• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Дэлгэрсайхан: Ухаалаг бүтэц рүү шилжих ажлыг зоригтой, амбицтай хийхээс аргагүй

С.УЯНГА

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг урилаа.

 

-Улсын бүртгэлийн байгууллагын дарга бол улсын ерөнхий байцаагч. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, нэгдсэн үйлчилгээний төв гээд нүсэр бүтцийг удирддаг ажлын арга барил, зарчмыг сонирхож байна. Мөн дарга болоод багаа бүрдүүлэх “боломж”-оо ашиглав уу?

-Улсын бүртгэлийн байгууллага иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийг орон даяар хийдэг. Цаашилбал, Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаар дамжуулж бүртгэлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн нийслэл, орон нутаг гээд томоохон бүтцээс гадна иргэдэд үйлчлэхэд анхаарах ёстой учраас нэлээн онцлог ур чадвар, зарчим шаардахаас аргагүй. Ер нь аль ч байгууллагын удирдлагын түвшинд хувь хүний арга барилаас гадна зайлшгүй мэдэж байх ур чадвар байх ёстой гэж үздэг. Тухайлбал, шийдвэр гаргах арга техник, бичиг баримтад шинжилгээ хийх, үйл ажиллагаагаа төлөвлөх, ялангуяа нөөцийг зөв хуваарилж ашиглах, түүнийгээ үр дүнд хүргэх ур чадварт суралцсан байх ёстой.

Төрд тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч учраас миний төрийн албанд ажиллах зарчмыг Төрийн албаны хуульд тодорхой заагаад өгчихсөн. Ард түмэндээ үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх, захирах, захирагдах ёсыг баримтлах, ил тод байх зэрэг зарчмыг ягштал баримталж ажиллах үүрэгтэй. Үүн дээр нэмээд хувийн зүгээс эерэг зөөлөн уур амьсгал бүрдүүлж, тууштай байх, цаг ямагт хурдтай ажиллах зарчим баримталдаг. Ийм арга барилаар хамт олноо удирдаж байна.

Би 2016 оноос УБЕГ-ын дэд даргын албыг дөрвөн жил хашаад сүүлийн хоёр жил даргаар томилогдон ажиллаж байна. Тэгэхээр ерөнхий дүр зургаараа бол надтай өмнө ажиллаж байсан баг бараг бүрэлдэхүүнээрээ байгаа. Хүний нөөцийн бүтцэд өөрчлөлт ороогүй ч бодлогодоо өөрчлөлт оруулна, оруулж байна. Баг бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй нь байгууллага удирдахад хамгийн том давуу тал, онцлог. Аливаа ажлыг хийхэд удирдлагын шийдвэрээс гадна хамт олны хүсэл зориг дэмжлэгээр ахидаг учраас гар сэтгэл нийлж ажиллах баг хамт олон хэрэгтэй. Мөн дэд даргын суудлаас дэвшсэн учраас ажилтайгаа танилцах, онцлогийг судлах байдлаар хугацаа алдсангүй. Хийж хэрэгжүүлэх ёстой ажил үүрэг тодорхой байсан.

-Цахим үндэстэн болоход гол уялдаа холбоог бүртгэлийн байгууллага зангидаж байна. Бусад байгууллагуудыг холбохоос эхлээд бодлогын хэмжээний томоохон шинэчлэлийг хэрхэн хийж байна вэ?

-Бидний өмнө тавигдаж байгаа томоохон бодлогын даалгавар бол цахим шилжилт. Энэ ухаалаг бүтэц рүү илүү амбицтай, бүдүүн зүрхтэйгээр орохоос аргагүй болж байна. Улсын бүртгэл буюу иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлээр бий болсон мэдээлэл гэдэг нь аливаа улс үндэстний суурь мэдээллийн сан. Өнөөдөр манай байгууллагад 3.4 сая иргэн, нэг сая эд хөрөнгө, 218 мянган гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа. Энэ суурь тоон дээр улс орны цахим шилжилтийн хөгжил яригдахаас аргагүй. Тэр ч утгаараа бүртгэлийн байгууллага түүчээлж, манлайлж ажиллах үүрэгтэй. Энэ оны хагас жилийн байдлаар цахим руу шилжүүлсэн системийнхээ судалгаа тооцоог бид гаргасан. Мөн хөндлөнгийн судалгааны байгууллага ч тооцсон байна лээ. Бидний тооцооллоор бүртгэлийн байгууллага цахим шилжилтээр иргэдийн халааснаас 30 тэрбум төгрөг хэмнэсэн. Гэхдээ нөгөө талд хүн амын тоо, үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдүүдийн бүртгэлүүдийн өсөлтийг дагаж манай байгууллагын урсгал зардал нэмэгдэж байгаа.

Шинэ цагийн улсын бүртгэлийн байгууллага хөгжөөд 82 жил боллоо. Энэ хугацаанд үе үеийн удирдлагууд томоохон шинэчлэл хийж ирсэн ч яг энэ цаг үед цахим хэрэглээ, цахим үндэстэн буюу цаас, зардал, хүнд суртал, авлигыг халсан шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлага зүй ёсоор тулгарлаа. Энэ хүрээнд үндсэн зургаан асуудал бодлогын даалгавар болж тавигдсан. Нэгдүгээрт, эрхзүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Мөн программ хангамж, мэдээллийн нэгдсэн сан, цахимжуулалт, бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллахад анхаарч байна. Алдаа байвал засаж сайжруулаад явж байна. Дээр тодорхойлсон зургаан асуудлыг жингийн туухай дээр тавьж адил тэнцүү хэмжээгээр авч явах бодлого баримталж байгаа. 

Улсын бүртгэлийн хуультайгаа нийцүүлж программ хангамж, техник хангамж, нэгдсэн мэдээллийн сан, дэд бүтэц, цахимжуулах ажлаа хөгжүүлж явсан нь тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээс эхлээд олон үйлчилгээг харьяалал харгалздаггүй болголоо. Зарим үйлчилгээг тодруулбал шилжилт хөдөлгөөнийг нэг талд нь бүртгэж бүртгэлийн алхмыг багасгалаа. Иргэдээс нэхдэг байсан материалуудыг өдрөөс өдөрт багасгаж, бусад байгууллагатай дундын мэдээллийн сан ашиглах нь цаг хугацаа, зардал, сэтгэл ханамжийг сайжруулсан. Харин хэрэглэж дадах нь иргэдэд тавигдах шаардлага. Түүнээс цахим хэрэглээ гэхээр ганцхан компьютер гэж ойлгож болохгүй. Ерөөсөө цахим шилжилт бол процесс сайжруулалт юм.

Мэдээллийг нээлттэй, хаалттай хязгаартайгаар ангилж өгсөн нь хувь хүний мэдээллийг хамгаалах хуультай нийцсэн. Жишээлбэл, хурууны хээ бол хаалттай мэдээлэл. Бид энэхүү хаалттай мэдээллийг Иргэний өөрийнх нь зөвшөөрлөөр авч, ямар ч байгууллага руу гаргадаггүй. Хууль хүчнийхэнд  хүртэл дамжуулдаггүй. Мөн регистрийн дугаар, гэрийн хаяг, овог, нэрийг хязгаартай мэдээллийн ангилалд оруулсан. Тиймээс хувийн хэвшилд байгаа хурууны хээний мэдээллийг устгах ажлыг холбогдох байгууллагууд эхлүүлээд явж байна.

Би дээр дурдсан. Цахим үндэстэнг зөвхөн техник технологи гэж ойлгох өрөөсгөл. Маш олон үйл ажиллагааны процессыг сайжруулах, хамгийн гол суурь ажлаа тодорхойлоод түүнийгээ хөгжүүлэх бодлогын даалгавар гарч ирж байна. Цахим шилжилтийн суурь нь улсын бүртгэл дээр байгаа учраас үүнийгээ дагаад  төрөлжсөн бүртгэл буюу боловсрол, эрүүл мэнд, татвар, нийгмийн даатгал, гаалийн бүртгэл гэх мэт хөгжих  шаардлага үүсч байна.

-Ер нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд гээд бүртгэлтэй холбоотой асуудал бүрэн цэгцэрсэн үү. Иргэний нэр, бүртгэл солигдлоо, өөр нэртэй боллоо гэсэн кейс их байдаг шүү дээ?

-Манай байгууллага 2017 онд “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн суурийг тавьж, эхлүүлсэн. Гарааны судалгаагаар зөвхөн эрүүл мэндийн нэгдсэн сантай улсын бүртгэлийн санг харьцуулаад үзэхэд регистрийн дугаар зөрсөн 247 мянга гаруй өгөгдлийг шалгахад 5.3 хувь нь регистр, 11 хувь нь овог нэр, зөрсөн тохиолдол гарсан. Энэ мэтээр бусад байгууллагууд дээр байгаа мэдээллийн сангийн зөрүүг цэгцлэхийн тулд дундын мэдээллийн сан буюу ХУР системийг ашигласан.  Энэ бол маш том дэвшил. Жишээлбэл, төрөх эмнэлгүүд, улсын бүртгэлийн байгууллага хоорондоо дундын мэдээллийн санг хэрэглэснээр нярай төрмөгц шууд эмнэлэг дээрээсээ регистрийн дугаараа авдаг болсон. Өөрөөр хэлбэл, СТ4  маягтыг  эмнэлэг дээрээ бөглөөд манай бүртгэгч шууд харах боломжтой, ямар ч хугацаа алдахгүй. Мэдээллийн технологийн системийн шинжээч хүний хувьд хэлэхэд бусад байгууллагуудад цахим шилжилтийн бодлогын даалгавар гаргаж өгөх ажлыг бүртгэлийн байгууллага их хийлээ. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зарчмыг барьж байна. Өнөөдөр төрд асар их мэдээлэл цугласан байгаа. Манай байгууллагад гэхэд 160 триа байт хэмжээтэй мэдээллийн сан, 150 сая гаруй хуудас цаасан архив хадгалагдаж байх жишээтэй. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд төрийн байгууллагууд манайхаас 200 сая гаруй удаа мэдээллийг татаж хэрэглэсэн. Өмнө нь энэ мэдээллийг иргэнээс нэхдэг байсан гэсэн үг. Энэ бол нүдэнд харагдахгүй мөртлөө хийгдэж байгаа бодит жишээ. Үүнийг илүү сайжруулна.

-Иргэний давхцахгүй өгөгдлийг улсын бүртгэлийн байгууллага  хадгалж байгаа. Хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал хэр баталгаатай байна вэ?

-Улсын бүртгэлийн байгууллагын онцлог бол цахимаас гадна заавал цаасан мэдээлэл шаарддаг. Манай байгууллагын аль ч байрны тал хувьд нь эх нотлох баримт буюу цаасан мэдээлэл архивлагдаж байдаг онцлогтой. Эх нотлох баримт хүний насан туршдаа хэрэглэгдэх үнэт зүйл учраас стандарт журмын дагуу хадгалж байна. Иргэн, хуулийн этгээдийн бүхэл бүтэн архив үүсч байдаг. Бидний тооцоогоор эйфелийн цамхгаас өндөр цаасан баримт хадгалж байна. Үүнийг олон жилийн өмнөөс цахимжуулж ирсний үр дүн өнөөдөр гарч байгаа. Энэ их хэмжээний өгөгдлийн сангийн аюулгүй байдал маш чухал. Улсын бүртгэлийн байгууллагын үндсэн системүүд тусдаа хаалттай байдлаар ажилладаг. Манай нэгдүгээр байр бүхэлдээ мэдээллийн технологийн хөгжлийн төв болж хөгжсөн учир гаднаас ямар нэг холболт байхгүй. Харин мэдээлэл солилцох түвшиндээ тусгай өгөгдөл бий болгож Үндэсний дата төв дээр байршуулдаг. Ер нь мэдээллийн аюулгүй байдлыг хоёр талаас нь харах ёстой. Нэгдүгээрт, техник технологи, мэргэшсэн мэргэжилтнээр хамгаалах ёстой. Харамсалтай нь аюулгүй байдал тал дээр мэргэшиж байгаа хүний нөөц харьцангуй цөөн байна. Хоёрдугаарт, байгууллагын соёлын асуудал. Сүлжээн дээр ажиллаж байгаа нэг хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс байгууллага бүхэлдээ  халдлагад өртөх эрсдэлтэй. Тиймээс дотоод дүрэм журмаар нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байдаг. Мэдээллийн аюулгүй байдал зөвхөн төрийн юм уу байгууллагын асуудал биш хүний бүрийн өмнө тулгарч байна. Үүнийг шийдвэрлэх бас нэг гарц нь тоон гарын үсэг.

-Тоон гарын үсгийн ач холбогдлыг хэрхэн ойлгох вэ. Үнэгүй олголоо  гэхэд хэрэглээ ямар байх вэ. Уг нь нэлээн эртнээс олгож эхэлсэн ч ахиц муу байх шиг?

-Энэ оны тавдугаар сарын 1-нээс Улсын бүртгэлийн байгууллага 16 наснаас дээш бүх иргэнд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар нэг удаа төлбөргүй олгохоор болсон. Бид жилдээ 200-300 мянга гэж төлөвлөж байсан бол гурван сарын хугацаанд 260 мянга гаруй тоон гарын үсгийг иргэдэд олгосон байна.

2012 оноос хойш тоон гарын үсгийг ярьсан ч бодит хэрэглээнд оруулаагүй. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх дээр олгож байгаа нь үйлчилгээний байгууллагуудад зориулсан хэлбэр бол гар утасны аппликейшнаар дамжуулснаар илүү өргөн хэрэглэх боломж нээгдлээ. Нэг ёсондоо, тоон гарын үсэг бол бүхий л мэдээллийн санд нэвтрэх түлхүүр. Тэр нь улсын бүртгэл, боловсрол, эрүүл мэнд, даатгал гээд төрөлжчихсөн байх учиртай. Үүнийг “амь” оруулж байгаа хамгийн том платформ бол “E-mongolia” болж хувирч байна. Тоон гарын үсэг бол хамгийн өндөр нууцлалын түвшинтэй, итгэж болох технологи учраас хэрэглээг нэвтрүүлэх нь хөгжлийн зөв чиг хандлага.

Нэг хүндрэл байна. Иргэндээ тоон гарын үсгийг улсын бүртгэл олгоод байдаг, харин бусад байгууллагууд хэрэглээнд оруулах асуудал бий. Иргэн ч мөн адил, гол нь хэрэглэх. Заавал хэрэглэж байж үр дүн, үр шимийг хүртэнэ. Гэхдээ хэрэглээнд төдийлөн санаа зовохгүй байна. Ямар ч байсан эхний алхмаа тавилаа. Улсын бүртгэлийн байгууллага ухаалаг ТҮЦ машинаараа дамжуулаад тоон гарын үсгээр тодорхой төрлийн лавлагаа олгож байна. Мөн “E-mongolia” руу тоон гарын үсгээр нэвтрэх шийдлийг бий болголоо. Гэхдээ илүү хурд шаардлагатай.

Бид тоон гарын үсгийн олгож эхэлснээс хойш 110 байгууллагатай ажил хэрэгч уулзалт хийж, сургалт хийх санал тавьсан байна. Үүний үр дүнд банк, төрийн байгууллагууд  удахгүй хурууны хээгээр биш тоон гарын үсгээр үйлчилж эхлэхээр боллоо.

Тоон гарын үсэг бол иргэнийг таних хэрэгсэл. Бидний ирээдүйд харж буй зүйл бол баталгаажуулалт. Зайнаас гэрээ хийх, нотариатын үйлчилгээнээс эхлээд итгэмжлэл олгох зэргээр олон төрлөөр нь ашиглаж болж байна. Нийгмийн маш олон төрлийн харилцаанд орохдоо гарын үсгээр өөрийгөө баталгаажуулах явцыг тоон гарын үсэг гүйцэтгэнэ.

-Ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн үйлчилгээ авах байршлыг судлах зэргээр мэдрэмж шаардсан, бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх шаардлага гарч байна. Хэрхэн мэдэрч, харж шийдвэр гаргаж байна вэ?

-Миний хувьд ажил хөдөлмөрийн гараагаа их сургуульд багшилж эхэлсэн. Энэ явцад төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, бүтээн байгуулалтын компанид шинжилгээ, тооцоо судалгаа, төслүүд дээр ажиллаж ирлээ. Энэ туршлагаас харахад төрд ч хувийн хэвшилд ч ашигтай ажиллах ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон. Нийтээрээ хэмнэх ёстой. Харин хэмнэлтийн хуулиар илүү ташуур өгч байна л гэж харж байгаа. Түүнээс биш байгууллага болгонд тавигдаж байгаа шаардлага бол хэмнэж, ашигтай ажиллах зарчим. Тиймээс орон даяар ухаалаг бүтэц рүү шилжихийг зоригтой, амбицтай хийх ёстой.

Иргэд аль болох ажил, гэрийнхээ ойроос үйлчилгээ авахыг хүсч байна. Одоо харахад нэг талд цахим үйлчилгээн дээр ачаалал үүсч, нөгөө талд конторт үйлчлэгч хүлээж суух нөхцөл байдал бий боллоо. Үүнийг хэрхэн тэнцвэржүүлж, бүтээмжийг өндөр болгох вэ гэхээр бүх нэгж рүү шилжүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, аймаг, дүүргүүдэд тэр үйлчилгээ нь шууд очиж байгаа юм. Цахим, уламжлал хоёрыг хослуулж, жигдрүүлж байж үр дүн, үнэлгээг ухаалгаар шийдвэрлэж болно. Улсын бүртгэлийн их өгөгдөлд шинжилгээ хийж чаддаг болсноор аль хороон дээр хэдэн бүртгэл байгаа, хэн гэдэг ажилтан ачаалалтай, эсвэл хийх ажилгүй сууж байгааг орон даяар бодитоор харах боломж нээгдсэн. Өдөрт 30-40 минут яг үүн дээр төвлөрч ажилласны үндсэн дээр шийдвэр гаргаж байна. Энэ бүхний эцэст засаг захиргааны нэгжид суурилсан бүтэц улсын бүртгэлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хороодын байршил, ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд тойргийн систем рүү орохоос аргагүй учраас судалгаа, менежментийг эхлүүлээд явж байна. Хэрэгцээ хаана байна, тэнд нь үйлчилгээ аваачих, хүний хүчийг багасгасан байдлаар зохион байгуулалт хийх юм.

Цаашид цахим үйлчилгээний машинуудыг байршуулчихвал илүү хялбар болно. Ядаж л өвдөхгүй, зовохгүй, ажил таслахгүйн дээр харилцаа хандлага талаасаа хүндрэл учрахгүй. Үүнийг цар тахлын үед чамгүй мэдэрлээ шүү дээ. Тэглээ гээд зөвхөн ухаалаг утастай иргэдэд зориулсан үйлчилгээ хийж болохгүй. Иргэдэд зөвлөн туслах үйлчилгээний ажилтнуудтай болно. 

Бүртгэлийн байгууллагын хууль эрхзүй, технологи, ажиллах хэв маягаас эхлээд олон зүйл шинэчлэгдэж байгаатай уялдуулж тогтсон дэг журам, арга барилыг засаж сайжруулах чиг­лэлд манай хамт олон хичээж байна. Техно­логиос гадна харилцаа хандлагаа ч өөрч­лөх шаардлага гарч байгаа уч­раас сургалтыг илүү чухалчилж байна.

-Сонгуулийн үеэр сонгогчдын судалгаа, мэдээлэл УБЕГ-аас гардаг. Тиймээс сонгогчдын мэдээлэл танай байгууллагаас алдагддаг,  “царцаа”-ны нүүдэл хийдэг гэх хардлага, шүүмжлэл их гардаг. Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийж тогтоосон зүйл байдаг уу?

-Улсын бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар  бүртгэлийн байгууллагын 789 алба хаагч, тагнуулын байгууллагаар итгэмжлүүлсэн 2707 нийт 3496 ажилтан ажилласан байна. Мөн хуулиар үүрэг хүлээсэн бусад байгууллагуудтай хамтардаг. Сүүлийн жилүүдэд төрийн бус байгууллагууд сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болсон.

Регистрийн дугаар, хаягийн зөрчил гээд сонгууль бүрийн дараа хардлага сэрдлэг гарч ирдэг. Улсын бүртгэлийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж, хянаж, нийтэд танилцуулдаг. Албан ёсны цахим сайт дээрээ нээлттэй байршуулдаг. Үүний үр дүнд өөрийнх нь хаяг дээр хэдэн хүн бүртгэлтэй байгааг мэддэг болсон. Нэг хаяг дээр олон хүн байгаа нь  хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийхгүй орхидог. Тухайн хаяг дээр амьдарч байгаа хууль ёсны иргэн манай байгууллагад гомдол гаргавал түдгэлзүүлэх хуультай. Газар зохион байгуулалт зураг зүйн газартай хамтарч хаягжилтын систем дээр томоохон шийдэл гаргаад ажиллаж байна. Нэг хаяг дээр 50-100 хүнтэй тохиолдол бий. Асрамжийн төвүүд хаяг дээрээ олон хүн бүртгүүлсэн ч сонгогчдын нэрсийн жагсаалт дээр асрамжийн төв гэдэг нэр гарч ирдэггүй. Үүнийг иргэд буруу ойлгож ярьдаг. Мөн гэр хороололд задгайгаар буусан айлын дугаарлалтын зөрчлөөс болж үл ойлголцол үүсч байна. Хамгийн гол нь улсын бүртгэлийн байгууллага хаяг олгодоггүй. Хаяг дээр бүртгэл хийдэг. Энэ бүхнийг цэгцлэх, сайжруулахын төлөө чармайн ажиллаж байна. Үүнд иргэн, бүртгэлийн байгууллага хамтраад асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал зөвхөн сонгуулийн үеэр идэвх ордогт сэтгэл дундуур байдаг. Хамгийн гол нь бүртгэлийн байгууллага сонгуулийн үед хууль бусаар хүний хаяг шилжүүлснийг аль ч байгууллага тогтоогоогүй.

-Энэ бүхэн цахим шилжилттэй холбоотойгоор сайжрах уу. Дараагийн сонгуулиар дахиад “царцаа” яригдах вий?

-Мэдээллийг ил болгосонтой холбоотойгоор асуудал дэгдэж, шүүмжлүүлж байгаа нь эрүүлжих процесс. Мэдээллийг нээлттэй болгосон нь энэ цаг үеийн хамгийн сайн ажил гэж бодож байна. Тухайлбал, бүртгэгч компьютерийг өөр рүүгээ биш иргэн рүү харуулдаг болсон хэрэг. Мөн иргэн зөвхөн бүртгэгчээр дамжуулахгүйгээр гар утаснаасаа өөрийн бүх мэдээлэлтэй танилцаж байгаа нь том давуу тал. Дараа дараагийн сонгуулиар хардаж сэрдэхгүйн тулд иргэн мэдээллээ сайн нягтлах хэрэгтэй. Бүр өнөөдрөөс эхлээд харж нягталъя. Аль аль талдаа хариуцлагатай байж, иргэн төрд байгаа мэдээллээ өөрөө удирдах чиглэл рүү явж байгаа нь бүх зүйлийг ил тод, үнэн зөв болгож байна.

Бас нэгэн том дэвшил бол хаяг, регистрийн дугаарын мэдээллийг иргэний үнэмлэхийн чип дотор оруулж өгөх ажил аравдугаар сараас эхэлнэ. Сүүлийн таван жилийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг чип дотор  бичнэ. Үүгээр эдийн засаг хэмнэхээс гадна хүний хувийн мэдээллийг чанд нууцалж байгаа. Тодруулбал, хаягийн мэдээллийг иргэний үнэмлэх дотор байршуулснаар хаягаа сольсон үед дахин шинээр авах шаардлагагүй. Ингэснээр шилжилт хөдөлгөөн хийх болон торгууль төлөх дарамтаас гадна сонгуулийн үеийн хардлага сэрдлэгээс бүрэн чөлөөлөгдөж байна. Харин хаясан гээсэн болон 25, 45 насанд зайлшгүй шинээр авах, солих шаардлагатай.

-УБЕГ бол нүсэр бүтэц. Хэдэн зуун ажилчинтай. Гэтэл таниас шалтгаалахгүйгээр доод, дунд шатандаа сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн хийж, буцааж засдаг бол яах вэ. Бүрэн хянаж чадахгүй шүү дээ?

-Дунд, доод шатныхныг нэг хүсэл зорилгоор ажиллуулахын төлөө би энд сууж байгаа. Үүний тулд янз бүрийн арга барил ашиглана. Жишээлбэл, улсын бүртгэлийн байгууллагын бүх хяналтын системийг шинээр бий болгосон. Ямар ч бүртгэгч, аль ч мэдээллийн сантай харьцдаг хүний түүхэн мэдээлэл хадгалагддаг. Дээр нь ямар ч мэдээлэл устдаггүй. Тиймээс шударга бус, ёс зүйгүй үйлдэл хийсэн хүн хаанаас ч зайлж чадахгүй. Таны асуусан кейсээр манай бүртгэгч нэг хүнийг шилжүүлчихээд буцаагаад зассан  үйлдэл нь он, сартай хадгалагдахаас гадна сэжигтэй бүртгэлийг хянах системийг давхар ажиллуулж байдаг. Мөн бүртгэлийн байгууллага дангаараа бүхнийг шийдэх биш тагнуул, кибер аюулгүй байдал зэргээр бусад байгууллагатай хамтарч жил бүр эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг. Ер нь улсын бүртгэлийн байгууллага үндэсний аюулгүй байдлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа учраас өндөр түвшинд ажиллах шаардлагатай. Тийм ч учраас хяналтын системийг маш сайн ажиллуулж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг ажиллуулдаг сайн тогтолцоотой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 167 (6899)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трасс