"Бага ангийн хүүхдэд зөвлөгөө өгөхөд эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй"

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэг, БШУЯ хамтран ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйч ажиллуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд БШУЯ-наас тусгай хөтөлбөр гарган мэргэшүүлэх сургалт  зохион байгуулж боловсролын  23 сэтгэлзүйчийг мэргэшүүлсэн билээ. Энэ талаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын IV сургуулийн боловсролын сэтгэлзүйч Г.Мягмартай ярилцлаа.

-Боловсролын сэтгэлзүйчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Жил гаруйн өмнө БШУЯ-наас зарласан сургуульд ажиллах сэтгэлзүйчийг сонгон шалгаруулах зарын дагуу материалаа илгээж ярилцлагад орж тэнцсэн.

Тэгээд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж "Боловсролын сэтгэлзүйч"-ээр мэргэшин гэрчилгээгээ авч өөрийн ажиллахыг хүссэн аймаг, сумын сургууль руу явсан.

Мэдээж сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд орчны, өрөөний стандарт чухал. Тиймээс Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслөөс санхүүжүүлэн зөвлөгөөний өрөөгөө сургуулийн дизайн технологийн багш нартай хамтран тохижуулж, шинэхэн өрөөндөө ажлаа эхлүүлж, 2021-2022 оны хичээлийн жилийг дүүргэсэн.

-Мэргэшүүлэх сургалтаар ямар арга барилд илүү тулгуурлаж ажиллахыг чиглүүлсэн бэ?

-Мэргэшүүлэх сургалтад боловсролын суралцахуйн чиглэлээр илүү их сурах, судлах шардлагатайг онцолсон. Жишээ нь, хүүхдийн суралцахуйн  бэрхшээл, ой ухааны чадамж,  мэргэжил сонголт гэсэн суралцахуйг дэмжсэн үйл ажиллагаанд илүү их түшиглэдэг. Энэ жил багш, эцэг эхтэй хамтран ажиллах, суралцахуйг дэмжих чиглэл рүү түлхүү ажилласан. 2021 оны хичээлийн жилийн хугацаанд суралцахуй тал руу сайн хэрэгжүүлж чадаагүй. Учир нь эхний жил сургуульд ажиллаж байгаа сэтгэлзүйчийг хүүхдүүд, багш нар, бусад хүний зүгээс өөрөөр хүлээж авсан. Цар тахалтай үеийн хоёр жилийн хугацаанд гарч ирж буй шинэ ажлын байр учраас хүүхдүүд ярилцаж  тайвшрах, тулгамдсан асуудлаа ярьж хамт шийдвэрлэх гарц хайсан хандлага илүү байсан. Гэхдээ бусад сэтгэл зүйн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, багш, эцэг эхэд сургалт өгөх, оношилгоо хийх үйл ажиллагаа сайн хэрэгжсэн.

-Суралцахуйг дэмжихийн тулд юун дээр түлхүү анхаардаг вэ?

-Нэг ангид 40 хүүхэд байлаа гэхэд бүгд өөр онцлогтой. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, багш, ажилчиддаа сэтгэл зүйн судалгаа, оношилгоо хийсэн. Үүний дараа багштай хамтарч төлөвлөгөө боловсруулан тухайн хүүхэдтэй  хэрхэн ажиллах вэ гэдгийг хэлнэ гэсэн үг. Харин тухайн хүүхдэд  долоо хоногийн нэг цаг гаргаж ганцаарчилж уулзана. Жишээ нь, унших чадварыг нь хөгжүүлэхэд нь илүү анхаарч ажиллах ёстой юм байна гэж ажиллавал боловсролын сэтгэлзүйч болно гэсэн үг. Бага ангийн хүүхдэд зөвлөгөө өгөхөд эцэг эхийн зөвшөөрөл авсан  байх шаардлагатай. Энэ жилийн тухайд зарим багш нар хүүхдээ уулзуулах гэсэн юм гээд дагуулаад орж ирдэг. Тэгэхээр нь  сэтгэлзүйчтэй уулзахын тулд олон улсад заавал эцэг эхийн зөвшөөрөл авсан байх шаардлагатайг хэлдэг. Харин дунд, ахлах ангийн сурагчид утсаар цаг аваад уулздаг. Сэтгэлзүйч бүр өөрсдийн сургалтын хөтөлбөрөө бичиж, боловсруулдаг. Бага ангийнханд “Ууртай бамбарууш” уураа зохицуулах нь сургалт явуулсан. “Бороодой”  гэсэн бамбаруушаар төлөөлүүлж, ууртай үедээ өөрийгөө хянаж чадахгүй буруу зүйл хийчихээд, дараа нь уучлалт гуйх гээд  чаддаггүй талаар харуулдаг. Тэгээд хүүхдүүдээс бамбаруушд хэрхэн туслах вэ. Яаж уураа хянах ёстой вэ гэж асуусан. Тэгэхэд  хүүхдүүдээс маш сонирхолтой санаанууд гарч байсан. Алхаж, хөгжим сонсож болно гэж  хэлж байгаа нь хүүхдүүд өөрөө сэтгэл зүйн боловсрол авч байна гэсэн үг.

-Насны онцлогоос шалтгаалж хүүхдүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө авч буй хандлага өөр байх?

-Бага ангийн  сурагчдын эцэг эхчүүд манай хүүхэд утас их үзээд, хичээлдээ идэвхтэй оролцохгүй байна, дотогшоо байна гэдэг. Харин дунд ангийнхны хувьд шилжилтийн насны асуудал, үе тэнгийн харилцааны зөрчилтэй байдал илүү анзаарагддаг. Ахлах ангийнхны тухайд  гэр бүлийн бусад гишүүнтэй ойлголцохгүй  харилцааны зөрчилтэй байдалд зөвлөгөө авч байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна. Мэргэшүүлэх сургалтын үеэр Баярмаа багш маань бидэнд гэдсэн дотор бойжиж байгаа дөрвөн сартай хүүхдийн загвар бариулаад ямар  мэдрэмж төрж байна гэж асуусан. Тэгэхэд нь бид эмзэг, хүйтэн байна гэхэд багш “та нар сургууль дээр очоод ийм хүүхдүүдтэй ажиллана гэж ойлгоорой гэж хэлсэн. Тэгэхээр тухайн сэтгэлзүйчээс мэргэжлийн ур чадвараас илүү мэдрэмж, хувь хүний сэтгэл,  мэргэжилдээ үнэнч байдал чухал.

-Нэг хүүхдэд зөвлөгөө өгөхөд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Зөвлөгөөг насанд хүрэгчдэд 40-60 минут. Эхний уулзалт бол 60-90 минут байдаг. Хүүхдэд 40-60 минутын хооронд үргэлжлэх ёстой гэж үздэг. Үүнээс  хэтэрвэл  зөвлөгөө биш болдог. Уулзах шаардлагатай байгаад тухайн хүн өөрөө цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл давтан сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний нэг онцлог нь тухайн хүн өөрөө хүсэж  ирснээр зөвлөгөө амжилттай болох боломжийн эхний шат болно гэсэн үг. Долоо хоногийн гурван өдөр  хүүхдэд зөвлөгөө өгнө шүү гэж  зөвлөгч  сэтгүүлзүйч маань хэлсэн. Гэвч  уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй хүүхдүүд их байсан учраас  ажлын бүх өдрийг зарцуулдаг байсан. Энэ нь иргээд сэтгэлзүйч өөрөө ажлаасаа халшрах хандлага ажиглагдсан. Тиймээс долоо хоногийн гурван өдөр зөвлөгөө өгөх,  нэг өдөр дөрвөөс дээш хүн авч болохгүй юм байна гэдгийг харсан. Бусад өдөр сэтгэл зүйн оношилгоо, багш нарын ярилцлага, сургалт гэсэн зохион байгуулалт, төлөвлөлтийн  цагт зориулж ажилласан.

-Хүүхдийн сэтгэл зүй эрүүл байх нь амжилттай сурч хөгжихийн нэг үндэс. Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Боловсролын сэтгэлзүйчээр ажиллаад эхний улирлыг харахад хүүхдүүд гэр бүлийн асуудлыг илүү ярьдаг. Хэн нэгнээс ойлгогдох мэдрэмж авах нь сэтгэл зүйн суурь хэрэгцээний  нэг. Ойлгосон мэдрэмжийг тухайн хүнийг хэн нэгэн чин сэтгэлээсээ сонсож байгаа үед авдаг гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ сонсдог байх хэрэгтэй. Манай аав ээжүүд хүүхэдтэйгээ ярилцаж эхлээд шууд буруутгадаг. Тэгэж болохгүй гээд эхэлбэл түүний ард байгаа олон зүйлээ хүүхэд нууна. Тиймээс та ярьж байх хугацааныхаа 80 хувийг хүүхдээрээ яриул. Үлдсэн 20 хувьд чиглүүл. Жишээ нь, тэр үед тэгсэн нь зүгээр байх байж, чи юу гэж бодож байна гэсэн өнгө аястай хүүхдээ зөв сонсож сурах хэрэгтэй.

-Боловсролын салбарт мэргэшсэн сэтгэлзүйч ажиллах нь ямар давуу тал, онцлогтой гэж харж байна вэ?

-Тухайн хүүхдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүссэн байна гэж бодъё. Энэ үед тухайн сурагч, багш, эцэг эхтэй нь уулзаад, ярилцаж зөвлөгөө өгөх боломжтой. Тэгэхээр гарах үр дүн нь илүү хурдан, сайн байх магадлалтай. Хэрэв өөр салбар байсан бол  бүх талын төлөөллийг дуудаж, ярилцах боломжгүй.

 -Боловсролын сэтгэлзүйчийн жишиг олон улсад ямар байдаг вэ?

 -Сэтгэлзүйчийн ажлын үр дүн хурдан хугацаанд гардаггүй. Тиймээс манай улсад нэг хүүхдэд тогтмол зөвлөгөө өгөх боломжийг нээх. Сургуулийн сэтгэлзүйчийн цаашид ажиллах загварыг бий болгох, хэрэгцээ байна.  Сэтгэлзүйчийн нэг сургалтад Орос , Солонгос улсад боловсролын сэтгэлзүйч илүү хөгжсөн байдаг талаар хэлсэн. Мөн өөрийн гэсэн загвар, онцлогтой байдаг. Олон улсад 1000  хүүхэд тутамд нэг сэтгэлзүйч ажиллах ёстой байдаг.  Манай сургууль гэхэд 3150 гаруй хүүхэдтэй. Тэгэхээр ачаалал их үүсэж, давтан уулзалтад цаг гаргах боломж хомс болно гэсэн үг.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 142 (6874)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

3 цаг 18 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

10 цаг 47 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

11 цаг 38 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

11 цаг 45 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

12 цаг 21 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

16 цаг 44 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

16 цаг 49 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 59 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

17 цаг 4 мин