С.Баттулга: Соёл, урлагийн салбарын хөгжил олон улсаас хоцорсон ч уран бүтээлчдийн чадвар хаана ч гологдохгүй

2022-05-02
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулгыг урилаа.

 

Хөгжим бүх урлагийн суурь учраас бодлогоор дэмжих ёстой

Блиц:

Боловсрол:

♦ Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн анги

♦ СУИС-ийн Гоцлол дуулаач, Бакалавр

♦ МУИС-ийн Нийгмийн шинжлэж ухааны сургууль, Улс төр судлаач, Магистр

Ажлын туршлага:

♦ 1999-2001 он: Сонгодог Урлагийн Академик театрийн дуучин

♦ 2001-2005 он: Гэр бүлийн радио FM104.5-ын хөтлөгч, нэвтрүүлэгч

♦ 2005 оноос: “Шинэ урлаг төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн

♦ 2005 оноос: Монгол Улсын Филармонид гоцлол дуучин, хөтлөгч

♦ 2008 оноос: “Voice group”-ын дуучин, хамтлагийн ахлагч

♦ 2014 оноос: Улсын филармонийн захиргааны зөвлөлийн гишүүн

♦ 2019 оноос: Монгол Улсын Филармонийн захирал

-Хөгжмийн урлаг бол бүх урлагийн суурь юм. Хөгжимгүй дуу, кино, жүжиг, бүжиг гэж үгүй. Хөгжмийн урлаг түүнийг бүрдүүлэгч хөгжимчид, удирдаач, зохиолч, судлаач, шүүмжлэгч мөн сонсогчгүйгээр нийгэм оршин тогтнох боломжгүй.

Хөгжмийн ертөнц бол хүний нийгмийн ус, агаар нь юм. Хүн төрөлхтөн ухамсарт болон ухамсарт бусаар хөгжмийн урлагаас хамааралтайгаар хөгжсөөр ирсэн. Тиймээс ч Монголын төр мэргэжлийн урлагийн байгууллагуудаа боломж, нөөц бололцоондоо тулгуурлан дэмжиж ирсэн. Олон улсад мэргэжлийн урлагийн байгууллагуудаа бодлогоор дэмждэг. Цаашдаа ч урлаг салбарын хөгжлийн бодлогыг илүү сайжруулах ёстой юм. Үүнийг тайлбарлаж буй нь мэргэжлийн урлагийн байгууллагуудыг улсаас салгаж зах зээлийн зарчмаар бие даалган үйл ажиллагаа явуулах саналыг гаргадагтай холбоотой. Олон улсад мэргэжлийн урлагийн байгууллагуудаа дэмжих дэмжлэг, бодлого, систем хэдийн хөгжсөн. Гэхдээ бидэнд олон улстай адилхан нэг зүйл нь уран бүтээлчдийн ур чадвар. Манай улсын хөгжимчид, уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид, удирдаачдын ур чадвар, онолын мэдлэг аль ч орны тайзан дээр, хэний ч өмнө тоглосон гологдохгүй. Харин бодлого, төлөвлөлт, орчин нөхцөл, санхүү ард үлдсэн нь үнэн юм. Тиймээс цаашид хөгжлийн бодлогыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах ёстой.

 

Соёлын яам богино хугацаанд далайцтай ажиллаж байна

 

-Бие даасан яамгүйгээр олон жилийг үдэж өдий хүрсэн урлаг, соёлын салбарт орхигдож шийдэгдээгүй олон асуудал байгаа. Системийн алдаа ч бий. Төр засгаас соёл, урлагийн салбарт анхаарал хандуулж эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль, дүрмийг шинэчлэхэд анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай. Ялангуяа бие даасан Соёлын яамтай болсон. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Гэхдээ Соёлын яамтай болохоос өмнө соёл, урлагийн салбарын бүх үйл ажиллагаа, ажил зогссон байсан үг биш гэдгийг онцлох нь зүйтэй. Соёлын яамтай болсноор орхисон, мартсан бүх асуудал, үнэнтэйгээ нүүр тулсан. Аливаа юмыг шинэчлэхэд амаргүй. Цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр өнөөгийн шинэчлэлийн үед Соёлын яамныхан, түүний харьяа байгууллагууд амаргүй бөгөөд түүхэн цаг үед ажиллаж байна.

 

Улсын филармони хөгжлийн шинэ шатанд орсон

 

-Монгол Улсын Филармони бол Соёлын яамны харьяа байгууллага юм. Монгол Улсад төвийн, орон нутгийн, үндэсний, бүжгийн, хөгжимт драмын зэрэг улсын болон орон нутгийн чанартай 40 орчим театр, чуулга бий. Харин филармони буюу хөгжмийн хүрээлэн Монгол Улсад цор ганц байдаг. Филармони шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Илүү оновчтой, зөв зохион байгуулалттай ажиллахын тулд бүтцийн шинэчлэл, өөрчлөлт хийсэн. Тухайлбал, Улсын филармони гурван албатай байсныг нэг хэлтэс, дөрвөн албатай болгосон. Харин бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй. Түүнчлэн улсдаа ганц хөгжмийн хүрээлэн учраас дотоод менежментдээ анхаарч ажиллаж байна. Тодруулбал, Улсын филармонийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Түүнтэй уялдуулан алсын хараа, үнэт зүйл, уриаг шинэчиллээ. Үндэсний бахархал болсон мэргэжлийн хөгжмийн байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлж төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлж, бүх нийтэд хөгжмийн урлагийн үйлчилгээг үзүүлнэ гэсэн эрхэм зорилго дор “Хөгжмийг хүн бүрт” гэсэн уриатайгаар филармонийн хамт олон ажиллаж байна. Үүнээс бид хөгжлийн шинэ түвшинд гарч байгааг харж болох юм. Энэ жил Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн түүхт 50 жил, Симфони найрал хөгжмийн 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн гурван ой давхацсанаараа онцлогтой. Тэр утгаараа энэ жил ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байна.

 

Соёл урлагийн салбарынхан хэзээд үүргээ гүйцэтгэж ирсэн

 

-Филармони Соёлын төв өргөөнд 1988 оноос хойш 34 жил энэ дээвэр дор үйл ажиллагаагаа явуулж хөгжмөө эгшиглүүлсээр байна. Улсын филармони байрладаг хэсгийг Соёлын төв өргөөний концертын “Б” танхим гэж нэрлэдэг. Энэ танхим манай өөрийн байр биш. Соёлын төв өргөө нийслэлийн харьяаны байгууллага учраас “улсын” ганц хөгжмийн хүрээлэн гэсэн тодотголтой ч нийслэлд түрээс төлдөг. Гэхдээ харьцангүй бага үнэлгээгээр түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн төлбөрийг тоглолтын орлогоос биш улсаас төлдөг гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ нь нэг талаараа улсын тодотголтой мэргэжлийн урлагийн байгууллагадаа үзүүлж буй төрийн дэмжлэг юм. Мэргэжлийн урлагийн өөрсдийн байртай, байргүй байгууллагууд бий. Энэ талаар холбогдох шат, шатны байгууллагуудад хандаж ирсэн. Улсын филармонийн байр, танхимын асуудал олон жил яригдаж байгаа ч дорвитой шийдэл, гарц гаргалгаагүй өдий хүрсэн нь үнэн. Гэхдээ тухайн үеийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн үед Монгол Улс концертын том байгууламжтай болох шийдвэр гарч УИХ, Засгийн газраар дэмжигдээд ажил нь үргэлжилж байгаа. Үндэсний урлагийн театрын барилга гэсэн нэршлээр нь олон нийт мэддэг. Энэ байгууламж гурван том концертийн танхимтай байхаар зураг төсөл нь гарсан. Түүний нэг танхимд нь филармони байрлах анхны төлөвлөгөө бий. Тэгэхээр концертийн танхимтай болно. Энэ байгууламж нь нэг ёсондоо Монголын соёл, урлагийн төв болох юм. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн байдал дэлхий даяар тархсан цар тахлын улмаас хүнд байгаа. Энэ хямрал, хүнд үетэй залган олон улсын нөхцөл байдал үүссэн нь ч нийгэм, эдийн засагт хүндрэл үзүүлж байна.  Тэгэхээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа үед байр, савны асуудал ярьж явахаас илүү ямар боломж, гарц, шийдэл байгааг хайх нь зүйтэй юм. Улсын филармонийнхон үргэлж дуу хоолойгоо илэрхийлж шат шатны газруудад хүргэж байгаа. Энэ бол ойрын жилүүдэд онцгойлон анхаарч шийдэх ёстой асуудлын нэг мөн. Улсдаа ганц хөгжмийн хүрээлэн гэхэд жижиг өрөөнд хувцас, хэрэглэл, хөгжим бүгд хамт байгаа нь амаргүй нөхцөл байдал.

 

Соёлын салбарт хөрөнгө оруулалт хийхдээ судалгаанд суурилах ёстой

 

-Иргэд олон жил тасралтгүй нэхэж, шаардсанаар соёлын төв, театр бариулах хөрөнгийг төсөвт суулгадаг. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн соёлын төв, театр, чуулга орон нутагт ашиглалтад орсон. Гэхдээ соёлын салбарт хөрөнгө оруулалт хийхдээ судалгаатай хийх шаардлагатай байна. Тухайлбал, орон нутгийн иргэд, соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоонд үндэслэж үзэгчдийн суудал, театрын багтаамжийг гаргах нь зүйтэй юм. Үүнээсээ харгалзан шинэ соёлын төв, театр, чуулга байгуулагдсанаар ямар үр дүн гарахыг хүртэл нарийн тооцоолж хийх ёстой. Түүнчлэн хамгийн чухал зүйл нь чанар. Нэг бус нэлээд хэдэн аймаг, суманд өндөр өртөгтэй баригдсан соёлын төв, театрууд тун чанаргүй, стандартын шаардлага хангаагүй, эдэлгээ даахааргүй баригдсан. Тухайн орон нутгийн иргэд, урлагийн ажилтнуудын олон жилийн хүсэл, мөрөөдөл болж хэдэн жилийн тууштай шаардлага, зүтгэлээр баригдсан тэр соёлын төв, театр ашиглалтад ороод удалгүй мууддаг, эвдэрдэг. Соёл, урлагийн байгууллагын барилга, байгууламж бол энгийн нэг агуулах биш. Тогтсон стандарттай, нарийн зохион байгуулалттай, чанартай байхыг шаарддаг. Төрөөс соёл урлагийн байгууллагуудын барилга, байгууламжид анхаарч байгаа боловч гүйцэтгэх шатанд өндөр, чанга хяналттай байх шаардлагатай байна. Чанаргүй муу барилга барьсан компанид буцаагаад хариуцлагыг нь хүлээлгэдэг, төрийг, үзэгчдийг хохиролгүй болгодог системийг суулгах хэрэгтэй.

 

Стандартаараа одоогийнхоос дөрөв дахин том тайз, танхим хэрэгтэй

 

-Улсын филармонийн тайз стандартын шаардлага хангадаггүй. Симфони оркестр хөгжим, зэмсэгтэйгээ тоглоход байтугай морин хуурын чуулга тоглоход тайз багаддаг. Стандартаараа бол одоогийнхоосоо дөрөв дахин том тайз хэрэгтэй. Түүнчлэн соёл, урлагийн байгууллагын үзэгчдийн танхимын шаардлага өндөр байдаг. Ялангуяа, филармонийн заал, үзэгчдийн танхимын акустик зөв, дуу чимээ бага гардаг, суудал тухтай байх ёстой. Үзэгч, сонсогчид дээд зэргээр төвлөрч байж хөгжмийн ая, эгшгийг бүрэн мэдэрнэ. Дээд зэргээр төвлөрөхийн тулд тав тухтай орчин, сандал хамгийн чухал байдаг. Монголын үзэгч, сонсогчдыг тэвчээртэй, мундаг гэж боддог. Амаргүй нөхцөл байдалд филармонийн тоглолт бүрт хамт байж алга ташилтаараа урам өгдөг үзэгч, сонсогчдодоо онцгойлон талархал илэрхийлэх нь зүйтэй. Улсын тодотголтой ганц хөгжмийн хүрээлэнгээ хөгжүүлэх үйл ажиллагаагаа сайжруулахад шаардлагатай олон ажлыг хийхээр төлөвлөж гүйцэтгэж байгаагаа дээр дурдсан. Үүний нэг жишээ нь, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд үзэгчдийн танхимын хэсэгт засвар хийхээр болсон юм. Энэ зун засварт орно. Ямартай ч Улсын филармони ирэх намар 50 жилийн ойгоороо үзэгчдийн танхимаа зассан байна. Манай урлагийн салбарт тэр дундаа Улсын филармонид тулгамдсан, шийдэх шаардлагатай олон асуудал бий. Тэр бүхнийг шийдэхдээ зөвхөн төр засгийг харах нь өрөөсгөл. Улсын байгууллага учраас төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, хөгжмийн урлагтай холбоотой хөтөлбөрийг дагах ёстой нь үнэн. Гэхдээ бүх асуудлыг төрөөс шийдэхийг хараад суухгүйгээр өөрсдөө илүү бүтээлч, эрэлч хайгуулч байж олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.

 

Хүний нөөцийг нэгдсэн бодлого, системээр бэлтгэх шаардлагатай

 

-Шилдэг хөгжимчид, уран бүтээлчдээ бодлогоор дэмжиж олон улсад ямар түвшинд байгаагаа мэдэхийн тулд тэмцээн, уралдаанд өрсөлдөж байх ёстой. Түүнийгээ дагаад хөгжил, нэр хүндийн асуудал мөн яригдана. Цаашид Улсын филармонийн чуулга гоцлол хөгжимчний карьерыг хөгжүүлэхээр анхаарч ажиллана. Ялангуяа, солист хөгжимчнийг хөгжүүлэх, дараагийн залгамж, халааг бэлтгэхэд бодлогоор дэмжих шаардлагатай байгаа. Түүнчлэн хөгжмийн салбарын хөгжил зөвхөн хөгжимчин, тэмцээн, уралдаанаар хязгаарлагдахгүй. Хөгжмийн шүүмж, судалгааг хөгжүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, салбарынхан хамтдаа хэлэлцэх хэрэгтэй. Монгол Улсад соёл урлагийн салбарын боловсон хүчнийг төрөөс бодлого, системтэйгээр бэлтгэж ирсэн ч сүүлийн жилүүдэд бодлогоо алдсан.  Тухайлбал, мэргэжлийн урлагийн төвийн болон орон нутгийн байгууллагын зарим нь боловсон хүчний илүүдэлтэй, зарим нь дутуу байна. Хөгжмийн урлагийн төв байгууллага болсон Улсын филармонийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол бааз нь Монгол Улсын консерватури. Түүнчлэн СУИС, Завханы хөгжим бүжгийн коллеж, Сити их сургууль зэрэг хөгжимчин, урлагийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургууль бий. Урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд нэгдсэн бодлогоор хүний нөөцийн судалгаа, төлөвлөлттэйгээр ажиллах шаардлагатай. Үүнийг тодорхой болгож шийдэлд хүрэхийн тулд үндэсний хэмжээний нэгдсэн форум зохион байгуулах хэрэгцээ манай салбарт бий. Нэгдэн нийлж хэлэлцэн мэдээллээ нэгтгэж урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 87 (6819)

 

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

2 цаг 11 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

2 цаг 21 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

2 цаг 26 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

2 цаг 31 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

2 цаг 41 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

2 цаг 46 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

2 цаг 51 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

17 цаг 0 мин