Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах төрийн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн Тээврийн цагдаагийн алба байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Тус албаны ойд өнөөдөр /2025.11.27/Ерөнхий сайд Н.Учрал оролцож, салбарын үе үеийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тээврийн цагдаагийн албыг Төрийн цэргийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Энэ нь тангараг өргөсөн, мөрдөс зүүсэн үе үеийн албан хаагч, нийт бие бүрэлдэхүүний эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хууль ёс, шударга ёс, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ юм. Энэ бол зөвхөн өнгөрсөн цаг хугацааны ч бус өнөөдөр, маргаашийн хүлээх үүрэг, хариуцлага, ирээдүйн хөгжлийн зорилгодоо хүрэх урам зориг, итгэл найдварын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд Тээврийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.


