• Зууны мэдээ сонин онлайн захиалга

А.Эрдэнэцэцэг: Дэлхийд алдартай дуучин, жүжигчин болох мөрөөдөлтэй

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Хүүхдийн ертөнц” буландаа бяцхан дуучин А.Эрдэнэцэцэг буюу Энжиг урьж, ярилцлаа. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоунд орж хүмүүсийн хайрыг татсан авьяаслаг охин юм.  Мөн сүүлийн үед бяцхан охидын сонсох  дуртай дуунуудын  эзэн болоод байгаа билээ.

 

-Бяцхан дуучин маань өөрийн студитэй болжээ. Тохижилтын санаагаа өөрөө олсон уу?

-Гэр бүлийнхэн маань студийг тохижуулж өгсөн. Тэд маань орой ажлаасаа ирээд л засвар хийдэг байлаа. Би үнэхээр их баярлаж байгаа. Студиэ  харах бүрт сайхан мэдрэмж төрдөг. Мөн их гоё өрөөнүүдтэй. Тухайлбал, ягаан өрөөнд би уулзалт хийхээс гадна амардаг. Өөрөө ягаан өнгөнд дуртай болохоор энэ сонголтыг хийсэн. Харин цэнхэр өрөөнд дууны бэлтгэлээ хийдэг юм. Үүнээс гадна ягаан өнгөтэй том бүжгийн заал бий. Тэндээ бүжгээс гадна спортоор хичээллэдэг юм.

-Таеквондогийн өмсгөл байсан. Хичээллэдэг юм уу?

-Дууныхаа клипэнд зориулж таеквондо сурах шаардлагатай болсон. Харин хичээллэх бүрт надад тохирох спорт юм шиг санагдаж байна. Яг хичээллээд, дүрмийг нь ойлгоод эхлэхээр их сонирхолтой юм билээ. Мөн спортоор хичээллэх нь олон талын ач холбогдолтой учир өөрийгөө сорихыг хүсдэг. 

-Саяхнаас влог хийж эхэлсэн шүү дээ. Үеийн найзууд нь их үзэж байна уу?

-Өөрийн цахим хуудсаараа дамжуулаад бэлэгтэй влог хийж эхэлсэн. Үзэгчдийн маань ихэнх нь миний насны хүүхдүүд. Влогтоо зориулж тусгай хувцас хийлгэсэн. Үүгээрээ дамжуулж олон сонирхолтой зүйлс болон уран бүтээлээ найзууддаа хуваалцдаг.

-Влогоороо өөрт тохиолдсон түүхээ ярьж байсан. Магадгүй үүнээс хойш шагналд дургүй болчихсон юм шиг санагдсан?

-Шинэ жилээр Ерөнхий сайд билүү Ерөнхийлөгч “Оны шилдэг хүүхэд” шалгаруулдаг. Энэ шагналыг надад өгөх болсон тухай туслах нь залгаж хэлсэн юм. Тухайн үед үнэхээр их хөөрч, баярласан. Даан ч энэ шагнал надад ирээгүй. Өдөр уулзаад өгнө гэж байсан боловч уулзах цаг, газар нь өөрчлөгдсөөр байгаад дууссан. Тэр өдөр манай сургуулийн урлагийн үзлэг болж таарсан юм. Би багшийнхаа итгэл найдвар нь байсан. Учир нь гоцлол дууны төрөлд өрсөлдөх хуваарьтай байлаа.  Тиймээс надад хоёр сонголт ирсэн.  Харин би багш дээрээ очоод урлагийн үзлэгтээ орсон. Шагналаа би дараа авч болох байх гэж бодсон. Урлагийн үзлэг тарсны дараа “Шагналаа хаана очиж авах уу гээд асуусан чинь шагналыг нь өгөхгүй болсон” гэж билээ. Миний урам хугарч, нэг хэсэгтээ сонин санагдсан. Түүнээс хойш гэрийнхэн маань тэмцээн уралдаан, шагналын асуудал яригдахад зөвшөөрөхөө больсон. Учир нь иймэрхүү асуудлаас болоод намайг сэтгэлээр унах вий гэж боддог болсон байх.

-“Crush”дууг чинь сонсох үнэхээр дуртай. Аавын тухай сэдэвтэй, хөөрхөн  дуу шүү?

-“Crush” дуу их урт хугацаанд бүтсэн. Энэ  дууг гаргах үед цэргийн баяр дөхсөн байсан юм. Тиймээс аавдаа зориулж дуу гаргая гэж төлөвлөсөн. Учир нь өмнө нь би ээждээ зориулаад дуу хийчихсэн байсан л даа.  Харин дуу цацагдсаны дараа сонсогчид маань “Ямар мундаг юм бэ, хөөрхөн охин шүү” зэргээр урам өгч байлаа. Хүмүүсийн хандсан энэ гоё энергиэс би эрч хүч авсан шүү. Мөн үеийн найзууд маань дагаж дуулж буй бичлэгээ над руу илгээж байлаа. 

-Илүү их хайрладаг, үргэлж аялж явдаг уран бүтээл гэж бий юу?

-Бүх дуундаа хайртай. Гэхдээ анхных болоод ч тэр үү “Boom Boom” дуу минь сэтгэлд их ойрхон байдаг. Мөн их хүсэж, тэмүүлж байж гаргасан уран бүтээл. Миний хувьд дууныхаа үгийг ах, эгч нартайгаа ярилцаж байгаад бичдэг. “Boom Boom” дууны шүлэг ч тэгж л бүтсэн. Үүнээс өмнө гурван жилийн өмнө миний бие өвдсөн юм. Тухайн үед ах, эгч хоёр маань дэглэмээ сайн бариад, биеэ эдгээчихвэл энэ дууг чинь хийж өгнө гэж амласан. Биеэ бүрэн эдгээж байгаад энэ дуугаа гаргасан. Тэгэхээр “Boom Boom” их нандин түүхтэй дуу байгаа биз.  

-Энжи маань хөгжим тоглож сурч байгаа гэсэн үү?

-Одоогоор төгөлдөр хуурын сургалтад сууж байна. Цаашид гитар,  хийл хөгжим сурах бодол бий.  

-Их жаахан байхдаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон. Тэр үеийн тухай одоо санадаг уу?

-Би дөрвөн настай байхдаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байлаа. Тэр үеэ сайн санадаггүй. Бичлэгээ үзээд “Хөөх би ийм байсан юм уу” гэж бодоод инээд хүрдэг. Гэхдээ зарим зүйлийг тод санадаг юм. Тайзнаас буухад манай гэрийнхэн том бамбарууш барьчихсан угтаж байсан. Тухайн үед үзэгчид намайг  сэргэлэн цовоо охин байна гэж дүгнэсэн. Тус шоунд оролцоод надад олон гоё боломж нээгдсэн гэж боддог юм. Тухайлбал, дуучин Э.Чулуунчимэг эгч “Зүгээр инээмсэглэ” дуугаа дуулуулах хүсэлт тавьж байлаа. Энэ дуунаас хойш бие дааж уран бүтээл хийх хүсэл төрөх болсон.  Тэгээд л дараа, дараагийн бүтээлүүд гарч байлаа. Ман дуунаас гадна надад кинонд тоглох санал ирэх болсон.

-Хамгийн сүүлд “Халуун зүрх” уран сайхны кинонд тоглосон байх аа. Зураг авалтын үед даарсан уу?

-Тухайн кинонд тоглоход 24 цаг зураг авалт үргэлжилсэн. Мөсөн дээр зураг авалт хийхэд хэд хэдэн удаа унасан. Мөн цасан шуургатай хэсгийн зургийг авахуулахад их хэцүү байсан. Учир нь газраас цас аваад сэнсээр үлээлгэсэн юм. Тэр үед нүд рүү цас ороод байсан учир нээж уйлахад хүндрэлтэй байлаа. Мөн их даарсан шүү. 

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Манай хамаатан дунд урлагийн хүн байхгүй. Харин ээжийн маань дүү ах, эгч хоёр маань урлаг сайн мэддэг, мэдрэмжтэй хүмүүс бий. Мөн ах эгч хоёр маань урлагийн чиглэлээр сургалтын төв ажиллуулдаг байсан. Миний хувьд тэдгээр хүмүүсээрээ заалгаж, суралцаад л явж байна.

-Тайзны  хувцас чинь их дэгжин, загварлаг харагддаг. Мэргэжлийн стилисттэй ажилладаг юм уу?

-Надад стиль имиж дээр бүрдүүлэлт хийдэг эгч бий. Гэхдээ загвараа гаргахдаа үргэлж надтай ярилцдаг. Харин чимэглэлээ өөрсдөө гараар хийдэг юм. Мөн ээмэг зүүлт, жижиг хэрэглэлүүддээ их анхаардаг.

-Шинэ уран бүтээл хийхэд мөнгө их ордог байх. Санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Тоглолтын мөнгөө дансанд хадгалдаг. Мөн хүүхдийн төрсөн өдөр, үсний найр, одонгийн баярт урилгаар очиж дуулдаг юм.  Бусад баяруудад ч бас уригдана. Эдгээрээс олсон ашгаа уран бүтээлдээ зарцуулах гэж хичээж байна.  

-Энжи маань зургаадугаар ангийн сурагч болсон. Ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Би “Монгени” сургуульд сурдаг. Энэ жилээс “Үндэсний бичиг” орж эхэлсэн. Их сонирхолтой санагдаж байгаа. Мөн биеийн тамир, зургийн хичээл их гоё. Би  Урлагийн сургууль болохоор багш нар маань намайг их дэмжиж, ойлгодог.

-Хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?

-Надад итгэж анхаарал халамж тавьж, хайрлаж, дэмждэг ойр дотны хайртай хүмүүсийнхээ ачийг нь хариулах. Мөн намайг  сонсдог, дэмжигчдийнхээ итгэлийг алдмааргүй байна. Тиймээс Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан алдартай дуучин, жүжигчин болно. Мөн хувь хүн талаасаа бусдад тусалдаг, сайхан сэтгэлтэй зөв хүн болж төлөвшихийн төлөө хичээж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)