Б.ГАРЬД
Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг боллоо. Улс төрийн намууд лидергүй учир улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал тасрахгүй, үүнийг улс төрийн намууд хазаарлаж дөнгөхгүй, эсрэгээрээ нөлөөнд нь автах болжээ. Ингэж дүгнээд байгаа юм. Хамгийн гол нь, улс төрийн намуудын нэр хүнд ч ташраараа уналаа. Тэр тусмаа, Монголын улс төрийн хоёр том нам дагаж хямраад байгаа нь нотолгоо болоод байх шиг.
Уг нь, МАН, АН-ын хувьд намын даргатай, генсектэй, бүтцийн байгууллагууд нь хэвийн ажиллаад л байгаа харагддаг. МАН-ын даргаар Н.Учрал, генсекээр Я.Содбаатар, АН-ын даргаар О.Цогтгэрэл, генсекээр С.Баярцогт томилогдсон ажиллаж байна. Хоёр дарга нь залуу, хоёр генсек нь туршлагатай улстөрчид гэхэд болно. Гэхдээ, энд нэг өөр зүйл бий. МАН-ын генсек даргаа давж үг, үйлдэл хийдэггүй, эдний намд тийм туршлага байдаггүй юм. Харин АН-д өөр байдал ажиглагдаад эхэлсэн. С.Баярцогт генсек болсноосоо хойш камерын өмнө, микрофоны ард байнга үзэгдэх болсон. Заримдаа, АН-ын бодлогын асуудлаар намын даргынхаа ярьснаас эсрэгийг яриад зогсож байдаг. Тиймээс, “…АН-ын лидер нь О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу” гэдэг асуулт тавигдаад байгаа юм. Гэхдээ эхлээд “…Лидер гэж хэн бэ” гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй.
Онолд улс төрийн намын лидерт таван шинж заавал байх ёстой гэж үздэг. Энэ нь, нэгт, алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, хоёрт, олон нийтэд нөлөөлөх чадвартай, гуравт, хариуцлага ба шийдэмгий байдалтай, дөрөвт, уран илтгэх чадвартай, тавд, ёс зүйтэй, шударга ёсыг баримталдаг байхыг шаарддаг байна.
Өөрөөр хэлбэл, улс төрийн лидер нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулах, ирээдүйг зөв төсөөлөх чадвартай, бусдыг үг яриа, итгэл үнэмшил, үзэл санаагаараа дагуулах, олон нийтийн дэмжлэгийг авах өндөр ур чадвар буюу харизмтай, хүндрэлтэй нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, түүнийхээ үр дүнг хүлээх чадвартай, өөрийн санаа бодлыг олон нийтэд ойлгомжтой, үнэмшилтэйгээр илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой, ард түмний эрх ашгийг дээдлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг байх чадвар шаардлагатай байдаг.
Харин уг “лидер” хэмээх шалгуурт О.Цогтгэрэл, С.Баярцогт хоёр хэр зэрэг нийцдэг вэ. Энэ сонирхолтой хариутай. АН-ын дарга О.Цогтгэрэлийг улс төр судлаачид, олон нийтийн зүгээс “…Бизнес эрхлэгчийн хувиар хуримтлуулсан удирдлагын туршлага дээрээ тулгуурлан улс төрд шийдэмгий, эрх баригчдын алдааг шүүмжилсэн сөрөг хүчний хатуу байр суурийг баримталдгаараа танигдсан лидер” гэж тодорхойлдог. Түүний манлайлах шинж нь зарчимч, бизнесийн суурьтай, шүүмжлэлт хандлагатай гэдэг дээр тодордог. Тухайлбал, түүнийг УИХ-д олонх, цөөнхийн зааг ялгааг хатуу баримтлах ёстой гэж үзэн, АН-ыг эрх баригч МАН-тай хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж, сөрөг хүчний хяналт тавих үүргийг чухалчилдгаар нь зарчимч гэдэг байна. Мөн, “ТЭСО” группийг үүсгэн байгуулж, удирдаж ирсэн нь түүнд макро эдийн засаг болон төсөв, татварын бодлогыг шүүмжлэх, бизнесийн салбарын гажуудлыг ил гаргах боломж олгодгоороо бизнесийн суурьтай байдлаа давуу тал болгосон гэдэг. Нийгэмд буй шударга бус байдал, төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, авлигын асуудалд шүүмжлэлтэй ханддаг нь сөрөг хүчний лидер байхад яв цав тохирдог. Ерөнхийдөө, О.Цогтгэрэлийг шийдэмгий байр суурьтай хатуу удирдагч гэдэг. Харин АН-ын дотоод шинэчлэл, нэгдмэл байдлыг хангах тал дээр шүүмжлэгддэг.
Генсек С.Баярцогт бол АН-ын хамгийн нөлөө бүхий, туршлагатай улс төр, эдийн засгийн лидерүүдийн нэг гэгддэг. Хар залуугаасаа улс төрд хөл тавьсан. АН-ын бодлого, тэр байтугай Монгол Улсын эдийн засгийн томоохон шийдвэрүүдэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Сайн муу нь тэнцсэн хоёр туйлт улстөрч гэгддэг. “… С.Баярцогт лидер мөн үү” гэвэл, улс төрийн арвин туршлагатай, АН-ын стратегийг тодорхойлогч, оюуны чадамж ба эдийн засгийн мэдлэгтэй гэж үнэлэгддэг.
Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг эдийн засаг, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, удирдан чиглүүлэх чадвартай гэж үнэлдэг. АН-ынхан “…С.Баярцогтын мэдлэг, чадварыг намдаа болон улс орондоо зөв ашиглах нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлдэг.
С.Баярцогтын лидер мөн үү, биш үү гэдэг дээр хамгийн их маргаан УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх нэр дэвшүүлэх үйл ажиллагааны үеэр болж байв.
Түүнийг АН-ын жагсаалтын ес дээр бичсэн, бас бичээгүй гэх асуудал үүсэхэд тус намынхан хоёр талцаад нэлээд “юм” болж байв. Нэг хэсэг нь “…С.Баярцогттой жагсаалт санал авахгүй” гэж байв. Харин нөгөө хэсэг нь “…С.Баярцогт жагсаалтаас хасагдчихаад жинхэнэ лидерийн зангараг гаргалаа. Уг нь жагсаалтын чимэг, зүтгүүр нь байсан юм” гэцгээж байсан юм.
С.Баярцогт намынхнаасаа гадна олон нийт, нийгмийг нь талцуулан шуугиулдаг. Тэр нь түүний сөрөг талуудтай холбоотой. С.Баярцогтыг Сангийн сайд байсан 2009 онд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тэр гэрээ нь Монгол Улсад хохирол учруулсан хэмээн олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилдэг. Түүгээр С.Баярцогтын нэр хүнд нэлээд сэвтсэн. Үүнээс гадна, тэрээр 2014 онд оффшор дансны дуулианд холбогдсон. Түүгээрээ хууль эрх зүйн маргаануудтай холбоотой байсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл, С.Баярцогтыг улс төрийн хүрээнд бодлого тодорхойлох хэмжээний өндөр чадвартай лидер гэдэг ч Оюу толгойн гэрээ, оффшорын асуудлаар ёс зүй, эрх зүйн чадамж байхгүй гэж үздэг улстөрчид, олон нийтийн багагүй хэсэг бий. Хэдийгээр ийм эсрэгцэл олон жил үргэлжилж буй ч С.Баярцогт зүтгэсээр байгаад АН-ын генсек болж чадсан. Албан тушаалд очсоноосоо хойш улс төрийг тасралтгүй хийж явна. Гэхдээ АН-ын генсекийн албан тушаал бол гадагшаа том улс төр хийхээс өмнө намынхаа дотоод эв нэгдлийг хангах нь нэн тэргүүний хийх ажил нь юм. Тэр энэ тал дээр ямар үр дүн гаргаж байгаа нь одоогоор тодорхой буй байгаа юм.
Ингээд ерөнхийд нь улс төрийн лидерийн алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, хариуцлага ба шийдэмгий байдалтай, уран илтгэх чадвартай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг байх таван шинжээр харвал АН-ын дарга О.Цогтгэрэлд хариуцлага ба шийдэмгий байдалтай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг гэх хоёр нь, генсек С.Баярцогтод алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, уран илтгэх чадвартай гэсэн гурван шинж нь байна. Тиймээс “…Тэд лидер мөн үү” гэх асуулт тавигддаг бололтой. Гэвч, өнөөдөр нэгэнт АН-ын удирдлагад томилогдож, сонгогдсон хоёр тул 2027, 2028 оны сонгуулиудад тус нам тэдний “толгой”-гоор оролцоно. Харин эдгээр сонгуулиудад АН-д намын даргынх нь бодлого, стратеги жин дарж хэрэгжих үү, эсвэл генсекийнх нь үү. Үүгээрээ улс төрийн хүрээнийхний сонирхлыг татсаар байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn