Д.Даваасамбуу: Төсөв алдагдалгүй байх бүрэн боломж бий

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд төрийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьдаг “хоточ нохой”-н үүрэгтэй зөвлөл бий. УИХ-аар Төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Төсвийн байнгын хорооны дэргэдэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.

Блиц:

Боловсрол, мэргэжил:

1972 онд Санхүү эдийн засгийн техникум-Нягтлан бодогч

1979 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль- Олон улсын харилцааны эдийн засагч, магистр

Ажлын туршлага:

1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга

1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд

1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх

1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх

2001-2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх

2012 оноос одоог хүртэл МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багш

2017 оноос одоог хүртэл Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга

2018 оноос одоог хүртэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга

-2023 оны төсвийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Таны хувьд ирэх жилийн төсвийн төслийг ерөнхийд нь хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Нэгдүгээрт, дэлхий дахин дайнтай, цар тахлын хүндрэлтэй, хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалд байна. Гэхдээ одоогийн дүр зургаар харвал, өнгөрсөн жил ам.долларын ханш 2800 төгрөг байсан бол одоо 3400 төгрөгт хүрч байна. Тэгэхээр экспортын орлого өсөх хандлагатай. Эдийн засаг одоогийн таамаглалаар дөрвөөс таван хувиар өсч магадгүй.

Инфляци дунджаар зургаан хувьтай байх болов уу. Ингээд бодохоор төсвийн орлого 25 хувиар өсөх прогноз байна. Эдийн засгийн өсөлт 2022 оныхоос 3.3 их наядаар илүү байгаа. Гэхдээ дээр дурдсан эрсдлийг тооцох ёстой. Одоогийн байдлаар бид 4-5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс гаргах боломж байна уу, үгүй юу. Хоёрдугаарт, зэсийн үнэ бууралттай байна. Нэг тонныг нь 8500 ам.доллараар төсөөлж байсан бол одоогоор 7000 орчим ам.долларын ханштай байна.

-Таны хэлснээс ойлгоход төсвийн алдагдал буурсан, эдийн засаг өсөлттэй сайн үзүүлэлттэй байна гэж үзэж болох уу?

-Эдийн засгийн өсөлтийн  3.3 их наядаас шалтгаалж төсвийг алдагдалгүй байлгах боломж бас байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу мөнгөн дүнгээр тооцоход 1.6 их наяд гэж үзэж байгаа. Ер нь төсөв алдагдалтай байх нь хэвийн юм шиг ойлголт байгаад байна. Уг нь төсөв алдагдалтай байна гэдэг өрөнд орно, бусдын хараанд орно л гэсэн үг. Гэр бүлийн хувьд нэг өрөө нөгөөгөөр дардаг бол тэр айл яах билээ. Эргээд нөгөө хүнийхээ эрхшээлд орно, хэлснийг нь хийнэ. Улс орны хувьд ч энэ нь адилхан. Эргээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой том асуудал болдог.

Ойрын 15 жилд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд бий болох боломж бас байна. Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орно. Ойрын жилүүдэд хэд хэдэн замуудаа актив замуудтай холбоод, ачаагаа нааш цааш зөөчихдөг, бараа өнгөрүүлэх чадавхиа дээшлүүлээд, терминалууд байгуулчих боломж байна. БНХАУ-д өнгөрсөн оны сүүлээс эхлээд нэлээд том эрчим хүчний хямрал бий болсон. Хуучин уурхайнууд нь ажиллахаа больж, цахилгаан станцууд доголдоод зөвхөн коксжих гэлтгүй эрчим хүчний нүүрс их хэмжээгээр авах шаардлагатай болсон. Манай улсын хувьд асар их эрчим хүчний нөөцтэй, тиймээс Хятадын энэ хямрал бидний хувьд нэг талаар боломж гэж ойлгож болно. Тэгэхээр төр үүнийг дэмжих хэрэгтэй. Хэрэв төрөөс зөв дэмжээд ухаалаг бодлогоор, зөв замаараа явчихвал Монголд нэлээд ашигтай. БНХАУ-ын нийт эрчим хүчний 60 орчим хувь нь нүүрсэн дээр төвлөрдөг. Мэдээж сүүлийн үед энэ нь багасч байгаа ч ирээдүйн 30 жилдээ алга болчихгүй.

-Таны тэргүүлж буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хэзээ байгуулагдсан, ямар үүрэгтэй байгууллага юм бэ?

-Төсвийн хяналтын зөвлөлийг ОУВС-гийн шаардлагаар, төсөвт хөндлөнгөөс дүгнэлт хийх, мөн 2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн хоёр үндсэн үүрэгтэйгээр байгуулсан. Орон тооны бус есөн хүний бүрэлдэхүүнтэй. Үгээ хэлэхдээ улс төрөөс ангид, аль болох нийгмийнхээ дуу хоолойг дамжуулахыг хичээдэг, үнэлэлт дүгнэлтээ үндэслэлтэйгээр өгөхийг эрмэлздэг.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт гэхээр гурван чухал заалт байгаа. Нэгдүгээрт, төсвийг алдагдалгүй байлгах буюу орлогоороо зарлагаа нөхөх, бүр болохгүй бол хоёр хувиас хэтрүүлэхгүй байх, хоёрдугаарт Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх, гуравдугаарт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсвөл цаашид хуримтлал бий болгох гэсэн үндсэн зарчим байгаа. Эдгээрийг хэрэгжүүлж чадаж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх үүрэгтэй гэж энгийнээр ойлгож болох юм.

-Үндэсний аудитын газрын тайланд бас энэ талаар дурдсан байсан. 2023 оны төсвийн төсөл эхний хоёр шаардлагыг хангасан гэсэн үнэлгээг Аудитын газраас өгсөн байсан. Таны хувьд үүнтэй санал нийлж байгаа юу?

-Хоёр шаардлагын хувьд нэг талаар хангагдсан, нөгөө талаар бас эргэлзээтэй. Цаасан дээр хангагдсан гэж дүгнэх өөр. Нөгөө талаар манай Их хурал асуудал хэцүүдээд ирэхээр хуулиа өөрчлөөд түүнийгээ хангагдсан гэж аудитаар дүгнүүлчихээд байгаа юм. Миний санал бол асуудал хүндэрсэн бол хууль өөрчлөхөө урьтал болголгүй, тухайн заалтаа түдгэлзүүлчихээд, эргээд боломжтой болсон үедээ биелүүлэх ёстой гэж байгаа юм. Энэ жил гэхэд өрийн таазыг 40 байсныг 60 болгоод өөрчилчихсөн. Уг нь хуулийн талаас харвал буруу юм байхгүй л дээ. УИХ хууль тогтоох бүрэн эрхтэй учраас хуульд өөрчлөлт оруулах эрхээ хэрэгжүүлж байгаа. Гэхдээ нөгөө талдаа өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилчихөөд, хуулийн заалтаа биелүүллээ гэж яриад хэрэггүй юм.

-Гурав дахь зарчим буюу хуримтлалын сангийн тухайд та юу хэлэх вэ. Баялгийн сан байгуулах, түүнийгээ ирээдүйдээ ашиглах мөн өнөөгийн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтдаа зарцуулдаг жишиг уул уурхайд түшиглэсэн улс орнуудад түгээмэл байдаг жишиг. Харин манай улсын хувьд энэ хэрэгжилт ямар “дүн” авахаар хэмжээнд байна вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу Хүний хөгжлийн сан, Хүүхдийн сан, Ирээдүйн өв сан, Тогтвортой хөгжлийн сан зэрэг олон сан байгуулж овоо мөнгөтэй ажилласан. Гэхдээ цар тахлын үед одоогоор бүх мөнгөө шавхчихсан байгаа. Тийм учраас миний  хэлж байгаа нэг санал бол энэ бүх сангуудыг төрийн мэдэлд байлгаж болохгүй юм. Мэдээж зарим нь хүүхдийн мөнгөний хэлбэрээр, өөр нэг нь хөдөлмөрийн насны иргэдийн тэтгэврийн урамшууллын хэлбэрээр ч юм уу байх хэрэгтэй. Залуу гэр бүлүүдээ дэмжих зорилгоор хүүхэд бүрийнх нь нэр дээр ирээдүйд хэрэглэх хуримтлалын сан бий болгож болж байна. Мөн сүүлийн үед иргэд нийгмийн даатгал төлөх дургүй болж. Тэгвэл нийгмийн даатгал төлөх хөшүүрэг болгож, тухайн татварт төлсөн мөнгөний 40 хувьтай тэнцэх урамшууллыг тэтгэврийн хадгаламжийн данс болгоод үүсгэчихье. Иргэн 100 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төллөө гэхэд үүн дээр нь тэтгэврийн дансанд нь 40 мянган төгрөг тэр хүний нэр дээр бий болно гэсэн үг. Энэ нь баялгийг ирээдүйдээ зориулах тухай Үндсэн хуулийн заалтад ч бас нийцэж байгаа юм. Гэхдээ энэ төрлийн сангууд Засгийн газрын мэдэлд баймааргүй байгаа юм.

-Засгийн мэдэлд байлгаж болохгүйн шалтгаан юу байна. Таныхаар хэний мэдэлд байх ёстой вэ?

-Бүх ард түмний мэдэлд байх боломжтой. Иргэн ямар банкаар мөнгөө авахаа өөрөө сонгоод, ирээдүйд тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх хуримтлалын сангаа бий болгоно л гэсэн үг.

-Энэ их мөнгийг арилжааны банкинд байршууллаа гэхэд банк дампуурчихвал яах вэ гэдэг эрсдэл бас бий шүү дээ?

-Бүх банк дампуурна гэж байхгүй. Нэг хоёр банкны асуудал эвгүйдээд, янз бүрийн асуудал үүслээ гэхэд хуулиараа иргэдийн 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр хариуцах заалттай. Хоёрдугаарт, банкийг нүдний цөцгий мэт хамгаалж байж улс орон хөгждөг, эргээд таны мөнгө баталгаатай болдог. Ер нь банк руу дайрч болдоггүй.

-Энэ удаагийн төсвийн нэг онцлог нь анх удаа олон нийтийн саналыг цахимаар хүлээж авсан. Харин  иргэдийн санал хэр тусч чадсан бол...?

-Анх удаа төсвийг олон нийтээр хэлэлцүүлж, санаа бодлыг нь тусгаж байгааг би бүрэн дэмжиж байгаа. Иргэдийн саналыг сонссон төсөв гэдэг утгаараа чухал үр дүнтэй болсон гэж үзэж байна. Цаашдаа төсөв "боохоос" өмнө буюу зургаа, долдугаар сард ч юм уу хэлэлцүүлээд, ард түмэн ийм санал өглөө гэдгээ тайлагнаад, үүнийгээ дараагийн төсөвт тусгах зэргээр эртнээс бэлтгэдэг баймаар байна. Энэ удаад жаахан хожуу ч гэлээ ард түмэн сайхан сэргээд авлаа. Нийгэмд өгсөн маш зөв дохио боллоо.

-Олон нийтийн зүгээс ямар саналыг илүү түлхүү өгсөн байна вэ?

-Нэгдүгээрт, төсвийн алдагдлаа багасга гэж байна. Хоёрдугаарт, давхардсан халамжийг багасгах талаар хүмүүс их шүүмжилж байна. Ер нь хөдөлмөрийн чадвартай хүнд халамж гэж бэлэн мөнгө битгий өгөөч, архины мөнгийг нь битгий бэлдээч гэж хэлээд байна. 

-Монгол Улсын төсөв ер нь цаашид алдагдалгүй байх эдийн засгийн чадавхи бий юу?

-Тийм чадавхийг байлгая гэж хичээхгүй л бол хэзээ ч бий болохгүй. Ер нь чадавхийг хүчээр бий болгодог юм. Би түрүүнд хэлсэн. 3.3 их наядаар орлого нэмэгдээд байхад яагаад алдагдал ихсээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Төсөв алдагдалгүй байх боломж бий.

-Танай зөвлөлөөс ирэх оны төсвийн талаарх зөвлөмжийг хүргүүлсэн гэж байсан. Гэхдээ энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүй нь Засгийн газрын дурын асуудал гэсэн үг үү?

-Нэгдүгээрт, Засгийн газрын хувьд дурын асуудал. Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан тогтоолын хүрээнд гаргасан дүрэм гэж бий. Энэ дүрэмд тухайн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн биелэлтэд ямар хариу өгснөө эргээд Засгийн газар тайлагнаж байна гэсэн албан ёсны заалт оруулах шаардлагатай байгаа юм. Манай зүгээс өнгөрсөн хоёр, гурван жилд өгсөн санал зөвлөмжүүдээ Сангийн сайдад хүргүүлээд хэрэгжилтийн байдлын талаар мэдээлэл авсан. Ихэнх нь хэрэгжиж байгаа гэсэн тайлан мэдээлэл ирсэн. Дээр хэлсэн эргэж тайлагнах тухай заалтыг дүрэмд оруулж өгснөөр хариуцлагын нэг хөшүүрэг болох юм уу гэж бодож байна.

-Ирэх жилээс эхлэн өндөр орлоготой иргэдийн давсан орлогоос нэмэлт татвар авахаар болсон. Энэ нь хэр шударга гэж та бодож байна?

-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэн хүн орлого олсон л бол татвар төлөх ёстой. Хоёрдугаарт Монгол Улсын иргэд бүгд тэгш орлоготой биш. Тиймээс өндөр  орлоготой иргэд, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийнхээ тодорхой хэсгийг авч явах ёстой. Үүний хүрээнд жишээ нь 20 саяас дээш орлоготой иргэн байлаа гэхэд 20 саяас илүү орлогоос нь бага хэмжээний татвар нэмэгдүүлж авах л зохицуулалт юм.

-Манай улсын зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой, В үнэлгээтэй байгаа гэж Сангийн сайдын илтгэлд дурдсан байсан. Энэ нь хэр сайн үзүүлэлт юм бэ?

-Манай хувьд дээд хэмжээний үнэлгээ л дээ. 2016 оны үед бараг С рүү орчихсон юм. Тэр үед төсвийн алдагдал бараг 5, 10 хувь руу ч орж байсан. Сүүлийн үед дэлхий даяараа мөнгө олдохгүй, мөнгө үнэтэй болж байна. Тиймээс Монгол Улсын засгийн газар бага хүүтэй зээл авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдахад ОУВС-ийн үнэлэлт дүгнэлт бас чухал нөлөөтэй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй юм.

ОУВС-гийн гаргасан дүгнэлтээр бусад улс орнууд харилцдаг. Энэ сангийн хамгийн том хувьцаа эзэмшигчид нь АНУ, Англи, Франц, Япон, Хятад зэрэг орноос байгаа. Тэгэхээр эдгээр улсуудтай сайн харилцаатай байж Олон улсын валютын сангийн дэмжлэгийг авна гэсэн үг.

-Засгийн газар өмнө гаргасан бондын өрийг дараагийн бонд гаргаж, дахин санхүүжүүлэх маягаар "гал намжаах" тохиолдол бишгүй. Иргэдийн хувьд өрийг өрөөр дарсан энэ байдлыг багагүй шүүмжилдэг. Ер нь үүнээс өөрөөр шийдэх гарц, гаргалгаа үнэхээр байхгүй юу?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хувьд өрийг өрөөр дарж болно, гэхдээ төлөх өрийнхөө 20-иос доошгүй хувийг заавал төл гэсэн санал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, үнлдсэн өрийн 20-иос доошгүй хувийг төлөөд явахад урт хугацаандаа өр нь багасаад төлөгдөөд дуусна.

-Та яриандаа инфляц зургаан хувьд байх болов уу гэж хэлсэн. Ер нь цаашид инфляци хэр тогтвортой байх бол?

-Инфляци дээд төвшиндөө хүрчихсэн байгаа, одоо яваандаа буурна. Гэхдээ бид ханшийн талаар их л ярих тусам инфляци дээшээ өгсчихдөг. Долларын ханш ч бас адилхан.

-Жил бүрийн төсөв батлагдсаны дараа тодотгол хийдэг нь бараг жишиг болсон. Ирэх оны төсвийн хувьд тодотгол хийхгүй байх боломж бий юу?

-Тодотгол хийхгүй байх гэж найдаж байна. Хийлээ ч оны сүүлээр болох биз.

-Та 1992-1995 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан. Таныхаар  Монгол Улсын сүүлийн 30 жилд явуулж буй төсвийн бодлого хэр зөв голдрилоор явж ирсэн гэж хардаг вэ?

-2008 он хүртэл зөв байсан, 2008 оноос хойш буруу тийшээ явсан гэж боддог. Тэр үед Монгол Улсад алтан боломж гарсан юм. Зэсийн үнэ хоёр, гурван мянгаас хэтэрдэггүй байсан бол 8000-9000-д хүрсэн. Нүүрс 20 ам.доллар байсан бол 80-100 ам.долларт хүрч байлаа. Энэ үед сонгуулийн сурталчилгаанд зориулж, баялгийг хүн бүрт хуваарилна гээд нэг сая төгрөг, 500 мянган төгрөг гэх мэтээр мөнгө тараалтын уралдаан болсон. Энэ нь хүмүүсийг ажил хийхгүйгээр хөнгөн маягаар төрөөс мөнгө авчих хүсэлтэй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихсон. Үнэнийг хэлэхэд энэ муу зангаасаа бид одоо хүртэл гарч чадахгүй байна. Тэгэхээр өнөөдрөө бодсон, нийтийн баялгийг хувийн улс төрийн бодлогод зориулдаг ийм зарчимгүй байдлыг зогсоох ёстой юм.

-Та мөн ИБУИНВУ-д эх орноо төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч хүн. Тиймээс дэлхий дахинд өрнөөд байгаа өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ. Олон улсын ээдрээтэй энэ цаг үед Монгол Улс  цаашид гадаад харилцааны хувьд ямар зарчим, бодлогыг барих нь зүйтэй гэж та үзэж байна?

-Мэдээж нэгдүгээрт хоёр хөрштэй ам зөрөхгүй байх тухай асуудал Монгол Улсын гадаад харилцааны чухал бодлого. Гэхдээ энэ нь шаардсан бүгдийг нь хэрэгжүүлэх ёстой гэсэн үг биш. Бид гадаад бодлогын хувьд  хоёр хөрштэй зарим талаар санал нийлэхгүй үе байж болно. Гэхдээ бид Үндэсний болон ард түмнийхээ эрх ашигт нийцсэн бодлого явуулж байгаа гэдгээ хоёр хөршдөө тодорхой илэрхийлдэг байх ёстой. Хоёрдугаарт, гурав дахь хөрш буюу Япон, Өмнөд Солонгос, АНУ, Европ, Австрали зэрэг улс орнуудтай бүх талаар харилцаатай байж, тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах ёстой. Чухал, найрсаг харилцаатай орнуудтайгаа хоёр хөрштэй ижил бодлого явуулах хэрэгтэй. Гурав дахь хөршийн бодлогыг манай улс ямагт хоёр хөршийнхтэй ижил, эн тэнцүү авч явах ёстой. Манай гадаад харилцааныхан, төр засгийн удирдлагууд ч үүнийг маш сайн ойлгож, нэлээд өндөр төвшинд сурсан гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)

 

DR. ADITYA
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
зөв л ярьж байна энэ хүн
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

7 цаг 9 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 38 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 цаг 29 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

15 цаг 36 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

16 цаг 12 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

20 цаг 35 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 40 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 50 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 55 мин