчдээ л тайзнаас онцолж хардаг. Гэтэл миний өнөөх онол, практик хоёр нь зөрөөд байх юм. Тэнд тэр жүжигчин жүжиглээд байхад би тэнд амьдармаар санагдаад болдоггүй. Ингээд зөрчилдөөд байхаар би тэнд сууж өөрийгөө тамлаад яахав дээ.


-Та жүжигчний мэргэжлийг Г.Доржсамбуу найруулагчаар заалгасан хүн. Таны багш Арслангийн дүрээр одоо ч бидний дунд амьдарсаар л яваа?


 -Би өөрийгөө их азтай гэж боддог. Г.Доржсамбуу, Н.Цэвээнравдан гэсэн хоёр мундаг хүний шавь байсан даа. Хоёр багшаасаа мэргэжлээс гадна хувь хүн талдаа олон зүйлийг сурч, үлгэрлэж явлаа. Өнөөдрийн “Инээмтгий хүн” жүжигт ажиллаж байгаа залуучуудын дунд манай Н.Цэвээнравдан багшийн шавь нараас ч бий. Энэ жүжигт ажиллах болсон том шалтгааны нэг нь  энэ юм шүү. Би чамгүй олон гадны орноор явж, уран бүтээлүүдийг нь үзлээ. Ингэж явахдаа бид яасан хол хоцроо вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. 


-Таны ах Ц.Төмөрбаатарыг ард түмэн тайзны жүжигчин гэж үнэлдэг. Нас, туршлагын хувьд ч танд үнэтэй зөвлөгөө өгсөн байх гэж бодож байна?


-Социализмын үед би УДЭТ-т, ах маань Хүүхэд залуучуудын театрт ажилладаг байлаа. Хоёр театр маань уран бүтээлээрээ их өрсөлдөнө. Бид хоёр ч театртаа ид жүжигчид байсан. Тиймээс өөр, өөрийнхөө театрыг өмөөрнө, хоорондоо нууцхан өрсөлдөнө шүү дээ. Тэр он жилүүдэд Хүүхэд залуучуудын театрын гадаа хүмүүс гал түлж хоноод тасалбарт нь дугаарлаж байхад манай театр нэг ч үзэгчгүй болдог байлаа. Тиймээс бид залуучуудад зориулсан бүтээл хийх ёстой юм байна гээд “Буцах тасалбар” гэсэн жүжиг хийж, үзэгчдээ татаж байсан удаатай. Гэтэл одоо УДЭТ өрсөлдөгчгүй ажиллаж байна. 


-Та ахтайгаа хамт “Миний ах атаман” кинонд тоглосон байдаг. Ах, дүү хоёр нэг уран бүтээлд найз болж тоглоно гэдэг ховорхон хувь тавилан юм даа?


-Тэр кинонд орохдоо би ахаасаа муу тоглож болохгүй, ах надаас муу тоглож болохгүй гэсэн сэтгэлээр л үзэлцсэн. Энэ бол найруулагчийн бас содон шийдэл, бодол юм даа. Үүнээс өмнө ах Жамуха, би Сэнгүмд тоглож байсан. Энэ ч ялгаагүй Б.Балжинням найруулагчийн бодол байсан биз. Цагааны Цэгмидийн хүүхдүүд муу тоглох учиргүй, ах дүү хоёрыг хооронд нь тавьчихвал жинхэнэ ур ундаргаа үзүүлнэ гэж харсных байх. Мөн аав минь Монголын кино урлагт Сүй Шү Жан дүрээрээ “Алтан” гэсэн тодотголыг авсан байдаг. Үүний дараа ах маань энэ дүрд тоглосон. Үүнийг хараад би ч гэсэн аавынхаа, ахынхаа араас энэ дүрд ажиллаж үзэхсэн гэсэн мөрөөдөл тээж явсан. Даанч энэ хүсэл талаар боллоо. Харин сүүлд Ц.Төмөрбаатар ахын хүү Т.Анарынхаа хийсэн “Сүүн замын сахиул” кинонд Хятадын дүрийг бүтээсэн. 


-Өнөөдөр бид урлаг хөгжиж байгаа гээд л хошуураад байна.  Ялангуяа кино урлаг?


-Тэр өрөөсгөл ойлголт шүү. Бид соёл урлагаа сурталчилж, өнөөдрийнхөөс дээд түвшинд хүргэх хамгийн гол алхам нь төр ивээлдээ авах шүү дээ. Өнөөдөр бид Соёлын яамтай болсон гээд баярлаад л байна. Гэтэл үр дүн, өгөөж нь хаана байгаа юм бэ. Тэр яамыг ямар хүн удирдаад байна вэ. Соёл урлагийн мэргэжлийн хүн мөн үү гээд олон асуудал сөхөж болохоор. Цагтаа энэ яамыг чинь агуу Ч.Лодойдамба, Л.Ванган гэсэн урлагийн өндөр боловсрол мэдлэгтэй, жаргал зовлонг нь өөрийн биеэр мэдэрч явсан эрхмүүд удирдаж явсан түүхтэй. Гэтэл өнөөдөр ганцхан УДЭТ-ын байранд урлагийн гурван байгууллага үйл ажиллагаа явуулж байна гээд боддоо. Монгол Улсын гол дархлаа чинь соёл урлаг юм шүү. Гэтэл бид циркээ нураачихсан, Хүүхэд залуучуудын театраа татан буулгачихсан. Одоо байгаа ганц театр нь ямар ч өрсөлдөгчгүй байна. Тэгэхээр яаж хөгжих юм. Үргэлж чанартай, чансаатай кино хийж ирсэн Монгол кино үйлдвэр чинь одоо хаана байна. Энэ чинь Монгол Улсын тусгаар тогтнол, соёлын дархлаанд нөлөөлж байгаа том хүчин зүйл шүү. Эх орны ирээдүй болсон олон залуустай уулзахад бүгд л гадагшаа гарах хүсэлтэйгээ хэлэх юм. Бүр би Монголд төрсөндөө гомдож байна гэх хүнтэй ч таарч байлаа. Ажиллах гол хүч чинь ихэнх нь гадны оронд боол болж байна. Тэгэхээр хэн энэ эх орныг чинь хөгжүүлэх вэ.   


-Та сүүлийн жилүүдэд киноны салбарт түлхүү ажилласан. Ялангуяа залуучуудтай их ганзага нийлж байгаа харагдсан шүү?


-Би өнөөдөр киноны мөнгөөр л амьдарч байна. Тиймээс кино намайг аваасай гэж хүсдэг. Хүний амьдралд мөнгө хэрэгтэй. Харин би тухайн багт ороод хийх ажлаа тултал нь хийнэ л гэж зорьдог. Надад ч киноны санал их ирдэг. Эхлээд би зохиолоо уншина. Үнэхээр энэ дүр надад тохирох уу, би гаргаж чадах уу гэж харна. Үүний дараа  тодорхой хэмжээний цалин хөлсөө тохирно. Гэхдээ манай киночид бүхий л зардлаа өөрсдийн халааснаас гаргадаг. Зарим үед үнэхээр миний туслах, дэмжих ёстой дүү нар байвал би үнэрхэлгүй кинонд нь ороод өгөхийг л боддог. 


-“Фантастик” продакшн, найруулагч Б.Тамир “37-р Точка” киноны Дарамын дүрийг таныг харж байгаад л бичсэн юм шиг санагддаг?


-“Фантастик”-ийнхан бол миний хайртай дүү нар. Би “Фантастик”-ийн хэд хэдэн кинонд тоглосон. Учир нь тэд уран бүтээл хийхийн төлөө төрсөн авьяастай, сэтгэлтэй, хөдөлмөрч залуус шүү дээ. Тэд ч намайг мэддэг. Намайг ямар арга барилаар ажилладгийг мэддэг учир зураг авалтын бүх зүйлээ бэлэн болгоод дууддаг. Миний ажилд ч ямар нэгэн байдлаар садаа болдоггүй учир ажиллахад их амар санагддаг юм. Харин ойрноос хүмүүс тааралдахаараа “Чамайг зурагтаар л харах юм” гэж ярих боллоо. Тэгэхээр нь дэлгэцийн уран бүтээлээс жаахан хөндийрдөг ч юм билүү гэж бодогдох юм. 


-Харин ч бардам, сайхан юм биш үү?


-Үгүй дээ. Би чинь уран бүтээлч хүн шүү дээ. Бүтээл л хийх учиртай. Түүнээс зурагтаар харагдаад, гараад өнгөрөх төдий байж болохгүй. Хэдийгээр амьдрал ч гэлээ жүжигчин хүн дүрийг  бүтээхгүйгээр зүгээр гараад байх нь буруу. Таны түрүүний хэлснээр Дарамын дүрийг танд л зориулж бичсэн гэдэг шиг. 

 

МИНИЙ КИНО КАРЬЕРЫН ХАМГИЙН ТОМ ОРГИЛ “НЯЛХ СЭНГҮМ” 

 

-Тэгвэл энэ олон жилийн хугацаанд өөрийгөө тоосон, би бүтээчихлээ гэж омог бардам хэлсэн дүр тань ямар бүтээлийнх вэ?


-Мэдээж хэд хэдэн бүтээл бий. Сүүлийн үед гэвэл цар тахлын үеэр хийсэн хоёр киног нэрлэж болохоор. Гэхдээ үзэгчдэд хараахан хүрч амжаагүй байна. Харин өмнөх кинонуудаасаа харахад миний кино карьерын хамгийн том оргил "нялх" Сэнгүм гэж би боддог. Хамгийн анхны түүхэн дүр ч байлаа. Энэ бүтээлээр өөрийгөө ямар жүжигчин болохоо харах, түүхэн кинонд тоглож чадах уу гэдгээ харна гэж бодоод их хөдөлмөр, ажиллагаа, хийц, сэтгэлээ зарцуулсан санагддаг. Түүнээс хойш Чингис, Жамуха Зэлмэ, Бодоо гээд олон ч түүхэн дүрд тоглолоо.  


-Та бол социализмын үед хүмүүжсэн хүн. 1970-1980-аад онд урлаг жинхэнэ мандан бадрахаас гадна хүний мөн чанар хүртэл арай ханатай байсан нь лавтай?


-Бидний үед нийгэм сайхан байж. Аливаа салбар өөрийн бие даасан бодлоготой, үе шаттайгаар хөгжиж ирсэн. Мөн аливаа асуудалд хариуцлага тооцож чаддаг байлаа. Жишээлбэл аав, ээж нь  шоронд хоригдлоо гэхэд хүүхдийг нь нийгмийн үйл ажиллагаанаас хасна. Тэгэхээр эцэг эхчүүд нь ч алдаа гаргахгүй байхыг хичээнэ. Сургууль, ажилд ороход заавал гурван үеийн түүх шаардана. Гэтэл одоо шоронд хоригдож байсан хүн УИХ-д суугаад хууль батлалцаж байгаа чинь зөв тогтолцоо юу. Одоо бид нар ч өнгөрсөн. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг минь ямар ирээдүй хүлээж байгаа бол. 


-Таныг жүжигчин болох хүсэлгүй байсан гэсэн. Хүүхэд насны мөрөөдөл, чин хүсэл тань юу байсан юм бэ?


-Надад мөрөөдөл байгаагүй. Дөнгөж сургуулиа төгссөн, зорилгогүй нөхөр байхад ах маань намайг хөтөлж аваачаад МУБИС-д шалгуулж байлаа. Ээж л “Энэ хүүхэд хэцүүдлээ, жүжигчин болж чадахаар юм шиг байна” гэж ахад хэлсэн юм шиг байна лээ. Тухайн үед би юу ч мэдэхгүй хүүхдээр монолог, шүлэг уншуулахад гайхдаг байлаа. Гэтэл тэр үеийн хүмүүс чинь заавал сурах ёстой 10 дуу, 10 бүжиг гээд бид соёл урлагаар хүмүүждэг байсан байна. Д.Нацагдоржийн шүлгийг мэддэггүй хүн гэж байгаагүй юм шүү. Ард түмэн нь соёл урлагаа дээдэлдэг, уран бүтээлчид нь эргээд сайн бүтээл хийхийн төлөө хөдөлмөрлөдөг байж. Харин одоо энэ тогтолцоо, бодлого хаана байна. Өнөөдөр жүжигчин болох гээд ирж байгаа хүүхдээс юуг нь шалгах вэ. Энэ хүүхэд царай зүсээр арай сайн юм, өндөр нь хэд вэ гэж асуух уу. Жүжигчинг гадна төрхөөр нь сонгоод байхаар яаж мэргэжлийн жүжигчин төрөх вэ. Ер нь театр болоод урлаг гэдэг чинь өндөр нам, өргөн бүдүүн, царай зүс сайн муу бүх хүнээс бүрдэж байж бодит болдог юм. Үргэлж гоё, сайхан хүн тоглуулаад байхаар тэр бүтээл яаж үнэн байх юм.  


-Та “Алтан” Цэгмидийн үргэлжлэл. Энэ нэр мөнхөд таныг дагаж, хазайх үед тань түшсээр ирсэн байх. Таныг ааваасаа их нялхдаа хагацсан гэх юм билээ? 


-Аавын минь бүтээсэн дүрүүд үзэгчдийн  сэтгэлд мөнхөрч үлдсэн. Миний хувьд аавыгаа мэдэхгүй. Ээж, ах, эгч нарынхаа ярьсан дурсамжаар л аавыгаа төсөөлж, бодож явдаг юм. Мөн энэ мундаг хүний үр удам учир нэрийг нь өндөрт өргөж гудахгүй амьдрахсан л гэж хичээх болсон. Нэрний минь өмнө явах овгийг сайнаар дуудуулж явах нь бидний үүрэг юм даа. “Алтан” Цэгмидийн үр удам өнөр олуулаа болж, салаа мөчрөө дэлгэсээр байна. Мөн үр ач нь урлагийн салбарт амжилттай яваа нь ч гайхам сайхан. Үүнээс илүү жаргал гэж юу байхав. 


-Аавын тань тухай хүмүүс хангалттай сайн мэдээлэлтэй байдаг. Харин тэр хүний ар талыг дааж, хүүхдүүдээ өдий зэрэгтэй хүн болгосон ээжийн тань гавьяаг бахадмаар санагдах юм?


-Миний ээж их агуу эмэгтэй. Биднийг хоёр идүүлж, хоосон хонуулахгүйн төлөө эцсээ хүртэл хөдөлмөрлөсөн. Намайг их сургуульд сургаж, гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн хүн юм. Яг үнэндээ би ааваасаа илүү ээжийгээ хайрладаг. Ээжтэй амьдрал илүү амар амгалан, элбэг дэлбэг байдгийг бурхан болсных нь дараа л мэдэрдэг юм билээ. Энэ хүн л намайг энэ зэрэгт хүргэж гэдгийг тэр үед л сэтгэл зүрхээрээ мэдэрч, үгүйлсэн дээ. 

 

АЛДСАН ХУГАЦААГАА НӨХӨХИЙН ТУЛД ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА

 

-Таны хувьд нэлээдгүй хугацаанд урлагаас хөндийрсөн. Тэр цаг үед ээж тань юу  хэлж, сургадаг байв?


-Миний ээж надад тэгж их сургааль айлдаж, загнаж байсныг санахгүй байна. Ганцхан хэлдэг үг нь “Миний хүү хэний хүүхэд вэ гэдгээ бод. Би чамд өөр юу ч хэлэхгүй” л гэж хэлсэн удаатай. Тухайн үед би нэлээд бор дарс хүртдэг болчихсон, урлагийн замаасаа хазайчихсан явсан юм. Эргээд бодоход ээж минь намайг зөв замаар яваасай л гэсэн дээ тэгж хэлсэн байхдаа гэж бодогддог шүү. 


-Бор дарстай нөхөрлөж явсан тэр он жилүүдийг эргээд бодоход харамсал мэдээж төрдөг байх даа? 


-Хайран сайхан цаг хугацаагаа би тэр үед л алдчихсан. Тэр үед хүн бүхэн намайг таньдаг, таарсан бүхэн лонхтой найзлуулчихдаг байлаа. Ингээд буруудаад, уруудаад эхлэхээр өнөөх сайхан найзууд чинь бүгд алга болчихдог юм билээ. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн. 


-Цаг хугацаагаар хэмжвэл та хэдэн жилийг бор дарсанд зориулчихав?


-Нэг мэдэхэд би 8-10 жилээ алдчихсан байж билээ. Тиймээс энэ цаг хугацаагаа нөхөхийн тулд би нэг хэсэг шаргуу ажилласан. Бүр жилдээ 90 кинонд тоглож байлаа. Киноныхон ч намайг сонирхож, санал тавих нь ихэссэн. Хүн нэр хүндээ алдах их амархан. Харин эргүүлж олж авна гэдэг чанга даваа юм шүү. Алдсан нэр хүндээ эргүүлж авахын тулд би яг таван жил цөхрөлтгүй хөдөлмөрлөсөн санагддаг.


-Гэхдээ гашуун идээнээс татгалзаж, эргээд урлагтаа ирсэн гэдэг тань өөрийгөө ялсан хамгийн том ялалт, тэвчээр байсан уу?


-Ах бид хоёр “Үхэж үл болно” киноны зураг авалтад орчихоод хот руу явж байхад ах “Би 15 жил архи уухгүй болоод байхад чи яагаад уухгүй байж чаддаггүй юм” гэж хэлсэн. Ах ч залуудаа нэлээд хүртчихдэг байсан юм. Тухайн үед би дотроо “Ах уухгүй болоод байхад би сар 15 хоног тэсчихэж чадах байлгүй дээ” гэж өөртөө хэлсэн. Тэгээд л ер нь бор дарснаас холдсон доо. Тэр үг л их надад нөлөөлсөн санагддаг юм. 


-Тухайн үед таны амьдрал, гэр орон ямар янзтай болчихсон байсан бэ?


-Хүн уухаа болиод ирэхээр эрүүлээр бүхнийг харж, эрүүлээр бодож, тунгааж эхэлдэг юм билээ. Хамгийн түрүүнд өөрөөсөө “Би хэний хүүхэд билээ. Одоо ямар болчихсон байна вэ, чи хэний дүү билээ, өнөөх театр, нэр хүнд хаана байна” гэж асуусан. Тэр он жилүүдэд эхнэр, хүүхэд минь доошоо орчихсон амьдрал гэж үнэндээ хирэндээ баригдсан шалбааг болчихсон намайг угтсан. Тиймээс явсан мөрөө эргэж харж, угаахтай нүүр тулж билээ.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)

Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

7 цаг 25 мин
Л.Энх-Амгалан: Олон улсын хөтөлбөрийн нэр барьсан хувийн сургуулиудыг зарлана

Л.Энх-Амгалан: Олон улсын хөтөлбөрийн нэр барьсан хувийн сургуулиудыг зарлана

8 цаг 2 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдааныг товложээ

Ногоон автобусны хэргийг шүүх хуралдааныг товложээ

9 цаг 19 мин
Б.Дэлгэрсайхан: Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо

Б.Дэлгэрсайхан:  Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо

9 цаг 23 мин
Мөрөөдөлдөө хүрэх гүүр олон улсын тэтгэлгүүд

Хүн бүхэнд мөрөөдөл бий. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүссэн сургуу

16 цаг 40 мин
Антонио Гутерриш: Бид энх тайвныг сахин хамгаалах нийтлэг чиг үүрэгтэй

Ойрхи Дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний асуудал

16 цаг 45 мин
Хиймэл оюун ухааны нөлөөг хэвлэл мэдээлэл дийлэх үү?

Сүүлийн 20 жилийн хугацаанд Apple, Amazon, Google, Meta, Micros

16 цаг 50 мин
“Хуулиас давсан тогтоолын төсөл  байж болохгүй”

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өчигдөр хуралдаж, Төрийн албан хаагчийн

16 цаг 55 мин