• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Ц.Тодгэрэл: Цахимжих нь хөгжлийг хурдасгаж,  шударга тогтолцоог бүрдүүлж байна

Т.БАТСАЙХАН

 

Боловролын мэдээллийн технологийн төв УТҮГ-ын захирал Ц.Тодгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Нэгдүгээр анги болон цэцэрлэгт элсэгчдийг цахимаар бүртгэж, сугалааг 100 хувь халсан явдалд иргэд талархалтай байна?

-Жил бүрийн наймдугаар сарын сүүлч боловсролын салбарын хувьд “Цагаан сарын өмнөх өдрүүд” шиг л байдаг. Цэцэрлэг, сургуулиуд засвар хийнэ.  Багш нар сургалт, зөвлөгөөнд хамрагдана. БШУЯ, харьяа байгууллагууд чиглэл чиглэлээрээ бэлтгэлээ хангана. Манай байгууллага энэ өдрүүдэд цэцэрлэг, сургуульд элсэгчдийг цахимаар бүртгэх ажлыг хариуцдаг.

Ингэхдээ хэрхэн бүртгүүлэх тухай мэдээ, мэдээллээр хангаж ажилладаг. Нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг анх 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд туршсан. Дараа жил нь зургаан аймгийг нэмж бүртгэсэн.

Цар тахлын үед иргэд цахим бүртгэлийн ач холбогдлыг илүү ойлгож, хамрагдалт нь нэмэгдсэн. Жил ирэх тусам цахим бүртгэлийн хувь нэмэгдсээр энэ жил 60 хувьд хүрлээ. Энэ бол боловсролын салбарын цахим шилжилтийн нэг жишээ юм. Үүнээс гадна Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг энэ оноос манай байгууллага цахимаар хийдэг болгосон.

-Цар тахлын сорилтыг эерэгээр харвал танай салбар цахим шилжилтийг эхлүүлчих шиг боллоо?

-Ковидын үед эхлээгүй, харин эрчимжсэн. Цар тахлаас өмнө хийгдсэн ажил, хүрсэн үр дүнг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, 2015-2017 онд хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” төслөөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 27 байршилд сүлжээний зангилаа болон “Боловсролын нэгдсэн сүлжээний төв”-ийг байгуулсан. Өнөөдөр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 100 хувь нэгдсэн сүлжээнд шилэн кабелиар холбосон. Сургууль болгонд интернэтийг хүргэж буй ийм дэд бүтэц байгаагүй бол цахим шилжилтийн тухай ярих боломжгүй байсан. Манай төв бол Монгол Улсын хамгийн том интернет худалдан авагч. Бид 4.7 гегабайт интернэтийг худалдан авч бүх боловсролын байгууллагуудад хүргэдэг. Манай улсын томоохон компаниуд 900 орчим мегабайтыг хэрэглэдэг нь манайхаас ойролцоогоор дөрөв дахин бага гэсэн үг.

-Танай байгууллагыг сүлжээ, интернэтийн хангалт, цахим бүртгэлийн зохион байгуулалтаар нь төсөөлж байна. Өөр ямар асуудлыг хариуцдаг вэ?

-Эхлээд жаахан түүх ярьчихъя. Боловсролын мэдээллийн технологийн төв Засгийн газрын тогтоолоор 2020 оны гуравдугаар сард байгуулагдсан ч үүсэл хөгжлийн түүх нь 2000 оноос улбаатай. БШУЯ-ны харьяа ШУТИС-ийн дэргэдэх “Эрдэмнэт” төвийг 2000 онд, “Боловсролын дата төв”-ийг 2012 онд, Боловсролын салбарын мэдээллийн систем боловсруулах төслийн багийг 2013 онд байгуулж, энэ хугацаанд хийгдсэн дэд бүтэц, систем, хүний нөөцийн суурин дээр манай төв байгуулагдсан юм. Цомхон бүтэцтэй боловч чадварлаг залуусынхаа хүчээр боловсролын салбарын цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хариуцаж байна. Манай хамт олон боловсролын салбарын мэдээллийн систем, сургалтын цахим контент удирдлагын систем, мэдээллийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ болон боловсролын дата төвийн хяналт, тогтвортой ажиллагааг хангах, хөгжлийн асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиг үүрэгтэй юм. Би зөвхөн мэдээллийн нэгдсэн сүлжээний тухай нэгийг нь л ярилаа. 

-Мэргэжлийн хүн л ялгахаар төстэй үгс юм. Тэгвэл  боловсролын салбарын мэдээллийн систем гэдэг нь юуг хэлээд байна. Энэ чиглэлээр ямар ажил хийгдсэн бэ?

-Бид ESIS гэж товчилдог. Манай салбарынхан бол андахгүй. Энэ системийг 2300 гаруй байгууллагын 100 мянга орчим багш, боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчид ашигладаг. Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, хүний нөөц, суралцагчдын бүртгэл, хичээлийн ирц, дүн үнэлгээ, дэвшилт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн, цахим журнал хөтлөх, боловсролын баримт бичгийн дугаар хуваарилах, тэдгээрийг системээс хэвлэх, QR код олгох, салбарын статистик, тайлан мэдээг нэгтгэх, тайлагнах зэрэг бүхий л үйл ажиллагааг энэ системээр удирддаг. Үүнээс гадна ээлжит хичээлийн контентын сан Medle.mn, эцэг, эхийн систем parent.edu.mn, сургалтын тэтгэлгийн систем scholarship.edu.mn зэрэг 10 гаруй дэд системийн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг.

- Medle платформыг үзэж байсан. Маш баялаг энэ платформ танай хариуцан хөгжүүлдэг системүүдийн нэг байж. Хичээлийн контентыг хэрхэн баяжуулдаг вэ?

- Medle.mn бол Монголын шилдэг багш, мэргэжилтнүүд үндэсний сургалтын хөтөлбөрт нийцүүлэн, эх хэл дээрээ боловсруулсан хичээлийн 7000 гаруй цахим контентын сан бүхий нээлттэй платформ юм. Хичээл, контентуудыг үзэхэд дата хязгааргүй буюу үнэ төлбөргүй байдгаараа давуу талтай. Өнөөдрийн байдлаар хичээлийн контентын санд 1670 ээлжит хичээлийн цахим контент, бүх ангийн сурах бичгийн цахим хувилбар, 4140 теле хичээл, 229 интерактив хичээл, 805 виртуал лаборатори байна. Мөн сургалтыг дэмжих эрүүл мэнд, замын хөдөлгөөн, үлгэр зэрэг 152 контент, цахим ур чадварын 261 хичээлийг энэ сангаас үзэж болно. Энэ тоонуудыг дурдах бол амархан. Гэхдээ ганцхан контентыг хийхэд асар олон хүний цаг зав, ур чадвар, арга туршлага зориулагддаг. Ээлжит хичээлийн цахим контент зөвхөн видео биш, цогц ойлголт. Ажил хийхэд асуудал тулгарна. Бид ээлжит хичээлийн цахим контентийн сангаа долоо хоног тутам нэмэгдүүлж ажилладаг. Энэ оны сүүлч гэхэд 8000-д хүргэх зорилттой ажиллаж байна. Тодорхой хэмжээгээр гомдол санал ирдэг ч баярлаж, талархаж байгаа нь түүнээсээ илүү байдаг. “Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Танай medle-гээс л боловсрол эзэмшиж байна. Шинэ хичээлүүдээ хэзээ оруулах вэ?” гээд иргэд холбогддог, зарим нь ирж уулздаг. Түүнчлэн гадаадад байгаа монголчууд маш их үздэг, бидний хүүхдэд монголынхоо түүх, соёл, хэл, бичгийг сурахад маш их тус болж байна гээд ханддаг нь бидэнд урам зориг болдог.

-Цар тахлын эхэн үед шинэ нөхцөл байдалд дасаж дадаагүй байсан байх. Зарим талаар шүүмжилж байсан. Хоцрогдол ч багагүй гарсан байх?

-Цар тахал бидэнд гарцаа байхгүй сорилт болж, боловсролын үйлчилгээг хувирган өөрчлөх хэрэгцээг нийгэмд хүчтэй мэдрүүлсэн. Техник, тоног төхөөрөмж, ур чадварын хувьд улс даяараа бэлэн байгаагүй. Харин ч богино хугацаанд багш нар маань илүү чадавхжиж, цахим ур чадварт суралцлаа. Одоо манай улсын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, суралцагчид бүгд Microsoft Office 365-ыг албан ёсны эрхтэйгээр ашигладаг боллоо.Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд сургалтын хэлбэрийг олон хувилбартай, хөтөлбөрийг уян хатан болгох, цахим орчныг бүрдүүлэх, цахим боловсрол, сургалтын тогтолцоог бий болгож, тогтвортой байдлыг хангах шинэ зохицуулалтуудыг бий болгох шинэчлэлд хүргэлээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд боловсролын үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулахын тулд багш нараа зөөврийн компьютерээр хангахад анхаардаг боллоо. Нийслэлийн Засаг дарга болон Говь-Алтай, Орхон аймгийн удирдлагууд энэ ажлыг түрүүлж шийдвэрлэлээ. Эцэг эх ч гэсэн танхимын сургалтаас гадна цахимаар суралцаж, нээлттэй эх үүсвэрүүдээс судлах, сонгон судлах боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хичээдэг болж байна. Эцсийн дүндээ цахимжилт нь хөгжлийг хурдасгаж байна. Бид хэдхэн жилийн өмнө нийтийн тээврийн хойд, урд хаалгаар дайран орж, кондуктортой бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байлаа. Одоо ямар болсныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар цаас, зардал багасаж, хүнд суртал, авлига буурч байна. Цахим үйлчилгээ нь шуурхай, шударга тогтолцоог бүрдүүлж байна.

-Тухайлбал, танай салбарт ямар хэмнэлт гарч, шударга тогтолцоо бүрдэв?

- Боловсролын яам бусад салбараас түрүүлж төсвөө цахимжуулсан. Цахим төсвийн төсөлд шилжсэнээр улсын хэмжээнд 2400 гаруй ажилтны томилолтын зардал болох 171 сая төгрөг, 125 мянган хуудас цаас болон хэвлэх хорны зардал хэмнэгдэж, нэг хүний 3-15 хоногийн ажлыг хөнгөвчилсөн тооцоо гарсан. Энэ хэмнэлтийг жил бүр хийж байна гэсэн үг. Манай улсын төрийн албан хаагчдын 50 хувь нь буюу 100 мянга орчим нь боловсролын салбарт ажилладаг. Манай салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь орон даяар улсын төсвөөр хийгдэж байгаа нийт ажлын 60-70 хувийг эзэлдэг. Эдгээр хөрөнгө оруулалт болон салбарын төсөв сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдээд байна. Тэгэхээр манай салбарын төсвийн цахимжилт бол улсын төсвийн шинэчлэлд томоохон хувь нэмэр болох нь гарцаагүй.

-Саяхан Л.Энх-Амгалан сайд МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн регистрийг давхар бүртгэж, төрөөс 2.3 тэрбум төгрөг авах байсныг ил болгосон талаар мэдээлсэн. Танай систем үүнийг хянадаггүй байсан юм уу?

- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна. Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200 мянган төгрөгийг олгохоор мэдээллийг цахим системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг хүүхдүүдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэсэн алдаа илэрсэн. Өмнө нь ашиглаж байсан бүртгэлийн программ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл дээр суурилаагүй байсан учраас ийм алдаа гарсан юм билээ. Бид бүртгэлийн системийг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

-Танай хөгжүүлдэг системүүд “E-Mongolia.mn” платформтой хэрхэн уялдаатай ажилладаг вэ?

-Бид салбар дотроо өөрийн системээр, харин бүх нийтэд зориулсан үйлчилгээг “E-Mongolia.mn” үндэсний платформоор дамжуулан үзүүлдэг. 2014 онд боловсролын салбарт мэдээллийн систем нэвтрүүлэхэд бүртгэлийн давхцал нэлээд байсан. Одоо бол давхцал үүсэх боломжгүй болсон. Яагаад гэвэл манай систем улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэсэн. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia.mn” үндэсний платформоор боловсролын салбарын найман төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Цаашид энэ тоо хэмжээг нэмэгдүүлнэ. 2019 оноос ерөнхий боловсролын баримт бичгийг системээр хэвлэдэг болсон. Ингэснээр гэрчилгээний наймааг зогсоосон. Хууль бус замаар бүтээдэг цаг өнгөрсөн. Системд бүртгэлгүй хүнд хуурамч бичиг баримт өгөх боломжгүй болсон. Энэ жилээс дээд боловсролын дипломыг блокчейн технологиор бүртгэж, баталгаажуулдаг боллоо. Хэрвээ хуурамч байвал хаана ч бүртгэгдэж, баталгаажихгүй.

-Ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Том зургаар нь харвал Монгол Улсын цахим хөгжлийг дэмжсэн багц хуулиуд батлагдлаа. УИХ нь Инновац, цахим бодлогын байнгын хороотой, Засгийн газар нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай боллоо. Төрийн үйлчилгээний нэг цонхны платформтой болж, 1525 үйлчилгээг үзүүлж буй нь ахиц харууллаа. Боловсролын салбарын хувьд цахим шилжилтийг амжилттай дуусгах цэгийг тооцоолох боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэхэд ойртож байна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Боловсролыг цахимаар хүн бүрт хүргэх нь бидний өдөр тутмын ажлын алсын хараа юм. Тун удахгүй төрийн мэдлийн анхны цахим сургуулийг нээхээр бэлтгэж байна. Интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлж, улсын хэмжээний бүх цэцэрлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүд, сурагчдын дотуур байрыг интернэтийн сүлжээнд холбохоор ажиллаж байна. Энэ бүхний ард ажиллаж буй хамт олноо ч хөгжүүлэх, давтан сургах, гадаадын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 172 (6904)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байна ш тээ. Амжилт хүсье