Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

51 мин
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Парламентын бүрэн эрхийн хугацаа бараг талдаа орж байна. Та Баруун бүсээс анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин сая Хан-Уул дүүргийн АН-ын дарга боллоо. Улс төрийн хувьд сонин “нүүдэл” байв. Ер нь ямар учиртай шийдвэр байсан юм бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Улс төрийн намын тухай хууль болон манай намын дүрэмд өөрчлөлт орсон. Тэр өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн аймаг, дүүргийн буюу дунд шатны намын дарга байж болно гэсэн зохицуулалт бий болсон. Өмнө нь УИХ-ын гишүүн аймаг, дүүргийн намын даргаар ажиллах, эсвэл ийм албан тушаал хашихыг хориглодог байсан юм. Энэ өөрчлөлтөөс хойш зөвхөн би ч биш, олон УИХ-ын гишүүн аймаг, дүүргийн буюу дунд шатны намын даргаар ажиллах болсон. Завхан аймаг бол миний төрсөн нутаг, сонгогдсон тойрог.

Тэнд намын байгууллага маань тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.  Би Завханыхаа АН-аас Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон, мөн тэндээс УИХ-ын гишүүн болсон. Хан-Уул дүүрэгт ч хоёр удаа нэр дэвшиж байсан. Хан-Уул дүүргийн АН-ын уугуул гишүүн гэсэн үг. Намын гишүүд, дэмжигчид ч намайг Хан-Уулын хүн гэж ойлгодог. Би өөрөө ч энэ дүүрэгтэй үргэлж холбоотой явж ирсэн.

Сая болсон намын дотоод сонгуулийн үеэр “Надад намын даргаар ажиллаач” гэсэн санал ирсэн. Мөн УИХ-ын гишүүд хотын намын байгууллагыг удирдах бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр Хан-Уул дүүргийн АН-ын даргын ажлыг хүлээж авсан. Харин улс төрийн сонголт, УИХ-ын сонгуульд хаанаас нэр дэвших вэ гэдэг асуудал дээр би шулуухан хэлэхэд баруун бүсдээ Завхан аймагтаа дахин нэр дэвшинэ. Хан-Уул дүүрэгт намын ажил хийж байгаа нь тойргоо сольсон  улс төрийн нүүдэл биш. Би  Хан-Уул дүүрэгт улс төрийн үйл ажиллагаа явуулах, намын байгууллагыг нь бэхжүүлэх зорилготой ажиллана. Ер нь УИХ-ын гишүүд дунд шатны намын даргаар ажиллаж байгаа нь намуудыг илүү бэхжүүлэх, зохион байгуулалт, чадавхыг нь сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

-Дүүргийн намын хороон дээр ямар асуудал байна гэж харж байна вэ?

-Хан-Уул дүүргийн нам дээр нэг том асуудал байдаг.  Энэ нь дотоод хуваагдал. Хотын улс төрийн орчин өөрөө их онцлогтой. Нам доторх фракцуудын зөрчил, мөргөлдөөн дунд шатны байгууллагууд руугаа буучихдаг. Тэр нь дүүргийн намын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс миний хамгийн гол зорилт бол энэ талцал, хуваагдлыг эвлэрүүлэх, хүмүүсээ нэгтгэх байх болно. Би 2012, 2016 онд Хан-Уул дүүргийн нийслэлийн төлөөлөгчөөр ажилласан. 2020 онд Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшсэн ч ялагдсан. Тиймээс Хан-Уул дүүргийн улс төрд ялалт, ялагдлын аль алийг нь үзэж явсан. Анхны ялалтуудыг ч авчирч байсан намын гишүүдийн нэг.

- Ирэх сонгуулиар Завхандаа дахин нэр дэвшинэ гэдгээ хэллээ. Тэгвэл тойрогтоо чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Тойргоос сонгогдсон гишүүдэд байдаг нэг хүндрэлтэй асуудал нь тойргийн асуудлыг хэт жижиглэж ярьдаг хандлага байдаг. Төсөв, санхүүгийн асуудлыг зөвхөн тухайн бүс нутаг, орон нутгийн хүрээнд авч үзэх нь бий.  Зөвхөн өөрийн тойрог руу төсөв, хөрөнгө оруулалт татахыг гол ажил мэт ойлгодог сул тал бий. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол Монгол Улсын нийтлэг эрх ашигт үйлчлэх явдал. Өөрөөр хэлбэл, улс орны нийтлэг бодлого, эдийн засгийн эрх ашгийг тойргийн асуудалтайгаа зөв хослуулах хэрэгтэй гэсэн үг. Мэдээж сонгогдсон тойрогтоо бусдаас илүү гэхгүй ч ядаж адил түвшний төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн үйл ажиллагааг татах гэж хичээх  ёстой.

Тухайн бүс нутгийн эдийн засаг, иргэдийн амьдралын чанар, хөгжлийн түвшинг дээшлүүлэх бодлого боловсруулах, тодорхой хөрөнгө оруулалт хөөцөлдөх үүрэг УИХ-ын гишүүнд бий. Гэхдээ үүнээс илүү том асуудал нь улс орны эдийн засгийн бодлого. Надаас яагаад ч юм баруун бүсийнхэн маань “Тойрогтоо яг юу хийх вэ” гэж нэг их шахаж шаарддаггүй. Би өөрөө ч гэсэн “ингэнэ, тэгнэ” гээд хэт жижиг амлалтууд өгөхөөс илүүтэйгээр улсын төсвийг зөв болгох, хөгжлийн бодлогыг зөв чиглүүлэх асуудлыг чухал гэж харж байгаа. Ялангуяа төсөв, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй хүний хувьд Монгол Улсын төсөв өөрөө зөв бүтэцтэй, тэгш хөгжлийг дэмждэг байх ёстой гэж үздэг. Нийтийн өмчөөс илүү ихийг татаж аваад зөвхөн өөрийнхөө тойрог, орон нутаг руу төвлөрүүлнэ гэдэг нь өөрөө хөгжлийн гажуудалтай, амиа бодсон хэлбэр рүү орчихдог. Тиймээс нийт улсын эрх ашиг, тэгш хөгжлийн бодлогыг нэгдүгээрт тавьж ажиллана. Мэдээж  баруун бүс нутагт тулгамдаж байгаа эдийн засаг, гааль, татвар, хилийн худалдааны асуудлууд, үйлдвэр аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нийтлэг асуудал дээр ажиллаж, хөөцөлдөж байгаа зүйл бий.

-Ер нь тойрогтоо нэлээд ажиллаж байгаа харагддаг.  Яг монгол айл, өрхөд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Өнөөдөр манай улсад 150 гаруй мянган малчин өрх байна. Жилдээ 70-80 сая толгой мал тоологдож, түүн дээр нэмээд 10-20 сая төл бойжиж байна. Өөрөөр хэлбэл, энэ өөрөө асар том үйлдвэрлэл, эдийн засгийн тогтолцоо. Монголчууд бид энэ тогтолцоо дээрээ тулгуурлаж олон жил амьдарч ирсэн уламжлалтай.Харин одоо алдагдах эрсдэлтэй нүүр тулж байна. Гол шалтгаан нь малын үнэ цэн унаж байгаа асуудал. Малчид малаа борлуулж, үнэ хүргэж чадахаа больж байна. Энэ тогтолцооны эдийн засгийн эргэлт нь доголдож эхэлж байгаа гэсэн үг.  Жишээ нь өнөөдөр Улаанбаатар хотод махны үнэ 30-40 мянган төгрөг хүрч байна гэж ярьдаг. Гэтэл баруун бүсийн алслагдсан аймаг, сумын малчид махаа тийм үнээр зарж чадахгүй байна. Мал маллаж байгаа айл өрхийн хөдөлмөр үнэгүйдэж, орлогогүй болж эхэлдэг. Тэгэхээр бид нүүдлийн мал аж ахуйн тогтолцоогоо томоор харж зарим тохиолдолд нэгдсэн зохион байгуулалттай болох шаардлага бий. Тухайлбал, сумдын эдийн засгийн тогтолцоо, хоршоолол, нэгдсэн борлуулалтын бүтэц, тээвэр логистикийн асуудлыг цогцоор нь судалж, шинэчлэхээс өөр аргагүй болсон.

-Монгол Улсад сумдын тоо хэт олон байна, зардал өндөр байна гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

- Сум гэдэг чинь зүгээр нэг захиргааны нэгж биш, урсгал зардлын төв болоод үлдчихсэн. Харин түүнийг эдийн засгийн эргэлттэй нэгж болгох ёстой. Тэнд 1500 хүний удирдлага ярихаасаа илүү 300 гаруй малчин өрхийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг яаж зах зээлд гаргах вэ гэдэг нь гол асуудал. Тэр утгаараа сумын эдийн засгийн “философи”-ийг зөв тодорхойлох хэрэгтэй байна. Хэрэв илүү өргөн хүрээнд авч үзвэл зарим тохиолдолд 5–10 сумыг нэгтгэж, зохион байгуулалтын түвшинд томруулж харах шаардлага ч гарч магадгүй. Нөгөө талаас бид хэтэрхий том, хийсвэр эдийн засгийн ойлголтууд ярьж байхаасаа илүү өдөр тутмын бодит асуудал руугаа орох ёстой. Хүмүүсийг яаж ажлын байртай болгох вэ, орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг хамгийн суурь асуудал. Өнөөдөр иргэдэд тулгарч байгаа нэг том асуудал бол татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн орчин нь зарим талаараа хаалттай болсон явдал. Үүнийг илүү нээлттэй, боломжтой болгох хэрэгтэй. Нөгөө талдаа төсвийн бодлогоо илүү оновчтой болгох шаардлагатай. Ялангуяа урсгал зардлыг үр ашигтай болгож, бүтээмжтэй зарцуулдаг болох ёстой.

Ер нь сум өөрөө яаж үүссэн бэ гэдэг нь их сонирхолтой. Анхандаа нэг сум дунджаар 300 орчим малчдын дунд байгуулагдсан байдаг гэж үздэг. Тухайн үед энэ нь зөвхөн захиргааны нэгж биш, харин эдийн засгийн нэгдэл шиг бүтэц байсан. Мал, мах боловсруулах, ноос ноолуур, арьс ширийг төвлөрүүлж, борлуулалтыг нь зохион байгуулах зорилготой байсан. Тэр үед малчид үйлдвэрлэлээ тус тусдаа хийж харин борлуулалт дээр нэгдэж үр ашигтай хөдөлмөрлөж чадаж байсан. Тэгэхээр сум гэдэг бүтэц тухайн үедээ эдийн засгийн суурь, зохион байгуулалт байсан гэж хэлж болно.  Харин одоо сумдыг хувийн өмч дээр тулгуурласан хэлбэрээр дахин шинэчлэх шаардлагатай. Жишээлбэл, 300 гаруй малчин өрхийн үйлдвэрлэж байгаа мах, ноос, ноолуурыг яаж нэгтгээд зах зээлд үр ашигтайгаар гаргах вэ гэдэг нь чухал асуудал. Одоогийн байдлаар нэг өрх тус тусдаа бүтээгдэхүүнээ борлуулахад тээвэр, зардал, зуучлалын алдагдал маш их гарч байна. Тиймээс заавал нэгдсэн ложистик, нэгдсэн худалдан авалт, боловсруулалтын систем хэрэгтэй. Ингэснээр мал аж ахуй зөвхөн түүхий эдийн түвшинд биш, эдийн засгийн эргэлтэд бүрэн орж чадна. Энэ бол зөвхөн мал аж ахуй биш, ер нь Монголын хөдөө аж ахуйн нийт системийн асуудал. Тариалангийн салбарт ч адилхан. Усалгааны систем, хадгалалт, тээвэр, борлуулалтыг цогцоор нь шийдэхгүй бол тус тусдаа ажиллахад үр ашиг багатай. Тиймээс гол санаа нь нэгдэж, хамтарч, ложистик болон борлуулалтын тогтолцоог зөв болгож байж л Монгол Улс жинхэнэ утгаараа хөдөө аж ахуйн тогтвортой эдийн засагтай болно.

-Зөвхөн Засаг захиргааны нэгж биш байх нь?

-Тийм ээ. Эдийн засаг жижиг түвшнээсээ зөв тогтолцоотой болж байж зөв хөгждөг. Одоо бидэнд малчдаа дэмжсэн зөв зохион байгуулалт хэрэгтэй байна. Ялангуяа малчдын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ өнөөдөр орхигдсон гэж хэлж болно. Тэгэхээр сум гэдэг бүтэц өөрөө энэ хүмүүсийн ахуй амьдралыг дэмжих, эдийн засгийн нэгдэл болж чадаж байна уу.  Бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь тусалж байна уу, тэжээл, үйлдвэрлэлийн бэлтгэлд нь дэмжлэг үзүүлж байна уу гэдэг нь чухал асуудал. Ер нь Монголын эдийн засгийг нэг талаас нь ч биш, бүхэлд нь системээр нь харж, сэргээх, шинэчлэх бодлого шаардлагатай ийм цаг үе ирсэн байна гэж би хардаг.  Би уул уурхайг эсэргүүцдэг хүн биш. Гэхдээ хамгийн гол нь бодлоготой байх ёстой. Өнөөдөр бид газар нутгаа ухаж ашиглаад, богино хугацаанд орлого олж байна. Гэхдээ тэр нь зөв зохион байгуулалтгүй явж байгаа нь асуудал, гажуудал үүсгэж байна. Байгалийн баялаг бол хязгаартай, дуусдаг нөөц.

Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн нөөцөө ашиглаад яг юу хийж бүтээсэн юм бэ. Орлого зөв ашиглагдаж байна уу. Байгалийн баялгийн нэг сайн тал нь их хэмжээний мөнгө богино хугацаанд орж ирдэг. Хэрэв бид ложистик, дэд бүтцээ сайжруулсан бол тэгш хөгжил рүүгээ явах боломж байсан. Эсвэл 20–30 жил ажиллах үйлдвэрлэл, үйлдвэр барьсан бол илүү тогтвортой хөгжих суурь болох байлаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбараа үндсээр нь сайжруулсан бол тийм үү. Англи, Сингапур шиг боловсролын тогтолцоотой болчихсон баялгийн мөнгө хамгийн том хөрөнгө оруулалт болох байв. Солонгос, Япон шиг эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлсэн бол мөн адил. Гэтэл бодит байгалийн баялгийн орлого ихэвчлэн урсгал зардал руу орж ирсэн. Энэ нь өдөр тутмын хэрэглээ, үйлчилгээний зардал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг удаа зарцуулаад дуусчихдаг мөнгө.

2017 онд Монгол Улсын урсгал зардал ойролцоогоор долоон их наяд байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 20 гаруй их наяд болж өссөн. Өөрөөр хэлбэл, жил бүр ийм хэмжээний мөнгө зарцуулагдаад л байна гэсэн үг. Хүнээр жишвэл энэ нь хувцас, хоол, утасны төлбөр шиг өдөр тутмын зардал юм. Харамсалтай.

-Энэ орлогыг зөв зарцуулж чадаагүй шалтгаан, нөхцөлийг та юу гэж  харж байна вэ?

-Баялгийн хараал гэж бий. Гэнэт их хэмжээний баялаг, уул уурхайн орлого орж ирэхээр барьц алддаг. Эдийн засгийн суурь мэдлэгтэй удирдлага, бодлогын тогтолцоо хангалтгүй үед энэ мөнгө зөв чиглэлдээ биш, ихэвчлэн халамж, хэрэглээ, буруу хуваарилалт руу ордог. Нөгөө талаас сонгуулийн тогтолцоотой ч холбоотой. Сонгуулийн өмнө улс төрийн намууд эрх мэдэл авахын тулд амлалт, халамж, богино хугацааны шийдвэр гаргаж эдийн засгийн урт хугацааны бодлогоо золиослох хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, мөнгө нь улс орны хөгжлийн хөрөнгө оруулалт болохын оронд улс төрийн өрсөлдөөнд ашиглагдах, эрх мэдэл авах хэрэгсэл болж хувирдаг гэсэн үг.  Өмнө нь Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, өр зээлээ дийлэхээ больж байсан. ОУВС-гийн “Stand-by” хөтөлбөрт хүртэл орж байсан. Тэр үед төсвийн сахилга баттай холбоотой олон шаардлага тавигдсан. Жишээлбэл, төсвийн орлого, зарлагыг хэт өсгөхгүй байх, төсвийн тогтвортой байдлыг хангах зэрэг. Хэрэв тэр үеэс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ягштал мөрдөөд явсан бол өнөөдрийн нөхцөл арай өөр байх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, бидэнд гол нь хууль биш, түүнийг мөрдөх сахилга бат, тогтвортой бодлогын хэрэгжилт дутдаг.  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 20 жилийн хугацаанд 22 удаа өөрчилсөн байдаг. Тогтвортой мөрдөхөөс илүүтэйгээр өөрсдийн нөхцөл байдал, хэрэглээндээ тааруулж хуулиа өөрчилчихдөг.  Орлого орж ирвэл бүгдийг нь үрээд дуусгачихъя гэсэн богино хугацааны сэтгэлгээ давамгайлдаг. Айл өрхөөр жишвэл орлого орвол бүхнийг нэг дор үрээд дуусгадаг, хуримтлал хийдэггүй айл шиг л явж ирсэн байна. Гэхдээ одоо бид энэ хандлагыг өөрчлөхийн төлөө бид зүтгэх ёстой. Ингэж байж төсвийн сахилга бат, зөв хэрэглээний соёл төлөвшинө. Энэ бол ганц хүний биш, нийтээрээ өөрчлөх ёстой сэтгэлгээний асуудал.  Үүнтэй  эвлэрч болохгүй.  Олонх, цөөнх гэж ялгахаасаа илүү Монгол Улсынхаа төлөө нэг л зорилготой байх нь чухал. Цөөнхийн гишүүн байна уу, олонхийн талд байна уу гэдгээс үл хамааран зөвийг хэлж, зөвийг хийхийн төлөө зүтгэх нь үндсэн үүрэг.

 -Ер нь энэ ойлголтыг өөрчлөх, сахилга баттай төсөв батлуулахын төлөө явах нь УИХ-ын гишүүний нэг үүрэг байх.  Байр сууриа илэрхийлж, зарчим яриад явахад ямар “мухардал” асуудалтай тулгарч байна вэ?

-Сүүлийн үед надад нэг зүйл их мэдрэгдэх болсон.  Монгол Улс тогтолцооны хувьд сонгуулийн улс болсон байна. Бүх зүйл сонгуулийн мөчлөгөөр явдаг, бүхнийг тийш нь чиглүүлдэг. Намын хуваагдал ч гэсэн хүмүүсийн сэтгэлгээнд хүчтэй нөлөөлж байна. Сайн байсан ч шүүмжилдэг, муу байсан ч шүүмжилдэг. Өөрийнх нь нам биш бол заавал эсрэг байр суурьтай байх хандлага түгээмэл болсон. Нөгөө талаас сошиал медиа орчин ч их нөлөөлж байна. Хүмүүс аливаа асуудлыг гүн рүү нь орж ойлгохоос илүү өнгөц, богино хугацааны мэдээллээр дүгнэдэг болсон. 2–3 минутын бичлэг, ганц постоор бүхнийг шийдэж байна. Тэгэхээр бидний өмнө нэг том асуудал гарч ирж байна. Энэ бол зөвхөн улс төрийн асуудал биш, нийгмийн сэтгэлгээний асуудал юм. Хүмүүс өөрийгөө илүү боддог, өнөө маргаашаа л хардаг, нийтлэг эрх ашгийг хоёрдугаарт тавьж байна.  Ийм нөхцөлд “үзэл санаа” гэдэг ойлголтыг дахин ярих шаардлагатай болж байна. Гэхдээ намын үзэл суртал биш, харин үндэсний хэмжээний үзэл суртал. Монгол гэдэг үндэстний нийтлэг үнэт зүйл юу вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Монгол бол дэлхийн соёл иргэншлийн нэг том өвийг хадгалж ирсэн улс. Нүүдлийн соёл, мал аж ахуй дээр тулгуурласан энэ өв хэдэн мянган жил оршиж ирсэн. Тэгэхээр бид энэ түүх, үнэт зүйлээ судалж, ойлгож байж л цаашаа явах ёстой.

Мэдээж дэлхийн сайн туршлага, хөгжсөн орнуудын системийг авах нь зөв. Гэхдээ тэрийг шууд хуулбарлах биш, өөрийн үндэсний онцлогтойгоо уялдуулж ашиглах ёстой. Хамгийн чухал нь бид “монгол хүн” гэж хэн бэ гэдгийг ярих цаг болсон байна. Хүүхдүүдээ гадаад хэлтэй, боловсролтой болгож байгаа нь сайн. Гэхдээ тэр хүн монгол хүн болж төлөвшиж чадаж байна уу. Бид монгол хүний үнэт зүйл, соёл, хандлага бүдгэрч байгааг бид анзаарах цаг болсон байна шүү.

-Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа алдагдаж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Нэмээд нэг зүйл бий. Амьдралын зорилго, зөв буруу гэдэг суурь ойлголтууд хүртэл бүдгэрч байна. Үүний оронд мөнгө, эрх мэдэл, нэр хүндэд хэт автах хандлага хүчтэй болж байна. Дээрээс нь бид үндэсний өв соёл, түүхээ хамгаалах, түгээх тал дээр ч хангалтгүй ажиллаж байна. Тиймээс асуудлын гол нь зөвхөн эдийн засаг биш, зөвхөн улс төр биш.  Харин үндэсний ухамсар, үнэт зүйлийн чиг баримжаа суларч үүнийг дагаад үндэсний үзэл санаа суларч байна.

-Монгол хүн бүрийн дотор үзэл санааны үнэт зүйлийн “гэрэл” бий гэж боддог.  Тэр гэрлийг тодруулах ёстой байх. Ер нь юугаар дамжиж тодрох боломжтой гэж харж харж байна вэ?

-Шинжлэх ухааны түвшинд сайн мэдэхгүй. Гэхдээ ерөнхийд нь харахад нүүдэлчин амьдралын хэв маяг өөрөө биднийг байгаль, газар дэлхийтэй маш ойр байлгаж ирсэн. Тэр утгаараа байгаль, цаг уур, газар зүйн зүй тогтлоо ажиглаж, ойлгож амьдрах замаар хүн өөрөө ухааралд сэхээрэлд хүрдэг байжээ. Монголчууд нэг үеэс нөгөөд дамжихдаа албан ёсны сургалтын систем гэхээсээ илүү ахуйн, гэр бүлийн, амьдралын сургалтаар мэдлэг, туршлага, ёс заншилаар дамжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үеийнхээ “амьд сургалт”-аар дэлхий ертөнцийг ойлгож, мэдлэг хуримтлуулж ирсэн гэсэн үг.

Тиймээс энэ бүхнийг өнөөдрийн хэлээр харвал бидний өв соёл, уламжлал дотор маш их мэдлэг шингэсэн байсан. Зарим нь заншил, ёс мэт л дамжиж ирсэн. Жишээлбэл, өвөө эмээгийн маань ярьж хэлдэг байсан үгийн цаана гүн утгатай мэдлэг байжээ. Цаг хугацааны явцад гүн утгыг нь бүрэн ойлгохгүй болохоор заншил, дадал хэлбэрт шилжсэн байж болно. Одоо харин бид буцааж ойлгож тайлж унших, судлах шаардлагатай. Тийм сэргэлтийг үе ирсэн байна.  Миний хувьд энэ сэргэлтийн үйл явцад хувь нэмэр оруулах сан гэж хичээж ирсэн. 

-За одоо ганцхан зүйл тодруулчихъя. Бүлгийн даргын асуудал танай нам дотор яригдаж байгаа шүү дээ. Таны нэр яригдаж байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоогоор нэр дэвшүүлсэн зүйл байхгүй, хурал ч болоогүй байна. Ер нь бол “яагаад болохгүй гэж” гэдэг талаас нь харвал бүлгийн даргаар ажиллаад явахад  асуудал байхгүй. Нөгөө талаас би бүлгийн дарга болно гээд яваад байгаа зүйл огт байхгүй.  Нам дотроо ярилцаад, аль нь илүү тохирох вэ гэдгээ шийдэх л процесс. Х.Тэмүүжин гишүүний хувьд эрх зүйн чиглэлээр, би эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаа. Эцсийн шийдвэрийг нам дотроо гаргана, түүнийг нь хүлээн зөвшөөрөөд явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 98 (7840)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

51 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

51 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

12 цаг 53 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

13 цаг 13 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

13 цаг 24 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

13 цаг 28 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

19 цаг 18 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

19 цаг 28 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

19 цаг 36 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин