• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Үүрцайх: Хамгийн багадаа 150 гишүүнтэй парламент байгуулах хэрэгтэй

Т.БАТСАЙХАН

 

Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.

 

-Бид 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн нэмэлт, өөрчлөлт оновчгүй болсон учраас дахин өөрчлөх шаардлага гарсан гэж үзэж байна уу.  Энэ талаар таны байр суурь?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тухайн үед МАН-ын 62 гишүүн санаачлан өргөн барьсан. Тэр өөрчлөлт маань нийгэмд тодорхой дэвшлүүдийг авчрах байв.  Гэвч хуулийн хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал гэгч зүйл  орж ирсэн.  Тэрхүү санал болон МАН-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж, эцэстээ зөвшилцөл гэх нэртэй ямар ч хууль тогтоомжид байхгүй процессоор хэлэлцэж,  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнээс шалтгаалаад 2019 оны нэмэлт, өөрчлөлт дутуу дулимаг, үр дүн муутай  болсон.

Одоо бид тэр дутуу хийсэн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх, парламентын ардчиллаа бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог шинэтгэх замаар улс төрийн намуудыг төлөвшүүлэх, төрийн тогтолцоон дахь суурь алдаануудаа засахын тулд Үндсэн хуульдаа дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байна.  Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ асуудлаар санал, санаачлага гаргаж, УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, энэхүү хэрэгцээ шаардлагыг тайлбарласан. Улмаар энэ чиглэлд тодорхой үйлдэл хийж, хичээл зүтгэл гаргаагүй учраас тэрээр иргэнийхээ хувиар талбай дээр тайван жагсаал зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 180 орчим мянган иргэний гарын үсгийг цуглуулж, шаардлагаа УИХ-д хүлээлгэн өгсөн. Зөвхөн Т.Доржханд гишүүн, ХҮН нам ч бус 2021 оны дундаас эхлэн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, санаачлагыг гаргаж байсан. Саяхныг хүртэл ажигласан байр суурьтай байсан эрх баригч МАН ч хамгийн сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тунхаг бичиг гаргаж, үүнийг нь 25 нам дэмжихээ илэрхийлээд байна. Өнгөрсөн долоо хоногт энэхүү тунхаг бичигт тусгагдсан хүрээний дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулахаар УИХ-ын тогтоол батлагдаж, гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллахаар болж байх шиг байна.

- Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тоо, Засгийн газрын бүтцийн асуудал орж ирж байна.  Мөн Төрийн тэргүүнийг парламентаас сонгох хувилбар яригдаж байгаа.  Ер нь ямар өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй вэ?

-Бид өнгөрсөн 30 жилийн хугацааг ямар ч үр дүнгүй өнгөрүүллээ. 30 жил гэдэг бол улс орнууд дэлхийн тэргүүлэх эдийн засаг болтлоо хөгжиж болдог хугацаа.  Уг нь тэдэнтэй хөл нийлүүлэн хөгжих боломж бидэнд байсан уу, байсан. Гэтэл хөгжлийн бодлого нь явдаггүй, нийгэм нь хариуцлага, дэг журамгүй, эмх замбараагүй болсоор байна. Ингэхэд яагаад бид ийм байдалд хүрэв гээд судлаад үзэхээр гажуудлын суурь шалтгаан нь ердөө төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаа байна. Сонгуулийн тогтолцооны буруу байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэгдүгээрт, олон жил амь бөхтэй байж ирсэн олонхыг төлөөлөх тогтолцоо буюу сонгуулийн можаритор тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Ингэхгүйгээр сонгогчийн саналын тал нь гээгддэг, гишүүд нь тойргийн төсөв л ярьдаг асуудал үргэлжилсээр байна.  Мөн улс төрийн намууд нь төлөвшиж чадахгүй, иргэд нийгэмд тулгамдсан асуудлаа бослого тэмцлээр буюу талбай дээр жагсаж, цуглаж байж шийдэх гэж оролддог эрсдэлтэй байдал руу орлоо.  Цаашлаад дэлхийн улс орнуудад болж байгаа үйл явдлууд, геополитикийн өөрчлөлтүүд  ч Монгол Улс парламентын ардчиллаа яаралтай бэхжүүлэх шаардлагатай гэсэн дохиог өгсөөр байна. Хамгийн сүүлд буюу хэдхэн хоногийн өмнө Казахстан улс иргэдийнхээ босож тэмцсэн дуу хоолойг сонсож, Үндсэн хуулиа өөрчлөн, нэг хүний дарангуйллаасаа татгалзаж, парламентын ардчиллыг бэхжүүлэхээр шийдвэрлэлээ.  

-Парламентын ардчиллыг бэхжүүлэх нэг арга нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж үзэж байх шиг байна. Энэ асуудал дээр олон хувилбар яригдаж байгаа.  Гишүүдийн тоог хэд болговол өөрчлөлт гарах бол?

-Одоогийн байгаа тоог дор хаяж нэг дахин нэмэх хэрэгтэй. Анх 1992 онд Үндсэн хууль баталж байх үед нэг сая гаруйхан сонгогчтой байлаа. Харин өнөөдөр 2.3 сая сонгогчтой болж өссөн.  УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол төлөөллийн ардчиллын зарчим хангагдахгүй байна. Мөн нэг гишүүний саналын жин их байгаа учраас аливаа асуудлыг шийдвэрлэхэд их нөлөөтэй байна.  Энэ нөлөөгөө цаашлаад авлига, хээл хахуульд ашиглах, тойргийн төсөв ярих, тендерт нөлөөлөх, элдэв лобби нөлөөлөлд автах зэрэг сөрөг талууд илэрч байна.  Улмаар Засгийн газартаа дарамт шахалт учруулах,  Засгийн газраас оруулж ирсэн хөгжлийн бодлогыг гацаах, төсвийн хөрөнгийг тарамдуулах   асуудал парламент дээр байнга үүсч байна.   Дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын ардчилалтай улсуудын жишиг, болон улс төр, эрх зүйн шинжлэх ухааны судалгаауудыг авч үзэхэд Монгол Улс 150 ба түүнээс дээш парламентын гишүүнтэй болж байж хуйвалддаггүй, нөлөөнд автдаггүй, чанартай хууль баталдаг парламенттай болно гэдгийг харуулсан байдаг.

- Заавал Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд энэ асуудал шийдэгдэнэ гэж үздэг нэг хэсэг бүлэг хүмүүс бий? 

-Харамсалтай нь зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бид урагшлахгүй. Үүнийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудыг засахгүйгээр бид хөгжихгүй.  Парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах тэр боломжийг Үндсэн хуульдаа бий болгох нь чухал байна. Парламентын ардчилал гэдэг бол ер нь хүчтэй Ерөнхий сайдын ардчилал байдаг.  Дээрээс нь энэ ардчилал нь зөвхөн улс төрийн намуудаар дамжин хэрэгждэг. 2019 оны өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай болсон уу гэвэл чадаагүй. Ерөнхий сайдад тодорхой хэмжээний бүрэн эрхүүдийг нэмж өгсөн, дэвшил болсон. Гэхдээ тэр нь шийдвэрлэх бүрэн эрхүүд биш байсан учраас үр дүнгээ өгсөнгүй. Мөн өнгөрсөн 30 жилд  Монгол Улс зөвхөн өөрөө өөрийгөө тараадаг супер парламенттай явж ирлээ. Парламент хичнээн буруу байгаад хариуцлага хүлээдэггүй.УИХ бүхэлдээ хариуцлага хүлээдэггүй, эрчдэлд ордоггүй учраас парламент нь Засгийн газраараа байнга оролддог, дургүй нь хүрвэл огцруулдаг ийм байдалтай явж ирсэн. Нэгэнт Монгол Улс парламентын ардчиллыг бэхжүүлэхээр Үндсэн хуульдаа тусгаад, ийм төрийн удирдлагын хэлбэр Монголд зохимжтой гэж сонгож авсан юм чинь цаашид үүнийгээ төгөлдөржүүлэх, бэхжүүлэх шаардлагатай. Хэрэв УИХ нь Засгийн газрыг огцруулах бодит боломжтой бол эргээд Ерөнхий сайдын санаачлагаар УИХ-ыг тараадаг бодитой механизмтай болохгүй бол хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй.  Дээрээ хариуцлага хүлээхгүй бол доошоо хэн ч хариуцлага хүлээх хүсэлгүй болж байна. Бид Үндсэн хуулийн буруу зохицуулалтаасаа болоод ийм л нийгмийг бий болгоод байна. УИХ-д хариуцлага хүлээлгэдэг больё гээд ярихаар зарим нь нэг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг яриад байдаг. Энэ бол чухал биш.  Яагаад гэвэл парламент хамтын шийдвэр гаргадаг, хамтын удмрдлагатай байгууллага учраас хамтаараа хариуцлага хүлээх ёстой. Ийм тогтолцоо бий болсон цагт УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд ажилладаг, попордоггүй, чанартай сайн хууль баталдаг болно.

-2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд нэмж өгсөн.  Одоо ч эрх мэдлийг нэмэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

-Эрх мэдлийг нь нэмж байгаа хэлбэр биш.  Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэртэй болгож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжихгүй, түүнд итгэл үзүүлэхгүй парламентыг тараах санаачлагыг Ерөнхий сайд гаргах эрхтэй болгох шаардлагатай. Энэ зохицуулалтыг оруулж байж бид урагшилна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ерөнхийлөгчид “Энэ УИХ Засгийн газраа дэмжих бодит олонхгүй УИХ байх тул тараагаад шинэ сонгуулиар үйл ажиллаагааны чадавхитай, олонхитой парламентыг бүрдүүлэх боломжийг ард түмэнд олгооч” гэсэн агуулгатай хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьж, Ерөнхийлөгч 21 хоногийн дотор парламентыг тараах шийдвэр гаргана. Энэ 21 хоногийн хугацаанд  парламент шинэ Ерөнхий сайдыг томилчихвол Ерөнхийлөгчийн парламентыг тараах эрх нь хүчингүй болно. Ингэж байж төрийн эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй болж, мөн төрийн тогтвортой байдал хангагдах юм.

-Сонгуулийн тогтолцооны талаар тодруулахгүй юу. 150 гишүүнтэй боллоо гэхэд хэрхэн сонгууль явагдана гэсэн үг вэ?

-Бүх улсад тохирдог хамгийн сайн сонгуулийн тогтолцоо гэж байхгүй. Тухайн улсын онцлог, иргэдийн улс төрийн боловсролд нийцсэн тийм хувилбараар сонгуулиа явуулах хэрэгтэй. Манай улсын нөхцөлд бүрэн хувь тэнцүүлсэн тогтолцоо байвал илүү зохимжтой.  Тэгж болохгүй гэвэл 2012 оны сонгуульд хэрэглэж байсан шиг хосолсон тогтолцоог оруулж ирэх нь зөв юм.  Гэхдээ хосолсон тогтолцоог хэрэглэх тохиолдолд дор хаяж 50 хувийг нь  намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгох хэрэгтэй. 152 гишүүнтэй боллоо гэхэд талыг нь жижигсгэсэн тойргоосоо олонхын тогтолцоогоор сонгоод нөгөө 76-г  нь пропорциональ тогтолцоогоор сонгоод явбал Монголын улс төр нэлээд цэгцэрнэ. Улс төрийн намууд ч төлөвшиж эхэлнэ.  Цэвэр пропорцианаль болон хосолсоны дундын хувилбар нь Герман, Шинэ Зеланд улсуудад хэрэглэдэг хүнжүүлсэн пропорцианаль буюу холимог тогтолцоо нь Монгол Улсад хамгийн тохиромжтой нь байгаа. Бидний зүгээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа заахгүй, харин хууль тогтоогч хувь тэнцүүлсэн аль ч сонгуулийн тогтолцоог сонгож болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эрх баригч намын хувьд 2012 оны хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулах, үүнийг Үндсэн хуульдаа тухайлан зааж өгөх сонирхолтой байна гэж ойлгосон. 

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбар мөн  яригдаж байна.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Парламентын ардчилалтай орнууд төрийн тэргүүнээ бүх ард түмнээс сонгодоггүй.  Парламентаасаа эсвэл парламентаа өргөтгөсөн чуулганаас сонгодог жишиг бий. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс 50+1 буюу үнэмлэхүй олонхын саналаар сонгогдчихоор парламенттайгаа зэрэгцсэн хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу зарим талаар парламентаасаа илүү хүлээн зөвшөөрөгдөх байдалтай болоод байна. Ингээд парламентдаа шахалт үзүүлдэг, Засгийн газрыг огцруулахад байнга оролцдог зэрэг сөрөг нөлөөлөл бий болдог. Энэ байдал нь төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байгаа учраас  Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог байх нь зөв юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 121 (6853)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.