• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ “төрийн хамгаалалт”-д авна

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг урьж, ярилцлаа. 

-Та ХХААХҮ-ийн сайдаар томилогдоод гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Сайдын ажлаа юунаас эхлэв. Өмнө нь УИХ дахь салбар хариуцсан байнгын хороог даргалж байсан учраас ХХААХҮ-ийн салбарын асуудлуудаа харьцангуй мэдэж байсан болов уу?
-Би энэ салбарын байнгын хорооны гишүүнээр 10 жил, байнгын хорооны даргаар гурван жил ажилласан. Тийм учраас салбарынхаа тулгамдсан асуудал, хүлээгдэж буй ажлуудыг сайн мэднэ.  “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд УИХ-аас батлагдсан 36  дугаар тогтоолын Ажлын хэсгийг ахлан, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлүүлээд байна.  


Ирэх 2023 оны төсөвт мал аж ахуйн салбарт, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэхэд зориулж 41.7 тэрбум төгрөгийг баталлаа. Шүлхий өвчний гаралт 2022 онд 20 аймгийн 203 суманд 4670 голомт бүртгэгдсэн. Харин зөв тактик барьж ажилласны үр дүнд тархалтыг зогсоож, одоогоор улсын хэмжээнд өвчлөлгүй тайван байна. Вакцины хувьд ОХУ-аас 6.5 сая тунг авч, Биокомбинат ТӨХХК-ын тусгай зориулалтын хөргүүрт хадгалаад байгаа. Малын гоц халдварт өвчин нь тухайн улс орны төдийгүй бүс нутгийн хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үлэмж хэмжээний хохирол учруулдаг учраас бид ирэх таван жилд малаа эрүүлжүүлэх бодлого баримталж, Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу манай яамнаас мал эрүүлжүүлэх, биобэлдмэлийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, вакцины хамааралгүй болгох Ажлын хэсгийг гарган ажиллаж байна. Мэдээж Монгол Улсыг эрүүл малтай болгоход малчин түмний үүрэг оролцоо асар чухал. Нэг өгүүлбэрээр хэлбэл, монгол хүний эрүүл мэнд малчин таны гарт бий. Мал нь эрүүл бол зах зээлд борлуулах, цаашлаад экспортод гарган, ашиг олох боломж бүрдэнэ. Энэ чиглэлд нэлээд хүч хаяж ажиллаж байна. 

 

 

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд УИХ-аас батлагдсан 36  дугаар тогтоолын Ажлын хэсгийг ахлан, хүнс, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлүүлээд байна.  Ирэх 2023 оны төсөвт мал аж ахуйн салбарт, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэхэд зориулж 41.7 тэрбум төгрөгийг баталлаа.

 


-Монгол Улс мал аж ахуйн орон гэж нэрлэгдсээр ирсэн.  Малын тоо толгой жил бүр нэмэгдэж байна.  Гэвч энэ чиглэлд бодлого, шийдвэрүүд дутмаг байгаа нь хөгжих боломж бололцоог хойш нь татдаг. Мал аж ахуйн салбарт шинэ тутамд асуудлууд байсаар, гарч ирсээр л байна?


-Тийм ээ. Мал аж ахуйн салбар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг бүрдүүлж байна. Тиймээс хүнсний салбарт чухал нөлөөтэй махны экспортыг нэмэгдүүлэхэд малын махаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Энэ нь эргээд махны  экспортод эрс өөрчлөлт авчирна. Эрүүл монгол малын мах бий болгохын тулд олон улсын жишгээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулахаар ажиллаж байгаа. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны код”-ын 8.8.40-8.8.42, Гарын авлагын 3.1.8 дугаар зүйлд шүлхийгээр тайван, вакцин хэрэглэдэггүй бүс болгохоор төлөвлөж байгаа бүс нутагт сүүлийн 24 сарын турш шүлхийн халдвартай болон шүлхийн вакцин тариулсан мал оруулаагүй байх онцгой шаардлага тавьдаг. Олон улсад богино хугацаанд тусгаарлах зорилготой тусгаарлагдсан аж ахуй, вакцинтай эрүүл бүс, вакцингүй эрүүл бүс гэсэн гурван хэлбэрээр малаа эрүүл болгодог. Бид олон улсын шаардлагад бүрэн нийцсэн эрүүл бүс байгуулахын сацуу Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулахад түлхэц үзүүлэх зорилгоор мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий бүсийг бүсчилсэн байдлаар хилийн боомтуудыг түшиглэн Баруун, Зүүн, Хойд хил дагуух аймгуудад байгуулна. Дорнод, Булган, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгддэг орчин үеийн технологиор 12 вольтын утсыг ташуугаар 10 метр тутамд татаж бүрэн хашаалж, тэжээл, бэлчээр, усан хангамж болон олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан загвар аж ахуй байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 


Түүнчлэн  Баруун аймагт гурван сая орчим мал байгаа бол Халх голын нутагт 100 гаруй га газарт 100 мянган үхэртэй байхаар төлөвлөж байна. Халх голынхоо өндөр өвсөнд бэлчээсэн малаа үнэд хүргэн дэлхийн зах зээлд гаргана.  Бид тухайн хорио цээрийн бүсэд бэлчиж буй малыг хуваарьт вакцинжуулалтад хамруулж, гаднаас эрүүл бус мал нэвтрүүлэхгүй хяналттай ажилласнаар 24 сарын дараа эрүүлжүүлсэн малын махаа олон улс руу экспортод гаргах боломжтой болж байгаа юм. Эрүүл малын махыг бид олон улсад үнэ хүргэж чадсанаар гуйж биш, гуядаж өгнө. Олон улсад ийм зарчмаар ажилладаг.

 

Монгол Улсыг эрүүл малтай болгоход малчин түмний үүрэг оролцоо асар чухал. Өөрөөр хэлбэл, монгол хүний эрүүл мэнд малчин таны гарт бий.
 


-Сайд болоод удаагүй  байхдаа Франц улсад очиж байсан.  Тэндээс ямар асуудлаар туршлага судалж ирэв. Энэ тухай сонирхуулахгүй юу?


-Францын Парис хотноо төвтэй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага нь чанарын шаардлага хангасан эрүүл мал, амьтны махыг олон улсад экспортлох эрхийг дэлхий нийтэд зарладаг. “Монгол Улс 1989 онд тус байгууллагын гишүүн болсон. Миний хувьд сайд болсныхоо дараагаар Парис хотод очиж, байгууллагын орлогч захирал Arroyo Кuribrena-тай уулзалт хийж, мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий бүс байгуулах тухай бодлого, зорилтоо танилцуулсан.  Тэрбээр “Өнөөг хүртэлх хамтын ажиллагааны саналуудаас гол асуудал руугаа чиглэсэн, тодорхой санал байна” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Мөн Arroyo Кuribrena захирал "Мэргэжлийн хүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болсонд баяртай байна. Монгол Улс бидний зөвлөмжийн дагуу хамгийн эхэнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуультай болж, шүлхий өвчнийг хянах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орон гэдэг статусыг авсныг онцлон тэмдэглэсэн.  Монгол малын махыг эрүүлжүүлж, дэлхийн жишигт хүргэн  экспортлох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын холбогдох мэргэжилтнийг урьж, зөвлөмж авч хамтран ажиллах саналаа илэрхийлсэн.  Цаашид баруун бүсийн аймгуудыг малын гоц халдварт шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй бүс болгон баталгаажуулах дээрх санал санаачлагаа  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлээд ирсэн. 

 

Эрүүл Монгол малын мах бий болгохын тулд олон улсын жишгээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулахаар ажиллаж байгаа.  Ингэснээр монгол махаа олон улсад гуйж биш гуядаж өгөх цаг удахгүй ирнэ. 


-Энэ жил өвөлжилт, хаваржилт нэлээд хүндрэлтэй байна гэсэн мэдээлэл байна. Аймаг, орон нутгийн удирдлагуудад ямар чиглэл өгч ажиллаж байна вэ?


-УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ҮСХ, ОБЕГ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, орон нутгийн шуурхай штабуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Мөн ХХААХҮЯ дээр Шуурхай штаб байгуулан өдөр тутам аймгуудтай холбогдон нөхцөл байдлын мэдээлэл авах, өвс, тэжээлийн нөөцийн хөдөлгөөн, малын зүй бус хорогдол зэрэг мэдээ, мэдээллийг байнга нэгтгэж байна. Аймгуудын Шуурхай штаб өөрсдийн онцлогт тохирсон хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс өвс, тэжээл олгох, зам даваа гаргах туулах чадвартай автомашин хуваарилан олгох, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэргээр эрчимтэй ажиллаж байна.

 

Монголчууд бид социализмын үед юу л бол юуг өөрсдөө хийж чаддаг байсан. Гэтэл одоо дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа ч гадагшаа валют зарж авч байна. Бид уул уурхайгаас олсон багахан ашгаа бүх хэрэглээндээ зарцуулаад цоорхой уутанд хийчихсэн юм шиг л амьдарч байна шүү дээ.


-Төрийн тэргүүний зүгээс ч хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах чиглэлд хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж ажиллаж байгаа.  Танай яамыг голлон ажиллана гэж ойлгосон.  Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?


- Мэдээж тогтоолыг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хүн нэг бүрийн оролцоо чухал. Монголчууд бид социализмын үед юу л бол юуг өөрсдөө хийж чаддаг байсан. Гэтэл одоо дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа ч гадагшаа валют зарж авч байна. Бид уул уурхайгаас олсон багахан ашгаа бүх хэрэглээндээ зарцуулаад цоорхой уутанд хийчихсэн юм шиг л амьдарч байна шүү дээ. Тиймээс УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд бид Монголдоо хийж чаддаг байсан зүйлсээ үйлдвэрлэж, ирэх таван жилд өргөн хэрэглээний 19, задалбал 55 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилтыг тавьсан. Эхний ээлжид тавхан хувь байдаг гаалийн импортын татварыг үе шаттайгаар 2-3 жилийн хугацаанд 20-30 хувиар нэмэгдүүлж, үндэсний баялаг бүтээгчид буюу дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалж, “төрийн хамгаалалт”-д авна. 


Өнгөрсөн 2021 онд 2.7 их наяд төгрөгийн хүнсийг бид гаднаас оруулж ирсэн. Тэгэхээр зайлшгүй дотоодын хүнс үйлдвэрлэгчдээ төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байгаа биз. Баялаг бүтээгчдэд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, фермер, малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэгчид гээд бор зүрхээрээ зүтгэж, хөдөлмөрлөн эх орныхоо эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулдаг олон аж ахуйн нэгж, хүмүүс багтана.

 

Тиймээс УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд бид Монголдоо хийж чаддаг байсан зүйлсээ үйлдвэрлэж, ирэх таван жилд өргөн хэрэглээний 19, задалбал 55 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилтыг тавьсан.


-Махны экспортын асуудлыг хэрхэн шийдэх үү.  Бид малын түүхий эдийг эргэлтэд оруулснаар эдийн засгийн хувьд ашигтай.  Гэвч экспортын явцад алдаа ду­таг­дал байсаар байна. Үүнийг яам­ны зүгээс хэрхэн зохицуулах вэ?


-Махны экспортын хувьд ОХУ, Казахстан, Узбекистан зэрэг улсад адууны болон хонины хөлдөөсөн махыг экспортлох нөхцлийг бүрдүүлж, 2022 оны сүүлчийн дүнгээр 3.5 мянган тонн мах экспортлоод байна. БНХАУ-ын мах, махан бүтээгдэхүүн экспортыг сэргээх арга хэмжээг эрчимжүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжид үүрэг өгч, нэгдсэн төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа. Төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын эрх бүхий байгууллагын импортын мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах талаар тавьсан шаардлагыг бүрэн хангаж, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай “нэмэлт гэрчилгээ”-ний загварыг тохирсон. БНХАУ-ын тавьсан шаардлагын дагуу Эрээн боомтоор эхний ээлжинд өдөрт дулааны аргаар боловсруулсан таван машин нэвтрүүлэхээр мэдэгдсэн тул Монголын махны холбоотой хамтран дулааны аргаар боловсруулсан мах экспортлох аж ахуйн нэгжийн хуваарийг гаргаж, Гадаад харилцааны яамаар дамжуулан, БНХАУ-ын талд хүргүүлж ажиллалаа.    Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд дараах улс орнуудтай  эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 


Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох шинэ зах зээлд нэвтрэх ажлын хүрээнд Тайландын Хаант Улсын Хөдөө аж ахуй, хоршооллын яамтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар харилцан тохирсон бөгөөд тус санамж бичгийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай тусгасан болно. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн протоколыг байгуулах ажлын хүрээнд Вьетнамын талаас эрсдэлийн үнэлгээ хийх албан хаагчдыг Монгол Улсад ажиллуулахаар харилцан тохиролцоод байна.  Монгол Улсаас булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлын хүрээнд Кувейт улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлын хүрээнд Кувейт Улсын Хүнс, тэжээлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай Элчин сайд Р.Сэргэлэнгийн ажил хэргийн уулзалтын дагуу холбоо тогтоож Монгол Улсаас Кувейт улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох яриа хэлэлцээрийг эхлүүлээд байна. Мөн энэ уулзалтын хүрээнд Катар улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.


-Махны импортын тухайд тодруулахгүй юу?


-Мах импортлогч орнуудтай хамтын ажиллагаагаа шат ахиулахын зэрэгцээ монгол малын махаа дэлхийн жишигт хүргэх шаардлага тулгараад байна. Тухайлбал, малын махны хэрэглээ ихтэй Европын холбооны улсуудад гэхэд л малын махыг шүүрхийгээр болон хагас болгож хүнсэндээ хэрэглэх нь түгээмэл. Гэвч тухайн улсын хэрэглэгчдийн хүнсний стандарт шаардлагад нийцэх малын мах тийм ч хангалттай бус.  Манай улсын малын махны хувьд шүлхийгээс гадна 40 төрлийн шимэгчтэй гэдгийг одоогоор илрүүлээд байгаа. Мөн махны вирус, нян бактерын тэсвэржилт, эмийн үлдэгдэл зэрэг нь дэлхий даяар 10 сая гаруй хүний үхлийн шалтгаан болдог гэсэн олон улсын судалгаа байдаг. Ер нь гоц халдварт өвчин байгаль орчны нөлөөлөл, даяарчлал, хүн, малын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан маш богино хугацаанд өргөн хүрээг хамран хурдацтай тархан тухайн улс орны төдийгүй бүс нутгийн хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үлэмж хэмжээний хохирол учруулах гол шалтгаан болдог. 

 

2022 оны тавдугаар сарын 5-нд УИХ-ын тогтоол гарсан. Улмаар угаасан ноолуур экспортолж буйг шатлал ахиулж, самнасан ноолуур экспортод гаргах болсон.


-Удахгүй малчид маань ноолуураа борлуулна. Энэ жил ямар бодлогоор явах дүр зурагтай байна вэ?


-Засгийн газрын 2022 оны аравдугаар 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэсэн зохицуулалтыг тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм. Ноолуурын боловсруулалт, худалдаанд техникийн зохицуулалт хийснээр угаасан ноолуур экспортод гарахгүй, 4500 тонн хялгасыг нь ялгасан /самнасан/ ноолуур экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, нийтдээ 660.0 сая ам.долларын борлуулалт хийж, салбарын борлуулалтын орлогыг 294 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн одоо байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалж, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан.
Улмаар угаасан ноолуур экспортолж буйг шатлал ахиулж, самнасан ноолуур экспортод гаргах болсон. Үүнтэй уялдаад зарим УИХ-ын гишүүд ноолуурын үнэ унах эрсдэлтэй тул энэ шийдвэрээ эргэж харахыг хүссэн. Энэ ойлголтын зөрүүтэй байдлыг арилгахаар албаныхан болон УИХ-ын гишүүдтэй уулзалт хийх гэж байна. Угаасан ноолуур бус самнасан ноолуур экспортолбол 4000-5000 ажлын байр бий болно. Угаасан ноолуураас Монгол Улсад өнгөрсөн жил 310 сая ам.доллар орж ирж байсан бол самнасан ноолуур экспортолсноор 500 сая ам.доллар болно. Бид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Цаашдаа Монгол Улс уул уурхайд бус хөдөө аж ахуйд түшиглэсэн бүтээгдэхүүн экспортлох нь чухал.


-Дараагийн нэг чухал салбар бол газар тариалан.  Энэ салбарыг татварын хөнгөлөлтөөс эхлээд нэлээд дэмждэг.  Гэвч эргээд хямд өртөгтэй, чанартай хүнс авах гэхээр үнээ нэмдэг, дээр нь хүнсний чанар асуудалтай байдаг ч юм уу.  Ер нь энэ асуудалд цаашид ямар зохицуулалт хийх  вэ?


-Онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтад бодитой дэмжлэг үзүүлэх, цаашид тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улаанбуудайн үр, тэжээлийн таримал болон төмсний үр, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг тодорхой хувиар тус тус хөнгөлж  олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулсан. 


Мөн Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гарган арилжааны банкаар дамжуулан тариалан бүхий ахуйн нэгжид зээл олгосон. Газар тариалангийн үйлдвэрлэлийн орцууд импортоос шууд хамааралтай бөгөөд шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, ургамал хамгаалах бодис, бордооны үнэ өмнөх жилийнхээс 30-60 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор буудайн өөрийн өртөг өсч түүнийг даган бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдлийг дагуулж байна.

 


-Гурилын үнэ нэмсэн асуудал бий.  Ирэх хавар хүртэл бид төмс хүнсний ногоогоо үнийн хөөрөгдөлгүй хүлээж авах боломжтой юу?


-Хадгалалтын үед ажиллах хүч, цахилгааны зардал, ангилж ялгах, өвлийн тээврийн зэрэг зардлууд гардаг. ХХААХҮС-ийн 2019 оны А-43 дугаар тушаалаар төмс, хүнсний ногооны хадгалалтын үеийн хорогдлыг тооцон гаргадаг. Төмс, хүнсний ногоогоо дотоодоосоо бүрэн хангах бодлого барин ажиллаж байна. Тодорхой нэр бүхий хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг үе шаттайгаар нэмэгдүүлснээр эх орныхоо хүнсийг нэмэгдэлгүй үнээр авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


-ЖДҮХС-гийн үйл ажиллагаа олны анхааралд байдаг. Одоо энэ сангийн үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн байх.  ЖДҮ эрхлэгчдээ зээлээс гадна хэрхэн дэмжиж байна вэ.  Зээлийн хөрөнгийг нэмэгдүүлж, илүү олон бизнесийг дэмжихэд хэрхэн анхаарч байна вэ?


-Mонгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-ыг байгуулсан. Тус агентлаг нь төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зүй зохистой удирдан, зохион байгуулах, зарцуулах, үйл ажиллагаанд дотоод хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. 
Энэ хугацаанд "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг шинэчлэн үйл ажиллагааг нь олон нийтэд ил тод нээлттэй болголоо. Одоо зээлийн төслийг хүлээж авахаас эхлээд үнэлэх, сонгон шалгаруулах бүх үйл ажиллагааг цахимжуулсанаас гадна сонгон шалгаруулах хорооны хурлыг лайваар олон нийтэд ил тод байдлаар дамжуулдаг болсон. Мөн төсөл хэрэгжүүлэгч нь төрийн өндөр дээд албан тушаалтантай харилцаа хамааралтай, төслөө олон нийтэд танилцуулахаас татгалзсан тохиолдолд төслийг хүлээн авахгүй зохицуулалт хийсэн. Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хөнгөлөлттэй зээл олгохоос гадна санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн банк, ЖАЙКА, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх хөдөөгийн сан, Европын сэргээн босголт хөгжлийн банктай  хамтран ажиллаж байна. 


Мөн ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах сургалт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүний зах зээл, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад дотоодын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, төрийн болон уул уурхайн байгууллагууд, үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдэд тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх чиглэлээр идэвх чармайлт гарган ажиллаж байна.  Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олгоно.


-Та Засгийн газрын болон УИХ-ын гишүүн.  Танай салбартай холбоотой ямар онцлог хуулийн төслүүд хаврын чуулганаар хэлэлцэх вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
- Бид 2021-2024 оны хугацаанд гурван үндсэн зорилтыг гол чиглэл болгон хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд,   Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг төрийн оновчтой бодлогоор дэмжин хөгжүүлж, дэвшил гаргахын тулд зах зээлийн сүлжээг сумдад бий болгож, арьс шир, ноос, ноолуурын түүхий эдийн үнийн өсөлтийг ханган хэрэгжүүлнэ.  Малын хорио цээр бүхий эрүүл бүсүүдийг бий болгон олон улсын жишгийн дагуу чанартай эрүүл цэвэр мах экспортлох боломжтой болно. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн уялдуулах хэрэгцээ шаардлага байна. УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д ХХААХҮ-ийн салбарт 10 хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах бөгөөд үүнээс мал аж ахуйн салбарт  Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай, Малын эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудыг шинээр боловсруулна. Мөн УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай“ төлөвлөгөөнд тусгагдсан Хөдөө аж ахуйн тухай хуулийг 2023 онд боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. 


-Таныг нэр бүхий иргэн АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн.  Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?


-АТГ-ын гадаа О.Цэрэнтогтох гэх иргэн хардах эрхийнхээ хүрээнд цахим орчинд нийтлэгдсэн мэдээллүүдийг нэгтгэж намайг шалгуулахаар өгсөн талаараа мэдээлсэн. Тухайн хүнд хардах эрх байх боловч гүтгэх эрх байхгүй. Миний хувьд хууль бус үйлдэл огт хийж байгаагүй. Үүнийгээ  100 хувь итгэлтэй хэлнэ. Шалгадаг газар нь шалгаад, шийдвэрээ гаргана гэж найдаж байна. Тухайн иргэнийг би танихгүй. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.