Д.Цэнд: Жендэрийн үзэл санаанд тулгуурлан төрөлжсөн хэвлэлийг хөгжүүлэх хэрэгтэй

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Энэ удаа СУИС-ийн Радио mелевиз медиа урлагийн сургуулийн багш, доктор /Ph.D/ Д.Цэндийг урьж, эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн хөгжлийн талаар ярилцлаа.

 

 

ДЭЛХИЙ ДАХИНАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХНЫ ХЭВЛЭЛ ҮҮССЭН НЬ 

 

1693 оны хоёрдугаар сарын 27-нд Лондон хотын номын худалдаачин Жон Дантон “The Ladies Mercury” хэмээх эмэгтэйчүүдэд зориулсан сонин  хэвлэснээр хэвлэлийн түүхэнд томоохон эргэлт гарч, дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн хэвлэлийн эх суурь тавигджээ. Энэ сонин нь шинжлэх ухаан, танин мэдэхүй, шашин шүтлэг, хайр дурлал, гэрлэлт, секс гээд эмэгтэйчүүдийн өмнө  тулгараад байгаа олон асуултад хариу өгсөн. Хэдийгээр ердөө  дөрөвхөн дугаар хэвлэгдсэн ч дэлхийн эмэгтэйчүүдийн хэвлэлийн суурийг тавьсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Энэ үед дэлхий дахинд эмэгтэйчүүдийг хүйсийн хувьд ялгаварлан гадуурхах үзэл амь бөхтэй оршиж байв. Тиймээс  эмэгтэйчүүдэд тулгарч байсан асуудлыг дэлгэн нийтэлсэн сонин хэвлэлийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн байдаг. Зураг чимэглэлгүй ердөө  дөрвөн дугаар, босоо баганаар дөрвөн нүүрээр хэвлэгдсэн “The Ladies Mercury” сонин нь дэлхий дахинаа мянга мянгаараа хэвлэгдэх эмэгтэйчүүдийн хэвлэлийн эх суурийг тавиад зогсохгүй, нийгмийн нэгээхэн хэсэгт зориулагдсан хэвлэлийн үндсэн төрөл, зүйл, агуулгыг бий болгож дэлгэрүүлэн төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

 

МОНГОЛ ДАХЬ  ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭВЛЭЛ БА ТЭГШ ЭРХ

 

Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нь 1924 онд байгуулагдсан байдаг. Тус тасгийн нэг жилийн ойгоор буюу 1925 онд  Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийг хэвлэх шийдвэр гарчээ. Ийн 1925 онд “Бүсгүйчүүдийн санал хэмээх сэтгүүл” нэртэй хэвлэл гарсан нь Монголын эмэгтэйчүүдийн анхны хэвлэл юм. Энэ сэтгүүл 13×17 хэмжээтэй нимгэн хавтастай 2000 хувь хэвлэгдсэн. Энэ үед Монголын нийт хүн ам 650 мянга орчим байсантай харьцуулахад 2000 хувь тийм ч бага тоо биш юм.
Энэ үед Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн нөхцөл байдал сайнгүй, бичиг үсэг мэддэг эмэгтэй цөөн байсан. Тиймээс төрийн байгууллагад ч эмэгтэйчүүдийн төлөөлөл маш цөөн байв. Ийм үед эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэл гарсан нь эмэгтэйчүүдийг соёлжуулах, бичиг үсэгт сургах үйл хэрэгт асар их үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Дэлхийн аль ч улс оронд эмэгтэйчүүдийн хэвлэл хэвлэгдэж эхлэхдээ тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдлаас хамаарч байсан. Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялж, манай улс хөгжлийн шинэ замаар замнаж эхэлснээр тухайн үеийн нийгэмд оршиж байсан эрэгтэй, эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг үгүй болгосон нь эмэгтэйчүүдийн хувьд эрхээ эдлэх боломж болсон юм. 1921 оны МАН-ын анхдугаар их хурлаас баталсан “Эрмэлзэх арван зүйл” буюу “намын анхдугаар программ”-д эрэгтэй, эмэгтэй ялгаагүй намд элсүүлэхээр заасан нь эмэгтэйчүүдийн эрхийн талаар заасан анхны улс төрийн баримт бичиг байлаа. Үүний дараа 1924 оны “Үндсэн хууль”-ийн 11-р зүйлд “Тус орны харьяат  ард түмэн угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрхийг эдэлбэл зохино” гэж заасан нь эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэйг тунхаглаж өгсөн эрх зүйн үндсэн гол баримт бичиг юм. Мөн бас нэг чухал баримт бичиг нь 1925 оны Засгийн газрын 40 дүгээр тогтоолд  эмэгтэйчүүдийг богтлох явдлыг устгахаар заасан нь, Манжийн дарлалын үеэс бодитоор бий болсон эмэгтэйчүүдийг боолчлох, богтлох явдлыг устгасан чухал тогтоол болсон байдаг. Ийнхүү эмэгтэйчүүдийн иргэний эрх тэгш байдал, улс төрийн эрхийг баталгаажуулж өгсөн нь эмэгтэйчүүд бичиг үсэг сурах, хөгжих, боловсрох, ажил алба хаших нөхцөлөөр хангагдсан хэрэг. Энэ нь Монголын эмэгтэйчүүдэд феминизм буюу тэгш эрхийн үзэл санаа бодитоор бий болсон явдал юм. 

 

ЭХЭН ҮЕИЙН ХЭВЛЭЛ НИЙГМИЙН ИДЭВХТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙВ

 

Монголд эмэгтэйчүүдийн хэвлэл бий болох нөхцөл бүрэлдэж, улмаар үүсэн бий болж хөгжин дэвшиж ирсэн үйл явцыг судлахдаа, тухайн цаг үеийн нийгмийн байгууламж, улс төр, эдийн засгийн байдал, түүхэн үйл явц, цар хүрээ, цаг хугацааны дарааллыг баримтлах зарчмыг харгалзан үзэж энэхүү хэвлэлийн хөгжил, төлөвшлийг дараах гурван үе болгон хувааж үзсэн. Үүнд, Монголд эмэгтэйчүүдийн хэвлэл үүсэн бий болсон үе /1925-1960/, Социализмын бүтээн байгуулалтын үе буюу эмэгтэйчүүдийн хэвлэлийн дахин сэргэлтийн үе /1961-1990/, Ардчилал шинэчлэлийн болон мэдээллийн эрин дэх үеийн эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн үе /1990 оноос хойшх/ гэж үечилсэн.
Эхэн үеийн буюу 1925-1936 оны хооронд “Бүсгүйчүүдийн санал хэмээх сэтгүүл”, “Эмэгтэйчүүдийн санал хэмээх сэтгүүл”, “Эмэгтэйчүүдийн эрх”, “Ажилч эмэгтэй”, “Ажилчин эмэгтэй”, “Малчин эмэгтэй”, “Эмэгтэйчүүдийн сэтгүүл” гэсэн долоон өөр нэрээр 27 дугаар хэвлэгдсэн байдаг. Нийтлэлийн гол агуулга нь  эмэгтэйчүүдэд тэгш эрх олгох, бичиг үсэгт сургах, соёлжуулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, гэгээрүүлэх зэргээр тухайн цаг үед тулгарч байсан асуудлуудыг хөндсөн ухуулга сурталчилгааны нийтлэлүүд голлож байна. Тухайлбал, “Ажилчин эмэгтэй” сэтгүүлийн  1931 оны  №1дугаарт “Засаг захиргааны сонгуульд эмэгтэйчүүдийг өргөнөөр оролцуулах, удирдах ажилтны 20 хувь, захиргааны ажилтны 50 хувийг эмэгтэйчүүдээр сонгох, хоршоо, хамтралын даргаас эхлээд удирдах албанд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх” гэсэн нийтлэл байгаа нь жендэрийн үзэл баримтлал, тэгш оролцооны үзэл санааг эмэгтэйчүүдийн сэтгүүл 1930-аад оноос эхлэн дэлгэрүүлж, дэмжин нийтэлж байсны илрэл юм. Энэхүү үзэл баримтлал нь орчин үеийн жендэрийн эрх, тэгш байдлын тухай хуулийн үзэл санаа болж өгсөн. Сэтгүүлийн анхны эрхлэгчээр Д.Пагамдулам нарийн бичгийн даргаар Дамбадорж, гишүүдэд Хаснавч, Хобуна Ринчин, Бадамжав, Бадмааринчин нарын хүмүүс ажиллаж байсан нь тухайн үеийн нийгмийн манлайлагч, бичиг үсэг мэддэг, мэдлэг боловсрол бүхий эмэгтэйчүүд байгаа нь харагдана. 
Монголын эмэгтэйчүүдийн хэвлэл нь эмэгтэйчүүдийн дунд болж байгаа болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг өргөнөөр тусгадаг, хэмжээний хувьд жил ирэх тусам томорч, хэвлэгдэх тоо нь өсөн нэмэгдсэн зэрэг нь тогтмол хэвлэлийн үндсэн шаардлагыг хангаж тухайн нийгмийн нийт иргэдэд бүх талаар нөлөөлөх хэвлэл болж чаджээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Энэхүү хэвлэл нэгдүгээрт, сониныг бодоход хэмжээ жижиг, өртөөгөөр тараахад авсаархан. Хоёрдугаарт, бичиг үсэг мэдэхгүй хүмүүст мэдээллийг зургаар  өгдөг. Гуравдугаарт, агуулга нь өргөн хүрээтэй байсан  зэрэг хэд хэдэн давуу талыг өөртөө агуулж байдаг. Мөн нийтлэлийн бодлогоороо нийгмийн идэвхтэй гишүүн, эрх чөлөөт бие хүн “эмэгтэй”-г бий болгохыг зорьж байснаараа онцлогтой төдийгүй өөрийн гэсэн өнгө төрх, агуулга, зураг дизайны шийдлийг олж, цаашдын хөгжлийнхөө эхлэлийг тавьж улмаар эмэгтэйчүүдийн хэвлэл залгамжлан хэвлэгдэх суурь үндэс болсон. 
1925 онд 2000 хувь хэвлэгдэж байсан бол 1936 он гэхэд 7000 хувь хэвлэгдэх болсон нь БНМАУ-д бичиг үсэгтэй эмэгтэйчүүдийн тоо өссөн, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, боловсрол мэдлэгийн хүрээ тэлсэн болохыг ч  харуулж байна. Өнгө дизайны хувьд,  хэвлэгдсэн цагаасаа эхлэн өөрийн гэсэн загвар, дэглэлт, өнгө, зураг дүрслэлтэйгээр хэвлэгдэж ирсэн төдийгүй он цаг улирах тусам технологийн дэвшил, өнгө хийцийн маяг донжийг  улам илүүтэй олж, өнгөт нүүртэй болсон нь технологийн дэвшлийн үр дүн  байлаа. 
Сэтгүүлүүдийг НТХ-ны ухуулан боловсруулах тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, хэлтэс, Улаанбаатар хотын намын хорооны эмэгтэйчүүдийн салбараас эрхлэн гаргаж байв. Тус сэтгүүлд бичигчдийн хүрээ цөөн, мэдээ, нийтлэлд тэр бүр нэрээ тавьдаггүй байсан бөгөөд нэр тавьсан зохиогчдоос дурдвал эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтан Кобуне Ринчино, С.Янжмаа, М.Дулмаа, С.Бадамжав, Махбал, Янжинсүрэн, Дарьжав, Д.Цэрэнлхам, сургагч В.Тарантаева, Д.Догсмаа, Д.Дунгаржид, Махбал, Дулам нарын хүмүүсийн нэр голлон бичигдсэн байна.  

 

 

Блиц
Ажилласан байдал: 
-1997-1999 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд асс найруулагч, менежер 
-2004-2012 онд Улсын ерөнхий прокурорын Газар, “Өнөөдрийн Монгол”сонинд  хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, сэтгүүлч,  
-2013 оноос сэтгүүл зүйн багшаар ажиллаж байна.
Боловсролын байдал:  
-1981-1991 онд 10 жилийн дунд сургууль
-1991-1995 онд Соёл Урлагийн их сургууль
-2001 онд Монголын хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч
-013 онд МУБИС-д сэтгүүл зүйн магистр
-2022 онд МУБИС-д сэтгүүл зүйн доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан. 

 

 

МЭРГЭЖЛИЙН РЕДАКЦТАЙ БОЛСОН БУЮУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭВЛЭЛИЙН ДАХИН СЭРГЭЛТИЙН ҮЕ 

 

Эмэгтэйчүүдийн хэвлэл  1936-1960 оны хооронд хэвлэгдээгүй нь тухайн үеийн нийгэм, эдийн засгийн үйл явцтай холбоотой. 25 жилийн дараа буюу 1961 оноос кирилл бичгээр “Монголын эмэгтэйчүүд” нэрээр дахин хэвлэгдсэн. Социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэл нь редакцын үйл ажиллагаа, нийтлэлийн бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хэвлэгдэх хугацаа, давтамж зэрэг олон хүчин зүйлээрээ тогтмол хэвлэлийн шинж чанарыг хадгалан төлөвшиж чадсан үе юм. Коммунист сэтгүүл зүйн үеийн энэхүү хэвлэл нь хэдийгээр нэг намын үзэл суртлын зэвсэг болж байсан хэдий ч Монголын хамгийн олон гишүүнтэй бүлгийн дуу хоолойг төр засагт хүргэж чадаж байв. 
Тус сэтгүүлийн редакц нь монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт орших шилдэг, тэргүүний үйлдвэр, албан газар, малчны хот, тариалангийн талбайд хүрч, салбар бүрийн тэргүүний эмэгтэйчүүдийг хэвлэлээрээ сурталчлан таниулж байлаа. Энэхүү хэвлэл нь Монголд эмэгтэйчүүдийн үзэл санааны манлайлагч нь байж феминист үзлийг Монголд дэлгэрүүлэгч нь болж хөгжин төлөвшжээ. Мөн гэр бүл, эрүүл мэнд, соёлын “зөөлөн” мэдээллийн орон зайг бүрдүүлсэн нь олон нийтийн ухамсарт эерэг нөлөөг ч үзүүлсэн. Социалист бусад орны болон Монголын эмэгтэйчүүдийн  харилцан туршлага солилцох, хамтран ажиллах индэр, дуу хоолой нь байснаараа ч  онцлогтой. Гэхдээ тус сэтгүүл нь нийтлэлийн бодлогоороо дамжуулан эмэгтэйчүүдийн хөдөлмөр бүтээлийг хэт хөөрөгдөн сурталчилж байснаас хэтэрхий хөдөлмөрч, хувийн амьдралын төсөөлөлгүй шахам “социалист эмэгтэйн” дүр төрхийг   бий болгосон нь ч бодит үнэн юм. Сэтгүүлийн нийтлэлийн бичлэгийн өнгө аяс нь албархуу, уйтгартай нэг хэв загварт баригдаж, социализмыг магтан дуулсан “өнгөт” өгүүллээр зай талбайг дүүргэж байснаараа сул талтай.

 

МЭДЭЭЛЛИЙН ЭРИН  ҮЕИЙН ХЭВЛЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ГАРГАЖ ИРЭВ

 

Социализмыг бүтээн байгуулагч Монгол Улсын сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн хэвлэл нь тухайн нийгэмд хаалттай байсан ч эмэгтэйчүүдийн хувьд тулгамдсан олон сэдвийг /үр хөндөлт, эцэг нь орхисон хүүхэд, ажилгүй эмэгтэйчүүд, жендэрийн асуудал, албан тушаалын тэгш бус байдал/ хөндөж нийгмийн анхаарлын төвд оруулж ирснээрээ онцлогтой. 1990-ээд оны үед хэвлэгдэж байсан эмэгтэйчүүдийн хэвлэл нь шинэчлэгч үзэл санааг түгээн дэлгэрүүлж  ардчилал, шинэчлэлийн үйл явцыг дэмжин мэдээлснээрээ дараа дараагийн чөлөөт хэвлэлийн эх суурийг тавьж өгчээ.  
ХХI зууны эхэн үеэр дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн загварын сэтгүүлүүдийг дуурайж Монголд бий болсон сэтгүүлүүд нь хэдийгээр зураг, дизайн, өнгө үзэмж төгс, өндөр үнэ өртөгтэйгөөр нэг хэсэгтээ хэвлэгдэж нийтийн хүртээл болсон ч энэ  байдал удаан үргэлжилсэнгүй. Энэ нь Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагасан нэг хандлага, бизнес үйл ажиллагааны нөлөөлөл байв.

 

ТӨРӨЛЖСӨН ХЭВЛЭЛИЙН ЦААШДЫН ХАНДЛАГА 

 

Технологийн салбар Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж ирж байна. Үүний учир шалтгаан нь шинэ мэдээллийн хэрэгслийн хүч нөлөө ихэсч, хэрэглээний олон давуу талыг бий болголоо. Тиймээс эмэгтэйчүүдийн хэвлэлийн цаашдын хандлагыг ч шинэ мэдээллийн хэрэгслүүд, техник технологийн дэвшил тодорхойлох болоод байгаа энэ үед эмэгтэйчүүдийн зорилтот бүлэгтэй хэвлэлийг дараах байдлаар хөгжүүлэх арга зам байж болох юм.
 Үүнд, эмэгтэйчүүдийн зорилтот бүлэгтэй интернэт сэтгүүл зүй буюу гар утасны апп дээр суурилсан мобайл, мультмедиа сэтгүүл зүйг хөгжүүлэх. Хоёрдугаарт, эмэгтэй бизнес эрхлэгч, томоохон компанийн эздийн нийгмийн хариуцлагад түшиглэн эмэгтэйчүүдэд зориулсан нийгэм, соёлын сэтгүүл, сайтыг  бий болгох зэрэг байж болно. Агуулгын хувьд өнөөгийн Монголын нийгэм төдийгүй дэлхий дахины олон улс орны  эмэгтэйчүүдийн үзэл санаа, феминизмийн хандлага нь ялалтад хүрч, дараагийн дэвшилт үзэл болох жендэр буюу хүйсийн тэгш эрхийн асуудлыг салбар бүрд ярьдаг бичдэг, хэрэгжүүлдэг болсон. Иймд Монголын эмэгтэйчүүдийн хэвлэл нь жендэрийн үзэл санааны үндсэн суурь дээр тулгуурлан хөгжих хэрэгтэй болж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 245 (6977)

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

1 цаг 20 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

1 цаг 30 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

1 цаг 35 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

1 цаг 35 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

16 цаг 32 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

16 цаг 59 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

17 цаг 2 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

17 цаг 6 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

17 цаг 10 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

17 цаг 26 мин