“Илиада” ба “Одиссэй” их хөлгөн судрыг эх хэлээрээ уншиж сэтгэлийн цэнгэл эдлэхийн бахархал

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сономбалжирын Буяннэмэх ба  Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч/

 

Түрүүч нь https://www.polit.mn/a/95684

 

. “Монголын нууц товчоо” ба “Гэсэр”, “Жангар” хэмээх гарамгай хөлгөн их судрыг бүтээгч монгол үндэстэн бол тийм хэмжээнд онцгойрон ялгарах гэгээрсэн үндэстний нэг. Тэрхүү буянтай ариун үйлсийг Дагвын Цахилгаан бүтээсэнд бид чин сэтгэлээсээ талархах ёстой юм. Улс орон бүр “Илиада” ба “Одиссэй”-г уралдан эх хэл дээрээ орчуулан буулгадгийн учир энэ болой.

“Илиада”-д Ахилийн уур хилэнгээс үүдэлтэй Тройн дайны арван жилийг буюу ялангуяа, уг дайны сүүлийн 51 өдрийн үйл явдлыг нэн дэлгэрнгүйгээр нийт 24 дууллын 15693 бадгаар өгүүлэн дүрсэлжээ.

 “Одиссэй”  мөн адил 24 дууллаас бүтэх агаад үндсэн гурван үйл явдалд зангидагджээ. 1-4 дүгээр дуулалд Одиссэйн хөвгүүн Телемах ба түүний эх Пенелоно нарын тухай, 5-12 дугаар дуулалд Одиссэй замдаа хэрхэн будилж төөрсөн, анд нөхдийн хамт ямар адал явдалтай учирсан. Далай тэнгисийн бурхан Посейдоныг юуны учир хилэгнүүлж төрөлх Итака нутагтаа харих замд саатах болсон тухай өгүүлнэ. Сүүлчийн 13-24 дүгээр дуулалд Одиссэй гэртээ эргэн ирж Телемах хүүтэйгээ хүч хавсран эхнэртэй нь гэрлэхээр санаархсан эрчүүдийг хөөн зайлуулж Пенелоног чөлөөлж эзэнт улсаа захиран суух болсон тухай гардаг байна.

Монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан хоёр дэвтрийг үзвэл “Илиада” дуулал 647 хуудас,  “Одиссэй” хайлаан 741 хуудастай аж. Дуун хөрвүүлэгч Д.Цахилгаан “Монгол хэл соёлоо эрхэмлэн дээдлэгч элгэн түмэн минь энэ хоёр Их хөлгөн туульсийг эх хэлээрээ уншаад танин мэдэхүйн их таашаал хүртэж, сэтгэлийн их цэнгэл эдлэн, уран яруу сэтгэлгээний оломгүй далайд умбан сэлж, тархи зүрхэндээ үлэмж их өгөөж, өөдрөг цэнэг хураана гэдэгт өчүүхэн ч эргэлзэх юун.

...“Илиада” эхэлж, “Одиссэй” удаалж бүтээгдсэн ажгуу. Товчоор хэлбэл “Илиада” бол дайны түүх,  “Одиссэй” бол тэр дайны дараах энх цагт болсон үйл явдлын түүх юм... “Илиада” нь эмгэнэлт зохиомж шинжтэй бол “Одиссэй” манай үлгэр домогт гардаг шиг “... амар сайхандаа жаргаж” төгсдөг” гэж “Орчуулагчийн зурвас”-даа онцлон тэмдэглэсэн байна. /Хомэр Илиада. УБ. 2021. Монсудар хэвлэлийн газар. 12-13 дахь тал/

“Зохиолд олон бурхан, дархид, дагинас, мангас, махчин, лус савдаг, ороолон тийрэн, шулмас гарна. Үлгэр туульсаа мэддэг монгол уншигч үүнд гайхаад байхгүй” гэжээ /Хомэр Одиссей. УБ. 2020. 12 дахь тал/. Бас их хөлгөн судруудыг монгол сэтгэхүйд нийцүүлж Монголын баатарлаг туульсын эгшиглэнт хэм хэмжээнд ойртуулахыг хичээсэн гэдгээ ч тэмдэглэжээ.

Одоо их хөлгөн судруудыг аялгуу сайхан монгол эх хэлнээ хэрхэн яаж хөрвүүлсэн орчуулагчийн ур чадварт уншигч таны анхаарлыг хандуулья. Монсудар редакцийн өмнөх үгэнд Илиада туулийн нэгэн адил Одиссэй мөн зургаан хэмжээст /хекзамер/ шүлгийн хэлбэрээр бичигдсэн гэдгийг онцлон тодотгосон байна. Энэ бол Монголын баатарлаг туульсын бичлэгийн гол хэлбэр. Манай нэг биш зохиолч, яруу найрагчдын бүтээл туурвилд цөөнгүй тааралддаг шүлэг найраглал урлах нэг арга юм. Түүнийг дуун хөрвүүлэгч  Д.Цахилгаан нэн бүтээлчээр ашиглажээ. Сэтгэл татагдан уншлаа. Зарим нэг мөр бадгаас нь эш татаж саналаа хэлье.  “Илиада” их хөлгөн туулийн “Эхэн хайлаан”-ы агуулгын тайллыг “үхэл, зүхэл, үл хүлцэл” гэж давхар гарчгаар тодотгоод шүлэглэлт дууллийг зургаа зургаан цохилготойгоор эх хэлнээ буулгажээ.

Аяа гэгээн дархи минь Та одоо

Ахил баатрын ааг омог уур хилэнг

Алдаршуулж дуулах гээ юү, Бурхан минь

Аархуу омголон түүний агуур хилэнгийн золионд

Ахей түмний эдэлсэн зовлонг тоочиж барах уу даа гэсэн үгээр Их хайлаан эхэлж байна.

Аймшигт тэр явдал юунаас болсныг асуувал

Арал, хойгийн их хаан Агамемнон

Ахил баатар хоёр муудалцсанаас үүссэн гэнэм

Аугаа хоёр их хүнийг харгалдуулсан ад шидийг үүтгэгч нь

Асар дээд бурхан Зевс, Латона дархи хоёрын үр

Алтан нумаар харваач Аполлон бурхан байсан гэнэм

Агамемнон хаанд хилэгнэсэн Аполлон бурхан түүнд

Айхтар хатуу хараал зүхэл хийснээс болж

Ахей цэрэг дайчид нь тахлаар хиарч эхэлсэн гэнэм

Аполлон бурхны элч, мэргэн зөнчийг Агамемнон

Адгийн муугаар үзэж хөөж тууж

Алдас хийсний гай ингэж ирсэн гэнэм... хэмээн хайлаан цааш үргэлжилнэ. Тройн дайн гарах үүдэл, үндэслэлийг ийнхүү шүлэглэн тайлбарлажээ. Монгол сэтгэхүйд нийцүүлэн баатарлаг туульсын хэлбэрээр хайрцаглажээ. Үүнийг оносон зөв шийдэл мөн гэж нэрлэлтэй санагдсан.

“Эхэн хайлаан” дахь Нестор мэргэний уран цэцэн үгийг дуун хөрвүүлэгч хэрхэн яаж буулгаснасс ишлэж уншигч танд сонирхуулбал утга агуулга улам дэлгэгдэнэ.

Яг энэ яаж ч мэдэхээр яггүй мөчид

Яруу цэцэн хэлэмгий Нестор тэдний дунд гарч ирэв

Төрөлх Пилос нутагтаа түмэн олны чуулган дээр

Түүний ярих гэдэг балын амтыг түгээх мэт гэлцдэг гэнэ

Хоёр хүнийг байтугай хоёр үеийн ард түмнээ

Ховсдож, уран үгээрээ эвлэрүүлж ирсэн ачтан гэнэ

Холын тэр арлын гурав дахь үеийн амируулж суугаа хаан гэнэ

Мөргөлдөх гэж байгаа хоёр бух шиг

Сөргөлдөж гөжүүдэлсэн хоёр их хүнийг

Эерэгцүүлэх гэж Нестор эелдгээр хараад

“-Аяа авралт бурхад минь!

Аугаа их баатар та хоёрыг ингэж

Арсалдаж салах гэж байгааг мэдэх юм бол

Атаат Приам, үр хүүхдүүд нь, тройчүүд бүгд

Яасан их баярлаж хөөрөх бол?!

Алалцах дайнд ч, ард түмний хурал чуулганд ч

Ахлаач та хоёрын амыг харж, аяыг дагадаг биш билүү?!

Атаа хорслоо больж, арга эвээ ол, дүү нар минь

Ахмад настай миний үгэнд орж эвлэр!

... Агамемнон хаантан чи эрх мэдэлтэй ч

Ахилл-д очсон хүүхнийг авах гэж битгий зүтгэ!

Аль хэдийнэ түүнд ахей түмнээс өгсөн бэлэг шүү дээ

Ахилл баатар чи хаантайгаа арсалдах санаагаа орхи!

Аугаа их Зевсийн авшиг, хишиг хүртсэн хаадын дотроос

Агамемнон шиг алдар нэртэй болсон хүн байхгүй шүү!

Асар их хүч зоригтой чинь үнэн, Ахилл минь

Ариун бурхан ээжээс төрсөн чинь үнэн. Гэхдээ

Ард олныг захирсан хаан чамаас илүү хүчтэй шүү!

Атрей-н үр, хаантан Та ааг омгоо дар!

Аймшигт гай гамшигт энэ дайнд

Ахей түмний аврал, түшиг болж яваа

Ахилл баатарт аархан мөчөөрхөхөө боль! гэх зэргээр өгүүлжээ. /Хомэр. Илиада. УБ. 2021. 31-33 дахь тал/

Цэцэн цэлмэг Несторийн ярих нь балын амтыг түгээх мэт гэжээ. Хоёр хүнийг байтугай хоёр үеийн ард түмнээ ховсдож, уран үгээрээ эвлэрүүлж ирсэн ачтан гэжээ. Мөргөлдөх гэж байгаа хоёр бух шиг сөргөлдөж гөжүүдэлсэн хоёр их хүнийг гэж Агамемнон хаан, Ахилл баатрыг маш гоёмсог, бас эрхэмсэгээр дүрслэн үзүүлсэн байна. Аугаа их баатар та хоёрыг ингэж арсалдаж салах гэж байгааг мэдэх юм бол атаат Приам, үр хүүхдүүд нь, тройчүүд бүгд яасан их баярлаж хөөрцөглөх бол, ямар их гай барцад ахей түмэнд нүүрлэх бол гэж уран яруу үгээрээ ухуулж сэнхрүүлэн ятгасан байна.

... Агамемнон хаан чи эрх мэдэлтэй ч Ахиллд очсон хүүхнийг авах гэж битгий зүтгэ, ахей түмний бэлэг юм шүү  тэр чинь. Асар их хүчтэй, зоригтой ч, ариун бурхан ээжээс төрсөн нь үнэн ч  Ахилл чи ард олныг захирсан хаантай бүү тэрсэлд. Тэсвэр, тэвчээр, ухаан гаргаж эвлэрцгээ хэмээн Нестор мэргэн тэр хоёрт сургамжилж байна. Агуулга санаа нь тод томруун, утга өгүүлэмж нь тов тодорхой монгол хэлнээ буусан байна.

Харамсалтай нь өрсөлдөгч хүчтэнүүд ахмад буурлын үгэнд орж эвийн гэрээ байгуулсангүй. Үйл явдал цааш хэрхэн яаж өрнөж буйг “Хоёр дахь хайлаан”-д

Ингэж байтал Ахейн их цэрэг хөдөлж гэнэ

Ээрэм тал түймэрт автах шиг болж гэнэ

Их  бурхан хилэгнэн газар хөдлөх шиг

Эгээ яг, Зевс бурхан  Аримы уулын Тифон оргилоос

Эргэн тойрноо гуядаж байх шиг болж гэнэ...

Их цэрэг хурдавчлан давшилж байлаа

Энгүй талыг доргитол ниргэлэн алхаж байлаа

Энэ хавь газар орон дааж ядан ёолж байлаа...

Морьтой, явган бүх цэрэг нэгэн зэрэг

Нижигнэн, түжигнэн өндөр Хэрмээс садарч гарах нь

Уруйн догшин үер уулнаас нүргэлэн буух шигээ гэх зэргээр дүрслэн үзүүлсэн байна. /Хомэр. Илиада. УБ. 2021. 84-86 дахь тал/

 

“Монголын нууц товчоо”-ны тансаг яруу тэнгэрлэг сайхан хэл хэллэг, уран гоёмсог дүр дүрслэлийг санагдуулам урамтайгаар монгол хэлнээ хөрвүүлэн буулгажээ гэдгийг зориуд онцлон тэмдэглэж хэлье. Их цэрэг хөдөлж гэнэ. Ээрэм тал түймэрт автах шиг болж гэнэ. Их бурхан хилэгнэн газар хөдлөх шиг. Эгээ яг, Зевс бурхан  хилэгнэж Аримы уулын Тифон оргилоос  эргэн тойрноо гуядаж байх шиг болж гэнэ. Их цэрэг хурдавчлан давшилж, энгүй талыг доргитол ниргэлэн алхаж, энэ хавийн газар орон дааж ядан ёолж байлаа гэх зэргээр амьд агаад амттайгаар дүрслэн өгүүлсэн байна. “Монголын нууц товчоо”-г амтлан шимж “Гэсэр”, “Жангар”-аар угжуулж өссөн нүүдэлчдийн соёл иргэншлийн төлөөлөгчид л “Илиада”-г ингэж орчуулж чадна.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 117 (6849)

 

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

5 цаг 12 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

5 цаг 17 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

5 цаг 22 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

5 цаг 27 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

5 цаг 32 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

5 цаг 37 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

5 цаг 42 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

5 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

5 цаг 52 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

5 цаг 57 мин