
Д.ЦЭЦЭГ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж байгаа Нийтийн сонсголын тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Том төрөөс ухаалаг төр рүү”гэсэн санаачилга гаргасан. Энэ хүрээнд боловсруулж байгаа Нийтийн сонсголын тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн талаар иргэд ам сайтай байх шиг байна. Хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн ач холбогдлын талаар юуг нь онцолж хэлэх вэ?
-Ардчилал гэдэг бол угтаа хяналт, хариуцлагын тогтолцоо. Монголын улс төрийн ерөнхий дүр зургийг тоймлон харвал хариуцлага, ил тод байдал дутагдаж байгаа нь илт байна. Төрийн албанд ажиллаж байгаа хэн ч бай хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй даган биелүүлэх ёстой. Одоогийн байгаа хууль эрх зүйн орчинд төрийн анхан болон дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага нь хуулиар тодорхойлогдсон байдаг. Харин улс төрийн сонгуулиар эсвэл төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага туйлын тодорхой бус байна. Шуудхан хэлэхэд энэ талаар зохицуулалтгүй гэж хэлж болно. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудын дунд бие биенийгээ үгүйсгэсэн, гүтгэсэн, хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага үл хүлээх байдал улам бүр даамжрах хандлагатай байна. Энэ байдал үргэлжилсээр байвал олон нийт төрийн бодлого шийдвэрийг ойлгохгүй байх, бүх зүйлд эргэлзэж хандах үр дагавартай. Ер нь бол үл итгэх сөрөг сэтгэл зүй нийгэмд аль хэдийн бий болсон байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа албан тушаалтанд хариуцлагын тогтолцоог тодорхой болгож байж Монголын төр ард түмнийхээ алдсан итгэлийг олж авна. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх” тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байна.
-Энэ хуулийн төслөөр албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хариуцлагын тухай хуулийн төслөөр хариуцлагын цоо шинэ төрөл бий болгож байгаа. Энэ нь улс төрийн хариуцлага юм. Үндсэн хууль, хууль, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хэн нь ч байсан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй бол хоёр эсхүл дөрвөн жилийн хугацаагаар төрийн өндөр албан тушаалд нэр дэвшихгүй,эрхлэхгүй гэсэн үг.
Харин тухайн этгээд сайн дурын үндсэнд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч гэм буруугаа хүлээвэл түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэхгүй.Ардчилал өндөр хөгжсөн орнуудад тухайн албан тушаалтан өөрөө өөртөө хариуцлага тооцож албан тушаалаас огцрох соёл төлөвшсөн байдаг. Энэ улс төрийн соёлыг Монголын улс төрд төлөвшүүлэх нь чухал гэж харж байгаа юм. Албан тушаалтан өөрөө өөртөө ёс суртахууны хариуцлага хүлээх нь тухайн улстөрчийн цаашдын карьерт нь эерэг үнэлэмж авчраад зогсохгүй, шударга ёсыг түгээх, зөв үлгэр дуурайлалыг олон нийтэд бий болгох олон чухал ач холбогдолтой гэж хэлж болно.
-Ерөнхийлөгчөөс санаачилж байгаа өөр нэг хуулийн төсөл бол Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл. Энэ талаар?
-Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж иргэний хяналтын бий болгоход Нийтийн сонсголын тухай хууль гүүр нь болно гэж харж байна. Төрийн үйлчилгээ гэдэг бол нэг ёсондоо бүтээгдэхүүн. Яг энэ зарчмаар харах юм бол төрийн байгууллагаас батлан гаргаж байгаа шийдвэр гэдэг бол үйлчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгоход хялбар болно. Иргэдийнхээ дуу хоолойг сонсч, иргэний саналыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах замаар үзүүлэх үйлчилгээ, гаргах шийдвэрийн мөн чанарыг тодорхойлсноор Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг хамгаалах чухал нөхцөл бүрдэх нь ойлгомжтой биз дээ. Ингэж байж сая төр, иргэний хооронд амьд эргэх холбоо үүсч, иргэдээс гаргасан санал, санаачилга төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг шугам болно. Нөгөөтэйгүүр, иргэний санаачилгаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чухал нөхцөл бүрдэнэ. Ингэж байж сая иргэний хяналт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
-Ямар сонсголууд явуулах вэ. Чухал ач холбогдолтой төрлүүдээс нь тайлбарлаач?
-Энэ хуулийн төсөлд тусгасан сонсголын төрлүүд бүгд чухал гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Энэ нь илүү, тэр нь дутуу гэж хэлэх үндэслэл байхгүй. Бүгд одоогийн нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хуулийн төсөлд зааснаар нийт долоон төрлийн сонсголыг явуулна. Тухайлбал, Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлаар УИХ шийдвэр гаргахдаа хууль тогтоох сонсголыг явуулахаар заасан. УИХ, Нутгийн өөрөө удирдах байгууллага Ерөнхий хяналтын сонсголыг явуулна. Дээрх байгууллагуудаас батлан гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавихын тулд тухайн сонсголыг явуулна. Төрийн байгууллага албан тушаалтны төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх чухал холбогдолтой сонсгол бол Төсвийн хяналтын сонсгол юм. Ард иргэдээс тэр бүр хяналт тавьж чаддаггүйНийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудлаар энэхүү сонсголыг явуулах боломжтой. Хуулийн төсөлд заасан сонсголын өөр нэг төрөл бол Мөрдөн шалгах сонсгол юм. Албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох, олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар Мөрдөн шалгах сонсголыг явуулна. УИХ энэ сонсголыг явуулахаар заасан. Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд зааснаар томилгооны сонсгол явуулахаар болж байгаа. Албан тушаалд томилогдох гэж байгаа этгээд тухайн ажил, албан тушаалд тохирох эсэхэд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхөд энэ сонсгол чухал алхам болно. Бас Орон нутгийн сонсгол гэж бий. УИХ, Засгийн газар нь тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулах бололцоог энэ хуулийн төслөөр олгож байгаа.
-Хариуцлага болон Сонсголын тухай хуулийн төслүүд ямар шатандаа яваа вэ?
Та бүхэн санаж байгаа байх. Хэдхэн хоногийн өмнө Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн санаачилсан зарим хуулийн төслийнхээ талаар олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ хоёр хуулийн төслийн тухайд өнгөрсөн хаврын чуулганд амжиж өргөн барихаар төлөвлөж байсан. Өнөөдрийн байдлаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-д өргөн барьсан. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн тухайд Засгийн газар болон бусад байгууллагад санал авахаар хүргүүлсэн. Зарим байгууллагаас санал ирсэн. Хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн ч Засгийн газраас өгөх саналыг хүлээгээд амжсангүй. Хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барина.
-Миний бодлоор улс төр талаасаа эдгээр хуулийн төслүүд дэмжлэг авахад хүндхэн байх болов уу. Таны бодол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж байгаа хуулийн төслүүд дээрх хуулийн төслүүдээр хязгаарлахгүй. Нийгэмд шийдлээ хүлээж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдэхийн тул шаардлагатай олон хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа. Одоо санаачлаад байгаа Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл нь төрийн албыг хариуцлагажуулахад чухал нөлөө үзүүлнэ. Ардчиллыг албан тушаалтны дур зоргын хохирогч болгох ёсгүй. Эдгээр хуулийн төслийн амин сүнс үүнд оршиж байгаа. Өнөөдрийн улс төрчид ардчиллаас нэг биш нэлээд хэдэн алхам ухрах тийм шийдвэрийг гаргахгүй байх гэдэгт итгэж байна. Монгол улсад хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх цаг нэгэнт болсон.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин