• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Театр арын албаны мэргэжилтнүүдээр “цангаж”байна

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

Театр бол ариун сүм гэж бид ярьдаг. Тухайн тайзан дээр амилж буй уран бүтээл үзэгчдэд бодол ухаарал, сэдэл санаа өгч байх үүрэгтэй. Театрт шинэ жүжиг үзээд гарахдаа бид тайзан дээрээс заримдаа өөрийгөө харж, дүгнэлт хийсээр буцдаг. Тэгвэл бидний оюуны алжаалыг тайлж, шинэ бүтээлээр цэнэглэхийн тулд уран бүтээлчид ямар замыг туулж, хэр их хүч, хөдөлмөр зарцуулдаг бол. Жүжигчдийн олон сарын бэлтгэл сургуулилтаас гадна тухайн бүтээлийг төгс болгодог амин сүнс нь тайз билээ. Тайз байхгүй бол уран бүтээл үгүй. Гэвч  жүжиг нээлтээ хийсний дараа тоотой цөөхөн хүн л нэр хүндийг нь хүртдэг гэхэд хилсдэхгүй. Харин арын албаныхан буюу зураач, гэрэлтүүлэгч, туслахууд ард нь чимээгүй хоцордог дүр зураг элбэг. Үүнээс гадна олон улсад театрын арын албаныханы стандарт гэж бий. Зураач гэхэд хувцасны, жижиг хэрэглэлийн гээд хэд, хэд салах жишээтэй. Харин манай улсын хувьд тогтолцоо нь эсрэгээрээ буюу тайзны уран бүтээлийн арын албаныхан хосмдолтой байгаа юм. Төгс бүтээл хийхийн тулд үүнийг бодлогоор дэмжиж, нарийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлдэх, мэргэжшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл” буландаа цувралаар хөндөхөөр бэлтгэлээ. 

 

УДЭТ  ХОЁР ЗУРААЧИЙН ОРОН ТООТОЙ


УДЭТ өнгөрсөн онд Германы алдарт зохиолч, театрын онолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр үзвэрийн хөшгөө нээв. Тухайн жүжиг нээлтээ хийснээс хойш шуугиан нь тасралгүй өнөөдрийг хүрч байна. Гэхдээ энэ удаад найруулагчийн тавилт, жүжигчдийн тоглолтоос гадна тайзны шийдэл анхаарал татаж байлаа. Тайз бидний дунд тоглож, бидэнд үг хэлж, зарим үед тохуурхаж, тоглож байсан юм. Энэ бол орос зураачийн сонгодог тавилт, содон шийдэл байв. Энэ уран бүтээлээс бид жүжигт тайз ямар чухал болохыг харсан.Тэгвэл ОХУ-д мэргэжлийн 200 гаруй театр бий. Тухайн театрууд зэрэглэл, статусаасаа хамаараад доод тал нь 4-8 зураачийн орон тоотой байдаг ажээ. Харин Сөүлийн Ардын урлагийн театр есөн зураачтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. 


Үүнд нь ерөнхий зураачаас гадна тайзны, хувцасны, жижиг хэрэглэлийн, хар зурагны, гэрлийн, эффектийн, инженерийн, дизайны, постерийг гээд олон улсын стандартын дагуу ажилладаг ажээ. Ингэж цогц ажиллаж байж өнөөдөр Сөүлийн театр Азидаа төдийгүй дэлхийд ноёрхсоор байгаа юм. Гэхдээ манай зураачид ч “Адууны түүх”, “Опал”, “Кихот ноён” жүжгээр ямар чадвартай гэдгээ харуулж байсан. Гэвч театр орон тооны хувьд дутмаг байгаа учир бүхий л ачаалал ерөнхий зураачийн нуруун дээр байна. 


Энэ тухай УДЭТ-ын маркетингийн хэлтсээс тодруулахад “Одоогоор манай театр ерөнхий зураач, туслах зураач гэсэн хоёр орон тоотой. Зарим уран бүтээл дээр гаднаас зураач болон тайзны туслах ажилтнуудаа авах нь бий.  Мэдээж энэ тоо олон улсын стандартад хүрэхгүй. Тиймээс бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад л уран бүтээлээ хүргэдэг” гэв. 


Харин энэ тухай УДБЭТ-ын Хүний нөөц хариуцсан ажилтан н.Лхагвадорж “Одоогоор манай театрт үндсэн орон тооны  хоёр зураач ажиллаж байна. Ерөнхий зураач, гүйцэтгэгч зураач. Хоёулаа мэргэжлийн уран бүтээлчид. Мэдээж орон тооны хувьд олон улсын стандартад хүрэхгүй. Тиймээс ажлын ачаалал их. Харин гэрэлтүүлэгчээр дөрвөн хүн ажилладаг. Үүнд гэрлийн техникч, инженер багтдаг. Цаашид зураачийн орон тоо нэмэхээр Соёлын яам руу албан бичгээр хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй байна” гэсэн юм. Үүнээс харахад Монголын ард түмнийг соёл урлагаар гэгээрүүлэх ёстой хоёр том театрт нийлээд дөрвөн зураач л ажиллаж байна. 

 

ТЕАТРТ КОНСТРУКТОР ЗУРААЧ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ 


Олон улсын театруудад зураачийн ажлыг ихээхэн дэмждэг ажээ. Театрын зураач бол хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэж үздэг гэнэ. Учир нь циркийн олсон дээгүүр явдаг жүжигчинд зураач нь хальтирдаг гутал хийгээд өгчихөд тухайн хүн маш том эрсдэлд орж байдаг. 
Мөн театрын жүжигчинд өөрт нь харшил өгдөг материалаар хувцас хийж өгч яасан ч болохгүй. Тиймээс ч олон улсад тухайн уран бүтээлд конструктор зураач ажлуулах шаардлагыг хариуцсан яамд нь тавьдаг юм байна. Энэ зураач нь технологи, инженерчлэлийн нарийн мэдлэгтэй байх ёстой гэж ахмад зураач Б.Батболд онцолж байсан юм. Тэрбээр “Жишээлбэл нэг жүжигчин тайзан дээр дахин нэг жижиг тайз хийгээд дээр нь гараад монолог уншлаа гэж бодъё. Тэгвэл тухайн жүжигчний гарч зогсох тэр тайзыг хийхийн тулд жүжигчний биеийн жин, хөдөлгөөний байдал, даац зэргийг бодож байж, тайзаа хийх ёстой. Учир нь ямар ч тооцоололгүй тайз хийчихвэл тухайн жүжигчин жүжгийн явцад унах, тайз нь биеийн жинг нь даалгүй нурах эрсдэлтэй. Энэ асуудлыг олон улсад конструктор зураач тооцоолол хийж гаргадаг. Гэтэл манай театруудад энэ зураач байхгүй” гэсэн юм. Үнэхээр тайзан дээр тоглож байгаа жүжигчин эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох учиргүй. Энэ аюулаас сэргийлэхийн тулд конструктор зураач театрт зайлшгүй байх ёстой. Үүнийг Соёлын яам анхааралдаа авч, мэргэжлийн зураач, гэрэлтүүлэгч гээд театрын арын албаны уран бүтээлчдийг бодлогоор дэмжих,  бэлтгэх шаардлага тулгараад байна. 

 

 

Тайзны зураач О.Баярмагнай: Манайд мэргэжлийн зураач дутмаг

-Би театрт урилгаар “Адууны түүх” жүжгийн тайзыг хийсэн. Үзэгчид зураачийг зөвхөн тайз хийдэг, засдаг хүн гэсэн өнцгөөс харах нь бий. Гэвч энэ мэргэжлийн үнэ цэн өргөн цар хүрээтэй. Мэргэжлийн нарийн ажиллагаа, олон талын мэдлэг, мэдрэмж шаардсан ажил. Би аливаа уран бүтээлд ажиллахдаа мэргэжлийн байхыг л эрхэмлэдэг. Бусад зураач нартаа ч энэ шаардлагыг тавьдаг. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн зураачдын хүрэлцээ, хүртээмж тааруу байгаа учир ерөнхий зураачийн нуруун дээр л бүх ачааг үүрүүлээд байна. Түүнээс уг нь Ерөнхий зураачаас гадна тайзны, хувцасны, жижиг хэрэглэлийн, гэрлийн гээд их олон төрлийн мэргэжлийн зураачид театрт байх ёстой.

 

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн: Хүний нөөцийг системтэйгээр бэлдэнэ  

-Соёлын яам бие дааж байгуулагдаад гурван жил болж байна. Ямар ч улс орны хамгийн үнэт зүйл нь хүн. Зөвхөн театр гэлтгүй соёл урлагийн салбарт хүний нөөцийг том зураглалаар харсан бодлого багагүй доголдолд орсон нь үнэн. Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүд олон бий. Соёл урлагийн салбарын хүний нөөцийг судалгаанд суурилан, системтэй бэлдэх ажлыг мэргэжлийн түвшинд эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр бид ажиллаж байна. Тухайлбал, театрын нарийн мэргэжлийн удирдлагууд болох удирдаач, найруулагч, зураач, оёдлын мастер, тайзны инженер, гэрэл болон дуу, шуумны инженерүүд гээд олон хүний ур ухаан, чадвар, хамтын ажиллагаагаар цогц тайзны бүтээл үзэгчдэд хүрдэг. Тиймээс  энэхүү уран бүтээлчид болон нарийн мэргэжилтнийг бэлдэх мэргэжлийн сургуулиудын чансаа өндөр байх шаардлага үүссэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 10 (6995)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.