Т.САЙХАН
Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Усны тухай хуулийг илүү боловсронгуй болгох ёстой
- МАН-ын бүлэг уул уурхайн компаниудын лоббид ороод Усны тухай хуулийг гарцаалаа хэмээн мэдээлэл хийж байна. Гэхдээ уг хуулийн төсөлд анхаарах ёстой, улс орны эрх ашигт хамаарах заалтууд байна. Бид сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ урагшлуулахаар Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулах гэж хичээж байгаа. Гэтэл Усны тухай хуульд гамшиг, аюулаас хамгаалах чиглэлтэй буюу үерийн далан зэрэг байгууламж онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдсөн ч бусад зүйлс хаагдаад байна. Тэгвэл цахилгаан станц зэргээ хэрхэн шийдэх вэ гэх асуудал яригдана. Туул гол дагуу төв зам бий. Зарим үед Туул гол, зам хоёрын хооронд 50 метрийн зайтай хэсэг бий. Гэтэл одоо Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсийг 100 метр болгоё гэж байгаа. Тэгэхээр бид Туул гол дагуух замаа хэрхэх вэ гэх асуулт бас гарч байна. Илүү боловсронгуй болгох ёстой. Мөн МАН-ын бүлгээс Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох асуудлаар ажлын хэсэг байгуулна.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй, баримтаа аваад ир
-Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол. Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй. Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл. Нотлох баримт гэж хэдэн зураг эвлүүлээд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хов ярих хөгийн чадваргүй хуульч, хийсэн үйлийнхээ арыг дааж чадахгүй гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи. Олон аавын хүү гэмт хэрэг хийгээгүй бол шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод, хийсэн бол хариуцлагаа үүрээд нэр төртэй гардаг юм шүү.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу бөхийлөө, ардын хүүхдүүд шоронд орж, асар их баяжсан авлигачид гадаад руу зугтаж, Монгол төрийг барьцаалж, доромжилж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Тэдний үйлдсэн олон арав, зуун тэрбум, их наяд төгрөгийн хулгай, жинхэнэ нотлох баримттай гэмт хэргүүд өнөөдрийг хүртэл шүүх дээр очоогүй байна. Хэн, ямар албан тушаалтан хаацайлаад байна вэ. Зарим хэргийг шалгах ажлыг тэд 2026 оны дөрвөн сард ХЗДХ сайдыг сольж байгаад дарсан, удаашруулсан. Ард түмэн шударга ёсыг шаардаж байна. Одоо цаг нь болсон.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Шаардлагыг авахгүй бол Ерөнхийлөгчид импичмент хийнэ
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон авлигын хэрэгт холбогдсон сайд, төрийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаасаа огцорч, шалгуулахыг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авч, холбогдох албан тушаалтнууд ажлаа өгч шалгуулахгүй бол Ардчилсан нам дараагийн шатны улс төрийн арга хэмжээ авч, Ерөнхийлөгчид импичмент зарлах асуудлыг хөндөнө. Мөн энэ шаардлагаа хэрэгжүүлэхийн төлөө ард иргэдтэй хамт Сүхбаатарын талбайд гарч, тэмцлийн хэлбэрт шилжинэ.
ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар: АТГ-т сайд асан Б.Батбаатартай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шалгах хүсэлт хүргүүллээ
-Би нэг жилийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатарын талаар гомдол мэдээллийг АТГ-т хүргүүлсэн. Хэрэг маш удаан үргэлжилж байна. Тайлбар өгөхдөө олон газраас ар араасаа гомдол ирж байгаа учраас нэгтгэж байгаа гэсэн. Иймд хэргийг дахин сануулж, удаашраад байгаа энэ хэргийг яаралтай шийдэхийг шаардсан шаардлагаа АТГ-ын даргад хүргүүлж байна. Тухайн үед би хоёр тэрбум төгрөгийн зөрчил байна, түүнийг шалгаж өгөөч гэж гомдол гаргасан. Нэг удаагийн тушаалаар бараг 20 видео шторк хийлгэхэд 200, 300 сая төгрөгийн зардал гаргасан. Энэ бол Хэмнэлтийн хуулийг зөрчсөн үйлдэл мөн. Нэг л тушаалаар албан томилолтод шаардагдах нэг тэрбум 412 сая төгрөг. Эдгээрийг шалгаж өгөөч гэж хандсан. Мөн энэ дагуу Үндэсний Аудитын Газарт асуулга тавихад 576 сая 937 мянган төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн дүгнэлтийг 2026 оны хоёрдугаар сард гаргасан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хуульчилсан хулгайг зогсоох чиглэлээр АН тууштай ажиллана
-Авлигын индексээр 2012 онд 94 дүгээр байрт жагсаж байсан Монгол Улсыг АН засаглах хугацаандаа 22 байраар урагшлуулж, 2016 онд 72 дугаар байрт хүргэж байсан. Гэтэл 2016 оноос хойш МАН бүтэн 10 жил засаглахдаа Монгол Улсыг 52 байраар ухрааж, 180 орноос 124 дүгээр байрт хүргэлээ.
Монгол Улс дарангуй дэглэмтэй Беларусь, иргэний дайнтай Шри Ланкийн ард жагсаж байна.Авлигад идэгдсэн ийм улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй.Үүний хохирол нь үнийн өсөлт, амьжиргааны доройтол хэлбэрээр ард түмний нуруун дээр бууж байна.
Нүүрсний 44 их наядын хулгайн хэрэгт холбогдогчдод хариуцлага тооцож амжаагүй байтал төмөр замын 110 сая ам.долларын асуудал ил боллоо. Энэ бол дөнгөж эхлэл. 60 тэрбумын схем, Капитал банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, Концессын гэрээнүүдийн 806 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 96 тэрбум төгрөг, 10 аймгийн дулааны цахилгаан станцын 149 сая ам.доллар нийт 4.8 их наяд төгрөгийн төсөл, Андлалын өргөөний 1.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл, Засгийн газрын тусгай сангуудын 176.4 тэрбум төгрөгийн найдваргүй зээл, аудитын зөрчил, Нүүрсний хэргийн 13.85 тэрбум төгрөгийн сэжигтэй хахууль, Тусгай хамгаалалттай газрын 41.98 тэрбум төгрөгийн асуудал, Боловсролын зээлийн сангийн 47 тэрбум төгрөг, Ногоон автобусны 134.5 тэрбум төгрөг, Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нууцалсан оффтейк гэрээнүүд. Эдгээр хулгайг төрийн нууц нэрээр халхавчилж ирсэн тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийг яаралтай шинэчлэн батлах ёстой. Хуульчилсан хулгайг зогсоох чиглэлээр АН тууштай ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 217 (7959)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn