Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

46 мин
Нийтэлсэн: Админ
 21 мин унших

“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нарын санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл санаатай холбоотойгоор 20 хүний байр суурийг хүргэж байна.

Хуулийн төсөл батлагдвал малчин өрхийн 6-8 настай хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ цахимаар болон танхимаар үзэх сонголттой болох юм. 

 

Хүүхдүүдийг заавал нэг ангид бөөгнүүлээд байх шаардлагагүй, либералчлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  

-Би энэ концепцыг дэмжиж байгаа. Энэ зөвхөн малчдын хүүхдийн асуудал биш. Ер нь бид боловсролын асуудлаа урт хугацааны бодлогоор харах хэрэгтэй. Либералчлах хэрэгтэй. Либералчилна гэдэг ойлголтын цаана Р.Сэддорж гишүүний хэлээд байгаа ерөнхий концепц явж байгаа юм. Хот, хөдөө ялгаагүй. Манай охин тавдугаар ангид сурдаг. Нэг өдөр “Аав аа, яагаад хаан жимс шиг газар сургууль байгуулж болдоггүй юм бэ” гэж асуусан. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр завсарлагаанаар ангиас гаргахгүй, сургуулиас ч гаргахгүй юм байна. “Энэ чинь бараг боловсон маягийн шорон юм биш үү” гэж хүртэл хэлсэн. Бас “локер ч байхгүй” гэх мэтээр хүүхдүүд орчин нөхцлийн талаар ярьдаг. Тэгэхээр бага ангид хүүхдүүдийг нэг ангид бөөгнүүлээд байлгаад байх шаардлагагүй. Ялангуяа малчдын хүүхдийн хувьд бид энэ асуудлыг ярьж байгаад шийдэх хэрэгтэй. Цаашдаа хотын сургуулиудыг ч ийм чиглэл рүү аажмаар оруулах нь зөв гэж бодож байна.

 

Хөдөөгийн хүүхдийн боловсролын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай

“Чингис хаан үндэсний музей”-н сан хөмрөгч Б.Мөнхбат:

-Монгол хүнийг төлөвшүүлэх үндэс нь боловсрол гэж би үздэг. Тиймээс “Монгол боловсрол” хэмээх үндэсний онцлогтой хөтөлбөрийг бий болгох шаардлагатай байна. Өнөөгийн боловсролын тогтолцоо 6–8 настай хүүхдүүдийг сургуульд элсүүлж, боловсрол олгож эхэлдэг нь манай нийгэм, соёлын онцлогтой бүрэн нийцэхгүй байгаа мэт санагддаг. Нэгдүгээрт, Монгол Улс бол бусад орноос өвөрмөц онцлогтой орон. Манай ард түмэн нүүдэлчин болон суурин соёлыг хослуулан авч яваа бөгөөд байгаль, цаг уур, аж ахуйн нөхцөл нь ч онцгой. Иймээс хөдөөгийн хүүхдийн боловсролын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай. Хоёрдугаарт, Нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийг боловсролын тогтолцоонд хэрхэн шингээх талаар бодлого боловсруулах хэрэгтэй байна. Өнөөдөр зургаан настай хүүхдийг сургуульд оруулахын тулд эцэг эх нь сумын төв рүү шилжин суурьших хандлага нэмэгдэж байгаа нь нүүдэлчин соёлыг авч яваа залуу малчдын тоог эрс бууруулж байна гэж хардаг. Гуравдугаарт, үүний сөрөг үр дагавар нь нүүдэлчин соёл, өв уламжлал аажмаар устах эрсдэлд хүргэж байна. Хэрэв бид энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол “Монгол хүн” гэх онцлог үнэт зүйл, үндэсний дархлаа алдагдах аюул нүүрлэх магадлалтай.

 

Үндсэн хөтөлбөрийг эвдэхгүйгээр, малчин өрхийн онцлогт тохирсон сонголтыг хуульчлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Өнөөдөр бага боловсролын тогтолцоо таван жилийн бүтэцтэй явж байгаа. Үүний дагуу хөтөлбөр ч мөн таван жилээр боловсруулагдсан. Тэгвэл бид үүнийг хэвээр хадгалахын зэрэгцээ малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан хоёр дахь сонголтыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Боловсролын яам үндсэн таван жилийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Харин зэрэгцээ нь малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан гурван жилийн богиносгосон, уян хатан хөтөлбөрийг сонголтоор нь хэрэгжүүлэх боломж нээх тухай юм. Ингэснээр хүүхдүүд сонголттойгоор суралцах эрхтэй болно. Бидний санал бол нэг л зүйл.  Үндсэн хөтөлбөрийг эвдэхгүйгээр, харин малчин өрхийн онцлогт тохирсон хоёр дахь сонголтыг хуульчлах хэрэгтэй. Мөн “free school” буюу зуны болон нэмэлт сургалтын тогтолцоог тусад нь оруулж ирэх шаардлагатай. Малчдын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор шийдэх хэрэгтэй. Энэ хүрээнд малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэгийн болон зуны сургалтын хөтөлбөрийг ажиллуулах боломжтой. Ингэснээр 6-7 настай хүүхдүүдийг хамарсан бодитой, хэрэгжих боломжтой систем бий болно.

 

Танхимын сургалтыг буруу гэж хэлээгүй, сонголттой болгох шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:

-Боловсролын салбарын зарим бодлого Монголын бодит орчин, амьдралын нөхцөлөөс тасарсан байдал ажиглагдаж байна шүү дээ.Хүний амьдрал ялангуяа малчин өрхийн нөхцөл байдалтай зарим талаар нийцэхгүй. Хамгийн сүүлд гэхэд хөдөөгийн айлын хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдаагүй бол нэгдүгээр ангид авахгүй гэсэн журам гарчихсан байна. Тэгэхээр малчин өрх маань зургаан настайгаас нь биш, бүр таван настайгаас нь дагаад сумын төв рүү явах шаардлага үүсэж байна. Асуудлыг шийдэх биш улам л хүндрэл үүсгэж байна шүү дээ. Хүүхдийн боловсролын асуудлаас болж гэр бүл хоёр талд амьдрах, нэг нь хөдөө үлдэх, нөгөө нь хүүхдээ дагаад сум, аймаг, хот руу явах нөхцөл үүсэж байгаа нь харамсалтай. Энэ цаашлаад архидалт, зарим тохиолдолд гэмт хэрэг хүртэл дагуулж болзошгүй эрсдэл үүсэж байна. Хиймлээр өрх толгойлсон ээж, аавууд бий болж байна. Үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Хүүхэд нэг, хоёрдугаар ангидаа гэртээ байж онлайнаар хичээлээ үзээд суралцаж болох боломж өнөөдөр байна. Ингэснээр тэр хүүхэд аав, ээжийнхээ дэргэд өснө, удам дамжсан малчны амьдрал ямар байдаг юм, мал аж ахуй гэж юу юм, нүүдэлчин соёл гэж юу юм гэдгийг хамгийн их суралцдаг, төлөвшдөг насандаа өөрийн нүдээр харж, мэдэрч өснө. Өнөөгийн танхимын сургалтыг буруу гэж хэлэхгүй байгаа. Харин сонголттой болгоё гэж байгаа юм.

 

Энэ хуулийг хүлээж байгаа малчин өрх олон бий

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Би орон нутгаас сонгогдож байсан учраас асуудлыг хүмүүс хэрхэн хүлээж авч байгааг сайн мэднэ. Манайд “6 настан”, “6 настай хүүхэд” гэж ярихаар ойлгохгүй хөдөөгийн хүн бараг байхгүй. Эмээ өвөө, ах дүүс, ээж аав гээд бүгд энэ асуудлыг мэддэг, маш хүнд гэдгийг ойлгочихсон байгаа. Тийм учраас энэ хууль батлагдаад, зөв тайлбарлагдвал хүлээж авахгүй малчин өрх маш ховор гэдгийг энд хэлмээр байна. Өмнөх парламентын үед батлагдсан Боловсролын тухай хууль дээр нэг заалт оруулсан. Тэр нь долоон настайгаасаа сургуульд орж болно гэсэн сонголт өгсөн зохицуулалт байсан. Гэвч энэ бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм. Нэгэнт тусгай хууль оруулж байгаа юм чинь гаргалгааг нь илүү тодорхой гаргах нь зөв байх. Хэрэв хичээлийг гэрт нь Старлинкаар дамжуулж үзүүлнэ гэж ярьж байгаа бол хүүхдээ сургах гэж байгаа айлуудын интернэт, Старлинктэй холбоотой асуудлыг бас хамтад нь шийдэх хэрэгтэй. Говийн бүсэд амьжиргааны өртөг, орлого арай өндөр болохоор гайгүй байж магадгүй. Харин бусад аймаг, ялангуяа түүхий эдийн үнэ уначихсан газруудад нөхцөл байдал нэлээд хүнд байна.

 

Нүүдлийн сургуулийн төслийг нь ч хэрэгжүүлж болно

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Сүүлийн найман жилийн хугацаанд бид боловсролын салбарын асуудлыг олонтаа ярьж ирлээ. Орон нутгаар, аймгуудаар явахад 6-7 настай хүүхдийн асуудал байнга хөндөгддөг. Саяын гишүүдийн хэлсэнчлэн, эцэг эх нь салж, нэг нь хүүхдээ дагаад сумын төвд дотуур байр эсвэл гэрт суурьшин амьдрах нөхцөл үүсдэг.  Өнгөрсөн жил “Nomadic School” буюу нүүдлийн сургууль гэсэн маш сонирхолтой төсөлтэй танилцсан. Манай залуу багш нар санаачлаад хэрэгжүүлж байгаа энэ төсөл 6-7 настай хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөртэй. Энэ зун Л.Энх-Амгалан сайд ч дэмжинэ гэсэн, Сэддорж гишүүн ч дэмжинэ гэсэн. Ер нь бид бүгд мэдэж байгаа. Өнөөдөр 4-5 настай цэцэрлэгийн хүүхдүүд англи хүүхэлдэйн кино, гаднын контент үзээд монгол хэлнээсээ илүү англи үг хэллэг сурч байна. Тиймээс монгол контент бүтээх шаардлагатай. Үлгэр, оньсого, тоглоомын арга барилтай, хүүхэд өөрөө сонирхон суралцах боломжтой агуулга хэрэгтэй байна.

 

Хотод орон сууцгүйгээсээ, орон нутагт хүүхдийнхээ боловсролын асуудлаас болж гэр бүл салж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  

- Энэ бол ганцхан бага насны хүүхдийн асуудал биш. Маш том, үндэсний хэмжээний асуудал. Ер нь бид үнэт зүйлсээ эрэмбэлэхдээ монгол хүүхэд, монгол хүн, монгол гэр бүлийг хамгийн тэргүүн эгнээнд тавих ёстой. Бид бүгд шийдвэр гаргагч хүмүүс. Тиймээс шийдвэр гаргахдаа өөрийнхөө хүүхдээр төсөөлж, өөр дээрээ бодож шийдэх хэрэгтэй. “Би хотын хүн, хөдөөгийн хүүхэд надад хамаагүй” гэж хандаж болохгүй. Би өөрөө ч гэсэн зургаан настай хүүхдээ ингэж айлаас хол явуулъя гэвэл үнэндээ хүсэхгүй. Энэ бол үнэхээр хүнд асуудал. Байшин барихад хамгийн чухал нь суурь байдаг шиг гэр бүлийн суурь ч бас бат бөх байх ёстой. Өнөөдөр тэр суурь ганхаж байна. Жилд 4500 орчим гэр бүл салж байна. Судлаад үзэхээр хотод орон сууцгүйгээсээ болж салж байна. 10 жил хамт амьдраад, 2-3 хүүхэдтэй болчхоод ч байрны асуудлаас болж гэр бүл салж байна. Харин орон нутагт хүүхдийн боловсрол, сургуультай холбоотой асуудлаас болж гэр бүлүүд салж, тусдаа амьдрах нөхцөл үүсэж байна. Тиймээс энэ асуудалд бид онцгой анхаарах ёстой. Гадаадаас бид олон зүйл авч болно. Харин монгол хүн, монгол хүүхэд, монгол ахуйгаа бол гаднаас авч чадахгүй. Тиймээс үүнийгээ бид өөрсдөө хамгаалж, авч үлдэх ёстой.

 

Гэр бүлийг гэр бүлээр нь, хамтад нь хөгжүүлэх бодлого хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

 -Энэ бол маш чухал асуудал. Ялангуяа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамгийн түрүүнд анхаарч бодлогоо чиглүүлэх ёстой. Монгол гэр бүлийг яаж салангид байлгахгүй, яаж гэр бүлээр нь хөгжүүлэх вэ гэдэг бодлого чухал байна.  Мэдээж шийдлийн хувьд олон асуудал бий. Өнөөдөр бид хүүхдүүдийг интернэт орчноос тодорхой хэмжээнд салгах ёстой. Сургалтын хөтөлбөр нь ч хүүхдийн ахуй орчинд нийцсэн, бодит мэдлэг олгодог байх шаардлагатай. Ингээд харахаар энэ асуудал зөвхөн боловсрол биш, цаанаа гэр бүлийн асуудал, ахуй орчны асуудал, орчин үеийн боловсролын хөтөлбөрийн асуудал, мөн түүнийг хүргэх сувгийн тухай асуудлыг хүртэл хамарч байна. Монгол гэр бүлийг дэмжсэн, монгол хүүхдийг өөрийн ахуй орчинд өсөж хүмүүжих боломжийг бүрдүүлсэн, мөн 6-7 настай хүүхдүүд гэрийн орчиндоо орчин үеийн боловсрол эзэмших тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

 

“Гэр сургууль” гэдэг тогтолцоог бий болгох шаардлага бий

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

- 2020 оны сонгуулийн үеэр Дорнод аймгийн сумдаар явж байхад хүмүүс энэ асуудлыг маш их ярьж байсан. Тухайн үед манай намын мөрийн хөтөлбөрт ч “багийн багш”, “багийн эмч”, “гэрийн багш” зэрэг санаачилгууд орж байлаа. Өнөөдөр энэ бол нийгэмд тулгамдсан асуудлын нэг мөн гэдэг нь яах аргагүй үнэн. Т.Галсан гуайн “Төр улс бол гэр улс” гэсэн үг байдаг. Тиймээс гэр бүл тогтвортой байх асуудал хамгийн чухал. Гэр бүлийн салалтын талаар их ярьж байна. Үүний нэг шалтгаан нь хүүхдийн боловсролтой холбоотой асуудал болж байна.  Тиймээс “гэр сургууль” гэдэг тогтолцоо үнэхээр хэрэгтэй. Гэхдээ үүнийг маш сайн судалж, судалгаанд суурилсан байдлаар боловсруулах хэрэгтэй. Хуулийн төсөлд бодит нөхцөлд нийцсэн заалт, шийдлүүдийг тусгах шаардлагатай. Орон нутгийн багуудад өмнө нь багш, эмчээр ажиллаж байсан, одоо тэтгэвэртээ гараад мал маллан амьдарч байгаа туршлагатай хүмүүс олон бий. Тэр сайхан багш, эмч нарын мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй. Ер нь маш олон асуудлыг хамтад нь бодож, цогцоор нь шийдэх шаардлагатай.

 

Уг нь энэ асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан байдаг

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

- Ер нь хүүхдүүдийг зургаан настайгаас нь сургуульд элсүүлж эхэлснээс хойш хөдөө орон нутагт 6-7 настай хүүхдүүд гэрээсээ хол байх асуудал малчдын хамгийн их санаа зовдог асуудлын нэг болсон.  Үүнийг  бид бүгд мэднэ. Өнгөрсөн хугацаанд орон нутагт явах бүрд энэ асуудал байнга хөндөгдөж ирсэн. Тиймээс бид энэ асуудалд тодорхой санал санаачилгууд гаргаж ажиллах нь маш чухал.  Ер нь  2020 оны манай намын мөрийн хөтөлбөрт, 2024 оны мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан. Харамсалтай нь хэрэгжээгүй. Цаашлаад 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ асуудлыг бусад намуудтай хэлэлцээр хийх явцдаа тодорхой байдлаар тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ асуудал зөвхөн намын мөрийн хөтөлбөрт биш, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүртэл орсон гэсэн үг.   Тэгэхээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

 

Малчны хүүхэд эцэг, эхийнхээ дэргэд сурах боломж нь бүрдвэл Монгол Улсын хөгжил нэг шат ахина

 “Цахим говь” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Блейз Академ”-ийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, сэтгүүл зүй, хэл шинжлэлийн ухааны магистр, хятад хэлний багш орчуулагч  Э.Эрдэнэсувд:

-Малчин өрхийн 6-8 настай хүүхдүүдэд цахим ба танхимын хосолсон сургалтын сонголт бий болгох нь маш зөв санаачилга.  Гэхдээ үүнийг танхимын сургалтыг үгүйсгэж байна гэж ойлгож болохгүй, харин манай Монгол шиг өргөн уудам нутагтай, хүн ам нь тархай суурьшсан улсад боловсролын хүртээмжийг дээшлүүлэх шинэ боломж гэж ойлгох ёстой.

Хот хөдөөгийн хөгжлийн ялгаа боловсролын ялгаан дээр хамгийн тод, гүнзгий мэдрэгддэг. Харьцангуй хурдтай хөгжиж байгаа Өмнөговь аймгаар жишээлэхэд, нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүдийн 50 хувь нь 12-р ангиа аймагтаа төгсөж байгаа тоон үзүүлэлтийг 1212.mn-ээс харж болно. Энэ бол сайн боловсрол дагаж хөдөөгөөс хот руу чиглэсэн “нүүдэл”огт саарахгүй байгаагийн бодитой жишээ.

Тэгш хамрах боловсрол гэдэг бүх хүүхдийг нэг хэлбэрээр сургахыг хэлдэггүй. Харин хүүхэд бүрд өөрт нь тохирсон боловсролыг хүргэж өгөх тухай концепт. Малчны хүүхдийг тодорхой нас хүртэл нь эцэг эхийнхээ дэргэд сурах боломжийг бүрдүүлж өгч чадвал Монгол улсын боловсрол нэг шат ахина гэж бодож байна.

 

Зургаан настай хүүхэд орхигдсон мэт мэдрэх, ганцаардах сэтгэл зүйн хүндрэл үүснэ

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

-Зургаан настай хүүхэд сургуульд суралцана гэдэг өөрөө хөгжлийн нэг том шилжилт байдаг. Орон нутагт байдаг ялангуяа малчин айлын хүүхдийн хувьд энэ шилжилт зөвхөн “сурагч болох”-оор хязгаарлагдахгүй. Тухайн хүүхэд нэг дор маш олон өөрчлөлттэй нүүр тулдаг. Өдөр бүр хамт байсан аав, ээжээсээ холдоно. Дассан гэр, ахуй орчин, мал сүрэг, ах дүү, нутгийн орчноосоо сална. Үүний зэрэгцээ шинэ багш, шинэ хүүхдүүд, сургуулийн дүрэм журам, дотуур байрны хамтын амьдралд дасах шаардлагатай болдог. Иймээс 6 настай хүүхэд сургуульд сурах насанд хүрсэн байж болох ч гэрээсээ хол, дотуур байранд бие даан амьдрахад сэтгэл зүйн хувьд бүрэн бэлэн гэж үзэхэд эртдэх талтай. Энэ үед хүүхэд “би чадна”, “би сурагч болж чадна”, “намайг томчууд үнэлж байна уу”, “би бусад хүүхдийн адил сайн байж чадах уу” гэсэн дотоод хэрэгцээтэй болдог. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийн чадварыг мэдэрч, урамшуулал дэмжлэгээр дамжуулан өөртөө итгэх итгэлээ хөгжүүлж эхэлдэг үе юм. Харин энэ үед хүүхэд аав, ээжээсээ гэнэт холдож, гэрээ санах мэдрэмжээ хангалттай илэрхийлж чадахгүй, айдас түгшүүрээ хуваалцах хүнгүй байвал өөрийгөө буруутгах, орхигдсон мэт мэдрэх, ганцаардах, дотогшоо болох зэрэг сэтгэл зүйн хүндрэл үүсч болно.

 

Тав, зургаан настай хүүхдүүд дотуур байранд байхад балчир байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Монголд улсын хэмжээнд малчдын 130 гаруй мянган хүүхэд байна. Үүнээс бага ангид 40 мянган хүүхэд байгаагийн 20 мянга нь дотуур байранд амьдарч байна. Зургаа, долоон настай хүүхдүүд дотуур байранд байна гэхээр арай багадаад байна. Тиймээс тав, зургаахан настай хүүхдийг дотуур байранд сургахгүй, аав ээжтэй нь хамт байлгаж, гэрээс нь холдуулахгүй байх тогтолцоог бий болгохоор ажиллахыг зорьж байна. Тиймээс малчдын хүүхдүүдэд 10 нас хүртэл нь сонголт өгье гэж байгаа. Гэхдээ зургаан настайгаасаа эхэлж сургуульдаа хамрагдана. Аав ээжтэйгээ 10 нас хүртэл байна гэвэл холимог сургалтын аргаар явна гэсэн үг. Ингэхдээ зургаан наснаас нь нэгдүгээр ангийн хичээлийг гэрээр болон цахим сургалтаар эхлүүлнэ.

 

Гэр бүлийг дэмжих чиглэлд бодлого барина

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Т.Аубакир:

-Монгол Улсад 990 гаруй мянган гэр бүл байна. Сүүлийн үед төрөлт буурч гэр бүл салалт нэмэгдэж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гэр бүл батлуулах нь 3000-аар буурчээ. Нас баралтыг тооцоод үзвэл Монгол Улсын хүн ам жилдээ 40 мянгаар л нэмэгдэж байна гэсэн үг. Иймд төрөөс хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогоо илүү тодорхой болгох шаардлага үүссэн. Энэ зөвхөн Монгол Улсын асуудал биш. Европын орнууд ч ажиллах хүчний хомсдолд орж, хүн амын өсөлтөө дэмжих бодлого руу шилжиж байна.

 

Малчин эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хэцүүхэн болж байна

Архангай аймгийн Ихтамир сумын IV багийн иргэн Д.Оюунбилэг:

-Малчдын маань нүүж буусан газар болгонд сүлжээтэй байх нь ховор.  Мөн хүүхэддээ хичээл заах бичиг үсгийн боловсрол тун тааруу. Одоо бол зургаан наснаас биш бүр 3-4 наснаас нь цэцэрлэгт өгч байна. Ингэхийн тулд  голдуу ээж нь хүүхдүүдээ аваад явдаг.  Гэртээ эрчүүд нь үлдээд хоол унд муутай, даарч бээрсэн галгүй гэрт маш зутруухан харагддаг. Малчин эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бас л маш муу байгаа шүү.  Болдог бол багийн төвд цэцэрлэг ажиллуулбал зүгээр байгаа юм.  Бас бага ангийн хүүхдүүдэд гэрээр хичээл заах явуулын багш ажиллуулбал арай дээр санагддаг. 

 

Боловсролоос гадна үе дамжин ирсэн өв соёл яригдана

ОУУБИС-ийн доктор, дэд профессор Х.Баавгай:

-Монголчуудын “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг хэлц нь бодлогын шинжтэй байсан. Тиймээс тэдний хамт байх боломжийг төрийн дэмжлэгтэйгээр бүрдүүлж, боловсролын уян хатан нөхцөлийг бүтээх нь чухал байна. Техник технологи, сүлжээ хөгжсөн орчин үеийн энэ нийгэмд дотуур байранд биеэ даагаад сууж чаддаг болох хүртэл нь бага боловсролын гурав хүртэлх ангийг гэрийн буюу явуулын сургуулийн системээр хөгжүүлж малчин ээж, аавуудад хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд үүрэг хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж болно. Монголын нүүдэлчин соёл ахуйтай хосолж, түүнийг дэмжсэн боловсролын зохион байгуулалтыг дэмжиж, үүнд хөрөнгө мөнгө, хүний нөөц харамгүй зарцуулах хэрэгтэй. Энд боловсролоос гадна үе дамжин ирсэн өв соёл яригдах тул явуулын багшийн цалин, ур чадвар, сургалтын арга барил танхимд зааж байгаагаас дутуугүй байх хэрэгтэй.

 

Хүүхдийн сургалт төлөвшилд үр дүнтэй эсэх дээр мэргэжилтнүүдийн саналыг сонсох нь чухал

ХЭҮК-ын дарга Л.Сүнжид :

-22 дахь илтгэлийн боловсролын сэдвийн хүрээнд боловсролыг хувилбартай олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх бодит шийдэл гаргахыг зөвлөсөн. 6-8 наснаас эхэлж сурагч болж байгаа үед зөвхөн цахимаар боловсрол олгох нь гэр бүлээсээ хол байхгүй сайн талтай ч  сургалт төлөвшил хөгжлийн хувь үр дүнтэй эсэхийг сургалтын аргазүйн мэргэжилтнүүдийн саналыг сонсох нь чухал гэж бодож байна.

 

Хууль батлагдсанаар Малчин өрхийн тогтвортой амьдрал, уламжлалт соёлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна

Хил хязгааргүй алхам ТББ-ийн тэргүүн Н.Баярсайхан:  

-Малчин өрхийн зургаан настай хүүхдийг дотуур байранд амьдруулан суралцуулах асуудал нь зөвхөн сургалтын хэлбэрийн сонголтоор хязгаарлагдахгүй бөгөөд хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжлийн орчныг цогцоор нь хангах бодлоготой уялдах шаардлагатай. Иймд төрөөс дотуур байрны орчны стандартыг хуульд тодорхой тусгаж, хүүхэд гэртээ байгаа мэт аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Үүнд халуун ус, дотор ариун цэврийн байгууламж, насны онцлогт тохирсон амьдрах орчин, эрүүл ахуй, шим тэжээлтэй хоол хүнс, сэтгэлзүйн дэмжлэг зэрэг хүүхдийн хөгжлийн наад захын хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой. Мөн багш, хүмүүжүүлэгч, хүүхэд хамгааллын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлж, цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулахгүйгээр чанартай үйлчилгээ бий болохгүй. Ийм нөхцөл бүрдвэл малчин хүүхдийн боловсролын хүртээмж нэмэгдэхээс гадна малчин өрхийн тогтвортой амьдрал, уламжлалт соёлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулах юм.

 

Том хүүхдүүд хэрэгт холбогдох тохиолдол ч гарсан

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбасүрэн:

Зургаан настай хүүхдүүдийг сургуульд өгдөг болсноос хойш хөдөө орон нутагт гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн шүү. Нэгдүгээр ангийн хүүхэд биеэ дааж сураагүй учраас ээж нь дагаж сумын төв дээр амьдарч байгаа айлууд олон болсон. Мөн зөвхөн зургаан настай хүүхдээ анхаараад явчихаар том хүүхдүүд нь орхигдож эцэг эхийн анхаарал суларснаас гэмт хэрэгт холбогдох хүртэл тохиолдол гарсан. Мөн үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх, хичээл сурлагадаа муудах гээд хүүхдэд хүртэл нөлөөлж байна. Ингээд хөдөө үлдсэн нөхөр архи дарс уух, бухимдаж стресстэх үүнээс шалтгаалсан гэр бүлийн хүчирхийлэл ч нэмэгдсэн. Гэр бүлийн амьдрал хоёр тусдаа болсноос гэр бүлийн гадуурх харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт гээд нийгмийн сөрөг асуудлууд дам байдлаар ихэсч байгааг анхаарч үзэх ёстой гэж боддог. Нөгөө талаар хот суурин газарт удсан эмэгтэйчүүд мал ахуй гэх мэт хөдөөний амьдралын нөхцөл байдал, олон жил хийж дадсан ажлаасаа хүртэл халгах, зугтах гээд нийгэмд шууд харагдаад байхгүй ч олон сөрөг асуудлууд бодит амьдралд их болсон. 

 

Гэр бүлийн гишүүд тусдаа амьдарч эхэлснээр гэр бүлийн зөрчил үүсэж салах тохиолдол гардаг

Сэтгэл засалч Б.Эрдэнэбаатар:

-Зургаан настай хүүхдээ сургуульд сургахаар гэр бүлийн гишүүд тусдаа амьдарч эхэлснээр гэр бүлийн зөрчил үүсэж салах тохиолдол гардаг. Ер нь энэ бол нэлээд хүнд асуудал. Ялангуяа орон нутагт энэ асуудал их байна. Зургаан настай хүүхдийг дотуур байранд оруулчихаар ээнэгшин дасах, нийгэмших чадвар сул учраас хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй. Мөн айлд суулгалаа гэхэд ямар нэгэн   байдлаар гадуурхалт явагдвал хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авч өөртөө итгэлгүй, айдастай болоод зогсохгүй өөрийгөө авч явах чадвар сул иргэн болж төлөвшдөг. Цаашлаад гэр бүлийн харилцаа хөндийрөх асуудал үүснэ. Жишээлбэл, малаа  маллаад хөдөө үлдсэн нөхөрт нь эрүүл мэндийн болон сэтгэл санааны асуудлууд   гарна. Ганцаараа амьдарч байгаа эрэгтэй хүн өөртөө анхаарах нь багасах, хоол унд муудах зэргээр сөрөг үр дагаврууд гарна. Тэгэхээр дээрх асуудал хоёр талтай гэж ойлгож болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

46 мин
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж шийдвэрүүдээ танилцуулсныг тоймлон хүргэе.

46 мин
Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа

Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа

16 цаг 47 мин
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр 15.00 цагт эхэлж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг х

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Зоригтбаяр: Эрдэнэт хотод шинэчлэл бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаярыг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж ярилцав. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэрэмжлүүлэг

Цахим орчинд сүүлийн үед “судалгаа бөглөөд урамшуулал аваарай, сугалаа

Уржигдар 21 цаг 12 мин
Ерөнхий сайд Н.Учрал: Ард түмэндээ сайн мэдээ дуулгая

Ерөнхий сайд Н.Учрал: Ард түмэндээ сайн мэдээ дуулгая

Уржигдар 15 цаг 23 мин
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банк өөрийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ тэр дундаа картын үйлчилгээ, бо

Уржигдар 13 цаг 48 мин
Хүүхдийн баярт зориулсан Хөөрхөн бэлгийн багцууд худалдаанд гарлаа

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйтай холбогдуулан гар хийцийн бүтээгдэхүүн

Уржигдар 13 цаг 44 мин
LOVOL дугуйт экскаваторыг сарын 0.5 хувийн хүүтэй зээлээр авах боломжтой

Барилга, уул уурхай, зам, дэд бүтцийн салбарт ашиглагддаг LOVOL брэндийн дугуйт экскаваторууды

Уржигдар 13 цаг 23 мин