• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Н.Ганчимэг: Хямралын мэдээллийн харилцааны багийг байгуулснаар хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлнэ

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин  салбар салбарын  тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Lеаderships forum” буландаа урьж, Монгол улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ.  Энэ удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн зохицуулагч, төслийн менежер Н.Ганчимэгийг урилаа.

 

Хэвлэл мэдээллийн ажлын онцлог өөрчлөгдсөн

 

-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж буй 300 гаруй сэтгүүлчийг хамруулсан судалгааг хийсэн.

Судалгаа нь COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тухайн цаг үед сэтгүүл зүйд, цаашлаад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгарч буй асуудлыг тодорхойлоход чиглэсэн.

Судалгаагаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид урьдынх шигээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан. Учир нь болж буй үйл явцыг газар дээрээс нь сурвалжилж, мэдээлж ажилладаг хэвлэл мэдээллийн ажлын онцлог өөрчлөгдөж, хөл хорионоос шалтгаалан мэдээллийг зайнаас олох, эх сурвалжтай зайнаас холбогдох, цахим орчинд шилжих зэргээр нөхцөл байдалтай зохицож ажиллах шаардлагатай болсон байв. Мөн тухайн үед сэтгүүлчид өөрсдөө өвдөх, халдвар авах эрсдэлтэй байснаас гадна сэтгүүл, сониныхон хэвлэлээ хэвлүүлж чадахгүйд хүрсэн, зарим тохиолдолд санхүүгийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн байсан. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл түгээх үүргээ биелүүлэхээр хичээж ажиллаж байсан.  

 

Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хумигдсан

Блиц:

Боловсрол:

2003-2007 онд: Монгол Улсын Их Сургуулийг Социологич мэргэжлээр төгссөн.

2019 онд: АНУ-ын Төрийн Департментын дэмжлэгтэй хэрэгждэг багш, судлаачдын SUSI хөтөлбөрт хамрагдаж, Аризона мужийн Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал:

2008-2009 онд: IRIM судалгааны хүрээлэнд судлаач

2010-2018 онд: Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанд судлаач, ахлах судлаач, албаны дарга

2019 оноос: Хэвлэл мэдээллийн зөвлөлд төслийн зохицуулагч, төслийн менежерээр ажиллаж байна.

-Судалгаанаас харахад тухайн үед сэтгүүлчид мэдээллийг олж авах, түүнийгээ нягтлан шалгахад хүндрэл гарч байсан. Хязгаарлалтын улмаас эх сурвалжуудтай холбогдох боломж бага, холбоо барих хаяг тодорхойгүй, цаашлаад мэдээлэл өгөх эх сурвалжийн дутагдалд орох, бэлдэж буй мэдээлэл нь олон нийтэд түгээх хэмжээний хангалттай биш зэрэг тохиолдол гарч байсныг сэтгүүлчид хэлсэн. Мөн бусад эх сурвалжийг баттай бус гэж зарлаж, зөвхөн албаны эх сурвалжийг ашиглахаас өөр аргагүйд хүргэсэн, албаны эх сурвалжаас өгсөн мэдээлэл нь зөрүүтэй байсан тул иргэдэд бухимдал, төөрөгдөл үүсгэж байсан зэрэг нь бэрхшээл болж байсан нь харагдсан.

Түүнчлэн улсын онцгой комиссоос гаргасан зохион байгуулалтын шинжтэй зарим зүйлс, тухайлбал зорчих зөвшөөрлийг ялгавартай олгосон, Улсын онцгой комиссын мэдээллийг сурвалжлах эрхийг тэгш бус олгосон зэрэг нь мэргэжлийн ажлаа гүйцэтгэхэд саад болсныг сэтгүүлчид дурдсан. Улмаар сайтуудын сэтгэгдэл бичих хэсгийг хааж, уншигчидтай тогтоох эргэх холбоог хязгаарласан зэрэг нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх хүний үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж хэвлэлийнхэн үзэж байлаа.

COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн  тухайн цаг үед хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж дүгнэж болохоор байв. Цаашлаад цар тахлын үед тогтоож буй эдгээр хязгаарлалт нь цар тахал дууссаны дараа ч хадгалагдаад үлдэх вий гэсэн болгоомжлол төрсөн байсан.

 

Түгээж буй мэдээллээ нийгэмд ямар үр нөлөөтэйг анхаарах хэрэгтэй

 

-Мөн нөгөө талаас хэвлэлийнхэн мэдээллийг сенсаацтайгаар түгээж, хэт дайрч давшилж, хүндэтгэлгүй харьцаж байна, оновчгүй асуулт асууж, мэргэжлийн бус байна гэдэг шүүмжлэл их гарч байв. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандаагүй, эх сурвалжаа нягтлаагүй, баттай бус мэдээлэл тараасан, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан зэрэг ёс зүйн алдааг гаргаж байна гэж судалгаанд оролцогсод үзэж байсан. Иймээс мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж, үнэн бодит мэдээлэл түгээх, түрүүлж мэдээлэх гэж дутуу, эрсдэлтэй зүйл хийхгүй байх, түгээж буй мэдээлэл нь нийгэмд ямар үр нөлөө авчрахыг анхаарч байх хэрэгтэй байсан.

Мөн төр, засгийн зүгээс явуулсан үйл ажиллагаа, хэвлэлийнхний ажиллаж буй байдалд ч аль алинд нь анхаарах, сайжруулах шаардлага байгаа нь  судалгааны дүнд анзаарагдсан. Учир нь ийнхүү харилцан ойлголцохгүй ажилласнаас үүдэн COVID-19-тэй холбоотой баталгаагүй, эргэлзээтэй мэдээлэл иргэдийн дунд түгэх болсон.  Энэ нь мэдээллийн цар тахалд автах, улмаар эрүүл мэнд, амь насанд сөрөг үр нөлөөтэй шийдвэрт хүргэхэд нөлөөлж байна гэж дүгнэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл төр засаг, хэвлэл мэдээллийн үл ойлголцол бүхий харилцаанаас улбаалсан мэдээлэл харилцааны хямрал үүсгэж, үр дүнд нь иргэд хохирч байв. Энэ нөхцөл байдал нь зөвхөн манай улсад бус дэлхий дахинаа өрнөсөн.

 

Хэвлэл мэдээллийн салбарын үүргийг төр засгийн байгууллагууд ойлголцож ажиллах нь чухал

 

-“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн хэвлэлийн эрх чөлөө” судалгааг хийж байх үед болон судалгааны дүн гарсаны дараа Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлчид, редакторууд болон хэвлэл мэдээллийн салбарын эвсэл холбоодын дунд цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Үүнээс цар тахлын үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах, түгээх үүргээ хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг олон талаас нь судлах, залруулах арга замыг тодорхойлох. Цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын онцгой үүргийг төр засгийн байгууллагуудад ойлгуулах, харилцан ойлголцож ажиллах нь чухал байгааг мөн тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл COVID-19 цар тахал шиг олон нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн үед хэвлэл мэдээлэл, засгийн газар, төрийн байгууллага зэрэг талуудын оролцоо, ойлголцол зайлшгүй байх хэрэгтэй байна гэж үзсэн. Эндээс хямрал буюу олон нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн үед энэхүү харилцааг хэрхэн авч явах вэ гэдгийг томъёолох хэрэгцээтэй байгаа нь тодорхой байв.

 

Хямрал, онцгой байдлын үед зөвшилцөж ажиллах жишиг

 

-Хэвлэл мэдээллийн зөвлөл  нь ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, чанартай сэтгүүл зүйн төлөөх иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлийнхээ хүрээнд хямрал, онцгой нөхцөл байдлын үеэрх төр, хэвлэл мэдээлэл, иргэн/иргэний нийгмийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг дэмжих үүднээс “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь хямрал, эрсдэлийн үед нэгдүгээрт, иргэдийн мэдээлэл авч буй байдлыг сайжруулах, баталгаатай мэдээллээр хангах. Хоёрдугаарт, хэвлэл мэдээлэл, төр, орон нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийтийн төлөөллүүд нэг дор цугларч, өөрсдийн мэдлэг, харилцаа холбоог нэгтгэж, мэдээллийг нягтлах, найдвартай, хариуцлагатайгаар түгээх сүлжээ болон ажиллахад чиглэсэн.

Энэ хүрээнд есөн хүнтэй үйл ажиллагааны баг буюу хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн тус бүр гурав, гурван төлөөлөл бүрдэж ажилласан. Багийг хямралын үед хэрхэн ажиллах талаар жигд ойлголттой болгох үүднээс олон улсын болон дотоодын багш нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй чадавхжуулах сургалтад цахимаар хамруулсан. Сургалтад хамрагдсаны дараа цар тахалтай холбоотой цаг үеийн хэрэгцээт баталгаатай мэдээллийг нийслэлийн нэг засаг захиргааны нэгжийг сонгож  ажилласан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXIII  хорооны иргэдэд  хүртээмжит хэлбэрээр түгээх мэдээлэл харилцааны ажлыг явуулсан юм.

Багийн ажил нь зорилтот бүлгээ судлахаас, судалгаанд тулгуурлан мэдээлэл харилцааны суваг, хэлбэрээ тодорхойлохоос эхэлсэн бөгөөд иргэдийн цар тахалтай холбоотой ойрын эх сурвалж болох хорооны өрхийн эмнэлгийн мэдээлэл харилцааны чадавхийг сайжруулах, ойр дотны хүмүүсийн аман яриа, итгэл үнэмшилд үндэслэсэн хүн төвт түүх, асуулт хариултад суурилсан мэдээлэл бэлдэх, түгээх зэргээр ажилласнаараа онцлогтой байлаа.

Ийнхүү төсөл хэрэгжсэнээр хэвлэл мэдээлэл, орон нутгийн засаг захиргаа (төр, засаг), иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн талууд харилцан бие биенийхээ нөхцөл байдал, ажлын онцлогийг ойлгосон, хямрал, эрсдэлийн үед зорилтот бүлгийнхээ онцлогт тулгуурласан мэдээлэл харилцааны ажил явуулах хэрэгтэйг мэдсэн, хамтарсан баг болж ажиллаж чадсан, хоорондоо бус COVID-19-тэй тэмцэж буй гэдгээ ойлгосон нь онцлох үр дүн байв. 

 

Төслөөс гарсан санал шийдэл

 

-“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” гэсэн энэ төслийн хэрэгжилтийн төгсгөлд төслийн үр дүнг хэлэлцэх, цаашдын дүр зургийг тодорхойлоход чиглэсэн өргөтгөсөн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтад төрийн байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд тус туршилтын төслийг амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн. Ингээд дараах дүгнэлт, саналд байдаг.

Нэгдүгээрт, төсөл нь иргэдэд мэдээлэл яаж хүрч байгааг биечлэн мэдэрч, талууд хамтарч ажиллан, даван туулсныг харуулсан сайн жишээ боллоо. Хоёрдугаарт, энэ туршилтын төслийн хүрээнд бүрдсэн шиг гурвалсан бүрэлдэхүүн бүхий бүтцийг үндэсний хэмжээнд байгуулах, цаашлаад асуудал тулгарсан үед энэ баг бусад талуудтайгаа уялдаа холбоотой ажилладаг байх дээр анхааръя гэсэн юм. Мөн уулзалтад оролцогчид уг бүтцийг өргөтгөсөн хүрээнд байгуулж ажиллахыг дэмжээд, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Энэ ажил үргэлжлэж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн зүгээс талуудын төлөөлөл бүхий зөвлөлдөх уулзалтыг цувралаар зохион байгуулж, хямрал, онцгой байдлын үед ажиллах үндэсний хэмжээний мэдээлэл харилцааны бүтцийг бий болгох ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь бүтцийн зураглал гаргах, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах зэргээр ажиллаж эхлээд байна. Түүнчлэн туршилтын төслийн II шатыг Чингэлтэй дүүргийн XVII  хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөт ажлууд эхлээд явж байна. Ийнхүү үндэсний хэмжээнд болон засаг захиргааны нэгж бүрд хямралын мэдээллийн харилцааны багийг байгуулан ажилласнаар төр, хэвлэл мэдээлэл, иргэний гуравласан холбоо, харилцан итгэлцэл үүсэж, иргэдийг баталгаатай мэдээллээр хангахад ач тусаа өгнө гэж үзэж буй.

 Ингэснээр мэдээлэл харилцааны хямрал гарахаас сэргийлэх, чанартай сэтгүүл зүйн төлөөх иргэний оролцоог нэмэгдүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.