Т.БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.
-АН-ын бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв. МАН-ын дотоод зөрчилтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Манай АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Эхнийх нь АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар ярилцах асуудал байсан ч үүнийг хойшлууллаа. Хоёр дахь нь Монголбанктай холбоотой. Монгол Улсын мөнгөний бодлогын асуудлаар ярилцсан. Харин гурав дахь асуудлыг АН-ын даргын зүгээс өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцах санал гаргаж, дэмжсэн. Манай улс орон авлига, хулгайд идэгдсэн гэдэг нь сүүлийн 10 жилд харагдаж байгаа шүү дээ. Манай намд ч хулгайчид байна. Ер нь аль нам гэхгүйгээр улс төрд намын нэрээр халхавчилсан хулгайч олон байгаа. Тэдэнд хариуцлага тооцох асуудал 10 гаруй жил яригдаж байгаа ч үр дүнгүй хэвээр байгаа.
-Бүх намд хулгайчид байгаа гэлээ. Тухайлбал, хэн байна вэ?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсоны дараа л тухайн хүнийг нэрлэх боломжтой. Түүнээс өмнө хэн нэгнийг гэм буруутай эсэхийг тогтоодог хүн нь би биш. Сүүлийн үед шүүхийг шүүх тухай асуудал яриад эхэлж байна.Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглалтай. Гүйцэтгэх засаглал нь Засгийн газар, хууль тогтоох засаглал нь бид буюу 126 хууль тогтоогч. Монгол Улс парламентын засаглалтай орон. Гэтэл шүүхийг шүүх тухай яриад, энэ талаар сонсгол хийнэ гэхэд 60-70 гишүүн гарын үсэг зурсан. Энэ нь хууль тогтоомждоо хэр нийцэж байгааг би ойлгохгүй байна. Нэг засаглал нь нөгөө засаглалаа шүүнэ гэж байдаггүй байх.
-Өнгөрсөн хагас сайн өдөр АН-ын онц Их хурал боллоо. Энэ хурлын үйл явц хэр хүчин төгөлдөр болсон бэ. Цаашид процесс хэрхэн өрнөх бол?
-Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэр, бичиг баримтын талаар тухайн хорооноос асуусан нь зөв байх. Хоёрдугаарт, тэр бичгийг намын даргад гардуулж байх шиг байна лээ. Намын дарга дүрэм, журмаа хараад хэрхэн шийдвэрлэж байгааг АН-ын даргаас өөрөөс нь асуух нь зөв байх. Улс төрийн байр сууриа илэрхийлэх, улс төрийн нөхцөл байдлын асуудлаар намын гишүүд цуглах эрхтэй. Энэ эрх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тиймээс гишүүд эрхийнхээ дагуу цугларч, байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй гэж бодож байна.
-Бодь интернэшнлтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахыг та дэмжих үү. Гарын үсэг зурсан уу?
-Яг ямар асуудлаар, хэний балансаас 110 сая ам.долларын асуудал яригдаж байгааг би мэдэхгүй байна. Тухайн асуудлыг оруулж ирээд, баримттай нь танилцсаны дараа шийдэх байх. Шалгаж байгаа юм уу, шалгуулж байгаа юм уу гэдэг нь мэдэгддэггүй. Уг нь хариуцлагын асуудал яригдах ёстой. Гэтэл хамгийн их хулгай, хамгийн олон асуудалтай холбогддог хэсэг нь төрийн эрх мэдлийн оргилд гарчихсан байдаг ийм уламжлал тогтчихлоо. Ард түмэн энэ байдлыг тэвчээртэй хүлээж байна. Тэдний нэг нь би, бид бүгдээрээ л хүлээж байна.
-Төсвийн тухай хуульд ямар байр суурьтай байна вэ?
-Сая батлагдсан төсөв ерөнхийдөө маш их тэлсэн төсөв боллоо. Үүний зэрэгцээ бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй бол эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа үр дүн ард иргэдийн амьдралд, өрх бүрийн хаалгаар орж чадах уу гэдэг асуудал байна. Өнөөдөр өрхийн орлого ерөөсөө буурчихсан байгаа шүү дээ.
-Засгийн газар эдийн засгийн ийм хүнд нөхцөлд сэлгэн томилгоо хийх шаардлагатай юу?
-Хэн нь хэнийгээ барьцаалж, ямар асуудлыг дотроо шийдсэн бэ гэдэг нь хаалттай байна шүү дээ. Ерөөсөө л албан тушаалуудыг хоорондоо сэлгэж, сольж тавьдаг. Нөгөө л хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гэдэг шиг хэдхэн хүн нь байнга албан тушаалд очдог боллоо. Бид ч үүнээс залхаж байна. Ард түмний хүлээлт хязгааргүй байж чадахгүй. Иргэд ч туйлдаж байна. Авлигын үзүүлэлтээр Монгол Улс байнга дээгүүр байр эзэлж байгаа. Энэ үзүүлэлтээс харахад хуулийн байгууллагууд авлига, хулгайтай хангалттай хэмжээнд тэмцэж чадахгүй байна гэж үзэж байна.Ямар хариуцлага хүлээлгэхийг ард түмэнтэйгээ хамт харж, ажиглаж байна.
-Тэгэхээр та сөрөг хүчний зүгээс хууль хяналтын байгууллагад хандах, ямар нэгэн акц өрнүүлэх зэрэг арга хэмжээ авахгүй юм уу. Таныг “Ардчилсан сэргэлт” холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр нэр дэвшигчээр тодруулсан гэх мэдээлэл гарсан?
-Би Харбины гэрээтэй холбоотойгоор түр хороо байгуулж, сонсгол хийе гэсэн санал, санаачилга гаргаж, хоёр, гурван удаа энэ асуудлаар ажилласан. Ж.Баярмаа гишүүнтэй хамтарсан. Гэтэл Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн ч чуулган дээр хэрхэн унасныг та бүхэн харсан байх. Өнөөдөр бид нүүрсээ бараг 50 хувийн хямдралтай үнээр борлуулах хэмжээнд хүрчхээд байна. Тэгээд авч байгаа гаднын компаниуд нь өөрсдөө олборлож, өөрсдөө тээвэрлэж, өөрсдөө борлуулах ийм нөхцөлтэй гэрээ хийгдсэн. Ийм гэрээ дэлхийн хаана ч байхгүй байх. Өмнөх үеийнхнийхээ үлдээсэн асуудлыг бид цэвэрлэж байна гэсэн зүйлийг Ерөнхий сайд асан хүн нь өөрөө хэлж байсан. Гэтэл энэ гэрээний талаар ярихаар бүр иргэний дайнд уриалах шахсан зүйл ярьж байна. Нөгөө талаар Монголбанкны мөнгөний бодлогын асуудлаар сонсгол хийе гэсэн санал, санаачилга гаргаж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал, мөнгөний ханшийн уналт, авлига, хулгайд идэгдсэн байдал энэ хэвээр үргэлжилбэл улс орныг удахгүй Венесуэл, Аргентин, Бангладеш, Непал зэрэг улсын нөхцөл байдалд хүргэх нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Одоо бүр яаралтай Олон улсын валютын сангийн хөтөлбөрт шилжих шаардлагатай ч болж байх шиг.
-Эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр ийм хүнд байгаа гэсэн үг үү. Яг ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Авлига бүх зүйлд нэвчсэн байна. Монголбанк удаан хугацааны турш төсвийн хамааралтай санхүүжилт хийж, мөнгө хэвлэсээр ирсэн. Ийм учраас мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх боломж нь хязгаартаа тулчихсан. Энэ талаар хэн, ямар үед, ямар яам, ямар асуудлаас болж өнөөгийн нөхцөл байдалд хүрснийг бид эхлээд сонсголоор тогтоох ёстой. Сонсголыг ард түмний өмнө нээлттэй явуулах нь зөв. Цаашдаа Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Тийм учраас нөхцөл байдал бүр хүндрэхээс өмнө эртхэн хөтөлбөрт хамрагдах нь зөв гэсэн санал, санаачилга гаргах хэрэгтэй. Шаардлагатай бол энэ саналыг би өөрөө гаргана.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо нэр дэвших байр сууриндаа хэвээрээ байгаа юу?
-Мэдээж хэрэг. Өнөөгийн нөхцөл байдалд нэр цэвэр хүн нэр дэвшихгүй бол болохгүй. Бид янз бүрийн Ерөнхийлөгчтэй байж үзлээ шүү дээ. Тиймээс 2027 онд ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орон зөв замаар явах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөгийн нөхцөл байдалд над шиг хүн нэр дэвшихгүй бол болохгүй байна шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 217 (7959)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn