Г.Баяртай: Өвөг дээдсээс уламжилсан бий биелгээг хүүхэд, залуустаа өвлүүлж яваадаа баяртай байдаг

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Н.ДАЯН

Энэ удаагийн "Өв соёл" буландаа Увс аймгийн соёлын биет бус өвийг тээгч, ахмад бүжигчин Г.Баяртай гуайн дурсамжийг толилуулж байна.

 

Намайг төрөхөөс ч өмнө манай гэрт ардын уламжлалт ёс заншил, бий биелгээ, дуу хуур үргэлж эгшиглэдэг байсан. Ухаан орсон цагаасаа эхлээд язгуур хөгжим, бүжгээр амьсгалж, аавынхаа дуулж, хуурдахыг сонсож, тэжээгдэж, урлагийн мэдрэмжийг олж авсан. Би 1956 онд Увс аймгийн Улаангом суманд Балиан Гэндэнгийн найман хүүхдийн дөрөв дэх охин болж төрсөн. Миний аав Б.Гэндэн гэж их урлагийн авьяастай, хүүхэд ахуй цагаасаа хөөмийлдөг, лимбэ, үлээвэр хөгжим, ёочин, хуучир, шанз, аман хуур гээд бүх төрлийн хөгжим тоглож чаддаг, өөрөө ая зохиодог хүн байлаа. Ихэвчлэн хөгжмөө тэмээнд ачаад сумаар тоглолтоо хийдэг байв. Ээж маань дуу цөөтэй ч  нууцхан авьяастай, дөрвөд биелгээ биелнэ. Харин өвөө минь арван баядын хошууны ноёны биеч /биелгээч/, эмээ минь таван аяга дүүрэн шимийн архи эсвэл гүүний айраг хийж, асгалгүй биелгээ хийдэг, Жажин гүний хошууны алдартай биеч байсан. 

 


16 настайдаа Увс аймгийн Хөгжимт драмын театрт шалгуулахад “Дуурийн дуучин болохоор хоолойтой охин байна” гээд тэнцүүлсэн. Тэгсэн бүжгийн багш “Чи бүжигчин болох хүн байна. Дуугаа боль” гэв ээ. Миний хувьд ч дуулахаасаа илүү бүжиглэх дуртай. Аав ээждээ тэнцсэнээ хэлээд, аймгийн даргын захирамжаа үзүүллээ. Тэгэхэд аав “Дуучин болбол явуулна, бүжигчин гэвэл явуулахгүй. Чи үргэлж залуухнаараа байхгүй, хүнтэй сууж, хүүхэд гаргана, бүжигчин хүнд хэцүү” гэж байна. Тэгээд хэдэн сар гэртээ өнжлөө. Нэг өдөр шийдээд аав ээждээ захиа бичиж үлдээгээд, гэрээсээ оргоод сүүний машинд суугаад театртаа очсон. Маргааш нь аав миний араас хүрч ирсэн. Эхлээд дууны ангид орлоо. Сэтгэл зүрх бүжгийн ангид. Гаам уншаад завсарлахаар л бүжгийн анги руу гүйчихдэг, хаалгыг нь шагайгаад хардаг байв. Нэг удаа зогсож байтал нэг хүн араас “хүүш” гэж байна. Гайхаад хартал намайг тэнцүүлсэн бүжгийн багш байна. Шууд л анги руугаа аваад орчихов. Тэгээд л найрал дууны ангиас бүжгийн анги руу шилжиж орсон түүхтэй. 

 


 . Бүжгээрээ  тасралтгүй 30 жил Увсынхаа театрт ажилласан. Залуу, халуун нас минь тэр л театрт өнгөрсөн дөө. Урам зоригтой, тэвчээртэй, хийж байгаа ажилдаа дэндүү хайртай байсан учраас ядрах, сэтгэл санаагаар унах  зүйл байгаагүй. Хамгийн гайхамшигтай алтан үе минь байсан. Энэ хугацаандаа ч ханьтайгаа танилцаж, зургаан хүүхдээ төрүүлсэн. Төрөөд гурван сарын дараа ажилдаа орж байлаа. Хадмууд маань хүүхдүүдийг маань өсгөөд өгчихсөн гэхэд хилсдэхгүй. Хүүхдүүд маань ч бий биелгээг өвлөж сурсан. Ач охин маань хоёр настайгаасаа бий биелгээ сурч эхлээд энэ жил Монгол Улсын консерваторийн бүжигчний ангийг төгссөн.    

 


Бий биелгээ нь монгол хүний өглөө босоод тухайн өдөртөө хийж байгаа ажил хөдөлмөр, ахуй амьдралыг хөдөлгөөн бүртээ харуулсан байдаг. Өглөө босоод цайгаа чанаж, самрахаас эхлээд хангай дэлхийдээ цайны дээжээ өргөх, бурхандаа мөргөх, үйл урлах, малаа саравчилж харах, айраг бүрэх, бугуйл хаях гээд бүхнийг багтаадаг. Марзан Шаравын “Монголын нэг өдөр” гэдэг зурагтай адил. Тэр бүхнийг бий биелгээнд харуулдаг. Тиймээс зөвхөн бий биелгээнээс монгол хүний ахуй амьдралыг дэлхий нийт харах боломжтой.  

 


Манжийн үед соёл, ёс заншлыг нь устгах зорилгоор найр наадам дуу хуурыг хорьчихсон байсан гэдэг. Энэ үед өвөг дээдэс маань орой болгон хүүхдүүддээ бий биелгээгээ заадаг байв. Ингэхдээ малаа хотлуулчихаад, өрхийн тэргүүн нь хөгжмөө татаж хүүхдүүддээ хандан “Унтахаасаа өмнө хоолоо шингээж, бий биелгээгээ хийгээрэй” гэж сургадаг ухаалаг ард түмэн байсан. Хүүхдээ хонинд явахад хүртэл уртын дуугаа сураад, цээжлээд ир гээд явуулдаг байсан. Тэгж л Монголын ард түмэн үр хойчдоо  амьдрал ахуйгаар нь дамжуулан өв соёлоо өвлүүлж, тэмцсээр ирсэн билээ. 

 


Удам дамжсан бий биелгээч, үнэн сэтгэлээсээ биелгээнд дурласан, сурах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт зааж сургахыг хичээдэг. Гэвч бидэн шиг уран бүтээлчдийн хувьд бэлтгэл хийх, шавь нартаа зааж сургах талбай хомс. Харин өнөөдөр соёлын өвийн “Өв Эрдэнэ” театр ашиглалтад орж байна. Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат даргаас тус театрт сургалт явуулан, тоглолт хийж, хамтран ажиллах саналыг надад тавьсан. Би дуртайяа зөвшөөрсөн. Энэ театрт бий биелгээнээс гадна, морин хуур, цуур, тууль зэрэг бүдгэрээд байгаа ховор нандин өв тээгч нарын хичээлийг заах юм. Миний хувьд төлбөртэй, төлбөргүйгээр суръя гэсэн хүн болгонд л заахыг хичээдэг. Автобусаар ч хамаагүй очоод л заана. Харин “Өв Эрдэнэ” театр байгуулагдсанаар үлдсэн хэдэн соёлын биет бус өв тээгч нарынхаа өдийг хүртэл тээж ирсэн уламжлалыг тасран бүр мөсөн алга болохоос сэргийлэн баримтжуулан хадгалах, цааш нь үргэлжлүүлэх, хойч үедээ дамжуулан сургах, гадаадад сурталчилах суурь үндэс тавигдсан гэж харж байгаа. 

 


 Бий биелгээ сурахын тулд тэвчээр их шаарддаг. Харин сурсан хүн бол хичээнгүй, ухаалаг, хийж байгаа ажилдаа эзэн болох урам зоригийг өгдөг. Би бий биелгээг заахдаа аавынхаа арга барилыг ашигладаг. Тэр нь бий биелгээний хөдөлгөөнийг дотоод эрхтэн, бие, оюун ухаан, сэтгэл зүйд нь суулгаж өгдөг арга барил. Зарим багш гарын хөдөлгөөнийг нь заагаад л болчихдог. Энэ бол бүрэн гүйцэт биш шүү дээ. Бий биелгээ хийснээр уушги тэлж, үе мөчинд шар ус хурахгүй байх гээд олон ач тустай.  

 


Миний хувьд ардын бүжиг 50 жил, бий биелгээг 62 жил хийж байна. Дэлхийн 10 гаруй улс орноор бий биелгээ, монгол бүжгээ сурталчилан таниулж явсан. 19 мянга гаруй шавьтай. Өдгөө Засгийн газраас Соёлын биет бус өв өвлөн уламжлагч гэсэн цолтой. Ер нь цөөхөн хэдэн өв өвлөн уламжлагчид байдаг. Тэдний маань үнэлэмж их муу. Тоглолтод орохын тулд хэдэн өдөр сургалт хийдэг. Тэгээд тоглолтдоо оролцоод 20 мянган төгрөг л авдаг. Морин хуурч гээд бусад маань бүгд л адил үнэлэгддэг. Хааяа 10 мянган төгрөгөөр, заримдаа мөнгөгүй тоглох үе ч бий. Энэ нь харамсалтай санагддаг. 


Цаашдаа өвөг дээдсийнхээ өвлүүлсэн хөдөлгөөнийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, бий биелгээг монгол түмэндээ түгээн дэлгэрүүлж, дэлхийд гайхуулахыг зорилгоо болгож байна.  Тун удахгүй ашиглалтад орох соёлын өвийн “Өв Эрдэнэ” театртаа очиж ажиллана даа гэхээс сэтгэл гэгэлзэж байна даа. Зовлон бэрхшээлтэй байсан ч хүн даваад ард нь гарвал үр дүн хүлээж байдаг. Хөгширсөн хойноо ч “би юм хийсэн дээ” гэж сэтгэлийн ханамжтай болох болов уу гэж боддог. Ямар ч ажил хийсэн эзэн нь болж, дурлаж, хайрлаж хийвэл оргилд нь хүрнэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)

Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

7 цаг 50 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

7 цаг 50 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Өчигдөр 12 цаг 29 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Өчигдөр 12 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Өчигдөр 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Уржигдар 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Уржигдар 06 цаг 00 мин